Ченжүүд хямд авсан ноолуураа шахахыг завдав

Олон улсад цар тахал тархсан онцгой нөхцөлийн улмаас Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн билээ. Уг хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд малчдаас түүхий эдээ худалдан авч эхлээд байна. Аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ноолуур бэлтгэлийн хугацаа, ямааны үүлдэр угсаа зэрэг ялгаатай байдлаас шалтгаалан ноолуурын өнгө, чанар өөр өөр. Тиймээс холбогдох байгууллагаас ноолуурын үнийг аймаг, бүсэд нь харилцан адилгүй тогтоогоод буй. Хамгийн түрүүнд Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын малчид түүхий эд бэлтгэгч аж ахуйн нэгжид тушаасан бөгөөд кг ноолуурыг дунджаар 105 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж. Гэтэл энэ үеэр малчдын нэрээр ченжүүд хямд авсан ноолуураа тушаах гэсэн нэг бус оролдлого гарчээ. Орон нутгийн Хөдөө аж ахуйн тасгийн ажилтнууд сумынхаа малчдын ноолуурын гарц, өнгө, чанарыг мэддэг учраас ченжүүдийн эл үйлдлийг илрүүлэн таслан зогсоосон аж. Сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийнхан малчдын А дансан дахь ямааны тоо толгойг ноолуурын дундаж гарцаар хувилж бодон тухайн малчнаас бэлтгэх боломжтой ноолуурын хэмжээнд хяналт тавьж байгаа нь ч энэ мэт зүй зохисгүй үйлдлийг таслан зогсооход нэмэр болж буй гэнэ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)