Чебурашка япончуудыг байлдан дагуулж байна

Оросын хүүхэлдэйн киноны баатар Чебурашкаг япончууд өөрийн брэнд болгож нэг хэсэг багагүй шуугиан дэгдээсэн. Чебурашкагийн “аав” Эдуард Успенский зохиогчийн эрхийн асуудлыг хөндөж, Чебурашка бол Оросын “хүүхэд” гэдгийг баталсан юм. Гэхдээ хэдэн жилийн өмнө “Союзмультфильм” дэлдэн чихтийн тухай кино хийх эрхийг япончуудад худалдсаныг Эдуард Успенский эсэргүүцэж шүүхээр заргалдаад дийлээгүй.

Тэр эрхийнхээ дагуу япончууд дэлдэн чихтэй баатрын тухай гурван цуврал хүүхэлдэйн кино хийжээ. Тэдгээр бүтээл 40 жилийн тэртээ оросуудын хийсэн анхны хувилбараас нь огт зөрөөгүй аж. 10 гаруй жилийн тэртээгээс япон багачуудын танил болж, тэднийг байлдан дагуулсан Чебурашкагийн тухай цуврал бүтээлийг Японы “Тохо” кино театрт өнгөрсөн бямба гаригт гаргасан байна.

Хамгийн сонирхолтой нь уг киноны тасалбар хоёр сарын өмнө борлуулагдаж дууссан гэнэ. Дашрамд өгүүлэхэд, энэ сарын 22-нд Оросын хүүхдийн зохиолч Эдуард Успенский 73 насны босго алхана. Тэрбээр Чебурашкаг анх дэлдэн чихтэй охин байхаар төлөвлөж байсан гэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)