Ч.Бадрал 24 сая төгрөгөөр шагнуулна

ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академид суралцдаг, ЦДБЭЧ-ын гоцлооч Ч.Бадрал өнөө өглөө эх орондоо ирлээ.

Тэрбээр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд гурван уралдаанаас гранпри, мөн тооны уралдаанаас дэд байрын шагнал хүртээд байсан бөгөөд хамгийн сүүлд Елена Образцовагийн нэрэмжит олон улсын залуу дуучдын аравдугаар уралдааны дэд байрын шагналыг хүртсэн юм.

Санкт-Петербургт болсон эл уралдаанд 20 орны 220 гаруй дуучин оролцсоноос Украины Присяжнюк Тарас түрүүлсэн байна.

Хоёр жилд нэг удаа болдог энэ уралдаан эрэмбээрээ ОХУ-д болдог уралдаануудын эхний аравт багтдаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан олон улсын “Б” зэрэглэлийн уралдааны жагсаалтад багтсан байдаг юм. Тиймээс Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмын дагуу Ч.Бадрал 24 сая төгрөгөөр шагнуулах болзол хангаад байна.

“Амжилтаар өөртөө бэлэг барихыг хүсдэг” хэмээн ярьж байсан энэ залуу  Мариинский театр болон “Гликон-опера”-гаас урилга хүлээн авсан авьяастан билээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)