Чацарганы модыг нахиа нь дэлгэрэхээс өмнө ТАРИХ ХЭРЭГТЭЙ

Сүүлийн жилүүдэд хашаандаа гоёлын болон жимсний мод тарих хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж олон болсон. Тиймээс танд хашаандаа чацарганы мод хэрхэн тарьж, ургуулах, арчлах талаар “Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн агрономич, Ж.Бяцхандаатай хамтран бэлтгэсэн зөвлөгөөг хүргэж байна.

МОДНЫ СУУЛГАЦ ӨНДӨР, НАМДАА БУС, САГЛАГАР БАЙХ НЬ ЧУХАЛ

Чацарганы мод дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр нахиа нь дэлгэрдэг. Тиймээс нахиа нь дэлгэрэхээс өмнө суулгацыг нь авч таривал ургалт сайтай байдаг аж. Хамгийн гол нь зөв бойжуулсан, хадгалалт сайн, үндэс сайтай суулгац авах нь чухал. Ийм суулгац авахын тулд үндэс нь саглагар байгаа эсэхийг шалгаарай. Зөв бойжуулсан суулгацын үндэс нь саглагар байдаг аж. Зарим хүн борлогдоогүй үлдсэн тарьц, суулгацаа дараа жил нь дахин худалдсанаас болж чацарганы модны суулгацын оройн мөчир нь хатдаг. Ийм суулгац ургадаггүй.

Модны суулгац өндөр, нам байх нь чухал биш. Бидний зарим нь мэдэхгүйгээсээ болж хүлэмжинд ургуулсан чацарганы нэг настай суулгац авдаг. Гэтэл энэ нь салаа багатайн дээр гадна талбайд ургуулахад дасан зохицохдоо муу гэнэ. Хашаандаа чацарганы мод тарихаар төлөвлөсөн бол чуйский болон витаминский сортынхыг сонгоорой. Чуйский нь том жимстэй бол нөгөөх нь амин дэм, витаминаар баялаг. Эдгээр нь өргөс багатай учир чацарганаа хураахад ч амар гэнэ.

МОДОО ХЭРХЭН ТАРИХ ВЭ?

Чацарганы мод тарихын тулд 60 см диаметртэй, 60 см гүн нүх ухах хэрэгтэй. Бидний олонх нь хар шороо хийх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байдаг. Тэгвэл заавал хар шороо байх албагүй аж. Учир нь ургамлын гол хооллох тэжээл нь шим тэжээлийн бодис юм. Манайд хамгийн тохиромжтой шим тэжээлийн бодис нь бууц юм. Тиймээс газраа ухаад гарсан шороо нь хар, саарал байгаагаас шалтгаалан бууцаа тохируулж хийхэд хангалттай. Дараа нь бууцаа хөрстэйгөө хольж, ухсан нүхнийхээ 20 см-т нь дүүргэн хийж, үндсээ тарааж байрлуулчихаад үлдсэн шороогоо хийж, 50-60 литр усаар усална.

Ийм их хэмжээний ус хийж байгаа нь ургамлаа чийгээр хангахаас гадна хооллож байгаа хэрэг юм. Маргааш нь ус доош шингэн, нүхийг тойроод ан цав үүссэн байдаг. Энэ ан цавыг шороогоор булж, дараагүйгээс үндсээ хатааж, модоо үхүүлэхэд хүргэдэг байна. Ингээд долоо хоногийн дараа 10, 14 хоногийн дараа 20 литр усаар услах гэх мэтээр тарьсан модоо арчлах шаардлагатай. Түүнчлэн 2-3 төрлийн жимсний мод тарих гэж байгаа бол талбайгаа зөв хуваарлих хэрэгтэйг агрономич Ж.Бяцхандаа зөвлөсөн.

ЧАЦАРГАНЫ МОДЫГ ЭР, ЭМЭЭР НЬ ТАРИХ ХЭРЭГТЭЙ

Тарих гэж буй модныхоо суулгацыг мэргэжлийн байгууллагаас авах нь чухал. Чацарганы мод тарихаар төлөвлөсөн бол аль болох олон эм мод авах шаардлагатай. Ингэснээр жимс арвин авах, ургах нөхцөл нь бүрддэг байна. Тухайлбал, 7-9 эм, нэг эр мод авах жишээтэй. Чацарганы модны эр, эмийг ялгахын тулд мөчир, нахиаг нь ажиглахад андашгүй. Эр нь бүдүүн, эм нь нарийн мөчир, нахиатай байдаг.

Д.БАТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)