Чансаа тогтоох ээлжит тэмцээнд Р.Манлай түрүүлэв

“Алтан хүү” даамын клубээс зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын ээлжит тэмцээн өнгөрөгч бямба гаригт “Монгол Коосэн” сургуульд зохион байгуулагдлаа. Рапид буюу түргэн тоглолтын төрлөөр зохиогдсон уг тэмцээнд 48 даамчин (үүний дотор ОУИМ 4, ДДХМ 6, спортын мастер 10, дэд мастер 9) швейцарь системээр есөн өрөг тоглосон юм. Энэ удаагийн тэмцээнд энэ зун Монголд зохиогдсон Азийн АШТ-д түрүүлж, Олон улсын их мастер болсон Р.Манлай 15 оноогоор тэргүүлсэн бол Дэлхийн даамын холбооны мастер С.Даваадорж 14, Олон улсын их мастер Г.Ганжаргал, Дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд нар тус бүр 13 оноогоор удаалав. Эмэгтэйчүүдээс спортын мастер Ц.Энхзаяа 12, ахмад тамирчдаас дэд мастер Д.Дармаа 10, хөвгүүдээс дэд мастер Б.Энхрийлэн 12, охидоос дэд мастер Э.Хүслэн 10, сонирхогчдоос Н.Билгүүн нар шагналт байранд оржээ.

"Алтан хүү" даамын клуб нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш өсвөр үе, насанд хүрэгчдийн 30 орчим тэмцээн зохион байгуулжээ. Үүнээс чансаа тогтоох тэмцээнийг сар бүр зохион явуулдаг аж. Ирэх арванхоёрдугаар сард тус клубээс тогтоосон чансаагаар эхний 10-т орсон даамчид "Final 2016" хэмээх шигшээ тэмцээнд халз тоглолт хийх юм. 

Одоогоор чансааг Олон улсын их мастер Г.Ганжаргал 368 оноогоор тэргүүлж байгаа бол Дэлхийн даамын холбооны мастер С.Даваадорж 360 оноогоор тэргүүлж байгаа аж.

Алтан хүү даамын клубийн чансаа:

  1. Г.Ганжаргал (ОУИМ) 368
  2. С.Даваадорж (ДДХМ) 360
  3. Д.Эрдэнэбилэг (ОУИМ) 354
  4. Ц.Сүхбат (ДДХМ) 340
  5. Р.Манлай (ОУИМ) 319
  6. Д.Ганболд (СМ) 217
  7. Г.Гэрэлболд (ДДХМ) 209
  8. Э.Энх-Эрдэнэ (СМ) 183
  9. Ц.Хаш-Чулуун (ДДХМ) 179
  10. М.Шийрэвжамц (СМ) 169


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)