Чанартай амьдралын хөшүүрэг

  “Хүн хөгширч бус, хөшиж үхдэг гэсэн үгийн үнэнийг ёстой оройдоо ортол мэдэрч байна. Сүүлийн үед ажил руугаа алхдаг болсноос хойш хөл хавагнаж, хүзүү хөшдөг зовиур илт багаслаа. Энд тэнд “овойсон мах” бараг алга болж, жин хасагдаад, сэтгэл хүртэл сайхан боллоо. Хоёулаа одоо нийтийн бүжгэнд явъя” гэж хоёр эмэгтэй жигтэйхэн “танил” сэдвээр яриа өрнүүлэхийг сонсоод өөрийн эрхгүй чих тавив. Өнөөдөр хөдөлгөөний хомсдол, хоол хүнсний замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй таргалалт, үүнээс улбаалсан элдэв өвчин, эмгэг бидний бас нэгэн зовлон болсон.

Монголын хүн амын 23 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой гэсэн судалгаа байна. Түүнчлэн 18 гаруй хувь нь идэвхтэй хөдөлгөөн хийхийн ач тусыг ойшоодоггүй, хог шүүрдэж, цонх арчих зэрэг өдөр тутмын энгийн “ачаалал”-тай андуурдаг аж. Хүн идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байх нь байгалийн жам ёсны хөгшрөлтийг эрт “дуудах” гол шалтгаан бөгөөд биедээ зориуд элдэв өвчний үр тарьж байгаагаас ялгаагүй гэдгийг олон улсын шинжээчид тэмдэглэжээ. Хүний бие махбодын дийлэнх хувийг ус эзэлдэг шиг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, биеийн тамираар хичээллэх нь эд, эсүүдийг сэргээж, нөхөн төлжүүлэхэд онц чухал аминдэм гэдгийг ойлгох учиртай.

ДЭМБ-аас 168 улсын хоёр сая гаруй иргэний дунд хийсэн судалгаанд “Хүмүүс ажлын болон чөлөөт цагаараа бие бялдрын хангалттай хөдөлгөөн хийж чадахгүй байгаа нь эрүүл мэнд, амьдралын чанарт нь шууд сөргөөр нөлөөлж байна” гэж дурджээ. Түүнчлэн тус байгууллагын зөвлөмжид дурдсанаар, бие махбодын идэвхгүй байдал нь цус харвалт, чихрийн шижин, хорт хавдар гэх мэт халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болдгийг онцолсон байна. Дэлхийн хэмжээнд насанд хүрэгчдийн 23, хүүхэд, өсвөр үеийнхний 81 хувь нь бие бялдрын хувьд идэвхгүй байгааг мөн дурджээ. Тиймээс цаг бус үхлийн голлох шалтгаануудын нэг болсон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүсийг бялдаржуулах, идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийлгэж хэвшүүлэх нь чухал гэжээ. ДЭМБ бүх насны бүлгүүдийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны хамгийн энгийн удирдамж (биеийн тамирын идэвхтэй ачаалалтай андуурдаг учраас энгийн гэж тодотгодог байна) боловсруулж, улс орнуудад зөвлөмж болгодог. Хариуд нь Засгийн газрууд иргэдийнхээ идэвхтэй амьдрах чадварыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх зэргээр ажиллах ёстой.

Тэгвэл манай нийгэмд өнөөдөр ямар байна вэ. Түрүүн дурдсан, дунд эргэм насны хоёр эмэгтэй бол идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийх нь эрүүл байх үндэс гэдгийг ойлгож эхэлсэн манай иргэдийн нэгээхэн төлөөлөл. Тэдэн шиг өдөрт хэдэн км алхаж, бүжиг, фитнессээр хичээллэхийг чухалчилдаг хүн сүүлийн үед харьцангуй олширч байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө бүр 200-500 хүн идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийж, гүйдэг болжээ. Тэднээс үлгэрлэн, хамтдаа чийрэгжиж, дасгал хийхийн тулд Ханын материал, Баянхошуу, Шархад, Зайсан гээд нийслэлийн зүг бүрээс иргэд өглөө эртлэн явганаар тус хүрээлэнг зорих болов. Дүүргүүдийн фитнесс клуб, бялдаржуулах төв, бүжгийн дамжаа үйлчлүүлэгчээр тасрахгүй байна. Нийтийн бүжгийн танхимуудад ч залуу, идэр, хижээл гээд нас насныхан дүүрэн. Амралтын өдрүүдээр явган аялж, ууланд алхдаг хүн олширсон. Энэ бүхэн бол иргэд эрүүл байхыг эрхэмлэн, амьдралын идэвхтэй хэв маягийг сонгож, хэвшүүлэхээр хичээж буйн наад захын жишээ. Үүний тулд хүмүүс сайн дураараа нэгдэж, хамтдаа хичээж байна.

Харин төр, засгийн зүгээс энэ талаар иргэдээ дэмжиж, хийж байгаа бодитой ажил “үзэгдэхгүй” байна. Нийслэлийн дүүрэг бүрт, хороодод олон нийтийн биеийн тамир, дасгалын талбай, танхим, гүйлтийн зам бүхий цогцолбор байгуулчихвал иргэд оршин суугаа орчиндоо хүссэн цагтаа идэвхтэй хөдөлгөөн хийж, нийтийн биеийн тамираар хичээллэнэ. Өнөөдөр иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шогшоод байгаа шалтгаан нь тийм газар үгүйтэй холбоотой. Нөгөөтээгүүр, тэр хүртэл явах нь дасгал, хөдөлгөөн болох ч үнэндээ манай нийслэлийн гудамж, талбай, зам явган хүнийг байтугай машинтайг нь ч хашраадаг шүү дээ. Зарим хэсэгт бартаат замын уралдаан зохион байгуулахад ч аймаар. Явган зорчигчийн хувьд өдөр бүр саадтай гүйлтийн замаар “жирийлгэж” байна. Стандартад нийцсэн зам Улаанбаатарт нэг ч байхгүй учраас хоёр хөл “долийж”, утсан дээгүүр явж буй мэт үргэлж биеэ чангалах нь үнэхээр халширмаар. Магадгүй эрүүл мэндээ бодож, алхаж, гүйхээсээ дор юм болохыг ч үгүйсгэх аргагүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл хэчнээн энхэл донхолтой таарч, замгүй газраар бүдчин, авто замаар бэдэрдэг талаараа захын иргэн ярина. Гэхдээ нийслэлийн зам, гудамж, талбайн аюулгүй байдал, стандарт бол тусад нь хөндөх том сэдэв учраас ингээд орхиё.

Монголчууд нэгэн үед биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг нийтээр хийж хэвшсэн байлаа. Тодруулбал, өмнөх нийгмийн төр, засгийн бодлогын нэгээхэн хэсэг нь иргэдээ эрүүл, чийрэг байлгахад чиглэж байв. Үйлдвэрийн ажилчид, сурагчид, оюутан залуучууд гээд нийгмийн эд, эс бүхэн өглөө гимнастик хийнэ. Ажил, хичээлийн завсарлагаар 12, 16, 18 тоот дасгал хийж хэвшүүлэх нь байгууллага, сургуулийн удирдлагын нэг чухал үүрэг. Тэр ч бүү хэл, иргэдийг бялдаржуулах, цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх зориулалтаар баталсан норм, норматив, түүнийг биелүүлснийг гэрчлэх тэмдэг ч байв. Урлаг, соёлын арга хэмжээг ч ийнхүү довтолгон, сурталчилж, өв тэгш монгол иргэнийг төлөвшүүлдэг байв. Энэ нь нэг талаар тун энгийн, басхүү хэт албадлагын мэт боловч үнэндээ бол эрүүл, чийрэг иргэний төлөөх бодлого юм. Нөгөөтээгүүр, тухайн цаг үе, нийгмийн байгууллын онцлог байжээ.

Өнөөдрийг тэр үетэй харьцуулахад монголчууд бид үнэхээр залхуу, арчаагүй болсон. Өдөрт 30 минут тасралтгүй, идэвхтэй алхаж, 10 минут зохистой, зөв дасгал, хөдөлгөөн хийхэд л хүн эрүүл байх нэг үндэс бүрдэхийг ДЭМБ-ын зөвлөмжид дурдсан байдаг. Амьдралын хэв маягаа өөрчлөхөд ийм энгийн зүйлийг л хэвшүүлчихвэл болох аж. Үүний дараах өөрчлөлтүүдийг аяндаа мэдрэх учраас хамгийн гол нь хийж хэвших нь чухал гэдгийг дасгал, хөдөлгөөнд “донтсон” хүмүүс ярих юм билээ.

Өглөө бүр ХААИС орчмын засмал замаар гүйдэг гадаад залууг нэг өдөр зориуд саатуулан “Манай хотын гудамж, талбайд гүйхэд хэр хүндрэлтэй байдаг вэ. Манай иргэд ийм зам дээр гутал тэсдэггүй, гүйж байгаад шагайгаа мултлах эрсдэлтэй гэдэг” хэмээн асуухад “Замын чанар, аюулгүй байдлаас айж, болгоомжлох нь зүйн хэрэг. Улаанбаатарт амьдраад тав гаруй жил болохдоо өглөөгүүр гүйгээгүй өдөр тун цөөн. Үнэнийг хэлэхэд, эхэндээ хэцүү санагддаг байсан. Эвдэрсэн зам дээр хальтирч, чулуунд бүдэрч хөлөө өвтгөсөн тохиолдол хоёр, гурваар тогтохгүй. Заримдаа явган замын нарийн хэсгээр гүйж байхдаа хурдтай яваа автомашинд “хамуулах” шахдаг. Тэгсэн ч би халшрахгүй. Учир нь гүйх нэг талаар хобби минь ч, хамгийн гол

нь эрүүл мэнддээ анхаарч байгаа юм. Манай германчууд биеийн идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийж, гүйх дуртай. Бүр хэвшмэл үйл гэж болно. Аав, ээж минь гүйдэг байсан, одоо ч хэвээр. Гэр бүлээрээ гүйх нь түгээмэл, Дрезден хотод маань. Ингэж үр хүхдэдээ үлгэрлэн, амьдралынх нь нэг хэв маяг болгодог байх. Нөгөөтээгүүр, иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд улсаас анхаарч, өвдөхөөс нь өмнө сэргийлэхийг ухуулдаг. Өрхийн эмч нар үүнд голлох үүрэгтэй. Эрүүл байгаагийнх нь төлөө урамшуулдаг тогттолцоо олон улсад бий шүү дээ” гэж хариулсан. Түүний ярианаас төрийн бодлого нь “үнэртэв”.

Иргэн бол нийгмийн хамгийн үнэт баялаг гэдэг. Гэтэл үнэт баялгаа хамгаалахын төлөө манай эрх баригчид юу хийж байна вэ. Уг нь нийтийн биеийн тамирыг чанартай хөгжүүлж, хөдөлгөөний хомсдолыг нь арилгахад л зүгширчих асуудал.

Бор “зүрхээрээ” л гүйгээд, гимнастик, дасгал хийгээд байгаа иргэддээ зориулаад цэцэрлэгт хүрээлэн, зориулалтын зам, талбай барьж, байгуулах талаар юу бодож байгаа бол. Залхуураад “эвхэрч” хэвтээд, эрүүл мэндээ хорлоод байгаа хүмүүст хөдөлгөөн хийхийн ач тусыг ухуулдаг мэргэжилтэн, ажилтан гэж байна уу. Зөвхөн дасгал, хөдөлгөөний талаар биш, эрүүл амьдрах тухай иргэдэд ухуулах, боловсрол олгох тал дээр холбогдох байгууллагууд юу хийж, санаачилж байна вэ. Бишгүй л шүүмжлүүлсэн нь мэдээж. Гэхдээ хэдий болтол муугаараа дуудуулах юм бэ. Одоо хийж, санаачлах, хөдлөх хэрэгтэй бус уу.

Өнөөдөр монголчуудын олонход хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй “зовлонгууд” тулгараад буй. Монголчуудад идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдрал хэрэгтэйг эхнээсээ ойлгож, нийтээрээ хөдөлж эхэллээ. Аль ч улс, нийгэмд хэрэгцээгээ дагасан нийлүүлэлт бий. Одоо эл хэрэгцээг нь хангахын тулд засаг, төрийнхөн минь хөдлөх цаг болжээ.

Засгийн газрын 2019 оны 153 дугаар тогтоолын хавсралтад “Сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж, тодорхой эрэлт бий болсон. 2022 онд биеийн тамир, спортоор хичээллэх иргэдийн тоо 200 мянгаар нэмэгдэх төлөвтэй. Өсөн нэмэгдэх эрэлтийг биеийн тамир, спортын салбарын өнөөгийн бүтэц зохион байгуулалт, хүний болон санхүүгийн нөөцөөр хангах боломжгүй тул Засгийн газрын 2011 оны “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг шинэчлэх шаардлагатай” гэсэн үг, өгүүлбэр байна. Үүнээс улбаалан энэ чиглэлээр шинэ хөтөлбөр боловсруулах юм байна гэж горьдож, найдаж болмоор. Гэтэл үнэндээ одоогоор хийсэн дорвитой ажил харагдахгүй, “баригдахгүй” л байх шиг. Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд БСШУСЯ хяналт тавих үүрэгтэй байсан бол өдгөө бүтцийн өөрчлөлт гээд бужигнаж энэ нь “үлгэр” болох вий дээ. Нэмж нэг зүйлийг онцлоход, хөтөлбөрт “Нийтийн биеийн тамир” гэж нарийвчлан оруулаагүй нь мөн л учир дутагдалтай. Бүх нийтийн биеийн тамир, биеийн тамир, спорт гэдэг тус тусдаа ойлголт гэдгийг ДЭМБ-ын зөвлөмжид тод тусгасан байдаг. Бүх нийтийн гэдэг нь олныг хамруулсан, эрүүлжүүлэх дасгал, идэвхтэй хөдөлгөөн гэдгийг ч тайлбарлажээ.

Дэлхий дахинд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх нь иргэдийнхээ амьдралын чанар, дундаж наслалтыг уртасгах хөшүүрэг гэж үздэг юм. Монгол Улсын хувьд ч адилхан. Тиймээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талаар тусад нь хөтөлбөр боловсруулсан ч болмоор санагдана.

2017 оны “Бие бялдрын сорилын судалгаа”-гаар манай нийт хүн амын 55 хувь нь илүүдэл жин, таргалалттай гэж гарсан бол өсвөр үеийнхний хувьд олонх нь бие бялдрын хөгжлийн түвшнээрээ тухайн насныхаа биологийн үзүүлэлтээс доогуур байжээ. Энэ бол түгшүүр төрүүлэм үзүүлэлт. Бид өнөөдөр оюуны чадамжийн тухай л түлхүү ярьж байна. Эрүүл биед саруул ухаан оршино гэж их зохиолч Д.Нацагдорж хэлсэн нь юутай үнэн. Эцэст нь өгүүлэхэд, 2018 онд хийсэн “Монгол Улсын хүн амын хоол, тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааны тайланд “Хүн амын олонх хэт таргалалттай хэрнээ хоол, тэжээлийн дутагдалд орсон байна” гэж дурджээ. Энэ бол бидний амьдралын хэв маяг буруу, идэвхтэй хөдөлгөөний хомсдолд гүн нэрвэгдсэний том илрэл . Тиймээс хувь хүн ч, төр, засгийнхан ч нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих, хувь нэмрээ оруулах, эрүүл, зөв амьдралыг хэвшил болгоход анхаарч цучил больё.

ДЭМБ-аас 2025 он гэхэд хөдөлгөөний хомсдолыг 10 хувиар бууруулах зорилт тавьжээ. Ийм зорилт тавьсан учир нь амьдралын чанарыг дээшлүүлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)