Чанаргүй зээлийн МУУ НӨЛӨӨ

Манай нэг банк 2007 онд “Цэнхэр цэцэрлэг” хотхон барихад нь зориулж, аж ахуйн нэгжид 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ. Үндсэн зээл, түүний хүү, мөн нэмэгдүүлсэн хүүнд нь мөнөөх компани 27 тэрбум төгрөг төлсөн байна. Гэвч 10 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлээ банк нэхэмжилж байгаа аж. Зээлийн барьцаанд “Цэнхэр цэцэрлэг” хотхоны дөрвөн блок барилга, авто зогсоолыг тавьсан гэнэ. 

Тус хотхоны орон сууц захиалагчид 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш маргааныг хянан шийдвэрлэх явц таван жил үргэлжилж буй. “Богино хугацаатай, өндөр хүүтэй зээл олгосноос чанаргүй зээл үүсэх нөхцөл үүссэн” гэж шинжээчид үүнийг тайлбарладаг аж. Энэ бол Монголын санхүүгийн зах зээлд чанаргүй зээл хэрхэн үүсдэг, хэрэг маргааныг шийдвэрлэх хугацаа яагаад сунжирдгийг харуулсан нэг л тохиолдол.

Банкуудын нийт зээлийн хэмжээ энэ оны хоёрдугаар сарын эцэст 17 их наяд төгрөгт хүрлээ. Үүний 10.7 хувийг нь чанаргүй, 5.4-ийг нь хугацаа хэтэрсэн зээл байна. Өөрөөр хэлбэл, банкуудын олгосон нийт зээлийн 16.1 хувь нь эргэн төлөгдөх, эсэх нь тодорхойгүй гэсэн үг. Тоон утгаар илэрхийлбэл чанаргүй зээлийн хэмжээ 1.8 их наяд төгрөгтэй дүйв. Зарим статистик мэдээллээс дурдвал, чанаргүй зээлийн 85 хувь нь аж ахуйн нэгжид ногдож байгаа аж. 

Цаана нь нарийвчилбал уул уурхайн компаниудад чанаргүй зээлийн 26, боловсруулах салбарынханд 21, барилгачдад 14, үл хөдлөх хөрөнгө, худалдааны чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдэд тус бүр найман хувь нь ногдож байна. Өмнөх жилүүдэд чанаргүй зээлийн хэмжээ 7-8 хувьд хэлбэлзэж байсан юм. Харин сүүлийн үед эргэн төлөгдөх нь тодорхойгүй зээлийн хэмжээ өсөх болсон нь санхүүгийн салбарынхны санааг зовоож буй. 

Чанаргүй зээл бол санхүүгийн зах зээлийн хорт хавдар гэсэн үг. Хорт хавдар газар авах тусам хүний эрүүл мэнд хэрхэн доройтож сульддаг билээ. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх тусам санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нэмэгдэнэ. “Капитал” банкны нийт зээлийн 80 хувь нь чанаргүй болоод дампуурсан нь үүнийг илэрхийлэх бодит жишээ юм. Чанаргүй зээл санхүүгийн салбараас гадна эдийн засгийн макро, микро түвшинд ч муу нөлөөтэй.

...Актив удирдлагын тухай хуулийг баталснаар банкуудын чанаргүй зээлийг худалдаж авах компани байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Компани зээлийг тодорхой хуулиар хямдруулан худалдаж аваад, зээлээ төлөхгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжтэй учраа олно. Банк чанаргүй зээлээ зарчих учраас ямар нэгэн зардал чирэгдэлгүй болно. Энгийнээр хэлбэл, уснаас хуурай гарна гэсэн үг. Чанаргүй зээл буурвал санхүүгийн зах зээлийн мөнгөний эргэлт нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлөх нь дамжиггүй...

“Царцаад” буй 1.8 их наяд төгрөг бага мөнгө биш. Хэзээ эргэн төлөгдөх, эдийн засгийн эргэлтэд орох нь тодорхойгүй учраас “царцсан” гэж тодотгов. Үүгээр нийгэм, эдийн засагт ашиг тустай олон төслийг санхүүжүүлж болно. Олон компанид бизнесээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зээл олгох боломжтой. “Зах зээлд мөнгө хэдий чинээ чөлөөтэй эргэлдэнэ, эдийн засаг төдий чинээ өснө, эрүүл байна” гэсэн онолын тайлбарыг эдийн засагчид хийдэг. 

Үүнийгээ тэд хүний цусан хангамжаар жишээлэн тайлбарлах дуртай. “Хүний цус чөлөөтэй эргэлдэж, эрхтнүүдээ тэтгэж байж бие эрүүл байдаг. Тэгвэл хаа нэгтээ нь бүлэгнэж нөжирчихвөл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх нь үүнтэй агаар нэг” гэж тэд ярьдаг. Тэгэхээр зах зээлд эргэлдэж байх учиртай ихээхэн хэмжээний мөнгө “царцчихаар” эдийн засагт хохиролтой байх нь. Товчхондоо, чанаргүй зээл эдийн засгийн өсөлтийн далайцыг нэмэгдүүлэх боломжийг хаадаг гэсэн үг.

Аж ахуйн нэгж, иргэдийн мөнгийг банк тодорхой хэмжээний хүүтэй хадгалдаг. Түүнийгээ санхүүгийн хэрэгцээтэй иргэдэд хадгаламжийнхаас өндөр хүүтэйгээр зээлж, зөрүүнээс нь ашиг олдог. Чанаргүй зээл үүсэж буй нь дам утгаараа хэн нэгнээс зээлсэн мөнгөө тоомжиргүй ч юм уу, санхүүгийн хүндрэлд орсон нэг нөхөр төлөхгүй байгаа хэрэг. Чанаргүй зээл үүсэж, санхүүгийн байгууллага дампуурвал хадгаламж эзэмшигчид л хохирно. “Капитал” банкаар дахин жишээ авахад хохирогчид нь алдсан хүн арван тамтай гэгчээр мөнгөө олж авахаар жагсаал цуглаан хийж байна. Чанаргүй зээлийн өөр нэг муу нөлөө нь ийм юм.

Зээлээ төлөхгүй байгаа аж ахуйн нэгж, иргэний барьцаа хөрөнгийг банк дур мэдэн борлуулж хохирлоо барагдуулж болдоггүй. Заавал шүүхийн шийдвэр гаргуулж, захиран зарцуулах эрх нь нээгддэг. Ингээд банк, зээлээ төлөхгүй байгаа аж ахуйн нэгж, иргэнтэй шүүхэд маргаан үүсгэнэ. Маргаан хэдэн жил дамжин үргэлжилдгийг нийтлэлийн эхэнд дурдсан жишээнээс харж болно. Маргаан дунджаар гурван жил дамнан үргэлжилдэг гэсэн судалгааг банкууд танилцуулдаг. 

Чанаргүй зээлийн эрсдэлээс хамгаалах сан байгуулах, олон жил дамжин шүүхийн маргаан үүсгэх нь банкны зардлыг нэмэгдүүлдэг. Банк зардлаа зээлийн хүүндээ шингээнэ. Иймээс зээлийн хүү өндөр байгаагийн нэг хүчин зүйл нь чанаргүй зээл байх нь. Муу зээлийн хэмжээ багасаж, маргаан нь хурдан шийдвэрлэгддэг болбол хүүг нь бага боловч бууруулах нь гарцаагүй санж.

Манай банкууд Монголын банкны холбоогоор дамжуулж, сүүлийн жилүүдэд зээлтэй холбоотой шүүхийн маргааныг шуурхай шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэх лобби хийж байгаа. Тус холбооныхон зээлээ төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийг шууд борлуулж, хохирлоо барагдуулах эрх зүйн орчин бүрдүүлэхийг хууль тогтоогчдоос шаарддаг. 

Цаана нь хүний өмчийн эрхийн асуудал хөндөгдөх учраас тэдний саналыг төдийлөн дэмжихгүй өнөөг хүрсэн. Банкны салбарынхан шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч буй гол үндэслэл нь зээлийн хүүг зогсоож байгаа явдал гэж үздэг. Тэд “Зээлийг төлж дуустал хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй байх зарчим баримталбал харилцагч хэргийг олон жилээр үргэлжлүүлэх ямар ч шаардлагагүй гэдгийг ойлгоно” гэж тайлбарладаг юм.

Шүүхийн маргаан маш олон жилээр сунжирдаг нь үнэн. Томоохон мөнгөн дүнтэй зээлийн маргааныг гурван шатны шүүх дамжуулан шийдвэрлэх тохиолдол ч байдаг аж. Шүүгчийн хурал давхацсан, өмгөөлөгч өвчтэй гэсэн үндэслэлээр хуралдаан хойшилж, маш их хугацаа алдаж байгааг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг нуугаагүй. Тэрбээр “Хурал хойшлуулж өгөх туслалцаа үзүүлж, зээлээ төлөхгүй зугтаж байгаа иргэн, аж ахуйн нэгжээс хөлс авдаг ёс зүйгүй хуульчид бий болсон” гэж ярьсан юм. 

Шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаанд тавьсан хөрөнгийн үнэлгээ хийлгэдэг. Үнэлгээ хийсний дараа хөрөнгийг зарж, борлуулж банкны хохирлыг барагдуулах хуультай. Гэтэл үнэлгээ хийсний дараа зээлээ төлөөгүй барьцаа хөрөнгийн эзэн буруу үнэлгээ тогтоосон гээд шүүхэд хандчихдаг байна. Тэгээд маргаан дахиад л үргэлжилнэ. Найман жил сунжирсан шүүхийн маргаан ч байдаг гэсэн.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд зээлийн маргаантай холбоотой 3416 хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцжээ. Үүнээс нийслэлийн хэмжээнд 308-ыг нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн байна. Монгол Улсад 13 банк үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр дунджаар нэг банк зээлээ төлөөгүй 262 иргэн, аж ахуйн нэгжтэй шүүхийн маргаан үүсгэж байна гэсэн үг. Харилцагч олонтой том банкуудад дээрх маргааны дийлэнх ногддог нь мэдээжийн хэрэг.

Чанаргүй зээлийг багасгах, үүсэх эрсдэлийг бууруулахын тулд Монголбанкныхан хоёр хуулийн төсөл боловсруулах ажилд идэвхтэй оролцож байгаа. Тэд Актив удирдлагын тухай хууль, Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар лоббидож буй гэнэ. Актив удирдлагын тухай хуулийг баталснаар банкуудын чанаргүй зээлийг худалдаж авах компани байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм.

Компани зээлийг тодорхой хуулиар хямдруулан худалдаж аваад, зээлээ төлөхгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжтэй учраа олно. Банк чанаргүй зээлээ зарчих учраас ямар нэгэн зардал чирэгдэлгүй болно. Энгийнээр хэлбэл, уснаас хуурай гарна гэсэн үг. Чанаргүй зээл буурвал санхүүгийн зах зээлийн мөнгөний эргэлт нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлөх нь дамжиггүй.

Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зээлийг төлүүлэх, барьцаа хөрөнгийг захиран зарцуулах эрх үүсгэх хугацааг богиносгох, хийдлийг нь арилгах үндсэн зорилготой гэнэ. Монголбанкны Дотоод аудитын газрын захирал Д.Аюуш “Зээлийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг жил зургаан сарын хугацаанд бүрэн шийдвэрлэдэг болгох зорилгоор хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа” гэж ярьсан.

УИХ-аас Актив удирдлагын тухай хууль баталж, Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал чанаргүй зээлийг бууруулах эрх зүйн хөшүүрэг бий болох нь. Дахин сануулахад, чанаргүй зээлийг бууруулах нь эдийн засагт сайн нөлөөтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)