Чанаргүй барилгын төлөөс

Өнгөрсөн зуны их усан борооноор Баянгол дүүргийн III хорооны нутаг буюу Дунд гол дагуух хэд хэдэн байрны доороос хөрсний ус нэвчин, оршин суугчид нь тун хүнд байдалд орсныг мэдэх юм. Ипотекийн зээлд хамрагдахын тулд банкныхныг царайчлан, үйлээ үзэж байж авсан байрныхаа зоорийн давхрын гараашид машинаа тавих боломжгүй болсноос эхлээд “Галын аюултай” хэмээн хэрэглээний ус, цахилгаанаа хязгаарлуулсан. Арав гаруй давхар байр луу баллонтой ус зөөх хурд, хүчний “бэлтгэл” өдөр тутам хийсэн иргэд уур цухлаа барж гүйцсэн ч гомдлыг нь хүлээн авч, барагдуулах газар олдоогүй гэдэг.

Урин дулааны цаг ирэхээр устай “байлдан” аж төрөх болсон нь дээрх хорооны оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудлуудын хамгийн ноцтой нь биш. Яагаад гэвэл усан дээр “хөвдөг” энэ мэт барилгуудад Улаанбаатарын газар хөдлөлийн бүсийн идэвхжил хамгийн түрүүнд нөлөөлөх учраас гол аюул өнгөрсөнд бус, ирээдүйд байгаа гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд манай нийслэл хотын эргэн тойронд газар хөдлөлийн голомтууд идэвхжих болсныг мэргэжлийн байгууллагууд сануулсаар буй. Энэ сарын 20-доор Монгол Улсын нийслэлд анх удаа 500 мянга шахам хүн нүүлгэн шилжүүлэх гамшгийн томоохон сургалт зохион байгуулах гэж буй нь зүгээр нэг хийрхэл, хөөрөл биш гэдэг нь ойлгомжтой.

ОБЕГ аль 2013 онд Японы ЖАЙКА байгууллагатай хамтран гаргасан нийслэлийн газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатарт ойрын жилүүдэд газар 6.6-7.6 магнитудын хүчтэй хөдөлж болзошгүй бөгөөд тэгсэн тохиолдолд нийт барилга байгууламжийн 22-50 хувь нь гэмтэж, нурахын зэрэгцээ 30-60 мянган хүн гамшигт нэрвэгдэх тооцоо гаргасан. Гэхдээ энэ бол Налайхын Хонхор орчмоос эхлээд Улаанбаатар хот дундуур дайрч, Нарангийн энгэрийн хогийн цэг хүртэлх 50-иад км урттай шинэ хагарлыг илрүүлээгүй байх үеийн тооцоо. Бас Дунд гол орчмын дээрх барилгууд босоогүй байх үеийн судалгаа гэхээр болзошгүй гамшгийн үеийн хохирлын дүн тодорхой хувиар нэмэгдэнэ гэсэн үг.

Байгалийн гамшиг нүүрлэх эрсдэл ойрхон байгааг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид тооцон гаргаж, мэргэжлийн хүмүүс нь сэрэмжлүүлээд байхад бид урьд урьдынхаасаа ч илүү хянуур, сонор сэрэмжтэй байж, барилгын чанар, аюулгүй байдлыг гойд анхаарах учиртай. Харамсалтай нь, иргэдийн, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн иймэрхүү барилга хаа сайгүй сүндэрлэсээр буйг Урт цагаан буюу урьдынхаар бол Усны гудамжны эргэн тойрноос мөн харж болно. 

Энэ хавьд барилгын суурь цутгангуут хөрсний ус нэвчиж гараад байдаг учраас намар оройхон (хөлдөнгүүт нь гэсэн ч болно) энэ ажлыг гүйцэтгээд, хавар нь юу ч болоогүй мэт байх тактикт барилгын компаниуд хэдийн гаршаад буй. Хөрсний ус доороосоо нэвчих өндөр эрсдэлтэй иймэрхүү газарт барилга барих зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагууд, түүнийг нь хүлээж авдаг улсын комиссынхон юугаа хянаж, шалгаж, дүгнэлт гаргадаг юм бол. Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь амьдарч байгаа учраас Улаанбаатарын газар нутгийн уул толгод, жалга дов, голын хөндийд хүртэл барилга байшин барихыг хэн хүнгүй санаархах нь мэдээжийн хэрэг. 

Харин үүнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, хаана, ямар барилга барьж болох, болохгүйг хэлж сануулах үүрэгтэй баймаар. Нэгэнт улаанбаатарчууд орд гэрээ ачаалаад, нийслэлээ Хархорин руу нүүлгэтлээ хэдэн 10 жил болох тул эндээ яажшуухан аюул осол багатай аж төрцгөөх вэ гэдгээ бодолцвол өлзийтэй биз. Саяхныг хүртэл барилгын чанарын тухай ярихаар “Хана нь хэтэрхий нимгэн байна. Хажуу айлынхаа хүмүүсийг юу хийж буйг алган дээр тавьсан мэт тольдох юм” гэлцэн тоглоом шоглоом болгодог байсан бол одоо энэ асуудал илүү том, илүү хурцадмал болсныг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх учиртай. 

Тиймээс зөвхөн шинээр барьж байгаа ч гэлтгүй, одоо ашиглаж буй байшин барилгуудын насжилт, “амьдралын чанар”, эрсдэлийг үнэлж, тогтоон, олон нийтэд ил тод зарлах нь зүйтэй санагдана. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотын “хөгшин” барилгуудыг эрэмбэлэн, чанарын үнэлгээ тогтоогоод, ногоон, улаан, шар өнгийн таних тэмдэг байшин болгоны буланд наах тухай ярьж байсан нь өдгөө Мянгуужингийн үлгэр болов. Хотын шинэ удирдлага ядаж энэ ажлыг л хийвэл 380 жилийн ойгоороо нийслэлчүүддээ барьж буй хамгийн бодитой, хамгийн үнэ цэнтэй бэлэг тэр байх болно доо.

Л.ГАНЧИМЭГ

ИНФОГРАФИК


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Ш.УРАНЧИМЭГ: 150 гаруй барилгад ногоон гэрчилгээ олгосон

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Ш.Уранчимэгтэй ярилцлаа.

-Бүтээн байгуулалтын улирал эхэллээ. Аж ахуйн нэгжүүд ажилдаа гарахад бэлэн, эсэхийг шалгасан уу?

-Бүгдийг нь шалгахад хүн хүч хүрэлцэхгүй учраас өнгөрсөн жил их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн барилгуудыг л шалгаж байна. Үүнээс гадна иргэдийн өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийдэг. Ингэхдээ хамгийн түрүүнд анхаардаг зүйл бол зөвшөөрөл.

Газар эзэмших гэрчилгээ бий юү, тусгай зөвшөөрөлтэй компани барьж байна уу, барилгын ажил, эхлэх, үргэлжлүүлэх эрхээ авсан уу, зураг төсөл нь бүрэн үү зэргийг эхний ээлжинд хянах ёстой. Эдгээрийг хангаагүй бол ажлаа зогсоох шаардлага тавьдаг. Түүнчлэн барилгын чанар буюу байгалийн гамшигт үзэгдэл, тэн дундаа газар хөдөлбөл тэсэх, эсэхийг нь гурван үзүүлэлтээр шалгадаг. 

Нэгдүгээрт, барилгын зураг төсөл сайн байх ёстой. Хоёрдугаарт, материалын чанар. Муу материал хэрэглэвэл барилгын нас богиносно. Гуравдугаарт, гүйцэтгэл. Ямар хэмжээтэй арматурыг хаана байрлуулж, яаж хооронд нь холбож буйг хүртэл нарийвчлан шалгана. Энэ жилийн шалгалт дөнгөж эхэлж байна.

-Саяхан ашиглалтад оруулсан барилга нурах шахаад байна гэж гомдол гаргах иргэн цөөнгүй. Ийм асуудлыг шалгадаг уу?

-Барилгын үндсэн хийц бүтээц, арматурын хэмжээ, холбоос зэрэгт нь алдаа гарсан бол засах боломжгүй. Нураахаас өөр аргагүй учраас барих хугацаанд нь л хяналтаа сайн тавих ёстой. Барилгыг Улсын комисс хүлээн авсны дараа оршин суугчид янз бүрийн гомдол ирүүлэх нь бий.

Цоо шинэ байр автал хаалганых нь бариул хоёр хонохгүй хугарч, шал нь овойж товойсон зэргийг засаж болно. Мөн цонхоор нь салхи сийгдэг, хөлөрдөг, салхивч нь ажилладаггүй, хүн амьдрах аргагүй бүгчим, агаарын солилцоо муу гэх мэт гомдол цөөнгүй. Хэдийгээр Улаанбаатарт барьж буй барилгын тоо олон, бидний хүн хүч цөөн ч гомдол бүрийн дагуу газар дээр нь ажиллаж, асуудлыг шийдвэрлэхийг зорьдог.

-“Барилгыг шалгахдаа оромдож байна. Мэргэжлийн хяналтынхан таньдаг хүндээ боломж олгож, таньдаггүй нэгнийг шалгалтад унагаадаг” гэх шүүмжлэл гардаг юм билээ.

-Бид барилгыг хяналтын хуудсаар дүгнэдэг. Байцаагчид шалгах бүртээ өөр асуулт, шаардлага тавьдаг гэсэн шүүмжлэл гардаг байсан. Өөрөөр хэлбэл, зарим байцаагч таньдаг хүндээ цөөн асуулт тавиад, танихгүй хүнээс олон зүйл асуулаа гэсэн гомдол ирэх жишээтэй. 

Тиймээс бүгдэд нь адил асуулт тавихын тулд хяналтын хуудас ашиглах болсон. Хяналтын хуудас манай вэб сайтад бий. Түүн дээрх асуултуудыг л тавина. Үүнээс гадна байцаагчид хүссэн барилга дээрээ очоод шалгах боломжгүй. Иргэдийн гомдлын дагуу юм уу, төлөвлөгөөт шалгалтад тусгасан бол л очдог. 

Өнгөрсөн онд бид 5382 барилгыг шалгахад 982 нь их, 3166 нь дунд, 1234 нь бага эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Дунд болон их эрсдэлтэй барилгыг хяналтынхаа төлөвлөгөөнд тусгаж, дахин шалгадаг.

-Сүүлийн жилүүдэд газар хөдлөх давтамж нэмэгдсэнээс үүдэн барилгын чанарын асуудал хөндөгдөх боллоо. Газар хүчтэй хөдөлбөл Улаанбаатарын ихэнх барилга нурна гэх юм. Энэ үнэн үү? 

-Улсын хэмжээнд бүх барилга, ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон хүн цуглардаг худалдаа, үзвэр, үйлчилгээний төвүүд газар хөдлөхөд тэсэх, эсэхийг 2016 оноос шалгах болсон. Улаанбаатарт нийт 110 000 гаруй барилга байгаагийн 712 нь газар хөдөлбөл нурах эрсдэлтэй. Энэ жил дахин шалгахаар төлөвлөсөн. Нэгдсэн дүн мэдээлэл 2019 оны эцэст гарна.

-Ямар барилгууд нурах эрсдэлтэй вэ?

-Ихэвчлэн олон жил ашигласан хуучин барилгууд багтсан. Ялангуяа 1970 оноос өмнө барьсан бүх барилга хамаарна. Тоосгон ханатай, модон хучилттай байшингууд газар хөдөлбөл шууд нурна гэж ойлгох хэрэгтэй. Харин 1970 оноос хойш барьсан барилгууд газар хөдлөлтийг тэсвэрлэх, эсэхийг мэргэжлийн зөвлөл үнэлж, дүгнэх ёстой. Үүнд үндэслэн барилгуудад паспорт буюу улаан, шар, ногоон өнгийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн.

-Гэрчилгээ олгож эхэлсэн үү?

-Барилгын тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сард шинэчлэн баталсан. Түүнээс хойш Улсын комисс хүлээн авсан барилгад ногоон өнгийн гэрчилгээ олгоно гэж хуульд заасан. Ногоон нь чанартай байшин, шар нь хүн амьдарч болох ч бэхэлж, хүчитгэх шаардлагатай гэсэн үг. 

Улаан нь нурах аюултай гэсэн утга илэрхийлнэ. Манай байгууллагаас одоогоор улсын хэмжээнд 150 гаруй барилгад ногоон гэрчилгээ олгосон. Дээр дурдсанаар Улсын комисс хүлээн авсан, шинэ, чанартай барилгууд үүнд хамрагдсан. Шар, улаан гэрчилгээ олгосон тохиолдол байхгүй. Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг заавал үндэслэх ёстой. 

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Төрийн ордон зэргийг нэн тэргүүнд шалгаж, үнэлэн, гэрчилгээ олгож, шаардлагатай бол арга хэмжээ авах ёстой. Манай байгууллагаас сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон хүн цуглардаг үзвэр, үйлчилгээний барилгууд газар хөдлөлтийг зайлшгүй тэсвэрлэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.

-Иргэд амьдарч, ажиллаж буй байшингаа чанартай, эсэхийг мэдэхийг хүсвэл хаана, хэнд хандах вэ?

-Газар хөдөлбөл танай орон сууц нурах эрсдэлтэй, эсэхийг шалгуулахын тулд нийслэлийн Засаг даргад хандах ёстой. Яагаад гэвэл, Барилгын тухай хуульд үнэлгээ, дүгнэлт хийх ажлыг нийслэлийн Засаг дарга хариуцна гэж заасан. 

Тодруулбал, нийслэлийн ЗДТГ дахь зөвлөл тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагыг илгээн, тухайн барилгын материал, хөрснөөс нь сорьц авч, судалгаа хийлгэн, зураг төсөлтэй нь харьцуулах маягаар бүх талаас нь шалгана. Баганын доторх арматурыг хүртэл рентгенээр хардаг багаж бий. 

Уг дүгнэлтээ манай байгууллагад ирүүлсний дараа бид гэрчилгээ олгоно. Бүх барилгад ийм судалгаа хийх боломж бүрдсэн, тоног төхөөрөмж бүхий компаниуд, өндөр зэрэглэлийн инженерүүд бий. Үүнд зөвхөн төрийн байгууллага бус, хувийн хэвшлийнхэн ч оролцоно.

-Иргэд амьдарч буй барилгаа шалгуулахын тулд төлбөр төлөх үү?

-Манай байгууллагаас гэрчилгээг үнэ төлбөргүй олгоно. Харин үнэлгээ, судалгаа хийх ажил нь төлбөртэй. Барилга, байгууламжийг паспортжуулах, ашиглалтын гэрчилгээ олгох журмыг 2017 онд Шадар сайдын тушаалаар баталсан. Өдгөө үнэлгээний өртгийг тогтоохоор ажиллаж байгаа. 

Орон сууцны барилгыг хэдэн төгрөгөөр үнэлэх, томоохон зочид буудал бол ямар үнэлгээтэй байх зэргийг нарийвчлан тогтооно гэсэн үг. Улаанбаатар дахь 110 000 гаруй барилгыг хянаж шалгах өртгийг бүгдийг нь улсаас гаргах боломжгүй. Төрийн байгууллага өөрийн мэдлийн буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг үнэ төлбөргүй үнэлнэ. Харин хувийн хэвшлийн барилгуудыг тодорхой төлбөртэйгөөр үнэлэх журамтай.

Ч.МӨНХ

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

Барилга, орон сууцны чанарыг та хэрхэн үнэлж байна вэ?

Д.БАТТУНГАЛАГ (Баянзүрх дүүргийн XIV хорооны иргэн):

-Маш муу гэж хэлнэ. Манайх 2014 онд шинэ орон сууцанд орсон. Анх орохдоо л талбайнхаа хэмжээнээс болж бөөн асуудал үүсгэсэн. 42 ам метр байр захиалж, үнэ хөлсөө төлчихөөд байхад 40 ам метр ч хүрэхгүй орон сууц өгсөн. Яаж ч хэмжээд талбайнаас “хумсалсан” нь нотлогдсон ч үр дүнд хүрээгүй. 

Айл бүрийнхээс “идсэн” гэхээр үнэхээр шударга бус, стандартын шаардлага хангаагүй барилга барьсан байгаа биз. Түүнчлэн ханын цаас нь амархан хууларсан, хаалгануудын хүрээг ч хэврэг тогтоосон тул удалгүй хөндийрч, ховхорсон. Хаалгануудынх нь бариул амархан эвдэрч, цоож нь гацчихсан. Гадна талын “Бүргэд” хаалга ч хялбар хотойж, босгоноосоо бараг төө хэрийн өргөгдөн гажиж, шороо шигддэг болсон.

Ер нь бүх хаалга, цоож, бариулаа хамгийн хямд, чанаргүйгээс нь сонгосон байх. Шинэ байранд ороод удалгүй л бүх юмаа засаж, сэлбэж, сайжруулсан. Түүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол байхгүй.

Г.АЛТАНГЭРЭЛ (Баянгол дүүргийн XVIII хорооны иргэн):

-Чанаргүй барилга, орон сууцны жишээ захаас аван, замаар дүүрэн бий. Олон давхар орон сууц хэрнээ лифтгүй, лифттэй нь 3-4 хүний л багтаамжтай, ямар ч тавилга ордоггүй жижигхэн хийчихсэн нь ч бий. Манайх сүүлийн үед буюу 3-4 жилийн өмнө баригдсан орон сууцанд орсон. Таван давхар барилга боловч мөн л лифтгүй. Шат нь гажигтай гэмээр муруй тахир, хашлага нь хэт намхан тул хүүхэд тонгоймогц уначих гээд байдаг. 

Хамгийн гол нь сантехникийн ажил нь чанаргүй. Угаалтуураас байнга бохир үнэртдэг тул тогтмол бөглөх шаардлага үүсдэг. Ариун цэврийн өрөө ерөнхийдөө бохирын үнэртэй. Огт арилдаггүй. Магадгүй бохир ус дамжуулах, зайлуулах шугам хоолойг нь шаардлага хангалгүй хийсэн байх. Эсвэл энэ орчим төвлөрсөн шугамнаас хол байж, сангийн асуудлаа барилгын компани нь болхидуухан аргалсан болов уу. 

Жижигхэн тагт, цонхтой тул гэрэл гэгээ муутай, тагтан дээрээ янз бүрийн юм хураах боломжгүй. Аль ч давхарт хогийн пункер байхгүй. Айлууд үүдэндээ хогоо овоолдог, эсвэл үйлчлэгч зөөж хаядаг. Өвөлд дулааныг л эс тооцвол стандартын бус орон сууц.

Д.ОТГОНЦЭЦЭГ (Баянзүрх дүүргийн XII хорооны иргэн):

-Манайх 2016 оны хавар шинэ орон сууцанд орсон. Хамгийн дээд давхарт буюу 12 дугаар давхрын айл учраас эхний нэг жил орчим таазнаас нь дусаал гоожсон. Зун бороо их орох бүрт усанд автдаг байлаа. Барилга барьсан компанид нь хэлэхэд удаа дараа дээврээ нөхөж, холбогдох арга хэмжээ авлаа л гэдэг. Бороо ормогц бид ус их дусдаг хэсэгтээ хувин, сав тосчихоод, ус зөөж, арчих гэж бөөн ажил болдог байв. 

Хүйтний улирал эхлэхэд тааз битүүдээ цан цохиж, гэр маш хүйтэн болсон. Нэмэлтээр цахилгаан халаагуур ажиллуулж л 2016-2017 онд өвөлжсөн юм байна. Тэгээд хавар, зунжин л тухайн компани дээврээ засаж, сэлбэсэн. Чанаргүй барилга барин, бидэнд ажил удаж, “усан дунд” зусуулж, хүйтэн өвөлжүүлсэндээ нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Одоо арай дээр болсон.

Э.ЦЭНД-ОЧИР (Баянгол дүүргийн V хорооны иргэн):

-Сүүлийн үеийн барилга ямар ч чанаргүй болсон. Хамгийн түгээмэл согог нь хана нь нимгэн байдаг. Дуу чимээ тусгаарлахдаа маш муу. Дээд айлын хүүхдүүд гүйлдэх, ноцолдох, хөршийнх хөгжим, зурагтаа чангалахад шууд сонсогдож, мэдрэгддэг гэвэл хилсдэхгүй. 

Ялангуяа ариун цэврийн өрөөнүүдэд давхар бүрийг хамруулсан босоо агааржуулалтын шугам тавьдаг тул айлууд дундаа 00-той мэт дуу чимээ нь тод сонсогддог. Ханын цаасыг ч нүд хуурах гэж наадаг шиг байгаа юм. Маш амархан хуулардаг. Сантехникийн холболтууд нь ч асуудалтай.

Орон сууцанд орсон эхний 1-2 жилд байнга энд, тэндээс нь ус шүүрч, угаалтуураас зэвтэй ус гарч, суултуур бөглөрдөг байсан. Бид гомдол мэдүүлээд л, “цаад тал” нь ойлголоо гэдэг ч оршин суугчид өөрсдийн хөрөнгөөр эвдрэл, гэмтлээ засуулсаар өдий хүрсэн. Нимгэн хананаас бусдыгаа тордсоор л амьдарч байна даа.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Гадна өнгө, үзэмж хамгийн “чухал”

Шинээр баригдаж буй барилгатай холбоотой таагүй “жиргээнүүд” иргэдийн дунд олширсон. Тиймээс ашиглалтад оруулаад удаагүй болон шинэ барилгын чанар ямар байгааг сурвалжлахаар иргэд болон зарим албаныхантай уулзлаа.

Гадаадад ажиллаж байгаад ирсэн Т.Энхжаргал Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд шинээр баригдаж буй орон сууцад захиалга өгчээ. Тухайн барилгыг энэ сард ашиглалтад оруулсан юм. Гэвч барилгын чанар, түүний сэтгэлд нийцсэнгүй. Тэрбээр “Монголд ирээд захиалсан байрныхаа явцтай 2-3 удаа танилцсан. Ирэх бүрт туслан гүйцэтгэгч компани солигдсон байдаг. 

“Баталсан зураг төсөл буруу”, “Санхүүжилт дууссан” зэрэг шалтгаанаар барилгын ажил олон удаа зогссон. Сантехникийн ажлыг 20 орчим насны охид хийснийг мэднэ. Гэтэл татах төдийд эвдэрчихмээр, нарийхан төмөр хоолойг (турба) ил суурилуулжээ. Ус алдвал өндөр эрсдэл дагуулна. Шалны суурилуулалт дутуу. Энд тэндээ зай гарчихсан байна. Захиалгаа буцааж мөнгөө авмаар байгаа ч надтай нэгдэх хүн одоогоор алга. Тус байранд орсон бусад өрх барилгын явцыг мэдэхгүй тул шинэ орон сууцтай болсондоо сэтгэл хангалуун байх шиг санагдсан. 

Хятадуудын, орос ах нарын бүтээн байгуулсан хуучин барилгыг сонгодог байж” гэж уцаарлав. Тус орон сууцыг гаднаас нь харахад тийм ч муугүй. Гэрэлтүүлэг сайтай, явган хүний зам, хүүхдийн талбайтай. Оршин суугчдын олонх нь надтай санал нэг байсан учир элдэв гомдол хэлсэнгүй. Тус орон сууцыг барьсан “Метал энд вүүдс” компанийн гүйцэтгэх захирлаас барилгын чанарын талаар тодруулахад “Ямар ч барилгыг барих явцад асуудал үүсдэг юм. Иргэд хүсвэл ханын цаас зэргийг нь сольж өгч болно” гэж хариулав.

Ашиглалтад оруулсан ихэнх байрыг гаднаас нь харахад жигтэйхэн тансаг. Иргэд ч түүнд нь хууртагддаг бололтой. Гадна өнгө, үзэмж барилгын чанарыг тодорхойлох, эсэх нь эргэлзээтэй. Баянгол дүүргийн I хороо буюу “Хархорин” захын зүүн талд сүндэрлэсэн орон сууцнуудын орц нь л гэхэд шил, толиор “хучигдсан”. Цахилгаан шат нь агааржуулагчтайгаас гадна хаалга хаагдах, нээгдэх бүрт анхааруулдаг “англи хэлмэрчтэй”. Дэвшилт технологи ашигласан тул уг барилга чанартай байх гэсэн бодол төрөв. 

Гэвч тухайн орон сууцны дотор заслын ажлыг хийсэн Э тус орон сууцыг барихад ашигласан материалын чанар тун таарууг хэлсэн юм. Тэрбээр хууларсан ханын цаасыг дахин наах үүрэгтэй байсан ч хананы тэгш хэмийг засаж, замаск дахин татах, ан цав гарсан нүхийг бөглөх зэрэг олон засвар хийх болсон гэнэ. Э “Дотор заслын ажлаас гадна өөр олон ажил давхар гүйцэтгэхээр болсон. Хар замаскыг 2.5 см-ийн зузаанаас хэтрүүлэхгүй байх стандарттай. 

Тус байрны цутгалт стандартаас зөрсөн учир цуурсан хэсгийг нуухын тулд 5-10 см зузаан хар замаск тавихаас өөр аргагүй байсан. Энэ нь барилгын ашиглалтын хугацаа болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Авчирч өгсөн материал нь чанарын шаардлага хангахааргүй. Тэнд туслан гүйцэтгэгчээр ажилласан хүмүүсийн олонх нь мэргэжлийн бус” гэв. Уг нь туслан гүйцэтгэгч компанийнхан мэргэжлийн үнэмлэхтэй хүн ажиллуулах ёстой гэсэн наад захын шаардлагыг биелүүлмээр.

Тус барилгын 55-11 дүгээр орон сууцанд оршин суугч М “Энэ байранд ашиглалтад орсноос нь хойш амьдарч байна. Сонголт хийхдээ байршил, өнгө үзэмж, тав тухтай байдалд анхаарсан. Ус алдсан, хана цуурсан тохиолдол гараагүй ч дуу чимээний тусгаарлалт муу. Хажуу айлын хүний яриа хажууд байгаа мэт сонсогдох нь энгийн үзэгдэл. 

Суурилуулсан цорго, алчуур хатаагч зэрэг жижиг эд хогшлын ихэнх нь удалгүй эвдэрч, цоорсон тул солиулсан” гэв. Тус барилга ашиглалтад ороод жил гаруй болсон аж. Жилийн хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг гүйцэтгэгч компанийнхан нь хариуцах ёстой ч дээрх иргэн засварын мөнгөө өөрөөсөө гаргасан гэнэ.

Одоогийн байдлаар уг байрны “бөөр”- тэй наалдуулан дахин нэг орон сууцыг “Хархорин хүрээ” компанийнхан сүндэрлүүлж буй. Тус хотхоны барилга хоорондын зай хэмжээний стандарт алдагдсан, эсэхийг захиалагч компанийн захирал Г.Ганхуягаас асуухад “Барилгын ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн Хот төлөвлөлт, төлөвлөгөөний ерөнхий газраар батлуулсан. Баталсан зургийн дагуу ажлаа явуулж байна” гэв.

Уг нь барилга хоорондын зай түргэн болон галын машин чөлөөтэй зорчихуйц, нарны гэрэл 2-3 цаг нэвтрэх зэрэг наад захын шаардлагыг хангасан байх ёстой. Гэвч тус барилга хоорондын зай нэг хоёр метр ч хүрэхээргүй харагдав.

Энэ мэт шаардлагыг иргэд мэддэггүйгээс хохирох нь олон. Нар сайн тусдаггүй өрөөнд ус алдвал мөөгөнцөртөх эрсдэлтэйг мэргэжилтнүүд хэлсэн. Аливаа эрсдэл, аюулын үед автомашин орох зайгүй бол иргэд хохирч үлдэх нь ойлгомжтой. Иргэд ч тухайн орон сууцны газар эзэмших эрхийн гэрчилгээ, хэмжээ, байршил, орчны барилгуудтай хэр ойрхон төлөвлөгдсөн, эсэхийг захиалга хийхээсээ өмнө нягтлах нь чухал гэнэ.

Өрөөний буруу зохион байгуулалт, угаалгын өрөөний агааржуулагчгүй шийдлээс мөөгөнцөр үүсэх, цан цохих, өвөлдөө хүйтэн байх зэрэг асуудал үүсдэг аж. Цаашлаад зураг төсөл, газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэйг тооцсоныг шалгах нь барилгын чанарыг илтгэх бас нэг үзүүлэлт гэж Төрийн орон сууцны корпорацынхан хэллээ.

Г.БАЯСГАЛАН

ДЭЛХИЙН ЖИШИГ

“Евро стандарт шинэ жилийн гацууртай адил”

Барилгын чанарыг сайжруулахад олон улсад хэрхэн анхаарч байгаа, ашиглалтын шаардлага хангахгүй байшинг яаж шинэчилдэг талаар Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатараас тодрууллаа.

-Барилгын чанарыг хэрхэн сайжруулах ёстой юм бол. Монголд нутагшуулмаар ямар туршлагууд олон улсад байна вэ?

-Чанарыг сайжруулах гол хөшүүрэг нь сайн норм, нормативтай байх юм. Италийн мэргэжилтнүүдтэй өнгөрсөн жил уулзахад “Тухайн улсын барилгын норм, норматив муу бол гадаадын чанаргүй бүтээгдэхүүн, ажил гүйцэтгэгч нар орж ирж, аюул занал учруулдаг. Чанартай барилга барихын тулд стандарт, нормоо үргэлж сайжруулж, чангатгах ёстой” гэж зөвлөсөн. 

Манайхан барилгын салбартаа евро стандартыг нэвтрүүлнэ гээд 10-аад жил ярилаа. Уг стандартыг Монголын нөхцөлд шууд орчуулан хэрэглэхэд тохиромжгүй. Тиймээс хөрш зэргэлдээ, цаг агаар, уур амьсгалын нөхцөл ойролцоо ОХУ-ын Эрхүү мужийн, тэр дундаа Улаан-Үд хотын норм, нормативыг нэвтрүүлэх шийдэлд саяхнаас хүрлээ. 

Барилга, хот байгуулалтын дэд сайд удахгүй ОХУ-ын Барилга, хот байгуулалтын дэд сайдтай уулзах болсон. Тэр үеэр тус улсын барилгын салбарын норм, нормативыг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах талаар хэлэлцэх юм.

-Евро стандарт яагаад манайд тохироогүй юм бэ. Оросынх ямар онцлогтой юм бол?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний шийдвэрээр тус улс 2016 онд бүх норм, нормативаа евро стандарттай уялдуулж шинэчилсэн. Европын Холбооны улсууд нэгдээд, барилгын салбарынхаа норм, нормативыг нэгтгэж, евро стандартыг боловсруулсан. Ингэснээр Герман, Польш, Чехэд ч нэг л стандарт мөрддөг болсон гэсэн үг.

Евро стандартыг боловсруулахдаа бүх улс нь өөр өөрийн онцлогийг тодорхой хэмжээгээр тусгасан. Яг шинэ жилийн гацуур шиг. Герман нэг “тоглоом өлгөчихсөн”, францчууд бас нэгийг “зүүчихсэн” гэвэл ойлгоход дөхөм байх. Үүнийг оросууд өөрийнхөө нөхцөлд тохируулж, шинэчлэн ашиглаж байгаа юм. Оросын хөрвүүлсэн стандарт манайд тохиромжтой.

-Ашиглалтын шаардлага хангахаа больсон барилга улсын хэмжээнд 712 байна. Ийм барилгуудыг олон улсад, ялангуяа манайх стандартыг нь нэвтрүүлэх гээд байгаа хойд хөршид хэрхэн шинэчилдэг вэ?

-Үүнд нэлээд нухацтай хандах ёстой. Яаран дүгнэлт гаргаж, энэ байшин нурах нь гэж зарлаж болохгүй. Аль ч оронд шууд нураана гэхээсээ илүү сэргээн босгох, хүчитгэхэд онцгойлон анхаардаг. 

Ялангуяа түүх дурсгалын барилгыг газартай нь тэгшлэхгүй. Улсынхаа түүхийг арчиж байна гэсэн үг биз дээ. Жишээ нь, Төрийн ордныг буулгана гэж нэг хэсэг ярилаа. Яг аль хэсэг нь, хэр зэрэг муудсан, тэр хэсгийг нь засаж, сайжруулж, барилгын насыг уртасгах боломжтой юу зэргийг маш нарийн дүгнэдэг жишигтэй юм билээ. Энэ ажлыг гүйцэтгэдэг мэргэжлийн баг ч зарим улсад бий.

Жишээ нь, хойд хөршид барилгыг дахин төлөвлөх, сэргээн засварлах бүхэл бүтэн институт ажилладаг. Манайхан болохоор “Энд тэнд нь ан цав үүсээд, мөөгөнцөртчихөж. Буулгахгүй бол болохгүй нь” гэж яриад байна. Ашиг хонжоо хайсан хэн нэгэн “Тэр байшинг нураана гэсэн дүгнэлт гаргаад өг. Би газар дээр нь орон сууц барих гэсэн юм” гэж хянаж шалгадаг хүнийг нь ятгаж, иргэдийг хохироосон жишээ олон улсад өчнөөн бий. Тиймээс манайхан их болгоомжтой хандах ёстой. Нарийн уялдаа холбоо бүхий бодлого хэрэгтэй.

-Улаанбаатар хотод газар хөдлөх эрсдэл нэмэгдсээр байна. Эл аюулаас барилга байшингаа яаж хамгаалах вэ?

-Газар хөдлөхөөс сэргийлэхийн тулд иргэдийн ухамсрыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хэзээ ч гамшиг болж магадгүй гээд байшингаа “баглаж”, бүдүүн хадуун арматур ашиглах нь урьдчилан сэргийлэх гол арга биш юм байна. 

Харин гамшиг болоход хүмүүсийг тэр байшингаас богино хугацаанд гаргахын тулд орц, гарцыг шийдэхэд багагүй хөрөнгө зарах болсон.

М.ОЧ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)