ЧАМИН, бас ЧАНАРТАЙ

Шинэ үеийн төлөөлөл болсон загвар зохион бүтээгчид салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, загвар зохион бүтээгчдийг идэвхжүүлэх, олон улсын салбартай хөл нийлүүлэхэд чиглүүлэх зорилгоор Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбоог 2017 онд байгуулжээ. Тус холбооноос жил бүр хамтарсан шоу зохион байгуулдаг. Харин энэ жилээс MPDU хэмээх загварын долоо хоногийн арга хэмжээ зохион байгуулж, шинэ цуглуулгуудаа танилцуулах болжээ. Үүний хүрээнд энэ сарын 15, 16-нд “Michel & Amazonka”, “Queen fashion house”, “Zoson”, “Soyo”, “Muse art house” брэнд шинэ загваруудаа танилцууллаа.

“Ийм нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах нь загвар зохион бүтээгчид, брэндүүд болон хувцас загварын салбарын хөгжлийг дэмждэг байгууллагуудын анхаарлыг татаж, хамтран ажилласнаар улсын эдийн засгийн өсөлтөд ч хувь нэмэр оруулдаг” хэмээн Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооноос онцолсон юм. Түүнчлэн эл арга хэмжээ загвар зохион бүтээгчдэд бүтээлээ өөрийн хүссэнээр танилцуулах нөхцөл бүрдүүлдэг аж. Мөн хэрэглэгчид болон хувцас загварт дурлагсдад ирэх улирлын чиг хандлагыг харах боломж олгодог.

Энэ сарын 15, 16-нд болсон арга хэмжээг хоёр төрлөөр зохион байгуулав. Тухайлбал, зарим загвар зохион бүтээгч шинэ цуглуулгаа загварын шоу хэлбэрээр хүргэсэн бол зарим нь загваруудаа бүтээлч байдлаар дэлгэн танилцуулж, зочидтой яриа өрнүүлэн, тайлбарласан. Эхний өдөр “Queen fashion house”, “Soyo” брэнд энэ өвлийн цуглуулгаа танилцуулсан. Удаах өдөр нь “Zoson”, “Michel & Amazonka”, “Muse art house” брэнд өвлийн болон Шинэ жилийн баярт зориулсан загваруудаа дэлгэлээ.

Энэ сарын 15-нд “Queen fashion house”, “Soyo” брэндийн танилцуулгыг “Зайсан хилл”-д очиж сонирхов. “Queen fashion house”-ыг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Д.Энхмаа цуглуулга бүрээрээ эмэгтэй хүний дэгжин, тансаг, эрхэмсэг байдлыг тодотгохыг зорьдог. Түүнчлэн улирал бүр шинэ сэдэв хөндсөн загварууд гаргадаг ч, түүний цуглуулгуудад тэрхүү эмэгтэйлэг бөгөөд хүчирхэг хэв маяг үргэлж шингэсэн байдаг онцлогтой. Загвар гэдэг үргэлж шинэчлэгдэхийн зэрэгцээ бас эргэж байдаг. Үүний илэрхийлэл болгон үндэсний хэв маягтай загвар толилуулсан нь трендээс илүү орчин үе, уламжлалыг хослуулсан, сонирхолтой санагдсан. Мөн бэлхүүс тодотгосон А хэлбэрийн хормойтой, босоо захтай даашинз, урт, богино бошинзууд танилцууллаа. Цуглуулгын загварууд нэлээд энгийн эсгүүртэй, үндсэн маяг дүрстэй ч, хонхон хэлбэрийн ханцуй, чимэглэл зэрэг сонирхолтой элемент шингээжээ. Мөн энэ жил тренд болж буй цайвар цэнхэр өнгөөр голчлон “тоглосон” байв.

Загвар зохион бүтээгч Д.Энхмаа реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгтэй хамтран “Soyo” брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд хүргэдэг. Энэ талаараа тэрбээр “Гудамжны буюу орчин үеийн чөлөөт загварын хувцаснуудыг бид санал болгодог. Энэ удаагийн цуглуулгаа ч хамтран ажилладаг уран бүтээлчийнхээ хэв маягт суурилан гаргасан. Өдөр тутам өмсөх энгийн хувцас учраас даавуу болон полистер материал түлхүү ашигласан. Энэ нь хэрэглэгчдэд тухтай, дулаахан мэдрэмж төрүүлнэ” гэсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)