“Чалко”-той “найзлах” эхний шат төгсөв

-Дахин таван жилийн турш Цанхийн зүүн уурхайн нүүрсийг тус компанид нийлүүлнэ-

“Чалко”-гийн улигт өрийг дарж дуусгажээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд газар, хэлтсийн дарга нараа байлцуулан энэ тухай мэдээг өчигдөр Төрийн ордонд цугласан сэтгүүлчдэд баяртайгаар хүргэлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Д.Ариунболд энэ өдрийг баярын өдөр гэж бодохыг хэвлэл мэдээллийнхнээс хүссэн юм. Харин аливааг хөндлөнгийн өнцгөөс харж хэвшсэн сэтгүүлчид ухаж төнхөж, учир начрыг нь лавласан асуулт түүнд “хаяглав”.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад “БНХАУ-ын “Чалко” компаниас дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэйгөөр авсан 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 2017 оны гуравдугаар сарын 30-нд барагдуулж дуусгав” гэсэн батламж гардуулж өгснийхөө дараа хэвлэлийн бага хурал хийсэн нь энэ.

Зургаан жилийн өмнө буюу 2011 онд Сү.Батболдын Засгийн газар Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлэхийг “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудад даалгасан. Улмаар зээлсэн мөнгийг нь Хүний хөгжил сан руу шилжүүлж, иргэдэд бэлнээр тараасан билээ.

“Чалко”-гийнхаас гадна Цанхийн зүүн уурхайн нүүрс олборлогч TTJVCo компанийн өрийг ч барагдуулж дуусгахаар болжээ. Ирэх сарын сүүлч гэхэд манай нүүрсний зах зээлд ажиллаж буй Хятадын хоёр компанийн өр ингээд бүрэн төлөгдөх нь.

“Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн уурхайн амыг анх нээхдээ Австралийн “Макмохан” компанийг оператораар ажиллуулахаар тохирч, үнэтэй гэрээ байгуулсан гэдэг. Гэтэл нүүрсний үнэ хэд дахин хямдарч, ажиллуулсан хөлсөө төлж чадалгүй хуралдуулсаар өр үүссэн.

Эцэст нь “Макмохан”-ыхон Монголд байгуулсан ТТJVCо компаниа Хятадын хөрөнгө оруулагчдад зараад, уснаас хуурай гарсан. Ингээд манайхан хятадуудтай хэлэлцээрийн ширээний ард сууж, өрөө нүүрсээр төлөхөөр болсон юм.

“Чалко”-гийн өрийн дийлэнхийг нүүрсээр, үлдсэн хэсгийг нь бэлэн мөнгөөр төлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн баруун уурхайгаасаа өнгөрсөн оны сүүлчээр нүүрс олборлож эхэлсэн. Үүнийгээ уурхайн амнаас нэг тонныг нь 72.5 ам.доллароор борлуулж байгаа.

Баруун уурхайн нүүрсийг нээлттэй дуудлага худалдаагаар өндөр үнэд хүргэсэн нь “Чалко”-гийн өрийг яаралтай дарах хөрөнгө бүрдүүлэхэд том түлхэц болсныг Д.Ариунболд захирал тодотгов.

Хэдийгээр өрийг нь дарсан ч “Чалко” болон ТТJVCо компанитай өмнө нь байгуулсан гэрээний дагуу цаашид хамтран ажиллах гэнэ. Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрснийхээ 80 хувийг ирэх таван жилд “Чалко”-д нийлүүлэх гэрээтэй. Ингэсний эцэст “хоёр яс сална”.

Мөн ТТJVCo-той 2018 он хүртэл хамтарч ажиллах гэрээтэй аж. “Чалко” компани худалдаж авах нүүрснийхээ үнийг дөрвөн индексийн дунджаар тогтоодог. Ингэхээр Цанхийн баруун уурхайн амныхаас бага үнэ тогтдог юм. Тодруулбал, нэг тонн нүүрсээ “Эрдэнэс Тавантолгой” энэ улиралд 59.3 ам.доллароор “Чалко”-д нийлүүлж байгаа. Цанхийн баруун уурхайн үнээс 13 ам.доллароор хямд байгаа биз.

Түүнчлэн ТТJVCo компани шоо метр уулын цулыг 11 мянган төгрөгөөр олборлож буй. Тэгвэл саяхан Цанхийн баруун уурхайд олборлогчоор шалгарсан “Монгол уурхайчин нэгдэл” шоо метр уулын цулыг 6200 төгрөгөөр олборлох санал өгч, ялалт байгуулжээ. Засгийн газарт төлөх ёстой 20 тэрбум төгрөгийн өрөө барагдуулахаар Цанхийн баруун уурхайд хоёр сар ажилласан “Саусгоби сэндс” компани шоо метр уулын цулыг 5900 төгрөгөөр олборлосон удаатай.

Ингэхээр монголчууд 2011 онд хийсэн муу гэрээнээсээ шалтгаалж, Хятадын хоёр компанид монжуулсаар байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компаниас хоёр ажлын хэсэг байгуулж, “Чалко”-той нүүрсний үнээ өсгөх, ТТJVCo-той ажлын хөлсийг нь бууруулах хэлэлцээ хийж эхэлжээ. Хэлэлцээ ярвигтай байгааг Д.Ариунболд захирал нуусангүй.

“Чалко” болон ТТJVCo-гийн өрийг дарснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн ирээдүйд гэрэл гэгээ харагджээ. Одоо тус компани Хөгжлийн банкинд л 239 сая ам.долларын өртэй үлдсэн. Энэ мөнгийг “Эрдэнэс Тавантолгой”-гоор зээлүүлээд мөнөөх л Хүний хөгжил санд шилжүүлж, иргэдэд тараасан байдаг.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ ондоо багтаан Хөгжлийн банкинд тавиулсан өрийг нь цэгцэлж өгнө гэж амлажээ. Засгийн газар энэ өрийг шилжүүлээд авчихвал “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн тайлан “цэвэрлэгдэх” юм. Өөрөөр хэлбэл, ямар ч өр шир, алдагдалгүй болж, ашигтай ажиллаж эхэлнэ.

Тус компанийн удирдлагууд энэ жил нэлээд дорвитой зорилт тавьснаа хэвлэлийн хурлын үеэр зарлав. Өнгөрсөн жил 7.2 сая тонн нүүрс борлуулсан бол энэ онд 11.5 саяыг худалдах зорилт тавьсан байна. Шинэ он гарснаас хойш 2.2 сая тонн нүүрс борлуулаад байгаа аж. Нийт 11.5 сая тонн коксжих нүүрс борлуулснаар 550 сая ам.долларын орлого олох тооцоо хийжээ.

Энэ бол саяхан олон улсын зах зээлд арилжсан “Хуралдай” бондтой бараг тэнцэх хэмжээний орлого юм. Түүнчлэн “Монгол уурхайчин нэгдэл” Цанхийн баруун уурхайд олборлолт хийснээр 200 тэрбум төгрөг дотоодод үлдэнэ гэж тэд үзэж байв.

Одооноос хоёр гол ажилд анхаарлаа хандуулж ажиллахаа Д.Ариунболд захирал дуулгалаа. Нүүрс угаах үйлдвэр барих, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гадаадын хөрөнгийн биржид арилжих судалгааны ажлыг энэ жилээс эхлүүлэх гэнэ. Эхний ээлжинд нэг сая тонн нүүрс угаах үйлдвэр барих төсөөлөлтэй байгаа аж.

Цаашдаа жилд тав, 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай болгож, үйлдвэрээ үе шаттайгаар өргөжүүлэх гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани жилд 20 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг 570 сая ам.доллароор барих төсөл боловсруулан батлуулж байсан. Балгасын улаан нуурын гүний усыг ашиглахаар уг төслийг боловсруулсан байдаг.

Гэтэл Өмнөговь аймгийн ИТХ-аас Балгасын улаан нуурын гүний усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахгүй гэсэн шийдвэр гарч, энэ төсөл гацсан. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой”-н менежментийн багийнхан дахин тооцоо хийж, өмнөхөөс 2-3 дахин бага өртгөөр баяжуулах үйлдвэр барих боломж байгааг олж харжээ.

Загийн хоолой гэдэг газраас гүний ус татаж, энэ төслийг хэрэгжүүлэх гэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Усны зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой” компанид үйлдвэрлэлийн зориулалтаар Загийн хоолойгоос 63 литр/секунд ус ашиглах зөвшөөрөл олгосон байна. Баяжуулах үйлдвэрийг барихад ойролцоогоор 170 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Үүнээс гадна усны хоолой татах, цөөрөм байгуулах хөрөнгөө босгох хэрэгтэй аж.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани хэлбэрээр улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байгаа. Энэ жилдээ багтаан компанийн дүрмийг өөрчлөн, улсын бүртгэлийн газарт 15 тэрбум ширхэг хувьцаатай компани гэж бүртгүүлэх аж. Ингэснээр ирэх жилийн сүүлч гэхэд хувьцаагаа олон нийтэд арилжих нөхцөл бүрдэнэ гэж Д.Ариунболд захирал онцоллоо.

Тэгсэн цагт иргэдэд эзэмшүүлэхээр түгээсэн 1072 хувьцаа “амь орж”, үр ашгаа өгөх учиртай. Энэ оны эцэст ногдол ашиг хуваарилах боломж бүрдэх магадлалтайг тэрбээр нэмж хэлэв. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, тэднээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг хийлгэх хэлэлцээ эхлүүлсэн. Энэ талаар лавлахад Д.Ариунболд захирал “Энэ бол УИХ-ын шийдэх асуудал учраас би ямар нэг байр суурь илэрхийлэхгүй” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)