Чагнууртай “мэрэгч”

Яг үнэндээ эмч нарт би дургүй биш л дээ. Гэхдээ өөрсдөө түрүүлж “өдөөд” байх юм. Төрийн эмнэлгийн нэр барьж, иргэдийн өвчнөөр далимдуулан бизнес хийдэг эмч, сувилагч, асрагч нарт энэ үг хамаатай юм шүү. “Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтсэн, төсөв мөнгө байхгүй” гэх зовлон одоо үгүй болсон. Улсын төсвөөс төрийн өмчийн эмнэлгүүдэд эм, тариа, тоног төхөөрөмж худалдан авах, байр байшингаа өргөтгөх, засвар хийхэд нь зориулж жил бүр багагүй мөнгө өгч байгаа. Энэ онд л гэхэд эрүүл мэндийн салбарт нийт 694 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Үүний 79 тэрбумаар нь эмнэлгүүд байр сууцаа томруулан, тоног төхөөрөмжөө сайжруулж буй бол 86 тэрбумыг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад зарцуулж байна. Өөрөөр хэлбэл, эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв түүхэндээ 86 тэрбум төгрөг болж, нэмэгдсэн юм. Өмнө нь бол 65 тэрбумаас хэтэрдэггүй, жилийн жилд л улсын эмнэлгүүд эмийн өрөнд унадаг байв.

Төр, засаг улсын эмнэлгүүдээ өмнөхөөсөө ч илүү анхаарч, эм, тариа, багаж хэрэгслээр нь таслахгүйг чармайж байхад дотор нь ажиллаж буй зарим эмч, сувилагч нар одоо больё оо. Наад зах нь харьяа дүүргийнхээ эмнэлэгт мэс заслын болон гэмтлийн шархаа боолгох гээд очихоор өөдөөс самбай, ариутгалын уусмал нэхдэг. Байхгүй бол “5000 төгрөг өгөөд шархаа цэвэрлүүл” гэхтэй бишгүй таарч байлаа. Саяхан нэг танил маань Улсын нэгдүгээр төв эмнэлэгт мухар олгойгоо авахуулахаар хэвтсэн юм. Тэгтэл эмч нар хэвлийг нь нээснийхээ дараа мухар олгой биш гэдгийг оношилж, зүүн талынх нь өндгөвчинд хагалгаа хийж л дээ. Хүнд хагалгаанд орсон тэрбээр мэс заслын дараах эхний гурав хоногт шарх нь маш их өвдсөн тул сувилагчаасаа өвчин намдаах эмчилгээ хийж өгөхийг гуйсан байна. Гэтэл сувилагч ямар ч арга хэмжээ аваагүй аж. Аргаа бараад ар гэрийнхэндээ өвчин намдаах лаа захиж, гурван хоног өөрөө өөртөө эмчилгээ хийсэн байгаа юм. Энэ тухайгаа эмчлэгч эмчдээ хэлтэл “Юу яриад байгаа юм бэ. Чиний хэвтэн эмчлүүлэх картан дээр найман цагийн зайтай, өдөрт гурван удаа кетонал тарь гэж бичиж өгсөн” гэх нь тэр. Харин сувилагч үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлчилгээтэй кетоналыг манай танилд гурван хоног тарьсан гэж мэдүүлээд бүртгэлээсээ хасуулчихаж. Эмч нарынхаа бичиж өгсөн эмчилгээг зааврын дагуу хийдэггүй, монжиж олсон эм, тариагаа өөр нэгэнд худалддаг том толгойтой сувилагч нар ганц энэ эмнэлэгт байгаа юм биш.

Уг нь иргэд Эрүүл мэндийн болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиа сайн мэддэг, эмнэлгийн төлбөртэй, төлбөргүй тусламж, үйлчилгээний талаар багахан ч гэсэн мэдээлэлтэй бол эмч, сувилагч нарт тэгтлээ мөлжүүлэхгүй байсан биз ээ. Мухар олгой, цөс, хийсвэр хагалгаа гэх мэт эрхтэн шилжүүлэн суулгахаас бараг бусад бүх мэс засалд хэрэглэдэг ороох, боох материал, эм, тариаг манай эмнэлгүүд өөрсдөө авчихаж дөнгөж байгаа. Хэрэв мэс засал, өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлэхэд шаардлагатай эм, тариа, хэрэгслийг хангаж чадахгүй эмнэлгийн дарга байвал ажлаа өгсөн нь дээр байлгүй дээ. Гэхдээ II, III шатлалын эмнэлгийн удирдлагууд ийм аар саархан зүйлээс болж нэрээ “баастах” улс биш.

Өөр бас нэг жишээ дурдъя. Сар гаруйн өмнө хамаатны дүү хүнд өвдөж, улсын том эмнэлэгт 20 орчим хоносон юм. Эмч, сувилагч нараас нь түүний биеийг асуухаар хамартаа баас түрхчихсэн аятай ярвайн, дуугарч ядна. “Хэд гурван юм өгчихвөл өөр болдог” гэж ээж нь хэн нэгнээс дуулсан бололтой, сувилагч нарт нь өдөр бүр 20 мянган төгрөг өгч, эргэлтээр ирсэн чихэр, боовноосоо аль амттайг нь л барьдаг болсныг сүүлд сонсов. Дүү маань хэвтэрт байсан болохоор ар гэрийнхнийг нь тэр бүр оруулдаггүй байсан юм. Харин хэдэн хүний алгыг дээш харуулсан биш өдөрт нэг удаа орж, эргэж тойрдог болов. Гэвч эмч нар гарч ирэх бүртээ есөн шидийн эм, тариа нэхнэ. Хэлсэн болгоныг нь аваачиж өгөлгүй яах билээ. Дараа нь эргэлтээр дүүтэйгээ уулзаад өнөөх захиж авчруулсан тариануудаа сувилагч нар ганцыг нь ч хийгээгүй болохыг мэдсэн юм. Бүр заримыг нь өөр өвчтөнд худалдсан байлаа. Бас ЭХЭМҮТ-д хүүхдээ эмчлүүлж байсан ээж “Эндхийн эмч, сувилагч нар арай л дэндүү юм. Тийм ч тариа, ийм ч эм хэрэгтэй гэж захиж авчруулчихаад хүүхдэд маань хийхгүй байна. Өөр хэн нэгний ар гэрийнхнээс бас л эм, тариа нэхнэ. “За, одоохон олоод ирье” гэхээр “Надад ганц нэг эм бий. Тэрийг эмийн санд зардаг үнээр нь аваад түр хэрэглэж бай” гэх зэргээр бизнес хийгээд байх юм. Үүнийг хянаж, шалгадаг газар байдаггүй юм уу” гэж халаглав. Энэ мэтээр хүнд өвчтэй, заримынх нь амь хутганы ирэн дээр тулсан байхад хүртэл ар гэрийнхнээр нь даажигнаж, арга ядсан байдлаар нь далимдуулан бусдын халаас нимгэлэх зориг эмч, сувилагч нарт ч байдаг аж. Яг мэрэгч амьтад шиг.

Бидний өдөр тутам хэрэглэдэг фэйсбүүкт 27 мянга гаруй гишүүнтэй Монголын эрүүл мэндийн салбарынхны нэгдсэн групп гэж бий. Та хайгаад үзээрэй. Энд эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын олонх нь бүртгэлтэй байдаг. Тэд өөрсдийн энэ талбартаа иргэдээс албан бус татвар авдаг эмч, сувилагч нарыг эсэргүүцэн, нэр төрийг нь сэвтээж буйд ихэд эгдүүцэж байгаа. Заримынх нь сэтгэгдлийг тандлаа. Мажигсүрэн Баттүвшин гэх хаягаар “Төрийн өмчийн эмнэлгийн эмч нар иргэдээс хоёр хэлбэрээр төлбөр авах юм. Нэгдүгээрт, эмнэлгүүд тусламж, үйлчилгээнд шаардлагатай бүхий л эм, тариа, ороох, боох материалаа хангасан байхад мөнгө авч байна. Зарим эмнэлэгт нэг удаагийн хэрэгсэл, тусгай оёгч, тасдагч, зүү, эрэг шураг, хадаас, протез (хиймэл үе) дутагдалтай байгаа. Ийм тохиолдолд бол өөр хэрэг л дээ. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадварыг түр болон удаан хугацаагаар тодорхойлдог эмч нар группт оруулж өгөх нэрээр маш их хахууль авч байна. Эхлээд эдгээр муу хүмүүсээсээ салах хэрэгтэй. Ийм хүн дэргэд чинь байгаа, чи түүнийг “танина”. Эмч нарыг олонд муухай харагдуулах ажлыг тэд хийж байна” гэж бичсэний дор “Яг үнэн” гэх сэтгэгдэл байв. Бас “Эмч нар мөнгөтэй хүнд илүү үйлчилдэг гэсэн ойлголт иргэдийн дунд бий болжээ. Үнэн төрх нь ийм байгаа учраас ингэж хэлэх нь ч аргагүй. Эмч нараа өмөөрөх ч хэцүү юм”. “Энэ группт зөвхөн эмч нар байдаггүйг санаарай”. “Зүгээр ээ, эмч нарыг биднээс илүү иргэд сайн мэддэг юм”. “Бид өөрсдөө эрүүл мэндийн салбарт ажилладаг хэрнээ эмнэлгээр үйлчлүүлэхдээ эмч нарт мөнгө төлж байгаа шүү дээ”. “Төрөх эмнэлгийнхэн бүр улаан цагаандаа гарчихжээ. “Баярлалаа” гээд сэтгэлээсээ өгсөн мөнгийг “Бид олуулаа хуваадаг” гээд нэмж төлбөр авч байна гэсэн шүү”. “Сэтгэлтэй, зүтгэлтэй мэргэжилтнүүдийн сүүдэрт халхлагдаж, хар муу үйл хийдэг эмч нар олширлоо. Энэ сэдвийг ярихаар яалт ч үгүй эмч, ажилчдын цалингийн асуудал сөхөгдөх байх”. “Ер нь эмч нарын цалин хэд болоод ингэж шүүмжлээд байгаа юм бэ. Ээж, аав, нөхөр гээд бүгд эмч. Цалин нь хаанаа ч хүрдэггүй шүү дээ. Сайхан нэр хүнд л байна” гэх зэргээр зовлонгоо хуваалцжээ.

Иргэд улсын эмнэлгийн төлбөртэй, төлбөргүй үйлчилгээг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Улсын төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, өндөр өртөгтэй эм, урвалж шаарддаг MRI, CT оношилгоо, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, хиймэл үе суулгах, тархи, зүрхний хүнд хагалгааны зардлын тодорхой хувийг иргэд халааснаасаа гаргаж буй. Тодруулбал, 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зүрхний гажиг, артерын судас, тархи, мэдрэл, бүдүүн, шулуун гэдэс, бөөр, чих, хамар, хоолойн эмгэг, гэмтэл бэртлийн мэс заслын үед хэрэглэгдэх өндөр өртөгтэй хэрэгслийн үнийн 75 хүртэлх хувийг Даатгалын сангаас гаргаж буй. Харин даатгалын зөрүү төлбөрийг иргэдээс авахдаа Эрүүл мэндийн сайдын 223 дугаар тушаал (2014 онд баталсан) буюу “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалт”-аар цэгцэлсэн байдаг. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд нэг төрлийн тусламж, үйлчилгээг ижил тарифаар үзүүлэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, даатгалын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр төлбөртэй тусламж, үйлчилгээнд иргэд өмнөхөөсөө ч бага мөнгө төлж буй юм. Харамсалтай нь энэ журмыг нийтээрээ сайн мэддэггүй, эмнэлгүүд ч сурталчилдаггүй учраас бид өвдөхөөрөө эмч, сувилагчийн бизнесийн “нүд”-нд өрчихөөд байгаа хэрэг.

Адаглаад л эмнэлгүүдийн ханан дээр төлбөртэй үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, үнэ тарифтайгаа байдаг шүү дээ. Хэрэв төлбөртэй үйлчилгээ авч буй бол мөнгөө тухайн байгууллагын кассаар дамжуулан, дансанд нь оруулахыг дээрх журамд заасан байна. Тэгвэл яаралтай болон гэнэтийн осол, эрчимт эмчилгээ, хүүхэд (16 нас хүртэлх), жирэмсэн эх, өндөр настанд амбулаторийн оношилгоо, шинжилгээ хийхдээ төлбөр авахыг хатуу хоригложээ. Мөн эмч, сувилагч нарыг иргэдээс бэлэн мөнгө авах, ажлын байрандаа төлбөртэй үйлчилгээ эрхлэх, эм, био бэлдмэл, биологийн идэвхт бодис зарахыг зөвшөөрдөггүй юм билээ. Түүнчлэн тусламж, үйлчилгээний нэр, төрлийг дотор нь шинжилгээний үзүүлэлт, үйлдэл бүрээр задалж, анхан шатны маягт, карт, зургийн хальс, эм, урвалжийн төлбөр авч болохгүйг Эрүүл мэндийн сайдын 223 дугаар тушаалаар журамласан байна. Мөн үйлчлүүлэгчдээс бие засах газар, угаалга, өлгүүр, нэг удаагийн нөмрөг, халатны төлбөр авах, тусламж, үйлчилгээнд шаардлагатай бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, материалыг өвчтөн, түүний ар гэрийнхнээр олуулахыг хоригложээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)