Ц.ЭРДЭНЭЭ: Гэрээт хилчид гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэх боломжтой

ХХЕГ-ын Цэргийн сургалт, албаны зохион байгуулалтын хэлтсийн гэрээт хилчин болон хугацаат цэргийн албан хаагч хариуцсан офицер, хурандаа Ц.Эрдэнээгээс гэрээт хилчин сонгон шалгаруулах журмын талаар тодрууллаа.

-ХХЕГ гэрээт хилчин элсүүлээд цөөнгүй жил боллоо. Хилчин болох сонирхолтой залууст ямар шалгуур тавьдаг вэ?

-Хилийн албанд гэрээт хилчин элсүүлээд 10 гаруй жил боллоо. Монгол Улсын Хилийн тухай хуульд зааснаар хугацаат цэргийн алба хаасан залуусаас гэрээт хилчин болох сонирхолтойг нь сайн дурын үндсэн дээр сонгон авч шалгаруулдаг. Мөн найман сараас дээш цэргийн алба хаасан, эсвэл их, дээд сургуулийг эмч, инженер, багш мэргэжлээр төгсөгчдөөс элсүүлдэг. Хилчин болохыг хүссэн залуус ял шийтгэлгүй, ёс суртахууны доголдолгүй, алс хязгаарт бие дааж үүрэг гүйцэтгэх чадвартай байх ёстой. Залуусыг сонгон шалгаруулж 21 хоногийн сургалтад хамруулдаг. Дараа нь хилийн аймгуудад томилдог. Гэрээт хилчний албанд 18-29 насны залуус элсэх боломжтой. Хөвсгөл болон хойд хилийн аймгуудад байгаа гэрээт хилчид алба хаах хугацаагаа 6-8 жил болгон сунгасан нь ч бий. Одоогийн байдлаар 20 гаруй отрядын 40 заставт гэрээт хилчид алба хааж байгаа.

-Гэрээт хилчдэд мэдлэг боловсрол олгоход хэр анхаардаг вэ?

-Хугацаат цэргийн албанаас халагдсан залуус үргэлжлүүлэн гэрээт хилчний албыг хоёр жил хаах боломжтой. 2-3 жилийн хугацаанд онлайн болон танхимын сургалтаар цэргийн эрдэм заадаг. Гэрээт хилчний албанаас халагдсан залуус тодорхой мэдлэг боловсролтой болохын зэрэгцээ бие бялдар нь хөгждөг. Гэрээт хилчнийг нэгдүгээр курсийн оюутантай харьцуулахад мэдлэг ур чадварын хувьд илт давуу, өдөр, шөнө шиг ялгарна. Гэрээт хилчид их, дээд сургуулийн хоёрдугаар курст шууд элсэн орох хэмжээний мэдлэг боловсрол эзэмшдэг. Тэд алба хаах хугацаандаа мэдлэг боловсролоо дээшлүүлж элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. ДХИС-ийн Хилийн албаны сургуульд элссэн гэрээт хилчин олон. Тодруулбал, гэрээт хилчдээс 86 хүн ДХИС-ийг төгсөж, офицер болж, хил дээр ажиллаж буй. Мөн шалгалтад хамгийн өндөр оноо авсан гэрээт хилчнийг ОХУ-ын Калининград, Курган хотод таван жил сургадаг. 2008 оноос хойш гэрээт хилчнээс ахлагчийн бүрэлдэхүүнд орсон 706 хүн бий.

-Тэдний хилд алба хаах, амьдрах ахуй орчныг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Мэдлэг, чадварыг дээшлүүлэхээс гадна нийгмийн асуудлыг нь анхаардаг. Алс хязгаар нутагт ажиллаж буй гэрээт хилчдийн амьдрах байрыг гэртээ байгаагаас нь дутуугүй тохижуулсан. Хүнсээр хангадаг. Мөн аль бүсэд алба хааж байгаагаас шалтгаалж нэмэгдэл урамшуулал олгоно. Гэрээт хилчин 700 000-1 100 000 төгрөгийн цалинтай. Цалингийнхаа 30 хувийг гар дээрээ авч, үлдсэнийг нь нэрийн дансандаа хийлгэдэг. Гэрээт хилчин хоёр жил ажиллаад дунджаар есөн сая төгрөгийн хадгаламжтай болно. Мөн гэрээт хилчдийг зэвсгийн бага мэргэжилтэн, холбоочин, тогооч, жолооч, барилгын мэргэжлээр сургадаг. Гэрээт хилчний алба хаасан залуусыг банк, санхүүгийн байгууллагууд харуул хамгаалалтын албандаа дуртай авч ажиллуулдаг. Аливаа байгууллагын удирдлага жолоочоор ажиллуулах дуртай. Яагаад гэвэл хилчид хариуцлагатай. Ташрамд хэлэхэд, гэрээт хилчнээр элсэхийг хүсвэл харьяа аймаг, дүүргийнхээ Цэргийн штабт бүртгүүлж болно. Хилийн отрядтой ойрхон амьдардаг бол тэндээ бүртгүүлэх боломж нээлттэй. Улаанбаатарт байгаа иргэд ХХЕГ-т хандаж гэрээт хилчний талаар мэдээлэл аваарай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)