
Өнгөрсөн дөрөвдүгээр сард АИ-92 шатахууны үнэ 45-50 төгрөгөөр нэмэгдсэн билээ. Тэгвэл энэ сараас эхлэн тус үнэ 100-115 төгрөгөөр буурсан талаар Ашигт малтмал газрын тосны газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Он гарсаар дэлхийн зах зээлд газрын тосны эрчимтэй үнэ өссөн. Үүний улмаас ОХУ-ын шатахуун экспортлогч компани А-92 бензиний үнийг гурван удаа нэмээд байсан билээ. 2019 оны зургадугаар сараас шатахууны үнэ буурч, манай улсад АИ-92 бензин 100-115 төгрөгөөр буурлаа.
Гэвч сүүлийн үед газрын тосны үнэ буцаж өсөх хандлагатай байна.
Хэдийгээр дэлхийн зах зээлд үнэ өссөн ч бид хяналтдаа барихаар ажиллаж байна.
Мөн 2019 оны тавдугаар сард шатахуун борлуулагч ААН-үүд дизелийн үнийг 40 төгрөгөөр нэмсэн нь зах зээлийн үндэслэлгүй байсан. Иймд шатахууны үнийг дур мэдэн нэмсэн ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байна" гэлээ.
Ташрамд дурдахад, манай улс нийт газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95 хувийг ОХУ-аас импортолдог аж. Эхний хагас жилийн байдлаар 960 мянган тонн газрын тоос худалдаж авсан байна.