Ц. Эрдэнэбаатар: Зээл аваагүй ахмадуудад сар шинийн баярын өмнө гурван сая төгрөг олгохыг хүсэж байна

Өнөөдөр /2020.01.14/ “Зээлгүй ахмадуудын эрх ашгийг хамгаалах түр хороо”-ны гишүүд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэхээр болсон шийдвэр нь баялгийг тэгш бус хуваарилсан буруу үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Тус хорооны ерөнхий зохицуулагч Ц. Эрдэнэбаатар хэлэхдээ “Зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэхээр болсон нь зээлгүй ахмадуудын эрх ашгийг зөрчиж байна. Бид эрх ашгаа хамгаалах түр хороо байгуулж, үүгээр дамжуулан эрх ашгаа хамгаалах оролдлогыг хийж байгаа юм.

Байгалийн баялгийн хишгийг тэгш хуваарилж, зээл аваагүй 200 мянга орчим ахмадуудад сар шинийн баярын өмнө гурван сая төгрөг олгохыг хүсэж байна. Ингэж ахмадуудын аж байдал, нийгмийн амьдралыг дэмжих шаардлагатай. Энэ нь дотоодын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, харин ч эерэг нөлөөтэй тусах юм” гэлээ.

Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдэд санал хүргүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлж өгөөч гэж хүслээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)