Ц.Энгүүний цомог “дуншиж” байна

Манайд “Making the band”, “ХХ зууны дуунууд”, “Авьяаслаг монголчууд”, “Universe best songs”, “My voice”, “Оддын академи”, “ТВ караоке” зэрэг олон нэвтрүүлэг “од”-ыг “төрүүлсээр” нэлээд олон жилийг үджээ. Сүүлийн үед гэхэд “Монгол HD” телевизийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж буй “The voice of Mongolia” шоу үзэгчдийг дэлгэцийнх нь өмнө “уяж” байна. Энэ төрлийн шоу, нэвтрүүлгүүдийг шүүмжлэх гэсэнгүй. Харин эдгээрээс төрсөн “одод” хаана явааг сонирхох гэсэн юм. Ялангуяа хүмүүсийн сонирхлыг хамгийн их татдаг “The voice of Mongolia” шоуныхыг.

Эргэдэг сандал, танхим дүүрэн үзэгч, шүүгч нар эргэж харахгүй байх вий гэсэн оролцогчийн сандрал. Энэ бол “The voice of Mongolia” шоуны онцлог. “Big brother” реалити шоуны зохиолч Жон де Мол болон Нидерландын дуучин Роэл ван Велзен нар анх “The voice” шоуны санааг гаргаж, 2010 оноос олны хүртээл болгожээ. Харин дараа жилээс нь уг нэвтрүүлгийг олон улсад хийж эхэлсэн аж. Өдгөө 129 бүс нутагт “The voice” шоуг албан ёсны эрхтэйгээр хүргэдэг бөгөөд “The voice kids”, “The voice teens” гэсэн хүүхдэд зориулсан хувилбар ч байдаг.

Монголын шинэ дуу хоолой, өнгө төрхийг шалгаруулах зорилготой эл шоуны анхны улирлын эхний дугаарыг 2018 оны нэгдүгээр сарын 21-нээс үзэгчдэд хүргэжээ. Шоу таван сарын турш үргэлжилсний эцэст тухайн оны тавдугаар сарын 27-нд ялагчаар нь Д.Уламбаяр шүүгчийн багийн оролцогч Ц.Энгүүн үзэгчдийн саналаар тодорсон юм. Тэрбээр 100 сая төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн эрхийг “Монгол контент” ХХК-иас гардсан. Яг л түүн шиг боломж атгаж, “The voice” шоунаас уран бүтээлийн гараагаа эхлэн, чадварлаг дуучин болсон хүн цөөнгүй. Америкийн Крис Блью, Кэролин Пэннелл, Жош Кауфман, Канадын Трэвис Кормиер, Хорватын Хуан Карлос Кано, Украины Марин Юрич Чивро, Оросын Наргиз Зазирова нарыг дурдаж болно. “The voice of Mongo¬lia”-гийн нэгдүгээр улирлын ялагч Ц.Энгүүн тус шоуны дараа “Аримун” продакшны “Халуун зүрх” киноны дуу, “Уучлалт гуйх гэж”, “Чи над шиг дурлаж чадах уу”, “Би өөрийнхөөрөө”, “I’m in love”, “Kaleidoscope” зэрэг уран бүтээл сонсогчдод хүргэжээ. Түүний анхны цомог “дуншсаар” л байгаа.

“The voice” шоуг олон нийтийн сүлжээг маш идэвхтэй ашигладаг анхны нэвтрүүлэг гэхэд хилсдэхгүй. Үзэгчид цахим хуудсаараа шоуны талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой. Түүнчлэн шоуг цахимаар шууд дамжуулах, санал хураалт явуулах, найзуудтайгаа харилцах төдийгүй шүүгчдээс асуулт асуух, санал бодлоо солилцох боломж олгодог байна. Монголд ч яг энэ жишгээр зохион байгуулж буй. “The voice of Mongolia” шоуны шүүгч, Төрийн шагналт Д.Болд гэхэд л фэйсбүүк хуудсаараа үргэлж шинэ мэдээлэл хүргэдэг. Тэрбээр тус шоуны өнгөрсөн улирлын оролцогчдоосоо дөрвийг нь шилж, “В” продакшныхаа үндсэн уран бүтээлчээр авчээ. Тодруулбал, Ж.Ариунжаргал, Э.Ганбилэг, Б.Билгүүн, О.Бүжинлхам нар тус продакшнаар “овоглосон” бөгөөд эхний уран бүтээлүүдээ хүргэсэн. Энэ мэтчилэн шоунаас “төрсөн” залуу уран бүтээлчидтэй шүүгчид хамтран ажиллах нь бишгүй. “The voice of Mongolia” шоуны шүүгч, Гавьяат жүжигчин Д.Отгонбаярын “Шонхрууд” багийнхан “Хурд” хамтлагийн “Хайртай” аянд нэгдэж, 21 аймагт хийсэн аялан тоглолтод нь оролцжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат ч шилдэг оролцогчдоор “On’n off” продакшндаа бүл нэмж, уран бүтээлүүдийг нь хүргэхээр сургуулилж буй гэсэн. Яг одоо “The voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирал үргэлжилж байгаа. Эхний болон удаах улирлын оролцогчдоос хэн нь илүү хөдөлмөрлөж, шоуны зорилго шигээ Монголын шинэ дуу хоолойг гайхуулан, “дэлхийн хүн” болохыг харах, хүлээх л үлджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)