Ц.Чинбат: Сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэд Сонгуулийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцоход хүртээмжтэй орчин нөхцөлөөр хангаж өгөх шаардлагатай байна хэмээн саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, "Тэргэнцэртэй иргэн очоод санал өгөхөд байр нь налуу зам байхгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэн нэгэн хүнийг дагуулж санал өгөхгүй ганцаараа санал өгөх орчин нөхцөлийг бүрдүүлэх. Түүнчлэн хараагүй, сонсголгүй иргэдэд зориулсан сонгуулийн орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй" хэмээн дээрх асуудлуудыг зохицуулах хөрөнгийг сонгуулийн төсөвт тусгах шаардлагатай байгааг илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат “Өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Энэ нийгэмд хүн бүр тэгш эрхтэй бөгөөд сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрх маш их зөрчилтэй байна. Яагаад гэхээр сонгуульд саналаа өгөх орчин нөхцөл нь хангалтгүй байдаг. Мөн улс төрд орох, оролцох боломжийг бий болгох ёстой. Иймд бидний оролцоог хангасан заалтыг Сонгуулийн хуульд тусгах шаардлагатай” хэмээн хэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)