Ц.Цэрэндорж: Үнэнийг бус, сонин юм яривал тоодог болжээ

Уншигч-сурвалжлагч Л.ГАНБАТ 
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 
Дундад зууны түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, доктор
Зочин Ц.ЦЭРЭНДОРЖ 
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Дун-
дад зууны түүхийн салбарын эрхлэгч, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор


ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс “Монголын эзэнт гүрний бүрэн түүх” таван боть зохиолыг нэмж засварлан, заримыг нь шинээр туурвин уншигчдад түгээлээ.

Тэргүүн боть “Их Монгол Улс” бүтээлийг бичилцэж, редактороор ажилласан тус хүрээлэнгийн Дундад зууны түүхийн салбарын эрхлэгч, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор Ц.Цэрэндорж болон цувралын V боть “Монголын Ил хант улс” зохиолыг бичилцсэн, доктор Л.Ганбат нарыг “Уншигч-сурвалжлагч” буландаа урьсан юм.

Одоогоос 13 жилийн тэртээ олны хүртээл болгосон уг бүтээлийг нэмж засварлах, зарим үеийнхийг шинээр бичих шаардлага, шалтгаан юунд байв. Монголын түүх нь дэлхийн түүх ч гэдэг. Энэ өнцгөөс авч үзэхэд их түүхийн эзэн монголчууд өөрсдөө өнөөдөр энэ асуудалд хэрхэн ханддаг вэ, агуу түүхтэй ард түмний өнөө ба ирээдүй ямаршуу байна вэ. Энэ тухайд судлаачид, эрдэмтдийн дуу хоолойг сонсох зорилгоор зочдоо сонгож урьсан юм.

Уншигч-сурвалжлагч Л.Ганбат доктор Ц.Цэрэндоржоос дараах асуултуудад хариу авав. Тэрбээр “Өнөөдөр” сонины гэнэтийн хүсэлтийг талархан хүлээж авсан ч тулгамдлаа. Тийм болохоор багш нар, оюутан залуус, найз нөхдийн хүрээнээс цуглуулсан асуултуудын дагуу асууж болох уу” гэснээр ажлаа эхэлсэн юм.

-“Монголын эзэнт гүрний бүрэн түүх” цуврал зохиолыг дахиж хэвлэх шаардлага юу байсан талаар тодруулж ярих уу?

-2006 онд Түүхийн хүрээлэнд Монголын эзэнт гүрний түүхийн сектор гэж байхад Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулж Монголын эзэнт гүрэн, Чингис хааны түүхийг судалдаг эрдэмтэд төлөвлөгөөтэй ажиллаж түрүүчийн таван ботийг бүтээсэн. Би гадаадад сурч байсан болохоор оролцоогүй, тэр тухай мэдэх төдий л юм. Тухайн үед гаргасан цувралын бүтэц өнөөгийнхтэй төстэй. Өнгөрсөн хугацаанд түүхийн шинэ баримтууд олдсон, олон юманд өөрчлөлт гарсантай холбоотойгоор сэргээж хэвлүүллээ. 

Тэгээд ч тухайн үеийн номууд худалдаанд гарсан даруйдаа маш хурдан дууссан, одоо сураад олддоггүй. Харамсалтай нь, зохиогчоор оролцсон гурван эрдэмтэн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Монголын эзэнт гүрэн судлалын тэргүүлэх эрдэмтдийн нэг, Түүхийн хүрээлэнгийн маань захирал агсан, академич Ч.Далай, “Юань улс” бүтээлийг туурвихад оролцсон эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ганболд, МУИС-ийн Хятад судлалын багш, доктор, профессор Д.Наран нар өдгөө бидний дунд алга. Тэгэхээр дахин таван боть ном бүтээх эрдэмтдийн бүрэлдэхүүнийг зарим талаар шинэчилсэн. Тухайн үед “Их Монгол Улс” ботийг Ч.Далай багш ганцаараа бичсэн юм. Энэ удаад шинээр бичсэн зохиогчид багшийн болон үе үеийн бусад эрдэмтний судалгааг суурь болгож ажилласан. Өнөөгийн эрдэмтэд сайндаа хийчихсэн юм биш гэдгийг редакторын хувьд өмнөх үгэндээ тодорхой дурдсан. Ялангуяа Ч.Далай багшийн насаараа судалсан бүтээлүүд өнөөдрийн цувралын чиг баримжаа боллоо.

Одоо таны тухай ярина (инээв). Турк улсад эрдмийн зэрэг хамгаалж ирсэн залуу хоёр эрдэмтэн Ил хант улсын түүхийг бичсэний нэг нь доктор Л.Ганбат та. Нөгөө зохиогч нь мөн энэ үеийн түүхээр докторын зэрэг хамгаалсан ШУТИС-ийн багш А.Энхбат. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд газар дээр нь очиж суран турк, араб, перс эх сурвалжийн хэлийг эзэмшсэн судлаачидтай болов. Бусад гурван ботийн зохиогчид байгаа учраас нэмж засварлаад гаргасан.

-Бүтээлийг дахин хэвлэснийг хүмүүс олзуурхаж байна. Оюутнууд хэдээс хэдэн оны түүхийг хамарч байгаа билээ гэж сонирхож байхад, багш нар шинэ баримтуудыг нь сонирхох шинжтэй.

-Монголчуудын Монголын эзэнт гүрэн гэдэг, тухайн үед Их Монгол Улс гэж нэрлэж байсан улсын түүхийг хамруулсан. Чингис хааны үеэс шууд эхлүүлэх гэхээс илүүтэй, түүнээс өмнө байсан Монголын Хэрэйд, Найман, Монгол, Мэргэд, Татар зэрэг ханлиг улсын түүхээс авхуулаад өгүүлсэн учраас XI зуунаас XVI, улмаар XVII зуун хүртэлх Монголын түүхийг өгүүлнэ. Гадаадад байсан монгол угсааны, бүрэлдэхүүний улсуудын оршин тогтносон хугацаа нь өөр өөр. Хамгийн удаан оршин тогтносон нь Орос. Өнөөгийн ОХУ болон өмнөд хэсэгт байсан, Чингисийн ууган хүү Зүчийн удмынхны байгуулсан Алтан ордны улс л даа. 

Астрахань, Крымийн хаант улс гэх зэрэг монгол угсааны хаад захирч ирсэн улсууд XVII зуун хүртэл оршин тогтнож байсан. Цагадайн улс бол албан ёсоор XIV зууны дунд үе 1340-өөд он хүртэл байж байгаад, 1350-1360-аад онд задарсан юм. Дундад Азид доголон хэмээх Төмөрийн улс, түүний үр ач нарын Энэтхэгийн урд хэсэгт байгуулсан улсаар тооцвол бүр хойшоо болж ирэх бөгөөд тухайн улс Их Британийн колони болох хүртэлх түүхийг тодорхой хэмжээнд хамруулсан. Энэ хэсгийг “Цагадайн улс” ботиос уншиж болно.

-Тэгэхээр анхны таван ботиос нэлээд ялгаатай болсон гэж ойлгох нь.

-Зохиогч бүр өөр өөрийн мэргэшсэн чиглэлээр дагнаж ажилласан. Чингис хааны үеийг академич Ж.Болдбаатар багш бичсэн. Энэ сэдвийг олон жил судалж, дорвитой бүтээл хэд хэдийг гаргасан эрдэмтэн. Чингис хаанаас хойших Өгөдэй, Гүюг, Мөнх хааны үеийн түүхийг доктор, профессор С.Цолмон, доктор А.Пунсаг, Ц.Энхчимэг болон миний бие бичсэн.

Сайн мэдэхийн хувьд өөрийнхөө бичсэн хэсгийн тухай товч ярья. Өгөдэй хаанаас авхуулаад Мөнх хаан хүртэлх үеийн улс төр, нийгмийн байдлын талаар бичихэд юу, юу орсон байж болох вэ. Одоогоос арав гаруй жилийн өмнө Монголын эзэнт гүрний түүхийн талаар бичихдээ гадаадын эрдэмтдийн олсон материал сэлтийг ашиглах боломж харьцангуй бага байлаа. Гадаад хэлээрх ном ховор, олоод ирсэн ч гэсэн орчуулаад, ашигладаг хүн цөөн байв. Дэлхийн түгээмэл англи, орос, хятад хэлээр гарсан зохиолуудыг л уншдаг байсан. 

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монголын эзэнт гүрний түүхийг сая дурдсан гурваас өөр хэлээр бичсэн судалгаа, түүхийн сурвалж материалыг монгол хэл рүү нэлээд орчуулсан, ашигласан. Судалгаандаа ч ашигласан. Японы алдартай эрдэмтэн Сугияма Масаки, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн багш Ким Хо Дун гэдэг профессоруудыг дурдаж болно. Энэ эрдэмтэд Монголын эзэнт гүрний түүхийн судалгаагаар дэлхийд тэргүүлж байгаа. Жишээ нь, профессор Ким Хо Дун бол Гүюг хаан чухамдаа ямаршуу хаан, хүн байсныг тодорхойлсон. Дэлхийн түүхэнд Өгөдэйн хүү Гүюгийг сөрөг байдлаар бичиж ирсэн л дээ. Чингис хаан ширээгээ Өгөдэйд залгамжлуулах үед Өгөдэй бусдаасаа ам авсан түүхтэй. “Миний удамд өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй, өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй ч гэлээ гэсэн, ямар нэгэн хүн байх аваас хаан ширээг уламжлуулан залгамжлуулах болно” гэж хэлж, бусдаараа зөвшөөрүүлсэн. 

Гэтэл Гүюг хаан нас барахад энэ гэрээс, захиас хүчингүй болсон. Хаан ширээг Гүюгийн угсааныханд өгөөгүй, харин Чингис хааны отгон хүү Тулуйн угсааныхан булааж авсан. Түүнээс хойш шинэ Монгол Улс бий болох хүртэл үе залгамжилж ирсэн Алтан ургийн ноёд, тайж нар, улмаар одоо ч буй үр сад бол Тулуйн удмын хүмүүс. Өгөдэйн удмын гэх хүн өнөөдөр дэлхийд байхгүй. Солонгос профессорын судалгааны энэхүү ололтыг бид ашигласан. Ким Хо Дун багшийн судалгаа Гүюг хаан нь өмнө бичиж байсанчлан тийм муу, догшин хүн байгаагүй гэдгийг харуулсан. Хүний юмыг булаагаад авчихсан нөхөд нөгөө хүний сайн сайхан, өнгөтэй, өөдтэй талыг дарж, өө гарган буруутгаж, улмаар хаан ширээг авахаас өөр арга байгаагүй мэт ойлголт төрүүлэх гэдэг байж. 1346 оны эцсээс жил гаруйн хугацаанд хаан суусан Гүюгийг муулсан зохиолуудыг Тулуй болон түүний удмынхны түүхчид бичсэн байдаг. “Судрын чуулган”, “Юань улсын судар” гээд дурдаж болно. Тэр бүү хэл “Монголын нууц товчоо”-н хүртэл Гүюгийн хэсэгт засвар оруулсан байдаг. Тэгэхээр профессор “Гүюгийг хилсдүүлсэн юм биш биз” гэсэн санал дэвшүүлсэн.

Мөн бид бүтээлүүддээ урьд өмнө манай улсын түүхийн зохиолуудад бичиж байгаагүй зүйлүүдийг өргөн хамруулахыг оролдсон. Монголын эзэнт гүрний дэлхий даяар явуулж байсан гадаад бодлогыг цогц нэгдсэн хүрээнд авч үзэх нь зүйтэй юм. Их Монгол Улс гэдэг маань Хубилай хааны буюу 1260 он хүртэлх үе тул гадаад бодлого тухайн он хүртэл ямар байсан тухай л бичсэн. Гол хэлэх юм бол Монголын эзэнт гүрний түүх нь нэгдмэл түүх бөгөөд бүхий л ажил хэрэг нэг захиргаа, нэг удирдлагад явж байжээ, төвлөрсөн бодлоготой байжээ гэдгийг харуулахыг зорьсон.

-Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой түүх, соёлын дурсгалууд өөр орнуудад байгаа шүү дээ. Эдгээрийн тухай бүтээлд оруулав уу, магадгүй нэмж дэлгэрүүлсэн ч байх.

-Үнэндээ түүхийн зохиолыг хүссэн хүн бүр уншаад ойлгохгүй байх талтай. Түүхийн тодорхой хэмжээний мэдлэгтэй, суурьтай хүмүүс уншиж ойлгодог. Түүхчид баримт сэлтийг чухалчилдаг учраас номыг тайлбар, зураг багатайгаар хэвлүүлэх талдаа. Тийм номыг газар зүйн мэдлэг муутай хүн ойлгоход амаргүй. Түүхийн бүтээлд Орос гэж байгаа бол тэр нь одоогийн Орос биш байх жишээтэй. Тухайн үеийн Орос баруун зүгт хол байсан. Бид Монголын эзэнт гүрний үлдээсэн өвд нэлээд анхаарсан. Монголчуудыг өрөөсгөлөөр, байлдан дагуулдаг, хүнийг ч, амьтныг ч дандаа алж хядаж байсан улс гэж ойлгодог, ойлгуулдаг байлаа. Мэдээж дайн тулааны үед хүний амь нас үрэгдэлгүй яах вэ, үгүйсгэхгүй. Монголчууд дайн байлдаан хийдэг байсны хажуугаар сэргээн босгодог, байгуулдаг байжээ. Монголын түүхийн зохиолуудад нэг нийтлэг тал бий. Монгол хүн бичсэн нь цөөн. Ихэвчлэн Монголын дарлалд байсан, эзлэгдсэн улсуудын хүмүүсийн бичсэн түүх байдаг. Дарлагдсан ард түмний төлөөлөл сайн санаж бичих үү, зөв бичих үү, зориуд гуйвуулах уу гэдэг бол асуулт.

-Хорсож бичсэн байхыг үгүйсгэхгүй.

-Тийм. Дайнд арван мянган хүн үрэгдсэн бол зуун мянга гээд биччих нь энүүхэнд байсан байх. Үүнд шүүмжлэлтэй хандах ёстой юм гэдгийг бид өдгөө гаргаж тавьж байгаа юм биш. 1990-ээд оноос хойш дэлхий даяар судалгааны чиг хандлага ийм болсон. Монголын эзэнт гүрний үлдээсэн өвүүдийн тухай бүх ботид бий. Зөвхөн байшин барилга, хөшөө дурсгал үлдээсэн талаар голлож ярихыг хүсээгүй. Хүний хөгжилд юу үлдээсэн бэ гэдэгт анхаарсан. Монгол хэл, хувцас хэрэгсэл, хууль, дүрэм, хаан ширээ залгамжлахдаа баримталдаг зарчим, үг хэллэг гээд оюуны салбарт маш олон юм бий. Оросууд гэхэд эзэнт гүрэн нь унасны дараа монгол угсааны хүнийг эзэн хаанаа болгох гэж оролддог байсан. Ямар нэгэн байдлаар Монголтой холбогдож байж тухайн бүс нутагт хаан ширээнд суух эрхийг олж авдаг байх жишээтэй. Гэх мэтчилэн хүмүүсийн ой тоонд шингэсэн зүйл их. Түүх, соёлын биет өвүүдийн тухай мэдээллийг гэрэл зургийн хамт хавсаргаж өгсөн. Тэр бүхний тухай яривал барагдахгүй. “1000 сонсохоор нэг үз” гэдэгчлэн зургийг нь харвал мэдээлэл хурдан авна.

-Гадаадын зарим оронд, тухайлбал Казахстан, Киргиз, Туркт Чингис хааныг өөрийнхөө хаан гэх, Монголын түүхийг өөртөө хамаатуулах үзэгдэл байгаад хүмүүс эмзэглэж явдаг юм байна. Эсэргүүцэх хандлагатай. Та энэ талаар ямар мэдээлэл, дүгнэлттэй явдаг вэ?

-Монголын эзэнт гүрэн дэлхийн талаас илүүг эрхэндээ оруулж байсан болохоор Монголын түүхтэй өөрсдийгөө холбож бичдэг улсууд нэг талаар буруугүй юм. Зөв өнцгөөс нь харах юм бол тэд өөрсдийгөө Монголын эзэнт гүрний хараат байснаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгох ёстой. Нөгөө талаас тэд эсрэг байр суурь гаргаад, ерөөсөө монголчууд гэдэг чинь одоогийн энэ монголчууд биш, эд нар Чингисийн үр хойч биш гэдэг ч юм уу, өөр газраас нүүж ирсэн гэж ярьж байгаа бол тэд мэргэжлийнхэн биш. Дэлхий даяар түүх сонирхогчид байдаг. 

Олон ном уншиж, мэдээлэл авмагцаа өөрөөр сэтгэж, бодож, ондоо өнцөг гаргаж ирэхийг оролддог. Бусдын байтугай өөрийнхөө түүхийг ч ондоогоор авч үзэх гэдэг. Тухайлбал, энэ мэтчилэн ярьдаг сонирхогч олонтой Казахстан, Турк зэрэг орны эрдэмтдийн олонх нь түүхэнд, асуудалд мэргэжлийн ханддаг. Энэ улсууд бол төрт ёсны түүх богинотой. Тийм болохоор түүх сонирхогчид нь улсаа эртний, сурвалжит язгууртай байлгахыг хүссэн, аргагүй эрхэд хийж байгаа алхмууд юм. Тухайлбал, Казахстаны төрийн түүхийг уртасгахын тулд Монголтой, нүүдэлчидтэй холбохгүй л бол богинохон болчих гээд байдаг. Тэднээс илүү хятадууд түүх гуйвууламтгай. Чингис хаан бол хятад, Хубилай бол Хятадын түүхэн баатар гэх зэргээр ярьж, бичдэг. Цаад шалтгаан нь үзэл сурталтай холбоотой. Мэргэжлийн түүхчид нь бол арай ингэж ярихгүй. Тэгж бичсэн байлаа гэхэд “Манай зүгээс энэ тал дээр арай хэтрүүлсэн юм бий” гэх зэргээр хүлээн зөвшөөрдөг.

-Нэг бус хүн Төрийн шагналт түүхч, доктор Д.Өлзийбаатар гуайн Монголын түүхийн сэдвээрх сонсдог номд буй мэдээлэл “Монголын эзэнт гүрний бүрэн түүх” таван ботийнхтой яв цав нийцэх үү гэж асуулаа.

-Доктор Д.Өлзийбаатар гуайн гаргасан цомгийг олж авч чадаагүй. Бүтээлийнхээ нээлтийг хийхдээ түүхчдэд бэлэглэсэн байсан. Би тэр үед байгаагүй болохоор хоцорсон (инээв). Хааяа таарахаар нь сонсдог л доо. Эмч л бол бүх чиглэлийн өвчнийг анагаагч байдаггүйтэй адил түүхчид мэргэшсэн байдаг. Тухайлбал, Өлзийбаатар доктор бол шинэ үеийн түүхээр мэргэшсэн эрдэмтэн. XX зууны түүх судалдаг, энэ чиглэлдээ сайн, түүнтэй ярих, маргах юм байхгүй. Харин цомгийнх нь эртний түүх, бидний судалдаг Дундад зууны, эзэнт гүрний, Манжийн үеийн түүхийн хэсэгт нь бага зэрэг ташаарсан, сонсдог номоо дахиж хэвлэх бол залруулаад явчих мэр сэр зүйл байдаг юм билээ. 

Өөрөө ч хүлээн зөвшөөрөх байх. Уншиж, судалсан материалуудаа баримталж, чиг баримжаа болгосон байж таарна. Тухайн үед эх сурвалжууд дээр юу гэж өгүүлсэн байсан, тэр байдлаар авч хэрэглэсэн байх. Гэтэл нарийн судалгааны үндсэн дээр тэдгээрт байсан мэдээллийг хэдийн залруулж, мэргэжлийн сэтгүүл, бүтээлд хэвлүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Судалгаа хөгжиж байна. Буруу байсныг залруулаад явдаг болсон. Монголын түүхийн бүхий л үеийг хамруулан төвөгтэй олон зохиол уншиж, дүн шинжилгээ хийгээд Монголынхоо түүхийн тухай мэдлэгийг олон түмэнд хялбаршуулсан, сонирхолтой хэлбэрээр түгээсэн нь бол бахархууштай ажил.

-Бас нэг хүний тухай асуулт байна. Философич С.Молор-Эрдэнэ Чингис хааныг элдвээр хэлж, “Монголын нууц товчоо”-г хятад хүний зохиосон үлгэр гэснийг ихэд дургүйцдэгээ илэрхийллээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Аливаа ойлголт буруу, ташаагаар олон нийтэд хүрэх нь их хортой л доо. Би тэр хүнийг сайн мэдэхгүй. Түүний ард олныг соён гэгээрүүлье, мэдлэгтэй болгоё, шинжлэх ухааны ололт, амжилтын тухай мэдээллийг хялбаршуулсан байдлаар хүмүүсийн тархинд хийе гэсэн хичээл зүтгэлийг үнэлдэг. Философийн ойлголтуудыг энгийнээр тайлбарлаж байгаа нь таалагдсан. Соён гэгээрлийн ажил энэ цаг үед маш чухал. Энэ үүднээс авч үзвэл сайн юм хийж байна гэж хардаг. Бид чинь нэг хэсэгтээ хаягдчихсан байлаа шүү дээ. Бүгд мөнгө, материаллаг амьдралын төлөө гэж явсаар байтал мэдлэг, боловсролыг дээдэлдэггүй бүхэл бүтэн үе гараад ирсэн. 

Гэхдээ бид сэхээтэн улс байна, нэг юмыг дор бүрнээ мэддэг, ойлгодог байх ёстой гэж боддог. Өөрийн мэдэхгүй салбар луу орж, халти уншсан, ойлголт муутай юмаа үнэн мэтээр хүнд, нийгмийн тодорхой хэсэг бүлэгт хүрсэн нөлөөллөө ашиглаж, нөгөө тийш ярих нь маш буруу гэж боддог. Өөрөөрөө бодоход би түүхийн тухай яривал арай ханатай юм дуугарна биз дээ. Түүхч байж гэнэт анагаах ухааны чиглэлээр лекц уншаад явдаг болчихвол яах вэ. Утгагүй юм болно. Яг үүн шиг алдаа философичийн хувьд байх шиг санагддаг. Үе үе Монголыг, Чингис хааныг үгүйсгэсэн, Монголын эзэнт гүрэн байгаагүй ч юм шиг ойлголт өгөхөөр ярьдаг юм билээ. Тэр хүн мэдэхгүйдээ биш, харин хүмүүсийн анхаарал татах гэдэг юм болов уу. Үнэнийг тоохгүй, харин сонин юм яривал тоодог болсон олон нийтийн сэтгэл зүйг мэдэрсэн, маркетинг сайтай хүн ч юм уу. 

Ер нь бол хүмүүс мэдлэг, мэдээлэлтэй, ухамсартай, аливаад дүн шинжилгээ хийх чадвартай байж буруу, зөвийг шүүж чадна. Түүнээс биш “Энэ чинь мундаг хүн юм гэнэ лээ” гэж харанхуйгаар шүтэн бишрээд ирвэл эрхшээлд орж, оюуны хувьд сэтгэн дүгнэх чадваргүй, боол нь болно. Тэгэхээр залуус ийм байдалд орохгүйн тулд сайн уншаасай, илүү мэдлэг, чадвартай болоосой, оюуны чадавхтай байгаасай гэж хүсдэг.

-Хүмүүс “Монголын нууц товчоо”-г хэн бичсэнийг мэдэхийг их хүсдэг юм байна.

-“Монголын нууц товчоо”-г дэлхий даяар хэдэн зуун жил судалж байна. Хэн бичсэн нь тодорхой байх албагүй, түүх, зохиогч нь үл мэдэгдэх соёлын үнэлж баршгүй дурсгал болсон зохиол, бүтээл аль ч улс оронд олон бий. Зохиогч нь тодорхой шалтгааны улмаас нэрээ бичихийг хүсээгүй байж ч болно. Харамсалтай нь, “Монголын нууц товчоо”-ны жинхэнэ эх бидэнд одоо болтол ирээгүй. “Нууц товчоо”-г 1380-аад онд, Мин улсын үед хятадууд олж аваад, монгол хүнд монгол хэл заах унших бичиг буюу сурах бичгийн зориулалтаар ашиглах үүднээс хятадаар тэмдэглэсэн эх бидэнд ирсэн. Жинхэнэ эх байхгүй нь харамсалтай. “Нууц товчоо” бол яах аргагүй түүхийн зохиол. 

Монгол хэлний орчин үеийн олон янзын хөрвүүлэг бий. Жишээ нь, академич Ц.Дамдинсүрэн гуайн хөрвүүлэг бол уран сайхны маягтай. “Алтан загасны үлгэр”-ийг ямар гоёор, монгол яруу найраг шиг орчуулсан билээ. Гэтэл С.Пушкины эхэд тийм ч гоё биш. Түүн шиг “Монголын нууц товчоо”-ны яруу найргийн хэсгүүдийг их гоё хөрвүүлсэн. Тийм болохоор энэ нь нэг талаар уран зохиол, яруу найргийн дурсгал мөн. Нөгөө талаар түүхийн эх сурвалж. Монгол хүмүүсийн түүхээ бичдэг тухайн үеийн арга ч яруу найргийн мэт хэлбэртэй байж. Мөн энэ бүтээл бол түүхийн бусад сурвалжаар батлагддаг. Тийм атал үүнийг үгүйсгэж, хятад хүний зохиосон үлгэр мэтээр ярьж, хойч үед ташаа мэдээлэл түгээж байгаа нь буруу. Сүүлийн үед гадаадад лекц уншдаг болсон гэсэн. Бас ингэж ярьж явдаг бол маш буруу юм.

Тэмдэглэсэн Р.ОЮУНЖАРГАЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)