Ц.ЦЭЛМҮҮН: Офелия “болмоор” байна

УДЭТ-ын залуу жүжигчин Ц.Цэлмүүнийг “Шинэ танил” онцолж байна. Тэрбээр СУИС-д Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн удирдлагад элсэж, 2018 онд Ардын жүжигчин С.Сарантуяагийн шавь болон төгсжээ. Сургууль төгсмөгцөө УДЭТ-ын босго давж, Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас”, Ц.Балдоржийн “Хайрын виз”, О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” жүжигт тогложээ. Түүнчлэн Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит шилдэг дүрийн уралдаанд В.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемоны дүрээр тэргүүлсэн. Мөн “Гэгээн Муза” академиас санаачлан, зохион байгуулсан хоёр хүний жүжгийн улсын уралдаанд “Торгон дэнлүү” эмгэнэлт жүжгээр өрсөлдөн, шилдгээр тодорсон юм.

-Яагаад жүжигчин болохоор дурласан бэ?

-Би айлын ганц охин. Чөлөөт цагаа ихэвчлэн ганцаараа л өнгөрүүлдэг. Тийм үедээ элдвийг ургуулан боддог, их мөрөөддөг байлаа. Мөрөөдөл, сэтгэлдээ төсөөлсөн бүхнээ биелүүлэх гүүр нь жүжигчин болох. Би энэ мэргэжилд үнэхээр дуртай, бас хайртай.

-Урлагийн мэргэжил сонгоход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ. Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн бий юү?

-Би ээжтэйгээ л амьдардаг. Миний ээж намайг бүх талаар дэмждэг, сайхан эмэгтэй бий. Ээж, эмээ, өвөө минь надад итгэдэг болохоор би хүссэн мэргэжлээ эзэмшиж, ажиллахыг хүссэн газраа ажиллаж байгаа.

-Ардын жүжигчин С.Сарантуяагийн шавь гэсэн. Театрын босго давахаар шийдэхэд багшийнх нь нөлөө их байсан уу?

-СУИС төгсөөд зургаан сарын дараа УДЭТ-т шалгуулж орсон. Тэнцсэн гэсэн хариу сонсотлоо багштайгаа уулзаагүй. Заавал тэнцчихээд, баярт мэдээгээ дуулгана гэж зорилго тавьсан юм. Харамсалтай нь, тэнцсэнээ мэдэх үед минь багш гадаадад байж таарсан. Багшийнхаа тоглосон тайз, дэлгэцийн уран бүтээлүүдийг үзээд их бахархдаг. Хэлсэн үг, хийж буй үйлдэл бүхнээс нь суралцахыг хичээдэг. Хамгийн гол нь үнэнч, шударга зан чанараас нь үлгэрлэдэг. Театрт ажиллахаар зориг шулуудахад багшийн энэ бүх чанар нөлөөлсөн.

-Театрын жүжигчин болно гэж мөрөөдөх нэг хэрэг. Харин тогоонд нь орж, жаргал, зовлонг нь биеэр мэдрэх бас өөр. Ямар санагдаж байна вэ?

-Эзэмшсэн мэргэжлээрээ, ажиллахыг хүссэн газартаа байгаа учраас баярлалгүй яах вэ. Нөгөөтээгүүр, театрын мундаг уран бүтээлчидтэй хамт ажиллана гэдэг залуу жүжигчин бүрт олдохгүй боломж. Цаг наргүй, нойр, хоолгүй шахам ажиллах үе бишгүй. Гэхдээ энүүхэнд шантарч, няцахгүй тэнхээтэй уран бүтээлчид энэ театрт ажилладаг.

-Хоёр хүний жүжигт чадварлаг тоглохыг тань харсан. Нэг хүний жүжигт сонирхолтой юу. Энэ төрлийн уран бүтээлд тоглох бодол бий юү?

-Жүжгийн бүх л төрлөөр тоглож үзэх сэн гэж хүсдэг.

-УДЭТ-ын зарим уран бүтээлд багштайгаа хамт тоглож буй байх. Зөвлөгөө, сургамж харамгүй өгдөг биз?

-Багштайгаа хамтран тоглож хараахан үзээгүй. Үзэхийг үнэхээр хүсдэг. Намайг тайзан дээр гарах бүрт заавар, зөвлөгөө өгдөг. Тайзны хажуугаас намайг яаж тоглож буйг харчихаад дуусангуут өрөө рүүгээ явчихдаг гэсэн.

-Театрын уран санд багтдаг атал сүүлийн жилүүдэд үзэгчдэд огт хүргээгүй жүжиг олон бий. Танд тоглохыг хүсдэг жүжиг, шунаж дурладаг дүр бий юү?

-Байлгүй яах вэ. “Гамлет”-ын Офелия. Бас манай театр үзэгчдэд хүргэхээр зэхэж буй “Анна Каренина” жүжгийн Аннад “болох”-ыг хүсдэг. Жүжгийн сургуулилалтын үеэр Аннад тоглож буй Н.Баярмаа эгчийг харж, түүнээс суралцдаг. Түүн шиг бие хаа, гоо сайхан, сэтгэл, мэдрэмж тэгширсэн үедээ энэ дүрд тоглохыг битүүхэн хүсдэг.

-Дэлгэцийн уран бүтээлийн санал хэр ирдэг вэ. Театрын ажлын хажуугаар кинонд тоглож амждаггүй юу. Эсвэл татгалзаад байна уу?

-УДЭТ-т орсноос хойш гурван киноны санал ирсэн боловч ажиллаагүй. Театрын босго даваад удаагүй учраас эндэх уран бүтээлээ нэгт тавих ёстой.

-Залуу насаа ямар дүрээр дэлгэцэд мөнхлөхийг хүсдэг вэ?

-Түүхэн гүнжийн дүрд тоглохыг хүсэж байна. Бас гал халуун хайрын түүх өгүүлсэн кино байвал гоё.

-Таны хамгийн том мөрөөдөл юү вэ?

-Мөрөөдлөө хэлчихээр биелдэггүй гэдэг биз дээ. Ажилласан уран бүтээлээрээ үнэн хэзээд ялдаг гэдгийг хүмүүст харуулж, урам зориг өгөхийг хүсдэг. Тийм л уран бүтээлч болмоор байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)