Ц.Хулан: Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд хүлээсэн үүрэг, заалтаа ч мэдэхгүй байна


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан билээ.

/Зарлигийг харах бол энд дарна уу/

Дээрх зарлиг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа тул Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийг угтан зарлиг гарснаас хойш үүрэг, чиглэл авсан салбарын яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд ямар ажил хийж, хэрэгжүүлж байгаа талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОЁЛ, ШАШНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Ц.ХУЛАН:

“Эрхэм та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Маргааш тохиож буй өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу Их эзэн Чингис хааны мэндэлж, мэлмий гийсний, Монгол бахархлын өдрийн мэндийг дэвшүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөө жилийн Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Сүүлийн үед нийгмийн сүлжээнд болон олон нийтийн сүлжээнд төр засгийн байгууллагуудын анхаарлыг татсан сэдэв нь Монгол бичгийн юникод буюу олон улсын стандарт кодчиллын асуудал болсон. Уг асуудалтай холбогдуулан Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийж үзэхэд хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна.

Монгол хэлний тухай хууль мөрдөгдөж эхлээд гурван жилийн хугацаа өнгөрөхөд хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд үүрэгт ажлаа хийж эхлүүлээгүй, тэр байтугай өөрийн хүлээсэн үүрэг, заалтаа ч мэдэхгүй хэмжээнд байгаа нь нэн харамсалтай байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн “монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх” гэсэн эрх үүргийнхээ хүрээнд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар зарим байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн зарлиг гаргасан” гээд зарлигийн зарим зүйл заалтыг онцгойлон анхааруулав.

Хэлэлцүүлэгт оролцогчид:

  • Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийн төсөл
  • Монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартын асуудал
  • Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламжийн хаягжилтын талаар танилцуулга
  • Монгол хэл, бичгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх нь зэрэг сэдвээр ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)