Ц.ТОГОО: “УАЗ-469”-д элстэй шуудайгаар хамгаалалт маягийн юм хийгээд халуун цэг рүү цэргээ илгээхдээ өрөвдөж л суусан

Зочинтойгоо ярилцаж суухдаа “Цэргийнхэн дэндүү залуугаараа тэтгэвэрт гарах юм. Тэтгэвэрт гарсныхаа дараа л энэ хүн өөрийгөө шинээр нээж, олон улсад үнэлэгдэхүйц алдрыг Монголын зэвсэгт хүчинд авчирч дээ” хэмээн бодов. Товчхондоо, тэрбээр тэтгэвэрт гарсныхаа дараа цэрэг, армидаа эргэн ирж, ид хаваа гайхуулсан бахдам амжилт олныг гаргаж, генерал хэмээх эрхэм цолыг хүртжээ. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол цэргийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоотой ярилцсанаа тоймлон хүргэе ээ.

-Монгол эрчүүд энэ жил овоонд гараагүй, чоно агнаж чадаагүй. Хийморь нь мөд сэргэхгүй гэсэн онигоо гарсан байна билээ. Таныхаар хийморь гэж юу вэ?

-1999 онд Цагаан сараар аавдаа очихоор гэр бүлээрээ нутаг руугаа явлаа.  Шинийн гурванд нийслэл рүү буцаж явтал Төв аймгийн Лүн сумын цаахан талд хар зам дээр 13.40 цагийн орчим сүрэг чоно тааралдсан. Тэрүүхэндээ “Энэ чинь ямар учиртай чонон сүрэг гэгээн цагаан өдрөөр гэнэт гараад ирэв” гэж гайхсан. Тэгээд сэхээ авч жолооч Баяраатай хамт хэдэн чоно хөөгөөд нэгийг агнасан удаатай. Зарим хүн зориуд мордож, өдөр, шөнөгүй хайн, үргээж хөөгөөд ч чоно агнаж чадсангүй гэж ярьдаг. Тэгсэн чоно өөрөө зам дээр гарч ирсэнд бэлгэшээдэг. Домог, бэлгэдэл зүйгээр ч чоно эр хүний хийморь сүлдтэй холбоотой гэдэг юм билээ.  Нөгөө талаасаа хүнд аав, ээжийн буян, төрсөн нутаг усны хаялага, найз, нөхдийн ивээл, зөв амьдарсны үр шим ирдэг бололтой. Энэ бүгд нийлж хүний хийморь лундааг сэргээдэг. 2000 онд батлан хамгаалах салбартаа эргэж ирсэн. Ирэх, ирэхдээ Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон. Тиймээс би ном уншуулан хийморио дуудаж, эсвэл хаа нэгтээгээс зориуд эрж, хайх биш, хамгийн гол нь зөв явахад болно гэж боддог.

-Яагаад эргэн ирсэн гэж. Салбараа нэг хэсэг орхисон гэсэн үг үү. Эсвэл ажлаасаа халагдсан ч юм уу?

-Цэргийн анги, нэгтгэл, сургуульд илүү ч үгүй, дутуу ч үгүй 25 жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан. 1996 онд сонгууль болж, өнөөгийн улстөржилтийн эхлэл тавигдсан. Хаа сайгүй халаа, сэлгээ хийж, ажил албанаас нь олон хүнийг чөлөөлсөн. Тэрхүү улс төржилтийн хоморгонд орж, 1996 оны сүүлчээр ажлаа өгсөн юм. Уг нь цэргийн сургуулийг гайгүй төгссөн, ажил үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж боддог байсан тул халагдах шалтгаан байхгүй л гэж боддог байв. Эр бие, мэдлэг оюун тэгширсэн 43 настайдаа ажилгүй болсон. Гэхдээ цэргийн хоёр гурван шатны сургууль төгссөн. Армийн анхан шатны нэгжээс нь авхуулаад салаа, салбар, батальон, хороо, дивизэд алба хашчихсан учраас гомдох зүйл алга гэж бодоод тэтгэвэртээ гарсан юм. Тэгсэн 1997 оны нэгдүгээр сарын сүүлчээр Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач хий гэлээ. Хэсэг ажиллалаа, оюуны сайхан л ажил. Тэгээд нөхөдтэйгөө хамтран Ардчиллын ордны нэг давхарт “Женко” сургуулийг байгуулж, дэд захирлаар нь очлоо. Дараа нь сургуулиа хотын Боловсролын газар луу нүүлгэж, тэндээ 1997-1999 он хүртэл ажилласан. Дараа нь Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж, Боловсролын сайд асан, философийн шинжлэх ухааны доктор Н.Уртнасан нарын хамт “Оюуны өргөө” дээд сургуулийг байгуулж,  захирлаар нь томилогдсон. Анх “Оюуны өргөө”-гөө Гандантэгчэнлин хийдийн дэнж дэх Хүүхдийн эмнэлгийн байранд нээсэн. Дараа нь Драмын театрын урдах байр луу нүүсэн.

-Сонин л түүх байна. Аав, ээжийнхээ тухай дурсаач?

-Ээж минь нуруу, нугасны гэмтэлтэй зургаа, долоон жил хэвтэрт байж байгаад 1997 онд бурхан болсон. Би хотод алба хашихын зэрэгцээ, хагас сайн өдөр бүр ээжийгээ эргэхээр нутаг руугаа явдаг байв. Улаанбаатараас Өвөрхангай аймгийн Сант сум ороход 380 км зайтай. Хотоос эм, тариа эсвэл шим тэжээлтэй хүнс, гурил будаа авч, 15.00 цагийн үед гараад 00.00 цагтай уралдан Сантад очдог байв. Очих бүртээ ээжийн боолтыг сольж, тариа хийнэ. Тэр оройдоо хоноод маргааш үдээс хойш замд гарч, шөнөдөө хотод ирдэг. Даваа гаргийн өглөө ажил дээрээ яг гозойно. Энэ маягаар ээжийгээ өөд болтол чадахаараа асарсан. Аав, ээж ертөнцөд ганц удаа тохиодог учраас байнга асарч тойлж, сэтгэл тавьдаг байлаа, ээж минь ч надад буян хишгээ үлдээсэн. Сайн нөхөд, сайхан хамт олон, түшигтэй хань, хүн чанартай дарга нарын хүчээр энэ бүхний ард гарсан. Аавыгаа амьд сэрүүнд нь Монгол Улсын генерал цол хүртэж баярлуулсан.

-Та өөрөө ч их баярласан биз?

-Би амьдралдаа олон л шагнал авсан. Хоёрт нь л илүүтэй баярласан. Эхнийх нь АНУ-ын Хүндэтгэлийн одонг авахдаа асар их талархсан. Батламжид нь “Монголын зэвсэгт хүчнийг орчин үеийн болгож, олон улсын түвшинд өрсөлдөхүйц болгосны дээр дэлхий дахины аюулгүй байдалд оруулсан хувь нэмрийг үнэлэв” гэж бичсэн байв. Монгол цэргүүдийнхээ хүчээр бид дэлхийд хувь нэмрээ орууллаа гэж бодсон. Хоёр дахь нь 2008 онд Монголын менежментийн холбооноос намайг шилдэг менежерээр шалгаруулсан. Шагналаа авах үеэрээ урд нь шалгарсан хүмүүсийн танилцуулгыг харсан. Монгол Улсын хөгжилд үнэхээр хувь нэмэр оруулсан хүмүүс байлаа. Ажлыг минь дүгнэж, удирдагч талаас нь үнэлсэн байсан. Төрөөс гадна нийгэм намайг үнэлсэнд туйлын их баярласан.

-Эхээсээ хэдүүлээ вэ?

-Би эхээс есүүл. Нэг эгч, долоон дүүтэй. Өдгөө бүгд амьд сэрүүн, дарга, цэрэг болж, төрийн өндөр, албан тушаал хашаагүй ч амьдрал нь боломжийн яваа. Нутаг орондоо мянгат малчин болсон, ганц нэг сумын ИТХ-ын дарга хийсэн хүн ч бий. Хамгийн гол нь эрүүл саруул, үр хүүхдүүдтэйгээ энх тунх аж төрж буй. Манай аав, ээж малчин удмын хүмүүс. Аав минь сумын найм, аймгийн тав, улсын аваргын болзлыг гурван удаа хангасан, Монгол Улсын аварга малчин. Тэр хэрээрээ биднийг ажилч, хичээнгүй, монгол ахуйд ойр, малд нүдтэй өсгөсөн. Ээж нутаг орондоо алдартай, хамгийн сайхан цагаан идээ, цай ундтай хүн байлаа. Одоо ч дүү нар маань нутагтаа хамгийн сайхан айраг, цагаатай гэж магтуулдаг. Энэ бол аав, ээжийн минь буян. Өнөөдрийг хүртэл буянг нь эдэлсээр явна даа.

-Олон хүүхэдтэй айлд эерэг энерги хуралддаг гэдэг дээ. Бага насныхаа тухай яриач?

-Аав цэргийн албанаас халагдаад сумандаа нэг хэсэг туслах нягтлан хийсэн. Дараа нь дэлгүүрийн худалдагч боллоо. Тэр үед эгч, би, доороо нэг, хоёр дүүтэйгээ л байсан үе. Би дэлгүүрээр нь орж алим, хатсан жимснээс авч найз нөхдөдөө тараана. Аавыгаа байнга “шатаана”. Нэг удаа өр тэмдэглэдэг дэвтрийг нь авч, баахан зураг зурж, найз нөхдөдөө өгөөд алга хийчихсэн. Тэгээд аав өрөнд орж, ажлаасаа гарсан юм. Би сайн санаж байна, хөдөөнөөс баахан эр хонь тууж ирээд хоршоонд тушааж, мөнгийг нь өрөндөө өгч билээ. Тэгээд хөдөө мал дээр гарсан юм. Олуулаа айлын хүүхэд ямар байсан тэр л жишгээр өссөн. Том тогоо дүүрэн хоол хийнэ. Аавд түрүүлж аягалаад гэрээрээ хооллоно. Тогоонд хоол үлдвэл айлын том эрэгтэй хүүхэд гэдэг утгаар нь ээж надад нэмж өгдөг сөн. Мөн гэрийнхээ гадна ажлыг би хийнэ. Адуу малдаа явж, хонь хярган, гэр барина.  Гэрээ хураах, тэмээнд ачаалахаас авхуулаад нүүж суух ажлыг аавтай хамт хийдэг. Шинэ газар ирээд ханаа дугуйлж, униа өлгөөд, дотор бүрээс дээврээ өлгөх зэргээр гэрээ торох юмгүй барьчихна. Бас нэг том үүрэг нь даага уналгад сургана. Тэр чинь хөөрхөн том шалгуур. Зоригтой байж, тэнцвэрээ олох, унасан ч хашрахгүй байх гээд олон зүйлд сургасан даа, намайг. Энэ бол насан туршийн боловсрол, амьдралыг таниулах аав, ээжийн ухаан байж.

-Айлын том алганы амт их үздэг байсан гээд л таны үеийнхэн ярьдаг юм билээ?

-Аав гар хүрэх нь битгий хэл, загнахгүй талдаа. Их зөөлөн. Ээж бол хааяа ширүүлнэ. Их хатуу шүү дээ. Сумын төвд байхдаа усанд их явдаг байлаа. Хүүхэд юм хойно замдаа найзуудтайгаа таараад тэргээ хаячихаад тоглоод алга болчихно. Ард ээж гал дээр тогоогоо тавьчихсан хүлээгээд сууна. Гэнэт санаад эргэж гүйж ирнэ. Тэгээд л арьсаа хуулуулдаг байлаа. Тиймээс ээжээс их эмээдэг. Амьдрал дээр нэг нь жаахан хатуу байхад нөгөөх нь зөөлөн байхгүй бол болдоггүй шиг байгаа юм.

-Хэдэн настайдаа сургуульд оров?

-Сант сумын сургуульд наймтайдаа орсон. Ангиас хоёр гурван хүүхэд л гайгүй сурна. Тэдний тоонд би багтдаг. Миний үеийнхэн Сант сургуулийн анхны наймдугаар анги төгсөгчид. Анхных болохоор бэрхшээл гарна. Математикийн багшгүй бүтэн жил явсан. Төгсөхөөс сар гаруйн өмнө аймгаас багш ирж заасан. Одоогийнхоор төгсөх ангийн сурагчид математикийн багшгүй нь том хохирол биз. Сурагч байхдаа яагаад ч юм нийгмийн ухааны хичээлд татагддаг байв. Манай наймдугаар ангийн төгсөлтийнхөн олонх нь гадаад дотоодод техник мэргэжлийн сургууль сонгож байсан. Зарим нь цэрэгт явсан. Цөөхөн нь мал дээр гарсан байх. Би гадаадын ТМС-д сурчих санаатай байв. Гэтэл багш минь сурлага сайтай тул аймгийн 10 жилийн сургуульд сур гэлээ. Ингээд аймаг явсан. Одоо зөвлөгөө өгсөн тэр багшдаа их баярладаг. Орос хэлний хичээлдээ сайн тул аймгийн олимпиадад хэд хэд түрүүлсэн. Тиймээс гадаад хэлний багш болохыг мөрөөддөг байв. Харамсалтай нь, аймагт ирсэн ганц хуваарьт багтаж чадаагүй. Цэргийн сургуулийн улс төрийн анхны ангийн хуваарийг сонгов. 1972 оны наймдугаар сарын эхээр сургуульдаа очлоо. Очтол хугацаат цэрэг шиг, үс хусаад л шууд карантилсан.  Тэгэхээр нь эргэлзэж, эргэлзэж нутаг руугаа буцчихав. Нутагтаа ирээд байж байтал наймдугаар сарын дундуур хамаг хүүхдүүд хот яваад сэтгэл эзгүйрээд нэг л биш. Ингээд буцаад цэргийн сургуульдаа очтол “Хуваарь дууссан, хувийн хэргээ ав” гэлээ. Хүүхэд юм болохоороо гайгүй сурлагатайдаа найдаад өөр сургуульд бариад очвол авчих байх гэж бодсон уу “Хувийн хэргээ хаанаас авах вэ” гэж асуутал нийгмийн ухааны тэнхимээс ав гэдэг юм байна.

-Тэгээд яасан бэ?

-Нийгмийн ухааны тэнхим рүү очтол нэг эмэгтэй байна. Хувийн хэргээ сураглатал, тэнхимийн даргаас асууна гээд өгсөнгүй. Тэр дарга нь Л.Дамбийням багш. Л.Дамбийням багш хувийн хэргийг минь сөхөж хараад “Чи манайд сурах ёстой хүүхэд байна” гээд авч үлдсэн. Ингэж хувь заяа намайг цэргийн амьдрал руу хөтөлсөн юм. Цэргийн сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн дивизэд хуваарилагдсан. Тэнд очиход захирагч Ц.Шухар дарга их сайхан хүлээн авч, өөрийн хүүхэд шиг хандсан. Эхнэр нь ч ялгаагүй. Тэндээ нэг жил ажиллаад албан тушаал дэвшин, нийслэлд Сургуулийн батальонд салбарын орлогчоор очсон. Д.Бямбаа захирагчийн орлогчоор жил гаруй хугацаанд ажилласан. Энэ хүн бас надад мэддэг чаддаг зүйлээ харамгүй заасан. Ингээд ОХУ-руу Цэргийн академид явсан. Тэр үед цэргийн сургууль төгсөөд зургаан жил ажилласан ахмад түүнээс дээш цолтой хүмүүс академи суралцдаг байв. Харин би гурван жил ажиллаад Орос руу явсан. Хойно академид сурч байхдаа сайхан нөхөдтэй учирсан. Өмнө нь Орост сургууль төгссөн Н.Жалбажав, Р.Төмөрчөдөр нар орос хэлэндээ ус цас. Дотооддоо дээд сургууль төгссөн учраас миний орос хэлний дуудлага гавихгүй. Би их насанд уралдаж байгаа даага шиг амьтан байлаа. Тэдний түвшинд хүрэхийн тулд хичээх хэрэгтэй болсон. Ингээд Н.Жалбажавтайгаа хамт академиа онц төгссөн. Бид хожим генерал болсон.

-Цэргийнхний гэргий нөхрөөсөө нэг цолоор илүү цолтой байдаг гэсэн яриа байдаг даа. Танай “жанжин” ямар мэргэжилтэй вэ?

-Миний эхнэр санхүүч мэргэжилтэй. 40 гаруй жил хил манасан хурандаагийн охин. Манай сургуулийн ойролцоо амьдардаг байсан тул оюутан ахуйдаа танилцаж, улмаар ханилсан. Насаараа намайг дагаж, хөдөө гандаж, хээр хөхөрч, уналт, амжилт гээд бүх зүйлд хамт зүтгэсэн. Зүүнбаянд цэргийн гал тогоонд бэлтгэгчээс  авхуулаад касс, нягтлан гээд олон ажил сольсон. Гадаадад сурахаар явахад бас л хамт явсан. Би АНУ-ын Төвийн командлалд Үндэсний ахлах төлөөлөгчөөр гурван жил орчим ажилласан юм. Амьдралдаа өгсөж, уруудаж явсаар өнөөдөртэй золгож дээ.

-Харин ч сонирхолтой амьдарсан юм биш үү. Ялангуяа тэтгэвэрт гарсныхаа дараа. Хувийн хэвшилд ажиллалаад, жагсаалдаа эргэн ирэхэд өөр болсон байв уу.

-Би тэтгэвэртээ гараад хувийн хэвшилд орсон. Женко Х.Баттулга, Ц.Балдорж гээд “аваргуудтай” ажиллалаа.  Тэд арай өөрөөр сэтгэнэ. Шинийг олж харах өнцөг нь их өвөрмөц. Би өөрийгөө хөгжүүлэхэд анхаарсан. Тухайлбал, тэтгэврийнх гэж өөрийгөө гололгүй англи хэл сурахаар зүтгэсэн. Мөн Голландын Удирдлагын академийн менежментийн курст сурлаа. Дараа нь Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-т очихдоо өмнөхөөсөө өөр сэтгэхүйтэй ажилласан. Хуучин нэг хашаанд бүхнийг зангидаж ажилладаг байсан бол гадаад харилцаагаа тэлэх, хүнээ урамшуулах, ажлыг нь үнэлэхэд суралцсан. Шинэ зүйл хийхийг эрмэлзэж эхэлсэн минь дээрх “аваргуудын” нөлөө, хувийн хэвшилд ажилласны хүч. Өндөр хөгжилтэй орнуудад цэргийн хүнийг хувийн хэвшилд ажиллуулах дуртай байдаг. Сингапурт гэхэд цэргийн дарга нараа зориуд энгийн сургуульд мастер хамгаалуулдаг. “Амьдралыг тань, нийгмээ судал” гэж явуулдаг. Дараа нь эрт 39-42 настайд нь тэтгэвэрт гаргаад төрийн байгууллага, тэр дундаа яамдад газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар ажиллуулдаг жишигтэй. Одоо бодоход би насаараа сурч мэдэхийн төлөө явжээ.  Нийгмээсээ одоо ч хоцрохгүйг хичээн суралцсаар байна.

-“Зүүнбаян надад их зүйл өгсөн” хэмээх дурсамжийг тань уншсан юм байна.

-1983 онд хойно академи төгсөж ирээд Зүүнбаяндаа эргэж очсон. Зүүнбаян гэдэг цэргийн том дивиз. Хэдэн мянган хүн ажилладаг, залуусыг төлөвшүүлж, хатуужуулдаг, цэргийн дарга болгодог газар. Тэнд Н.Батсүх даргын команд дор ажилласан. Бас л туршлагатай, түшигтэй сайхан хүн. Хоёр жил алба хаагаад Цэргийн нэгдсэн дээд сургуульд улс төрийн хэлтсийн орлогч даргаар томилогдсон. Тодруулбал, 1985 онд нөгөө ерөөлт Л.Дамбийням багштайгаа ахин уулзсан. Л.Дамбийням багш манай хэлтсийн дарга. Захирал нь тухайн үед Р.Гаваа хурандаа байсан. Дараа нь Г.Рагчаа генералтай бас хамт ажилласан азтай хүн дээ, би. Энэ хүмүүс миний амьдралд буян, хайр хишгээ өгсөн. Р.Гаваа захирал хожим генерал болсон. Надад асар их зүйл сургасан. Хүнд итгэдэг, хэлж ярьж сургахын төлөө хүмүүс байж. Одоо бодоход би насаараа сайн хүнтэй учрах тэнгэртэй төрж дээ гэж баярладаг юм.

-Р.Гаваа генералд нэг их гомдсон гэж яриа эхлэхээс өмнө хэлсэн. Юу болсон юм бэ?

-Би Р.Гаваа генералын шавь бас дүүгээс нь өөрцгүй болсон хүн. Амьдралд дотно сайхан нөхөрлөж, ямар ч ажилд гар нийлсэн. Сүүлд цэргийн сургуульд сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн орлогч захирал байхдаа багшид нэг зүйлд гомдсон юм. Би цэргийн сургуулийн орлогч захирал, дивизийн штабын даргын түвшний хүн. Дээрээс нь үр бүтээлтэй ажилласан тул ахмад, хошууч, хурандаа цолыг хугацаанаас өмнө авсан. Хурандаа болчихсон үе. Дотроо ОХУ-ын Жанжин штабын академид сурах хүсэлтэй. Хүмүүсийн нэрлэдгээр генералын академид сурч генерал болчих санаатай. Тэр үед Р.Гаваа генерал ЗХЖШ-ын дарга байлаа. Р.Гаваа генерал намайг мэдээж дэмжиж таараа гэж бодсон. Сурах өргөдлөө ч өглөө. Гэтэл Даваа хурандаа холбоо барьж, “Чиний өргөдөл даргын зүгээс дэмжлэг муутай байна” гэв. Би Р.Гаваа генералтай уулзахаар орлоо. Өөдөөс мань хүн “Тогоо чи аспирантурт цаг алдахгүй элс. Чамаас хэн ч булаахгүй зүйл бол эрдмийн зэрэг. Алсдаа чамд хэрэг болно. Анги, сургууль аль алинд нь ажилласан дадлага, туршлага чамд хангалттай бий. Гагцхүү эрдмийн зэрэг дутаад байна” гэдэг юм байна. Хамгийн их итгэдэг багшийнхаа өөдөөс үг хэлж зүрхлээгүй ч дотроо гомдсон гэж жигтэйхэн. Тэгсэн хамгийн хэрэгтэй зүйлийг Р.Гаваа генерал хэлж байж. 1997 онд тэтгэвэрт гараад сургуулиуд байгуулахад буурал багшийнхаа зөвлөснөөр хамгаалсан дэд докторын эрдэм мэдлэг хэрэг бололгүй хаачих вэ. Албан тушаалаа өгсөн ч эрдмийн цол зэрэг минь өнөөдрийг хүртэл надтай хамт “явж” байна даа.

-Эргээд цэргийн амьдралдаа ирэхэд юу түлхэц болсон юм бол?

-Тэтгэвэртээ гараад  эхнэртэйгээ хүнээс дутахгүй амьдарна гэж ярилцаад нэг удаагийн тэтгэмжийн мөнгөөрөө хоёр биенээ бүрэн хувцасласан. Ингээд бага сага наймаа хийж үзсэн. Нутагтаа очоод арьс шир авна. Хөлдүү дарайсан нэхийг машиныхаа арыг дүүртэл давхарлаж ачна. Замдаа нэхий гэсээд шалчийчихсан байдаг сан. Амьдралд зорилго тавьж, зүтгэхэд болохгүй юмгүй. Дараа нь их, дээд сургуулиуд байгуулсан гэдгээ дээр хэлсэн. Гэхдээ хувь заяа дахиад л намайг цэргийн амьдралд татан оруулсан. Хуучин МАХН (Одоогийн МАН) боловсон хүчний судалгаа маш сайн хийдэг байж. 1980-аад оны эхээр 35 настайдаа Өвөрхангай аймгийн дивизийн улстөрийн хэлтсийн даргаар томилогдсон юм. Ингэхдээ хурандаа зэрэгтэйгээр Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орсон. Ж.Батмөнх, Д.Моломжамц, Ц.Намсрай, П.Дамдин, Ц.Балхаажав, Б.Дэжид гуай гээд томчууд бүгд суучихсан байв. Тэр өдрийн хуралдаанаар Д.Сандаг генерал, АНУ-д суух Элчин сайдын яамны II нарийн бичгийн даргаар, Сэлэнгэ аймгийн нэг хүн аймгийнхаа залуучуудын эвлэлийн хорооны I нарийн бичгийн даргаар ажиллахаар гурвуул хуралд орсон. Намын төв хорооны боловсон хүчний хэлтсийн ажилтан Лувсанноров гуай биднийг танилцуулсан. Тэгэхэд би хошууч цолтой байсан. Ингэж 35 насандаа Намын төв хорооны мэдлийн боловсон хүчин болсон юм. Тэр үед бэлтгэсэн боловсон хүчнээ Лувсанноров гуай нэгбүрчлэн мэддэг. Тэр хүн хожим МАН-ын удирдлагатай холбоотой байсан байх. Тэр мэдээллийн дагуу намайг эргэж дуудсан болов уу. Хоёрдугаарт, цэргийн албаа өгсний дараагаар залууст эх оронч үзэл, хүмүүжил төлөвшил олгохоор зарим ТББ-тай хамтран тодорхой ажил хийсэн. Гадаадын байгууллагыг ч татан оруулсан. Н.Энхбаяр, Л.Энэбиш даргатай хамтран хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан. Эдгээр ажил нөлөөлсөн үү, нэг өдөр дуудаж, дэд сайд гэдэг албан тушаалд намайг томилсон.

-Дуртай албаа гэнэт өгсөн. Сайхан байгаагүй биз. Гэтэл буцаад цэргийн амьдралд дуудах үед ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Ажилгүй болох эвгүй юм билээ. Одоо бодоход 1996 онд сайд нар офицер нэг бүрийг сайн мэддэггүй байж. Явж явж эргэн тойронд байсан ойр дотнын зарим хүнээс “Албан тушаал дэвшихэд энэ надад саад болж магад”, “Цаашдаа энэ хүн миний гол өрсөлдөгч болно” гэсэн богино бодлоор дээшээ мэдээлэл өгсөн байдаг.  Намайг хурандаагаараа дуусна гэж бодсон юм болов уу. Батлан хамгаалахын дэд сайд болоод эргээд ирэхэд нөгөө хүмүүс өөрсдөө өргөдлөө өгөөд алга болсон. Тийм хүмүүс эргээд хүний нүүр харж чадахгүй, их хэцүү байсан биз ээ. Уг нь би юу ч хэлээгүй юм шүү дээ. Сүүлд албаа өгч, бас нэг хэсэг ажилгүй байгаад 2012 онд Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон.

-Тийм хүмүүс таныг бүр хурцалсан юм биш үү?

 -Үүнээс гадна ЗХЖШ-ын дарга болоод Батлан хамгаалахын найман сайд, Монгол Улсын гурван Ерөнхийлөгчтэй ажилласан. 2002-2009 онд энэ албыг хашсан. Тэгэхэд Ж.Гүррагчаа сайдаас бусад нь намайг мэддэггүй, сургаар сонссон хүмүүс байсан. Тиймээс ерөнхий цэргийн хүн биш, улс төрийн анги төгссөн гээд эхэндээ голонгуй л байсан. Би дотоодод улс төрийн анги дүүргэсэн ч Орост цэргийн академи төгссөн. Ерөнхий цэргийн анги, байгууллага удирддаг дарга нарын түвшний цэргийн боловсролыг эзэмшсэн. Дараа нь дахин цэргийн сургуульд зургаан жил шахам нэгдүгээр орлогчоор ажилласан туршлагатай. Сайд нар янз бүрийн хүн дагуулж ирнэ. Ганц нэг хүнийг нь ажилд авна, заримыг нь авахгүй. Гэхдээ сайдуудтайгаа ойлголцож, сүүлдээ найз болдог. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат сайд болохдоо намайг хална солино гэж их үзсэн. Хэдэн сар болоод ажил төрлөө ойлголцоод ирэхээр “Түшиг тулгуур боллоо” гэж ярих жишээтэй. М.Сономпил, Ц.Шаравдорж, Ж.Батхуяг, Л.Болд зэрэг сайдтай ажилласан. Ажлаа хийгээд зөв явбал ойлголцдог л юм. Хүний амьдрал баялаг учраас хүн чигээрээ л дуусах нь чухал юм билээ. Өнөө маргаашаа бодоод урваж шарвах хүнийг бишгүй л үзсэн. Эцэстээ сайн юм авчирдаггүй юм билээ. Би хүнд муу санаж чаддаггүй. Тиймээс шинэ ажил аваад зөв менежмент хийхийг хичээсэн. 2004 онд ангиудын ажлыг анх удаа дүгнэж, захирагч нарт нь хувьд нь машин бэлэглэлээ. Япон, Сингапур зэрэг газарт амраасан. Заримд нь цэргийн анги байгууллага эзэмшиж байсан газарт амины орон сууц барих эрх олгосон. Алба хаагчдын нийгмийн асуудлыг анхаарч эхэлсэн. Түүнээс анх надад ЗХЖШ-ын даргаар ажиллах санал тавихад би татгалзаж явсан хүн.

-Гэхдээ та энэ албыг бүр есөн жил хашсан байна шүү дээ.

-Би АНУ-руу англи хэлний сургуульд явсан юм. 2002 оны гуравдугаар сард явахаас урд дарга нар дуудаад ЗХЖШ-ын даргаар ажиллуулахаар санал асуусан. Заавал жанжин штабын академи төгссөн хүн энэ албанд очдог бичигдээгүй хууль Монголд бий. Гэтэл би улс төрийн анги төгссөн. Тэр үед Жанжин штабын академи төгссөн С.Баасанхүү, Ч.Улаанхүү, Б.Шагдар гээд чадвартай генерал олон байв. Тиймээс “Би энэ албыг авахгүй” хэмээн шууд татгалзсан. Тэгээд зорьсон газар руугаа 40 нас гарсан хойноо англи хэл сурахаар явсан. Дараа нь тэндээ Батлан хамгаалахын нөөцийн удирдлагын курс төгслөө. Эргээд ирэхэд ЗХЖШ-ын даргаар томилсон. Баярлахаас илүүтэй түмэн зүйл бодож, стрессдсэн. Хаа очиж сайхан хамт олон тоссон. Тиймээс шинэ зүйл санаачилж хийхийг эрмэлзсэн. Даацтай ажил олныг хийсэн. Гэхдээ үүнийгээ бус, ганц нэг өөр хөгжилтэй зүйл ярья. АНУ-д хуралд явж байхдаа хүүхдүүд бөмбөртэй жагсаалаар хоорондоо өрсөлдөхийг харсан. Монголд ирээд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга хурандаа Ё.Ганбатыг дуудаад манай анги нэгтгэлд бөмбөр бий юу гэж асуусан. Ганц том бөмбөрөөс өөр юм алга гэв. Тиймээс БНХАУ-д суугаа цэргийн атташед бөмбөр захин авчруулж, хөгжимчдийг сургасан. Одоо жагсаалын урд цэргүүд бөмбөр тоглодог болсон. Тухайн үедээ хүмүүс шинэ зүйл гээд сайхан хүлээж авсан. Нөгөө талаараа хүмүүс улс төрийн жагсаалд манай бөмбөрийг ашиглаж эхэлсэн. Үүнээс болж Ерөнхийлөгчид загнуулж билээ. Дараа нь Шри Ланка руу энхийг сахиулах ажиллагааны арга хэмжээнд оролцохоор явлаа. Тэнд ууланд усан цахилгаан станц барьчихсан. Хажуугаар нь кэмптэй. Кэмпээ сургалтын төв болгочихсон. Уулын энгэр дэх жижиг толгодыг тэгшилж хайрга асгаад жагсаалын талбай хийжээ. Монголд ирээд үзэж харснаа шууд л хэрэгжүүлэхээр яарсан. Тавантолгойн сургалтын төвийг байгуулах ажилд орсон. Эхлээд хайргаа дэвсэж жагсаалын талбай хийлээ. Тэгсэн манай агаар хуурай учраас алба хаагчид жагсаалаар явахаар хайрга үсэрч нүд рүү нь орчих гээд болдоггүй. Шри Ланкад өдөр болгон шахам ороо ордог, чийглэг учраас хайрга доошоо суудаг юм билээ. Ингээд хайргаа авч, цемент болгосон. Бас нэг удаа Америкийн цэргийн баазад очсон. Тэндхийн цэргүүд өглөөдөө улсынхаа төрийн далбааг мандуулж байсан. Монголд ирээд анх удаа цэргийн ангиудад төрийн далбаагаа өглөө мандуулж, төрийн дуулал эгшиглүүлж, орой бие бүрэлдэхүүн далбаагаа буулгаж ёслоод тардаг журам тогтоолоо. Далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх нь хүнд асар их зүйл өгдөг. Үүнийг дагаад Төрийн далбааны өдөртэй болсон. Ямар сайндаа манай ар талын газрын дарга, орлогч Д.Бадам генерал дээхэн үед “Даргыг үүрэг өгөхөөр урамтай. Сонсоод суугаад баймаар. Бусад даргын өгсөн үүрэг уйтгартай” гэж ярьсан удаатай.

-Та чинь бас их ардчилагч гэл үү?

-1990 онд ардчилал анх армид гарсан нь “офицерын хурал” байлаа. Энэ хурлыг санаачлагчдын нэг нь би. “Ардын эрх” сонинд Философийн ухааны доктор, Гавьяат багш, бэлтгэл дэд хурандаа Б.Галиндэв бид хоёр анх “Армийн тухай” бүтэн нүүр материал хэвлүүлсэн. Агуулга нь социализмын арми хүйтэн дайны үеийнх шиг хэт данхайлаа. Орчин цагийн нийгэмд тохирсон шинэ арми байгуулах ёстой гэж бичсэн. Залуучуудыг хөгжүүлэхгүй, дэмжихгүй байна. Үргүй зардал их байгааг шүүмжилсэн. Нийтлэлийн дараа хүмүүсийн нүд орой дээрээ гарч, чих нь дэлдийсэн. Ингээд хурал хуй зохион байгуулж яваад Ерөнхийлөгч П.Очирбаттай хоёр дахин уулзсан. П.Очирбат гуай “Та нарыг Чилийн цэргийн хунт шиг юм хийж байна гэж яриад байсан, зөв ажил хийж байгаа залуус байна” гэж дэмжсэн. Энэ үед надтай Б.Галиндэв, Н.Жалбажав, Б.Бадарч, М.Борбаатар, Ш.Эрдэнэбаяр, Д.Мархаахүү нар санаа нийлж хамтран ажилладаг байлаа.

-Гүзээтэй хурандаа нар олширсон гэдэгтэй санал нийлэх үү?

-Офицер, ахлагч нар бие бялдрын өндөр шалгуур тавих ёстой. Армид бие бялдрын хувьд ямар түвшинд ямар байна, биеийн ерөнхий үзүүлэлтүүд нь ямар байгааг зургаан сар болоод шалгадаг. Хэрвээ шаардлага хангахгүй бол хугацаа өгдөг. Гурван сарын хугацаанд засаж чадахгүй бол “Та армид байх боломжгүй” гэж хэлээд явуулах ёстой. Энэ шаардлагыг ягштал баримталмаар. Ер нь одоо тайван цагт болохоос эцсийн эцэст эх орон дуудахад цэргийн амьдралд би ялах уу, чи ялах уу, хэн амьд үлдэх вэ гэдэг асуудал тулгарна. Тиймээс мэргэжлийн хувьд ч, бие бялдар, ёс суртахуун, оюун санаа аль алинаа бэлтгэгдэхгүй бол ялагдана. Магадгүй онцгой нөхцөл үүсэхэд шүхрээр буу гэвэл бууж таараа. Буудлага хий гэвэл хийх үүрэгтэй. Дарга гээд ард нь үлдэхгүй. Дарга хамгийн түрүүнд цагийн байдлыг үнэлж, шийдвэрээ гаргаад манлайлах учиртай. Өөрийнхөө гүзээг захирч чадахгүй бол бусдыг захирах тухай бодоод ч хэрэггүй. Дэлхийн аль ч оронд, тухайлбал, Хятадад цэргүүддээ асар өндөр шаардлага тавьдаг. Тэнд нэг ширхэг ч гүзээтэй дарга байхгүй. Япон, Солонгос, Америкийн арми бүгд адилхан.

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээр армийн нэр хүнд сэргэсэн гэж ойлгодог.

-2002 оноос Энхийг сахиулах ажиллагаанд оролцлоо. Гурван тивийн 11 оронд нийтдээ 18 000 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Үр дүнд нь цэрэг армид хандах нийгмийн хандлага өөр болсон. Одоо бол Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцоод нэрээ гаргачихлаа. Манай залуус ямар ч үүрэг биелүүлэх чадвартай, тэсвэр тэвчээртэй, зоригтой, авхаалжтай. Тухайлбал, Ирак, Афганистан улсад болсон халдлагын үеэр манай цэргүүд энэ чадвараа баталсан. Суданд болсон үйл явдалд монгол цэрэг манлайлж оролцсон. Намайг ЗХЖШ-ын даргаар ажиллаж байх үед анхны хоёр алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд явсан байсан. 2003 онд Ирак дахь ажиллагаанд манай Зэвсэгт хүчин нэгдсэн. “УАЗ-469” машин дотор элстэй шуудай хийн, хамгаалалт маягтай болгоод цэргүүдээ явуулахдаа өрөвдөж л байлаа. Зэвсэг муутай, техникүүд нь хуучирч элэгдсэн учраас дотроо сэтгэл зовниж суусан. Гэвч манайхан үүргээ сайн биелүүлсэн. Энэ нь зөвхөн цэргийнхэнд урам өгөхөөс гадна Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөсөн. Өнөөдөр монгол цэргийг авъя ажиллуулъя, энхийг сахиулах ажиллагаанд оролцуулъя гэсэн хүсэлт их байна. Бид өөрсдөө сургах, зэвсэглэл техникээр хангах асуудалд анхаарах ёстой болов уу. Мянганы сорилтын сангийн захирал, Элчин сайд Данилов хэлэхдээ “Мянганы сорилтын сангаас олгож байгаа буцалтгүй тусламж бол монгол цэргийн гавьяа” гэсэн.

-Энхийг сахиулах ажиллагаанд манай цэргүүд оролцох эхлэлийг та тавьсан гэсэн үг үү?

-Энхийг сахиулах ажиллагаанд орох асуудлыг анх хөндсөн хүмүүс нь сэтгүүлчид. 1980 оны дунд үед “Улаан-Од” сонинд анх эл асуудлыг хөндсөн байдаг Дараа нь ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ч.Пүрэвдорж генерал энэ талаар өгүүлэл бичсэн. Харин Иракт Монгол цэргийг үүрэг гүйцэтгүүлэх талаар тухайн үеийн төр засгийн удирдлага Батлан хамгаалахын сайд бид хоёрыг дуудан Америкийн тэргүүлсэн эвсэлд яаж туслах вэ гэж ярилцсан. Агаарын орон зайгаа ашиглуулж болох уу гэсэн. Ямар ч боломжгүй, хятад оросын дээгүүр гарна гэж байхгүй. Агаарын орон зай хоёр талаасаа хаалттай. Зэвсэг, техникээр туслах боломжгүй. Ингэж зөвлөлдсөөр 2003 онд цэргээ Иракт оруулсан. Иракт цэрэг оруулж, Америктай эвсээд ирэхээр Орос, Хятадын хандлага өөрчлөгдсөн. Оросууд манайхыг нэг хэсэг “хаячихсан”. Тэнд сургадаг хүний тоо цөөрч, зөвхөн Жанжин штабын академид нэг хүн сургахын тулд сард 1000 гаруй ам.доллар төлж байв. Улмаар сая шахам ам.долларын өрөнд орчихсон үе. Хятадын талаас ч гэсэн. Иракт цэргээ оруулсан нь манай цэрэг армийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхээс гадна олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүндийг өргөсөн том үйл явдал болсон юм.

-Зэвсэгт хүчинд маш том ололт байж дээ.

-2002 онд олон улсад ажиглагчаар явуулах гадаад хэлтэй цэргийн алба хаагч ховор байдаг байв. “Хааны эрэлд” сургуулийг уржнан жил зохион байгуулахад нь очлоо. Сургууль удирдах түвшний боловсон хүчин олон бэлтгэгджээ. Өөрөөр хэлбэл, олон улсын 10 гаруй мянган алба хаагч оролцож буй сургуулийг монгол офицер чадварлаг удирдаж байна. Манай цэргийнхэн Америкт 2–3 шатны сургууль төгсөхөөс гадна Япон, Турк зэрэг олон оронд офицеруудаа бэлтгэж байна. Сүүлийн жилүүдэд манайхан 20 гаруй оронд цэргийн бүх шатны сургуульд сурч буй. Хүнээ бэлтгэх тал дээр батлан хамгаалах салбар аль ч яамнаас илүү хөгжсөн. Бие бялдрын хувьд гологдохгүй. Энхийг сахиулах ажиллагаанд ихэвчлэн ахлагч нар явдаг. Энэ хүмүүсийг мэргэжлийн цэрэг гэж хэлнэ. Харьцангуй бие бялдрын хөгжил сайтай. Хэнээс дутахааргүй бэлтгэгдсэн. Иракт болсон халдлагын үеэр Г.Аззаяа цөмрөөд орж ирсэн дайсны жолоочийг анхны буудлагаар онож устгасан. Энэ бол бэлтгэгдсэний шинж.

-Генералын зангараг гэж юу юм бэ?

-Монголд жудагтай, эр хүн шиг, зангарагтай генерал олон. Сонсогч ахуйдаа хурандаа генерал Ж.Ёндонг шүтэж явлаа. Агуу жанжин байв. Намайг цэргийн сургуулийн гуравдугаар дамжаанд байхад генерал манай сургуулийн захирлаар ирсэн. Ж.Ёндон генерал цэргийн дарга ямар байх ёстойн үлгэр жишээг харуулсан. Асар өндөр мэдлэгтэй. Ажлаа ягштал хийдэг. Цэргийн төдийгүй урлаг, соёлын авьяастай, харилцааны соёлтой, их мэдрэмжтэй. Дараагийн үе нь хошууч генерал Р.Гаваа. Р.Гаваа генерал Ж.Ёндон генералын захиргаанд байсан хүн. Стиль нь үндсэндээ адилхан. Халуун сэтгэлтэй, ясны генерал. Цэрэгжилт, жагсаалч байдал, урлаг, спорт бүх зүйл нь жигдэрсэн. 1980-аад оны дунд үед англи хэлтэй хүн ховор байв. Тэр үед генерал Р.Гаваа, Г.Рагчаа, шинжлэх ухааны доктор, хурандаа Ш.Паламдорж нар МУИС-ийн англи хэлний дамжаанд сурсан байдаг. Ш.Жадамба, Ц.Дашзэвэг, Б.Шагдар нарын генерал оюунаараа манлайлж, цэргийн дарга ийм байх ёстой гэж биеэрээ үлгэрлэсэн. Намайг ЗХЖШ-ын даргаар очиход миний нэгдүгээр орлогч Б.Шагдар генерал байв. Бид үзэл бодол таарахгүй, санал зөрөлдөөд болдоггүй. Би шууд “Тантай ажиллахгүй, ажлаа өг” гэсэн. Манай хүн “Дарга тэгж байгаа бол би юу хэлэх вэ” гээд өргөдлөө өгсөн. 50 гаруйхан настай л байсан. ЗХУ-д Жанжин штабын академи төгссөн, Зүүнбаянгийн дивиз командалж явсан хүн. Парадыг хэчнээн жил сайхан командлав. Б.Шагдар генерал гоншигноогүй. Би маш их хүндэлсэн. Тиймээс би эргэж урьж, ЗХЖШ-ын Шинжлэх ухаан технологийн зөвлөлд хамтарч ажилласан. Манай хүн чамд гомдсон, эсвэл чамайг уучиллаа гэх ганц үг ч унагаагүй. Тийм сайхан. Эднээсээ бишгүй эрдэм сурсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ирээд 2009 оны долдугаар сарын 10 буюу наадмын урд өдөр ажлаа өг гэхэд нь би бас үг дуугүй биелүүлсэн. Одооны зарим улсыг харахаар нас сүүдэр нь болчхоод байхад яаж ийгээд алба хаагаад яваад байх сонирхолтой. Мөнхийн алба шиг санаад, ар өврөөр гүйгээд л би дарга, генерал болох ёстой гэх юм.

-Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай байх нь.

-Дуулна аа дуулна, ор тас хоосонгүй. Олонд хүрсэн алдартай шүлэг байхгүй ч өөртөө бичдэг. Хааяадаа сэтгэлээ хөглөчихдөг юм. Анги нэгтгэлд байхдаа концерт ч найруулж, хөтлөн, ханын сонин хийж, зурж явлаа.

-Монгол цэргийн нэгдсэн холбоо байгуулалцсан гэсэн. Энэ тухайгаа мэдээлэл өгөөч?

-2019 оны дөрөвдүгээр сард холбоогоо байгуулсан. Зургаан сараас нь үйл ажиллагаагаа идэвхжүүллээ. Оны босгон дээр ажлаа дүгнэхэд богино хугацаанд чамгүй зүйл хийж. Ялангуяа хууль хүчний байгууллагаас тэтгэвэрт гарсан 18 000 гаруй хүн бий. Тэдний 57 хувь нь 60 хүрээгүй эрэгтэй, 55 хүрээгүй эмэгтэй. Энэ хүмүүс ахмадын хөнгөлөлтөд хамрагддаггүй. Наад зах нь тэтгэвэртээ гарсан хэрнээ автобусанд мөнгөө төлж суудаг. Амралт сувилалд явсан ч хөнгөлөлт эдлэхгүй. Энэ чиглэлээр судалгаа хийсэн. Ялангуяа ахлагч нар анги нэгтгэл дамжиж томилогдсоор тэтгэвэртээ гарахдаа орон байргүй үлдэж байна. Энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэхээр Удирдлагын академитай хамтран цөөнгүй хүнийг сургалтад хамруулсан. Эхнээс нь 40 гаруй хүнийг ажилд оруулсан. Цэргийнхэн очсон газраа хариуцлагатай сайн ажилладаг. Зарим цэргийн байгууллага эмэгтэйчүүдийг жирэмсний амралттай байхад нь цолны нэмэгдлийг өгдөггүй байж. Үүнийг цэгцэлсэн. Улсын хэмжээнд эмэгтэй цэргийн алба хаагч, түрүүч нарын чуулга уулзалт зохион байгууллаа. Тэдэнтэйгээ залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх талаар ярилцсан. Эх орноо хөгжүүлье гэвэл хүн бүр зүтгэх учиртай. Шүүмжлэх амархан. Нэг ч гэсэн залуу тамхины ишээ хаяхгүй байхад сургая гэх зэргээр хэлэлцсэн. Үр дүнгээ өгсөн болов уу. Тэд өндөр сэтгэгдэлтэй үлдсэн. Өнгөрсөн зун “Шонхор” зусланг түшиглэн 1000 сурагчдад эх орон үзлийг төлөвшүүлэх сургалтыг зохион байгууллаа. Аль ч газар сахилга зохион байгуулалт хэрэгтэй. Энэ мэтээр манай холбооны ажил олонд танигдаж эхэлсэн. Хүмүүс их хандах боллоо. Зарим нь аавынхаа дурсамжийн номыг авчирч өгсөн. Одон медаль, байр сууц хүсэх хүн ч ирэх юм. Сэтгэл санаагаа нээж, асуудлаа ярьж ирэх хүн олширсон. Одоо манайхан дарга ирээд ямар үүрэг өгөх бол гэж хүлээдэг. Энэ нь надад урамтай байдаг. Өглөө зургаан цагт босоод интернэт орж дэлхий ертөнцөд юу болж байгааг уншдаг. Мессенжер, вайбераа шалгана. Зүгээр суух дургүй. Байнга бодож сэтгэхийг эрмэлздэг.

-Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Ярилцлагын төгсгөлийн үгийг танд үлдээе.

- Сэтгэлийн үгээ хэлэх завшаан олгосон та бүгдэд баярлалаа. Юуны өмнө намайг өдий зэрэгт хүргэсэн бүх хүн, тэр дундаа намайг хүмүүжүүлсэн захирагч дарга, багш нар, цэргийн хамт олон, жирийн бор цэргүүддээ баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхнийхээ төлөө би чадах бүхнээ хийх чин эрмэлзэлтэй байгаа шүү гэдгээ хэлэхэд таатай байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)