Ц.ТОВУУСҮРЭН: Хамтын шийдвэр гаргадаг учраас УИХ-д гишүүн бүр нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй

Улсын бага хурал болон УИХ (1992-1996)-ын гишүүн асан Ц.Товуусүрэнг “Хоймор”-тоо урилаа. Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан тэрбээр өнгөрсөн оны нэмэлт, өөрчлөлтийг боловсруулан, хэлэлцүүлэгт бэлтгэсэн дэд ажлын хэсгийг ахалсан юм. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дэх нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой, ярвигтай зүйл, заалтуудыг “дааж авсан” нэгэн.

-Үндсэн хуулийн өдрийг саяхан тэмдэглэлээ. Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг буюу “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” хэсэгт ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар ярилцлагаа эхэлье.

-Товчхондоо, гурван заалт өөрчлөгдсөн. Үндсэн хуулийн 57.2-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байсныг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” хэмээн тодотгосон юм. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 1993 онд баталсан. Гэхдээ хот, тосгоныг уг хуулийн дагуу зохион байгуулж чадалгүй өдий хүрсэн. Тухайлбал, аймгийн төвүүд хот байсныг бүгдийг нь сум болгосон. Мөн Дархан хотыг Дархан-Уул, Эрдэнэт хотыг Орхон, Чойр хотыг Говьсүмбэр аймаг болгох шийдвэрийг УИХ 1993 оны 32 дугаар тогтоолоор гаргасан. Манай Үндсэн хуулийн уг үзэл баримтлал нь хот, тосгоныг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүрээнд байгуулахаар байгаа юм. Сүүлийн 27 жилийн амьдралыг харвал Дархан, Эрдэнэт хот өөрийн газар нутаггүй шахам явж ирлээ. 

Тухайн хот засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тодорхой нэгжийн нутаг дэвсгэрт байршиж, улмаар тэндээ хувь нэмрээ оруулж байж оршин суугчдынхаа нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэх бололцоо бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймаг дахь Дархан хот байвал Дарханы оршин суугчдад эдэлбэр газар олгох эрх зүйн боломжтой гэсэн үг. Тэгвэл улсын зэрэглэлтэй хотын удирдлага оршин суугчдадаа төрийн үйлчилгээ үзүүлэх боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, Дархан хотын захирагч оршин суугчдадаа Засаг даргын, Зөвлөл нь ИТХ-ын хурлын адил үйлчилгээ үзүүлэх учиртай. Хөвсгөл, Сэлэнгэ аймагт олон тосгон бий. Мандал сумын Түнхэл тосгоны иргэдийн бүртгэлтэй холбоотой төрийн чиг үүргийг захирагч, Зөвлөлд нь өгөх ёстой. Хүүхэд төрөх, хүн нас барахад бүртгүүлэх гээд Мандал сум руу гуч, дөчин км давхидаггүй байх бололцоог уг нэмэлт, өөрчлөлт бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, хот, тосгоны оршин суугчид өөрсдийн сонгосон захирагч, Зөвлөлтэй байх юм. 

Цаашлаад Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар аймгийн төвийн сумдыг хотын статустай болгоно гэж харж байгаа. Аймгийн төвийг нь хотын эрх, үүрэгтэй болгоод, оршин суугчид нь захирагч, Зөвлөлөө сонгох бөгөөд тэдгээр нь сумдын гүйцэтгэж байгаа эрх, үүргийг хэрэгжүүлэх бололцоотой байх юм. Учрыг нь тайлбарлая. Аймгийн төвд аймгийн Засаг дарга, ИТХ, төвийн сумын ИТХ, Засаг даргаас гадна хотын захирагчийн ажлын алба гэж бий. Удирдлага нь ингэж давхардсанаас болж хэн нь юу хийх нь тодорхойгүй үлддэг. Жишээ нь, Орхон аймаг хоёр, гуравхан сумтай. Аймгийн төв Баян-Өндөр сумд нийт иргэнийх нь 90 гаруй хувь амьдардаг. Гэтэл тэнд Эрдэнэт хотын захирагчийн ажлын алба, Баян-Өндөр сумын Засаг дарга, ИТХ, Орхон аймгийн Засаг дарга, ИТХ ажиллаж байна. Энэ мэт давхардал арилна гэж найдаж байна.

-Хот гэж нэрлээд л бүх зүйл сайхан болчих юм шиг яриад байгаа нь итгэл үл төрүүлнэ. Багануур, Налайх дүүргийг нийслэлийн дагуул хот болгох гээд захирагчийг нь хүртэл сонгосон ч хөгжиж, өөрчлөгдсөн зүйл алга. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт амилж, бодитой хэрэгжих нөхцөл бий болов уу?

-Зөвхөн нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг дагалдан 200 гаруй хуульд “гар хүрэх” болов уу. Орон нутгийн ИТХ, Засаг даргын чиг үүргийг тусгаагүй хууль гэж бараг үгүй. Хуулиудад байгаа замбараагүй олон чиг үүрэг ч цэгцрэх байх. Налайх, Багануурын хувьд эрх зүйн зохицуулалт нь дутуу. Засаг дарга, захирагч, ИТХ-ын эрх, үүрэг нь зэрэгцэж яваад байсан учраас сүртэй сонгууль зохион байгуулснаас хэтрээгүй. Ядахдаа эрх, үүргийг нь шилжүүлэх зохицуулалт хийгээгүй шүү дээ. Дүүргийн ИТХ, Засаг даргын дэргэд гэнэт захирагч гараад ирэхээр түүнийг бараг л хог цэвэрлэдэг хүн гэж хараад байгаа юм. Хотын захирагч өргөн хүрээтэй үүрэг хүлээх ёстой л доо, уг нь.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болох нөгөө хоёр заалтыг тодруулахгүй юу?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхтэй холбоотой. 57.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн ИТХ, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэнэ” гэж байсан. Одоо зөвхөн иргэдийнх нь саналыг үндэслэн, Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, ИТХ-ын саналыг авахаа болино гэсэн үг. ИТХ нийт иргэний төлөөлөл болсон байгууллага тул давхар санал авах хэрэггүй юм гэж үзсэн хэрэг. Мөн ийм асуудлын талаар судалж, өргөн барих субъект нь тодорхойгүй байсан. Тиймээс Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэхээр тодотгосон. Ингэснээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхдөө шинжлэх ухааны үндэстэй, олон талаас нь тооцох боломж бүрдэнэ.

Гурав дахь өөрчлөлт буюу 59.2 нь үндсэндээ нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой. Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн ИТХ, баг, хороонд ИНХ байна гэх заалт бараг хэвээрээ байгаа. Харин ИТХ-ын хуралдааны чөлөөт цагт түүний тэргүүлэгчид нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, үүргийг эдэлж, хэрэгжүүлэхээр байсныг болиулсан. Өөрөөр хэлбэл, тэргүүлэгчдийг Үндсэн хуулийн субъект байлгахаас татгалзсан. Сүүлийн 27 жилийн хугацаанд ИТХ оршин байгаа, эсэх нь мэдэгдэхгүй шахам явж ирсэн гэхэд болно. Зарим аймаг, сумд ИТХ нь жилд ганц, хоёр удаа хуралдсан байх жишээтэй. Уг нь нийт иргэний төлөөлөл болсон байгууллага шүү дээ. Гэтэл тэргүүлэгчээр сонгогдсон цөөн хэдэн хүн хамаг шийдвэрийг гаргаж ирсэн. Төлөөлөгчид нь хийх ажилгүй болсон. Гэхдээ ИТХ тэргүүлэгчтэй байхыг нь үгүйсгээгүй. Мөн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлага хэрэгжүүлэх, татварын хувь, хэмжээ тогтоох эрхтэй байхаар хуульчилсан.

-Төсөв баталж, татвар тогтоох нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Орон нутагт төсөв, татвартай холбоотой эрх олговол парламентын бүрэн эрхэд халдана гэх шүүмжлэл хэлэлцүүлгийн үеэр гарч байсан шүү дээ.

-Мэдээж эдгээрийг хуулиар тогтооно. Гэхдээ орон нутгийн татвар гэж байх нь. Харин юу юу нь орон нутгийн татвар байх вэ гэдгийг УИХ тогтооно гэсэн үг. Тэр татварынхаа хувь, хэмжээг хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд баталж, мөрдүүлэх эрх ИТХ-д ирж байгаа юм. Тухайлбал, малын хөлийн татвар гэж бий. Одоог хүртэл үүнийг тогтоож чадахгүй л байна. Уг нь малчид татвар төлөхгүй гэдэггүй. Гэтэл малчдыг дандаа төрийн гар хардаг, тэтгэвэр, тэтгэмж, малынх нь тариа, өвс, тэжээлийг хүртэл бэлдэж өгдөг хэмээн шүүмжлэх нь бий. Одоо ИТХ хуулийн хязгаарыг харгалзан уг татварыг ялгамжтай тогтоох боломжтой. Жишээ нь, бог мал олонтой газар татварыг арай өөрөөр тогтоож болох юм. Сумдад өмч гэхээр зүйл бараг үгүй. Сүүлийн үед л суурь дэд бүтэц тавьж эхэлсэнтэй холбоотойгоор өмчтэй болж байна шүү дээ. Одоо өмчөө яаж бүртгэх вэ. Дулааны шугам, сүлжээ татчихаад сумын Засаг дарга засварыг нь хийх гээд зогсож байж таарахгүй. Тиймээс төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж бий болгоод, тэр нь хураамж, төлбөр цуглуулж, хүрэлцэхгүй бол төсвөөс зохих нэмэгдлээ авч, засвар, үйлчилгээг нь хариуцаад явах ёстой. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болохоор тодотгосон. Энд дэд бүтцийн хөгжил, хүн амын тоо, эдийн засгийн чадавх зэргээс гадна хил хамгаалах, үндэсний аюулгүй байдлын бодлогоо ч харгалзах ёстой. Энэ бол маш чухал. 5000-аас доош хүн амтай сум өөрөө өөрийгөө аваад явах бололцоо муутай гэж судлаачид хэлдэг ч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хамаагүй, бодлогогүй цомхотгож, нэгтгэж, нийлүүлж болохгүй. Цөөн хүн ам нь асар том газар нутагт тархан байршдаг нь Монголын онцлог. Хилээ эзгүйдүүлж болохгүй. Хилийн сумдыг хүн цөөнтэй гээд давын өмнө өөр сумтай нэгтгэж болохгүй.

-Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажилладаг учраас танд ажлын хэсэг хариуцуулсан юм болов уу?

-УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Нийгмийн бодлогын байнгын хорооны идэвхтэй гишүүн байсан. Одоо ч тэр чиглэлээр бичдэг. 1992 онд Үндсэн хууль батлахад “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” бүлгийг хэлэлцэх, улмаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэлэлцүүлэх, хотуудыг татан буулгаж, шинэ аймаг байгуулах талаар хэлэлцэхэд идэвхтэй оролцож байлаа. Тэрийг Лүндээ (Д.Лүндээжанцан) гишүүн л мэдэх байх даа. Тухайн үеийн гишүүд туршлага багатайн дээр хуучин тогтолцооны инерцээр гаргасан тэр шийдвэрийг өнөөдөр буруу гэж хэлэхэд хэцүү. Харин одоо Дархан-Уул, Орхон хот болоод ирэнгүүт олон асуудал тулгарна. Жишээ нь, сумын багш нарт л нэмэгдэл өгдөг. Мэдээж үүнийг шийдээд л явна.

-УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт удахгүй тодорхой болно. Одоо хэлэлцэж буй төслийн хүрээнд хөдөөнөөс хавьгүй олон гишүүн сонгогдохоор байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Мандат хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг яг адилхан авч үзэх хэрэгтэй. Одоогийн ярьж байгаа хувилбарт дээрх хүчин зүйлүүдийг адил тэнцүү тусгаж чадаагүй. 1992 оны сонгуулийг одоогийнхтой адил буюу томсгосон мажоритар хувилбараар явуулахдаа хөдөөд 50, нийслэлд 26 мандат хуваарилсан. Энэ хувилбар тухайн үедээ л тохирч байсан. Тэр үед нийслэлийн хүн ам ийм олон байсангүй. Гэхдээ дахиад хэлье. Хилийн сумын иргэний төлөөлөл ч парламентад шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт хүн амын тал нь оршин сууж байна гээд 76 мандатаа хот, хөдөөд тэнцүү хуваах ёстой гэвэл бас тийм биш. Магадгүй хөдөөд хотоос бага зэрэг илүү мандат хуваарилах ёстой болов уу. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр нь харвал Улаанбаатар хэдий хэмжээний газар нутаг дээр байгаа билээ. Тиймээс Улаанбаатараас арай цөөн гишүүн сонгогдож болно.

-Та анхны ардчилсан, байнгын ажиллагаатай анхны парламентын гишүүн. Хууль тогтоох байгууллагын бараг 30 жилийн дараах төлөвшлийг хэрхэн үнэлдэг вэ?

-Шүүмжлэлтэй хандах зүйл бишгүй. Гэхдээ улс орон маань хөгжсөн. Энэ бол үе үеийн УИХ, Засгийн газрын хийсэн ажлын үр дүн. Өнгөрсөн хугацаанд маргалдаад, тэр нь үймээн, самуунд хүрсэн бол бид хөгжих үү. Харах нь ээ, манай парламентын үйл ажиллагааны хөгжил түрүүлчихсэн нь эргээд муу үр дагавартай байх шиг. Тухайлбал, аливаа хууль, тогтоолын төсөл хэлэлцэхдээ зарчмын зөрүүтэй саналуудын хүрээнд ярилцаж байгаа. Бидний үед хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, тэндээсээ зарчмын зөрүүтэй саналаа тодруулсны дараа санал хураадаг байсан. Одоо бол нэг төсөл өргөн бариад, ажлын хэсэг, байнгын хорооны түвшинд гарсан зарчмын зөрүүтэй саналуудаа хураагаад л баталдаг болсон. Уг нь ядахдаа аль нэг хэлэлцүүлгийн шатанд зүйл зүйлээр нь харчих ёстой. Үүнийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгамаар байгаа юм. УИХ-ын хуралдааны өнөөгийн дэг хууль, тогтоомжийн чанарт нөлөөлж байх талтай. Наад зах нь Үндсэн хуулийн цэцэд хэдэн хууль очив, Ерөнхийлөгч хэдэн хуульд хориг тавив гэдгээс л чанар нь харагдана.

УИХ гэж ер нь ямар байгууллага юм бэ. Тэнд хэдийгээр өөр өөр үзэл бодолтой хүмүүс байгаа ч сайтар ярилцаж, хэлэлцэж, цөөнхөө сайн сонсох ёстой. Цөөнх дандаа буруу санал дэвшүүлдэггүй гэдэгт би итгэдэг. Цөөнхийн зөв саналыг сайн хэлэлцээд, дэмжих ёстой. Мэдээж олонхын бодлоготой нийцэхгүй бол саналаа хураагаад л шийднэ биз. Нөгөө талаас парламент хамтын шийдвэр гаргадаг. Сайн, муугаа ярилцаж, нэг шийдвэр баталчихаад танхимаас гарав уу, үгүй юү “Би тийм бодолтой байгаагүй. Би дэмжээгүй, санал өгөөгүй” гэж ярих гишүүн олон байна. Парламентын гишүүн мөн үү, биш үү, тэр хүн. Парламент хамтын шийдвэр гаргадаг байгууллага учраас гишүүн бүр хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хувь гишүүний дэл сул яриа ард түмнийг төөрөгдүүлэхээс цаашгүй.

Үүнээс гадна улс төрийн намын нөлөө асар их болсон. Ердөө сумд гэхэд ИТХ-д намын бүлэг байгуулж байгаа нь зохимжгүй. Дээд түвшиндээ төрийн бодлого, шийдвэрт нам оролцдог, нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Харин нутгийн өөрөө удирдах байгууллага бол өөр. Намын биш, иргэдийн төлөөлөл цуглаад, нутаг орныхоо амьдралыг ярьж байна гэж ойлгох хэрэгтэй. Цаашид дагалдах хуулиудыг боловсруулахдаа үүнийг анхаарах хэрэгтэй.

-Ер нь эрх барьж байгаа нам бодлого, шийдвэрээ УИХ-д тулгадаг болчихлоо шүү дээ.

-Өнөөдөр эрх барьж байгаа Ардын намаар жишээ авъя. Тус намын Удирдах зөвлөл нь парламентын нэгж биш. УИХ дахь намын бүлэг намын байрандаа хуралдах нь ёс бус зүйл. Парламентын ордонд аль нэг намын шийдвэр гаргах байгууллага хуралдах нь ч ёс бус. Нам үйл ажиллагаагаа байрандаа л явуулах ёстой. Ер нь намын удирдах байгууллага, дарга хийгээд парламент дахь бүлгийн харилцааг дүрмээр зохицуулах ёстой. Магадгүй хуульчилж ч болох байх. Удирдах зөвлөлийн түвшинд шийдсэнээ манай намын бодлого гэж парламент дахь бүлэгтээ тулгах нь буруу. Чиглэл өгөхийг үгүйсгэхгүй. Хойч үе маань ухаантай байж, алдаа, дутагдлаа залруулаад явах байлгүй дээ. Ер нь нэг далайлтаар бүх зүйл сайхан болчихгүй. 1992 онд ардчилсан Үндсэн хууль батлаад бүх зүйл сайхан болсон уу гэвэл бас үгүй. Цаг хугацаа, амьдралын шалгуурыг туулаад л явж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу маш олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Одоогийн парламент сонгуулиас өмнө шаардлагатай зарим цөөн хуулийг батлах байх. 2020 оны сонгуулиар бүрдэх УИХ-ын өмнө энэ бүх ажил ирэх нь тодорхой. 1992-1996 оны парламент ч нийгмийн харилцааг бүхэлд нь шинэчлэх маш олон хууль баталсан. Тиймээс дараагийн парламентын гишүүдэд та юу хэлэх вэ?

-Маш чухал ажил тэдний өмнө үлдэнэ. Тиймээс туйлын завгүй парламент байх болов уу. 1992-1996 онд бид гэртээ харих завгүй ажиллаж байлаа. Ням гарагт ч амардаггүй. Тэр үед ажлын зургаан өдөртэй, бямба гарагт хагас ажиллах ёстой ч орой болтол ордноос гарахгүй. Тиймээс нөхцөл байдлыг ухамсарлаж, хариуцлагатай хандах ёстой. Өнөөдрийнх шиг хуралдаан цагтаа эхэлдэггүй, ирц бүрддэггүй гэх мэт хуучин парламентын муу зүйлсийг битгий дуурайгаарай.

-Таныг гишүүн байхад байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан товлосон цагтаа л эхэлдэг байсан уу?

-Тэгэлгүй яах вэ, цагтаа эхэлдэггүй, ирц хүрдэггүй хуралдаан гэж бараг байсангүй. Сүүлд намуудын үүрэг парламентад хэт их болсноос үүдэж бойкот, завсарлага гэх мэт тааруухан үзэгдэл газар авсан. Завсарлага авах шаардлага байхыг үгүйсгэхгүй ч тав хүртэл хоногоор өгдөг нь буруу. Нэг өдрийн дотор хэлэлцэж, ярилцъя гэвэл амжина шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)