Ц.Пүрэвдорж: Цагдаагийнхан 5 настай хүүхэд, 70 настай ээжийг минь "барьцаалж" надаас мөнгө нэхэж байна

Иргэн Ц.Пүрэвдорж өнөөдөр сэтгүүлчдэд хандан, Монголын цагдаа энгийн иргэнд бүртгэлгүй хэргийг хэрхэн тулгаж, эрүүдэн, гэр бүлээр нь дарамталж, айлган сүрдүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Намайг Ц.Пүрэвдорж гэдэг. Хувиараа бичил бизнес эрхэлдэг. 2019 оны аравдугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн цагдаагийн I хэлтсийн хошууч Б намайг гэнэт баривчилсан. Учрыг нь лавлахад "Чамд залилангаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж хэлсэн хэрнээ надтай хэргээ огт танилцуулахгүй байгаа нь хэрэг үүсгээгүй гэсэн үг. Иймээс үүсгээгүй хэргээ үүсгэсэн мэтээр дарамталж, ялын тогтоолтой ялтан шиг харьцаж байна. Ингэхдээ өмнөө сөхрүүлж суулгачихаад хүчээр хэрэг тулгах гэж оролдсон. Би иргэн Д-тэй хоёр сая төгрөгийн санхүүгийн маргаантай байгаа. Тэр хүн танилын хүрээгээ ашиглан намайг залилангийн гэмт хэрэгтэн болгох гэж оролдож байна хэмээн хардаж байна. Өөрөөр хэлбэл, хошууч Б гэх эрхэм намайг дарамталсаар байгаад зургаан сая төгрөгийн өртэй гэдэг бичиг дээр хүчээр гарын үсэг зуруулсан. 

Үүнээс гадна гэр бүлийг минь хамт дарамталж байна. Регистрийн дугаараар бүх мэдээллийг минь харангуутаа "Чи чинь айлын ганц хүүхэд юм байна. 70 настай ээжтэй, таван настай хүүхэдтэй учир чиний хойноос хэн ч явахгүй юм байна. Одоо чамайг Ганц худагт хорино. Хэрэв хоригдохыг хүсэхгүй байвал бичиг дээр гарын үсэг зур" гэсэн. Би аргагүйн эрхэнд тус бүр зургаан сая төгрөгийн өртэй гэсэн дөрвөн ширхэг бичиг дээр гарын үсэг зурж байж суллагдсан. Хэрэг үүгээр дуусахгүй, намайг өдөрт гурван удаа ирж мэдүүлэг өгөхийг шаарддаг. Сүүлдээ өрөө төлж чадахгүй бол бизнесийн хувиас авна гэж шаардсан. 

Тус цагдаагийн үйлдэл хэрээс хэтэрч эхнэрийг минь дуудаад "Танай нөхрийг залилангийн хэргээр шүүнэ. Чи таван настай хүүхэдтэйгээ үлдлээ. Хүүхдийн чинь ирээдүй ингээд сөнөлөө. Нэхээд байгаа мөнгийг нь өг" гэсэн бол дараа нь ээжийг минь дуудаж байна. Аргаа бараад НЦГ-т гомдол гаргасан. Яагаад таван настай хүүхдийн минь ирээдүй, 70 настай ээжийг минь "барьцаалж" надаас мөнгө нэхэж байгаа юм бэ. Нийслэлийн цагдаагийн газарт гомдол гаргаад удаагүй байхад хошууч Б над руу залгаж "Өргөдлөө буцааж тат. Надтай уулз" гэсэн. Иргэний гомдлын дагуу шалгах ёстой байтал шалгаж байгаа цагдаад нь очоод хэлж байгаа нь цагдаагийн байгууллага мафижсаны шинж. Би гомдолтой байна. Тиймээс эцсээ хүртэл тэмцэнэ. Надад айх зүйл алга" хэмээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)