Ц.Оюунчимэг олон улсын тэмцээнд түрүүлэв

Австрали улсад болсон хүндийг өргөлтийн ахмадын олон улсын тэмцээнд Ц.Оюунчимэг түрүүлжээ. Дэлхийн цомын тав, дөрвөн жилд нэг болдог дэлхийн наадмын хоёр түрүүтэй тэрбээр 23 орны 422 тамирчин хүч сорьсон тэмцээний эмэгтэйчүүдийн +87 кг-д алтан медаль хүртсэн юм. ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө медальтай Ц.Оюунчимэг дэлхийн дээд амжилтыг 14, Азийнхыг 23 удаа шинэчлэн, өдгөө эзэмшдэг. 

Нас бол тоо гэдгийг амжилтаараа баталж яваа Ц.Оюунчимэг нэлээд хожим буюу 2011 онд тэтгэвэрт гарсныхаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөснөөр хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн юм. 49 насандаа эл спортод хөл тавьсан тэрбээр дараа жил нь анхныхаа олон улсын тэмцээн болох ДАШТ-д оролцохдоо дэд аварга болж амжилтынхаа жимийг гаргажээ. Тэгэхдээ дэлхийн долоон удаагийн аварга Сара Смитээс ганцхан кг дутуу буюу огцом шахалтаар 53, түлхэлттэй өргөлтөөр 65 кг өргөсөн юм. Улмаар 2013 оны ДАШТ-д түрүүлэхдээ өнөөх тамирчнаас 11 кг-аар илүү өргөн, есөн жилийн турш шинэчлэгдээгүй байсан дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулж, 148 болгожээ.

Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин тэрбээр одоогоор ДАШТ-ий дээд амжилтыг нийлбэрээр 138, гран пригийнхийг 151, Азийн АШТ-ийг 131 кг-аар тус тус эзэмшиж байна. Азийн ахмадын наадамд түрүүлсэн Монголын анхны туйванч түүнд гран при ангиллын тэмцээний дөрвөн алтан медаль, мөн тооны аваргын цом бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)