Ц.ОТГОНТӨГС: “Алдар”-ыг түшиж, армид хөл тавьснаа алдаагүй сонголт гэж боддог

“Алдар” спорт хорооны тамирчин, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагч Ц.Отгонтөгс чөлөөт бөхөөр амжилт гаргасан тамирчдын нэг. Түүнийг тус спорт хороонд хөл тавьсан цагаас бөхийн хорхойтнууд барилдааныг нь сонирхон үзэж, Цэндхүүгийн бус, “Алдар”-ын Отгонтөгс хэмээн ярьдаг болсон гэдэг. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д 12 удаа өрсөлдөхдөө эхний гурван байрт жагсдаг байсан тэрбээр өдгөө гийрээр хичээллэж, чамгүй амжилт гаргаж яваа. Өнгөрсөн сард Дэлхийн гийрийн спортын холбооноос зохион байгуулсан цахим ДАШТ-д амжилттай оролцож, аварга болсон түүнийг “Хүмүүс” буландаа урилаа.
-Таныг “Алдар”-ын тамирчин байх үеэс мэднэ. Чөлөөт бөхөөс зодог тайлаад гийрийн спортод хөл тавьсан уу?

-Би одоо Зэвсэгт хүчний 350 дугаар ангид ариун цэврийн зааварлагчаар ажилладаг. Чөлөөт бөхөөс зодог тайлаад найман жил болж байна. Монголын гийрийн спортын холбооны тэргүүн, самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин Г.Үүрцолмон манай ангийн алба хаагчдад өнгөрсөн сард Дэлхийн гийрийн спортын холбооноос зохион байгуулсан цахим ДАШТ-д өрсөлдөхийг санал болгосон юм. Миний хувьд эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөн, 16 кг-ын туухайг 10 минутад 140 удаа өргөж аварга боллоо. Хүчний байгууллагын алба хаагчид ажлынхаа онцлогоос хамаараад туухайгаар түлхүү хичээллэдэг. Чөлөөт бөхөөр барилддаг байсан надад энэ спорт дөхөм санагдсан. Дэвжээнд өдөр бүр бэлтгэл хийхгүй байгаа энэ үед гийрээр хичээллэх нь тамирчдад нэг талаар хүчний бэлтгэл болж байна.

-Дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нар спорт хороондоо чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн багийг анх бүрдүүлэхэд Х.Намшир багшийн хэдэн шавь ирсэн гэдэг. Тэдний нэг нь та байх аа?

-Тийм ээ. “Алдар” спорт хорооны анхны тамирчдын нэг. Намайг тамирчин байхад бөхийн спортынхон “Алдар”-ын Отгоо гэж дууддаг байлаа. Гавьяат дасгалжуулагч Х.Намшир багшийн шавь нараас “Алдар” спорт хороонд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн баг бүрдүүлэх гэж хоёр багш минь нэлээд судалсан гэдэг. Тэндээс Д.Батцэцэг, М.Мөнххишиг эгч бид гурав 2003 оны сүүлчээр энэ хорооны босгоор алхсан. 2004 онд насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн минь “Алдар”-т хөл тавиад хүртсэн анхны алтан медаль байв. Манай хоёр багш төрсөн ах, дүү. Тамирчдынхаа сэтгэл зүйтэй аль болох ойр байж, алдаа дутагдал, амжилтынх нь талаар ярилцдаг байв. Тухайлбал, “Чи одоо ингэж барилд, тийм мэх сурах хэрэгтэй. Барилдаанаас тань алдаа харагдаад байна, хойшид давтахгүйн тулд дутагдлаа зас” гэж зөвлөнө. Тэдний бэлтгэл хийлгэх арга барил өөр. Ц.Цогтбаяр багш тамирчдаа хэвтээгээс барилдахыг, харин Ц.Хосбаяр нь этэх, шидэх, өмсөх мэх голдуу заадаг. Тэр жил биднийг багаараа түрүүлэхэд багш нар минь их баярласан. “Алдар”-ыг түшиж, армид хөл тавьснаа алдаагүй сонголт гэж боддог. Хэрвээ энэ том айлыг түшээгүй бол армийн алба хаагчдын нэг болохгүй байх байлаа. Спортын карьер богино. Тэр дундаа бөх, хүчний спортод тамирчин хүн залуудаа амжилт гаргадаг. Би бэлтгэл, сургуулилалт гэж явсаар их, дээд сургуульд сураагүй.

ТАМИРЧНЫ АМЬДРАЛ НАДАД АМАР БАЙГААГҮЙ

-Завханы Түдэвтэй сумаас ахдаа хөтлүүлж ирээд, тамирчин болж байсан гэл үү?

-Чөлөөт бөхөөр үеийнхнээсээ хожуу хичээллэсэн. Манай ах бөхийн спортод дуртай. Үндэсний бөхөөр барилддаг байсан тул намайг чөлөөтөөр хичээллэ гэж их ятгасан. 2000 онд ах хот руу намайг дагуулж ирээд Х.Намшир багшийн шавь болгосноор тамирчин болох гараагаа эхлүүлж байв. Тэр үед Д.Батцэцэг, Ю.Гандолгор гээд УАШТ-ээс медаль хүртчихсэн туршлагатай эгч нартай бэлтгэл хийсэн. Хэцүү санагддаг спортоороо хичээллэх тусам дуртай болж, зааландаа яаран ирдэг болов. Хэдэн сар бэлтгэл хийж, Төмөр замын коллежийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд оролцлоо. Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн эгч ОУХМ О.Мягмарсүрэн, Д.Батцэцэг нартай нэг бүсэд барилдсан. Бэлтгэлийн заалнаас холдож үзээгүй шахам би том тэмцээний дэвжээнд гараад их сандарч билээ. Д.Батцэцэг эгч дэвжээнд намайг хэд эргүүлээд л цэвэр хожчихов. Тэгсэн толгой эргэж, нүд эрээлжлээд явчихлаа. Бүдэрч унахгүйн тулд түүний гараас тас зуураад дэвжээнээс буусан хөгжилтэй дурсамж бий. Миний үед нэг жинд 10 гаруй тамирчин өрсөлддөг байлаа. Шилдгүүдийг дэвжээнд ялна гэдэг хэцүү. Тэр тэмцээнээс хүртсэн анхны хүрэл медаль минь араасаа олон шагнал дагуулсан. Түүнээс хойш УАШТ-д 12 удаа өрсөлдөхдөө эхний гурван байрт жагсдаг боллоо. Надтай хамт барилддаг эмэгтэй тамирчид спортын төлөө явсаар хожуу гэрлэсэн. Тэд одоо гэр бүлийнхээ амьдралд анхаарал хандуулаад завгүй яваа. Би ч гэсэн тэдний жишгээр хожуу гэрлэж, хүүтэй болсон. Ирэх намар хоёрдугаар ангид орно.

-Таныг барилддаг байхад юм юм хэцүүхэн байлаа. Тэр үед чөлөөт бөхийн тамирчид зардал мөнгөний асуудлаас болоод гадаадын томоохон тэмцээнд оролцож чадахгүй өнжсөн гэдэг.

-Тамирчин байхдаа гадаадын тэмцээнд ховор оролцсон. Бидэнд тэмцээнд оролцох зардал байтугай автобусны мөнгө олдохгүй, алхах үе бишгүй гарна. Нуулгүй хэлэхэд “Алдар” спорт хорооны босгоор алхаж, цалин анх авч үзсэн. Тийм л хүндхэн үед бидний үеийн тамирчдаас сэтгэлтэй нь дэвжээндээ үлдэж, шантарсан нь зам мөрөө хөөсөн. Бид бор зүрхээрээ зүтгэж, олсон хэдэн төгрөгөө өөртөө наахаас илүү тэмцээний зардалд зориулдаг байв. Тууштай хичээллэсэн бол амжилтад хүрэх байсан олон тамирчин гэр бүлийнхэн нь дэмжээгүйн улмаас спортоо орхисон. Тэр үед тамирчны амьдрал надад ч амар байгаагүй ээ. Товчхон хэлбэл, тэвчээр шалгасан том сорил байлаа. Бидний үеийг бодвол Монголд одоо спорт хөгжиж, тамирчдаа олон талаас нь дэмждэг болжээ. Намайг ээж, ах минь дэмжиж, мөнгө, хоол хүнсээр таслахгүй залгуулсны хүчинд дэвжээндээ үлдсэн.

ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРААД ХЭЦҮҮ БҮХНЭЭ МАРТДАГ

-Халширч, шантарсан үедээ “За одоо больё, замаа хөөе” гэж боддог байв уу?

-Бүтэн жил бэлтгэл хийчихээд зардалгүйн улмаас гадаадын тэмцээнд оролцож чадахгүй үлдчихнэ. Тийм үед “Өнөөдөр бэлтгэлээ хийчихээд явна” гээд гардаг ч маргааш нь зааландаа цүнхээ үүрээд ирдэг байлаа. Хэцүү санагдсан бүхнээ дэвжээн дээр гараад мартдаг байсан. Хэдий хэцүү зам туулсан ч тамирчны амьдрал минь надад бэрхшээлийг ялан дийлэх зориг төрүүлдэг байв. Бидний үеийнхэн Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар нарын уран барилдаанаас үлгэр дуурайл авдаг байлаа. Бөхийн дэвжээнд спортын зовлон, жаргалыг мэдрэхдээ баярлаж гуньсан, урам авч урагшилсан үе бишгүй бий. УИХ-ын гишүүн, асан Ш.Сайхансамбуугийн “SS club”-т 2002 онд чөлөөт бөх, хүндийг өргөлтийн тамирчдын бэлтгэл хийдэг “Нарантуул” спорт цогцолбор байсан юм. Манай чөлөөтийн тамирчид автобусаар явж, Сүхбаатарын талбайн буудалд буугаад Энхтайвны гүүр давж алхана. Бэлтгэлээ тараад 120 мянгатын буудлаас буцаад талбай руу алхана. Тэр үед хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн бид ядарснаа ч мэдэхгүй зүтгэдэг байж. Намайг 63 кг-ын жинд барилдахад хамгийн хүчтэй өрсөлдөгч Д.Батцэцэг эгч, О.Мягмарсүрэн, Г.Наранчимэг нар байлаа. Баянхонгор аймгийн харьяат, Ази тивийн аварга, Д.Нармандах энэ жинд барилдаж, амжилт гарган Гавьяат тамирчин цол хүртсэн. Манай жингээс төрсөн гавьяат гээд бид их хүндэлдэг юм. Сүүлд энэ жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг барилдаж дэлхийн аварга болсон шүү дээ.

-Зодог тайлахад багш нар тань дуртай байгаагүй л болов уу. Тухайн үед та туслах дасгалжуулагчаар ажиллаж, тэмцээн хүртэл шүүдэг байсан санагдана. “Алдар”-таа үлдэж болоогүй юм уу?

-2012 оны спартакиадад оролцсоныхоо дараа хоёр багшдаа “Би спортын карьераа өндөрлүүлж, амьдралаа бодох цаг боллоо. Нас ч явлаа, үр хүүхэдтэй ч болъё” гэж хэлсэн. Тухайн үед багш нартаа туслаад шүүгчээр ажиллахын хажуугаар өсвөрийн тамирчдыг бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулдаг байв. Тэр жил манай чөлөөтийн тамирчид насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, залуучуудынхаас мөнгө, өсвөрийн насныхаас хүрэл медаль хүртэж, багаараа түрүүлсэн юм. Тэмцээний үеэр хурандаа Д.Цог-Эрдэнэ таарч “Чамайг Зэвсэгт хүчний 350 дугаар ангидаа авъя” гэж санал тавьснаар энэ ангийн харьяат болсон. Спортод сэтгэлтэй хүмүүсийн ачаар армийн алба хаагч болсондоо баярладаг юм. Хурандаа Д.Цог-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Гавьяат тамирчин, дасгалжуулагч Г.Үүрцолмон нар гийрийн спортыг дэмжиж, Зэвсэгт хүчний анги салбаруудын албан хаагчдыг туухайгаар хичээллүүлж, аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Миний хувьд тэмцээнд амжилттай оролцож, медаль цөөнгүй хүртлээ.

САЙН БАГШ НАРЫН АЧААР СПОРТЫН ЗАМНАЛАА ЗӨВ ЭХЛҮҮЛСЭН

-Тамирчин хүний давуу тал олон зүйл дээр харагддаг. Наад зах нь бие, сэтгэл зүйн хувьд хатуужил тэвчээртэй болдог шүү дээ.

-Зэвсэгт хүчний 350 дугаар ангид анх ирчихээд цэргийн алба хаагчдын дэг журам, амьдралыг мэддэггүй байлаа. Дарга нарыг нь цолоор ялгахгүй, эхэндээ их будилсан. Хэдэн сарын дараа алба хаагчдаа цол, хэргэм зэргээр нь таньдаг болж, уралдаан, тэмцээнд хамт оролцсоор байгаад дотно нөхөрлөсөн. Одоо манай ангийн алба хаагчид гийрийн тэмцээнд амжилттай оролцож, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийнхантай эн тэнцүү өрсөлддөг. Надад чөлөөт бөхийн дэвжээнээс хүртсэн 80 гаруй медаль бий. Сүүлийн үед гийрийн тэмцээнээс хүртсэн шагнал нэмэгдэж байгаа. Спортоор хичээллэсэн хүн заавал олимп, дэлхийн аварга болох албагүй, өөрийгөө хөгжүүлж, зөв төлөвших нь чухал. Аливаа зүйлд тууштай, тэвчээртэй, сэтгэлийн хаттай байлгахын тулд хүүхдийг багаас нь өөрийнх нь дуртай спортоор хичээллүүлэх нь зөв юм.

-Өөрийгөө чөлөөт бөхөөр хэр өөрчилж чадсан бэ?

-Спорттой нөхөрлөсөн хүн муу явж байгааг би лав сонсоогүй. Өмнөх Отгонтөгсийг өөрчилж, өнөөгийн хатуужил тэвчээрт суралцсан Отгонтөгс болгож чадсан. Тэмцээнд гаргасан амжилтыг минь спортын хүрээнийхнээс гадна нутгийн зон олон мэддэг. Хаана ч яваад очсон спортын салбарынхан танина. Саяхан манай ангид нэг охин ажилд орлоо. Намайг харчихаад “Би таныг хүүхэд байхаасаа мэднэ. “Алдар” спорт хороонд байхдаа та өсвөрийн тамирчдыг тэмцээнд оролцуулдаг байсан” гэдэг байгаа. Би бөхийн спортын сууриа анх жүдогоор эхлүүлсэн. Хоёр жил хичээллээд чөлөөтөөр барилдсан. Сайн багш нарын удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэж, амжилт гаргасандаа талархдаг. Багш нар минь бидэнд бөхийн спортын суурийг маш сайн тавьж өгсний ачаар спортын замналаа зөв эхлүүлсэн. Хожим туухайгаар хичээллэх явцдаа биедээ эерэг өөрчлөлт гарч байгааг мэдэрсэн юм. 

Нуруу, бөөр, давсаг өвддөг хүмүүс энэ спортоор хичээллэж, эрүүл болж байгааг харлаа. Ямар ч насны хүн хичээллэж болдог спортын төрөлд туухай багтдаг. Нас хязгаарладаггүй тул хүүхэд, залуус хичээллэхэд хамгийн тохиромжтой. Тулааны спортын тамирчид гийртэй нөхөрлөж, амжилт гаргадаг болсон байна. Спортын хэрэгслээс хамгийн бат бөх, урт настай нь туухай. Тиймээс үе уламжлан үр хүүхдүүддээ өвлүүлж болдог давуу талтай. Туухайгаар хичээллэсэн хүмүүс хөдөлгөөний дутагдалд орохгүй, жин нэмэхгүй, эрч хүчтэй, идэвхтэй, сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг бодолтой амьдардаг. Ажиглаж байхад спортоор хичээллэсэн хүн өөртөө арчаатай байхаас гадна эрхэлсэн ажилдаа үүрэг, хариуцлагатай ханддаг. Тэсвэр хатуужлаас багагүй суралцдаг болохоор аливаа зүйлд амархан шантардаггүй. Зан чанарын хувьд ч эерэг хандлагатай болж төлөвшдөг. Би бөхийн спортоор хичээллэж өөрийгөө олон талаар хөгжүүлсэн. Тэр дундаа аливаа зүйлийг эхлүүлсэн бол дундаас нь буцахгүй үр дүнг нь заавал харах дуртай. 

Энэ ташрамд, “Алдар” спорт хорооны багш дасгалжуулагч, үе үеийн тамирчдад болон хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн I ротын алба хаагчдад, мөн тус ротын дарга Б.Цээноров, Г.Алтанхуяг нарт баярлаж явдгаа уламжилъя.