Ц.ОДБАЯР: Сэжигч хүн энэ ажлыг хийж чадахгүй

ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн музейд орших, олон амьтны хэлхсэн ясны доор Ц.Одбаяр хэмээх нэр харагдана. Тэрбээр Монголд амьтны яс хэлхэн, биет үзмэр хийж, оюуны өмчийн гэрчилгээ авсан ганц амьтан судлаач. Үзмэрээ хэрхэн бүтээдэг талаар түүнтэй ярилцлаа.

-Та амьтны яс хэлхэж, биет үзмэр хийх аргыг хэрхэн сурав?

-Хүүхэд байхдаа биологийн хичээлдээ сонирхолтой байлаа. Хоёр настайдаа ээжийнхээ алган дээр атга дүүрэн бор цох тавьж байсан гэдэг. Авга ах геологич мэргэжилтэй. Би хаана ч явсан гоё чулуу таарвал түүнд өгөхөөр халаасандаа хийчихнэ. Тэрбээр намайг өөрийнхөө мэргэжлийг өвлөх хүн хэмээдэг байсан сан. Их сургуульд орохдоо амьтан судлаач болно гэж бодсон ч хүссэн ангиа авч чадаагүй. Гэсэн ч шантралгүй өөр арга олж, I курсээ онц төгсөн ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд биологич мэргэжлээр суралцсан. Тэр үед биднээр амьтан задлуулж, ясны бүтцийг нь нэрлүүлэн дүн тавьдаг байв. Тухайлбал, сээр нуруутай амьтан хэдэн хүзүүтэй болон тэдгээрийн латин, англи нэршлийг асууна. Ясны бүтцийн тухай суурь мэдлэгийг хичээлээс олж авсан.

1987 оноос ШУА-д ажиллаж байгаад 1990 оны сүүлчээр ажлаасаа гарсан юм. 2000 онд амьтны дэлгүүр ажиллуулахдаа яс хэлхэх ажлыг сонирхох болсон. Цэвэрхэн яс гаргаж авахын тулд махыг нь шулж, чанаад, усанд удаан байлгаж ялзлах зэрэг олон арга туршиж үзсэн юм. Мөн ном, цахим орчноос мэдээлэл авч байлаа.

-20 жил суралцсан байна шүү дээ. Анх эхлэхэд тань мэдэхгүй зүйл олон байсан уу?

-Урд, хойд хөлийн ясыг зөрүүлж буруу наачихаад эргэлзэж байсан хөгтэй үе бий. Анх яс цайруулж байхдаа тосыг нь авалгүй шууд “Белизна” (цайруулагч бодис)-д хийдэг байсан. Тухайн үедээ цав цагаан болдог ч хэсэг хугацааны дараа тос ялгарч шарлачихдаг байв. Үүнийг хэрхэх талаар удаан бодож, туршсаны эцэст ясаа усанд хийж, буцалгахдаа аяга таваг угаагч бодис хийвэл тос нь задран, шарладаггүйг мэдсэн. Ясыг хэлхэхдээ “Наалдан пад” цавуу ашигладаг байлаа. Эл цавуу шууд хатдаг учир буруу наачихвал хэдэн зуун яс наах ажлаа дахин эхлүүлнэ. Эцэст нь шууд наалддаг бус, 24 цагийн дотор хатдаг цавуу ашигладаг болсноор буруу нааснаа засаж чаддаг болсон. Нохойн сарвуунд байх зургаан яс ижилхэн хэлбэртэй, булчин шөрмөсөөр холбогдоогүй үед аль нь хаана байсныг мэдэх боломжгүй. Нэг удаа нохойн ясыг цэвэрлээд наахад бэлдэж байхдаа нэлээд тулгамдсан. Өөрт байгаа номуудаа судлахад хэлбэрээр нь дүрсэлж тайлбарласан нь олдоогүй. Энэ үед рентген зурагт ясны хэлбэр, байрлал нь тодорхой харагддагийг санаад хойшид энэ аргыг ашигладаг болсон. Амьтны ясыг цэвэрлэхдээ нэг нэгээр нь салгадаг тул наахдаа рентген зургийг нь харвал алдахгүй, хугацаа бага зарцуулахыг ойлгосон. Олон жил туршсаны эцэст амьтан бүхний ясны бүтцийг мэдэж, хаана юу байгааг андахгүй болсон доо.

-Тэвчээр, цаг хугацаа шаардсан ажил байх нь ээ?

-Амьтны яс цэвэрлэж байхад хавирга, хумс нь алга болчихно. Заримдаа цэвэрлэж хийсэн ястай саваа унагаж асгана. Түүхэд жижигхэн яснууд нь алга болох тохиолдол их. Энэ мэт эрсдэл ихтэй учир нэг биет үзмэр хийхийн тулд ижил хэмжээтэй 3-4 амьтны яс ашигладаг. Өмхийрсөн сэг зэмд хүрдэг учраас сэжигч хүн энэ ажлыг хийж чадахгүй болов уу. Ариун цэврээ сайтар сахихгүй бол нян халдварлах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж вакцин тариулдаг. Эхлээд махыг нь шулж аваад чанана. Ясанд үлдсэн зөөлөн эдийг уусгахын тулд устай саванд хийж хэдэн сар байлгадаг. Эхэндээ тэсэхийн аргагүй өмхий үнэртдэг ч, хэдэн сарын дараа үнэргүй болно. Амьтны хуруу, хумсны ясыг наахад хараа сайн, гар чичрэхгүй байх хэрэгтэй. Жижиг мэрэгчийн ясыг хэлхэхдээ томруулдаг шил ашигладаг. Нэг амьтны яс хатах хооронд өөр нэг амьтныхыг цэвэрлэж дуусах маягаар 3-4 биет үзмэр зэрэг хийж эхэлбэл цаг хождог.

-Ямар амьтны ясны бүтэц нарийн, тогтооход хэцүү байдаг бол?

-Ямар ч амьтны ясыг хөдөлж байгаа мэт харагдуулах хэцүү. Тиймээс ур чадвар их шаарддаг. Хэлбэрт оруулахын тулд үе бүхэнд нь зүү зоож байгаад тогтоон наадаг. Толгойгоо хойшоо харуулан зогсож байгаа, эсвэл иддэг амьтнаа амандаа зуусан зэрэг зохиомжтой бүтээл хийх зэргээр эл ажлыг урлаг талаас нь хөгжүүлэхийг эрмэлздэг. Энэ бүгд олон зуун жилийн турш шилэн хоргонд түүхэн дурсгал болж үлдэнэ шүү дээ.

-Биет үзмэр хийхдээ амьтнаа хаанаас олдог вэ?

-Би одоогоор 300 гаруй төрөл, зүйл амьтны ясаар биет үзмэр бүтээсэн болов уу. ШУА-ийн Биологийн хүрээлэн, Байгалийн түүхийн музей, АШУҮИС болон сонирхсон хүмүүс авдаг. Биологийн хүрээлэнгийхэн судалгааны болон бусад чиглэлээр ашиглахын тулд зарим амьтныг агнах зөвшөөрөлтэй. Амьтнаа судалсны дараа ясыг нь авч биет үзмэр хийж өгөхөөр гэрээ байгуулсан. Энэ ажлыг хийхэд амьтан нь бэлэн байдаг гэж хүмүүс ойлгодог. Гэвч нэг амьтныг гэрийнхээ хаяанаас барих тохиолдол байхад 2000 км яваад хоосон ирэх үе ч бий. Одоо ихэнх төрөл, зүйл ховордсон учир нутгийн иргэд, судлаач нарт захих, өөрөө явах зэргээр олон арга сүвэгчилдэг. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнг Монгол орны бүх хөхтөн амьтны харьцуулах ястай болгохоор зорьж буй.

-Залуучууд энэ ажлыг хэр сонирхдог юм бол?

-Миний ярианаас энэ ажил амар биш гэдгийг гадарласан байх. Товчхон хэлбэл, үхсэн амьтны махыг шулж, чанана, өмхийрч ялзартал нь хадгална. Дараа нь 300-400 хэсэг ясыг нэг нэгээр нь тогтоож наана. Олон хүүхэд сурахаар дадлага хийсэн ч удалгүй шантарсан. Ялзарч муудсан зүйл цэвэрлэхийг хэр баргийн хүн хүсэхгүй. Сэтгэлээсээ хандсан хүн л тэсэж үлдэх байх.

-Ирээдүйд юу хийхээр зорьж байгаа вэ?

-Хуримтлуулсан туршлага, арга зүйгээ ном болгож, эл ажлыг хийхийг зорьж буй нэгэнд тус болно гэдэгт итгэлтэй байна. Миний хамгийн том мөрөөдөл бол Байгалийн түүхийн музейг барьж дуусахаар нэг танхимыг нь Монголын хөхтөн амьтдын биет үзмэрээр дүүргэх. Тодруулбал, баавгай, чоно, туулайн чихмэлийн хажууд ясан үзмэр нь байвал сонирхолтой. Одоогоор зөвхөн би л энэ ажлыг хийж байна. Хойч үедээ үлдээх өв бүтээхэд амьдралаа зориулж байгаадаа сэтгэл хангалуун явдаг.

Бэлтгэсэн: О.Алуунгуа 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)