Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан ЭРҮҮДЭН ШҮҮЛТ явагдсан. Ар гэрээс нь уучлалт гуйж байна

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийн захирлыг солих тухайд Х.Бадамсүрэнг байлгах уу үгүй юу гэдэг дээр Ерөнхий сайд шийдвэр гаргах байх. “Эрдэнэт” үйлдвэрийн талаар нарийвчлалтай шалгах шаардлагатай байгаа. Энэ бол зөвхөн нэг үйлдвэр, компаниудын асуудал биш.

Ер нь Монголд цаашид мафи гэдэг зүйл оршин тогтнох уу үгүй юу гэдэг дээр л төр хариулт өгөх гээд байгаа юм. Яригдаад байгаа жижиг компаниуд дандаа амьгүй компаниуд байсан. Улсад бүртгүүлчихээд л 4-5 жилийн туршид ганц төгрөгийн дүрмийн сантай хэвтүүлж байгаад хулгайлах болохоороо амь оруулаад л, харин мөнгийг нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргаад, төр захиргааны байгууллагад хүмүүс томилдог ийм л систем. Жишээлбэл, Юнайтед энержи систем гэдэг компанийн захирал нь шүүгч М.Батсуурийн аав Мишиг гэж хүн бий. Энэ хүний нэг хүүхэд нь Хөтөлийн эзэн болчихсон байгаа.

Энэ бол улсаас гарсан мөнгө. Энэ бол зүгээр нэг үйлдвэрийн асуудал биш маш ноцтой асуудал. Цаашид цөөн хэдэн хүн Монголын хууль хяналтын байгууллага, улс төрийн намууд, УИХ, Засгийн газрыг мөнгөөр барьчихаад, нэг төгрөг зарцуулаад 20-100 төгрөгөөр нь хулгайлдаг, завшдаг тогтолцоо байх вий гэдэг асуудал үүсээд байна. Өөр ямар ч асуудал байхгүй.

Шүүх будилуулаад байгаа шалтгаан бол ХХБ-ны захиалгаар томилогдсон шүүгч нар эзнийхээ төлөө ажиллаж байгаа учраас тэр.

Сүүлд баривчлагдсан гурван хүнийг сулласан шүүгч бол Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч н.Идэр. Түүний эцэг нь 2014 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа. Шүүх цагаандаа гарсан гэж би олон удаа хэлсэн шүү дээ. Би энэ бүхнийг нүдээрээ үзчихээд баримттай хэлж байна. Зарим хүн шиг сонссон зүйлээ ярьдаггүй.

Та нар үйлдвэрийг буцаагаад өг, улс гаргасан мөнгөө буцааж авахаа больё гэдэг зөөлөн санал тавьсан. Харин ч бүр 400 сая ам.доллараас илүү мөнгө гарсан байна лээ. 2016 оны зургадугаар сарын 28-ны худалдан авалт явагдсаны дараа Монголбанк ганцхан өдрийн дотор 160 тэрбум төгрөг өгсөн байгаа.

Би ганцхан юманд сэтгэл хангалуун байгаа. Ард түмэн сэрж байгаад. Олон жил хулгай дээрэмд дасаж, юу ч болсон хүлцэнгүй байсан. 2-3-хан айл өрхийн хулгайлж авсан хөрөнгөөр дамжуулж Монгол Улс зарагдах ёсгүй. 100 тэрбум төгрөг Монголбанкнаас гаргаад гурав хоногийн дараа хүний хувийн дансанд орсон хэргийг шалгуулах хүсэлтийг 2018 оны хоёрдугаар сард прокурорт өгснөөс хойш шалгуулах гээд чадахгүй байна. Прокурорын байгууллага ийм түвшинд хүрчихээд байна.

Прокурорын зөвшөөрөлтэй зураг хурааж авсан нь үнэн

Миний мэдээллийн төвшин хэвлэл дээр гарсантай ижил байна. Прокурорын зөвшөөрөлтэй тийм ажиллагаа хийсэн нь үнэн. Зарим нэг зураг галерейд байсан байж магадгүй гэж хурааж авсан юм билээ. Энэ асуудлаар жичдээ мэдээлэл хийнэ.

С.Зориг агсны хэрэгтэй холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн

С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан.  1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаас тавигдаад энэ бүх ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон нэг хүн хоригдсон. Хэрэв санаж байгаа бол би сайдын ажлаа хүлээж авангуутаа нэг хүнийг ажлаас нь халсан. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм бэ гээд явуулсан. Энэ хүн одоо шалгагдаж байгаа. Цаашлаад ч шалгалтууд үргэлжилнэ.

Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлж, шоронд 20-25 жилийн ял авсан. Аль аль нь 40 гаран настай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад суллаж гаргана гэж бодож байгаа.

Би Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Би амьдралдаа уучлал гуйж байгаагүй хүн шүү. 1937 оны систем эргэн сэргэснийг нүдээрээ үзлээ. Ахиж монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлага харагдаж байна. Би ийм аймшигт юм үзээгүй, сонсоогүй. Аймшигтай юм болоод байгаад мэдсэн учраас чадан ядан тэмцлээ. Хэд хэдэн хэрэг үүсгэлээ.

Захиалагчийг олох нь битгий хэл бүр будилуулаад, замхаруулсан байна билээ. Хэлээд байсан юм билээ. Тодорхой хүн рүү чиглүүлээд, нэр усыг нь дурдаад, төгрөг мөнгийг нь хэлээд, авсан өгснөө ч ярьсан.

Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан эмэгтэйн ар гэрийнхэнтэй хуулийнхан уулзсан. Би уулз гэсэн юм. Аль аль талаасаа ойлголцож байгаа байх.

С.Зоригийн амь нас хохирсон хэрэг дээр сүүлийн үед тагнуулын байгууллага их нааштай ажиллаж байгаа. АТГ ч учир зүйг нь олох гэж дэмжиж байгаа" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)