Ц.Нямдорж: Мөрий тавьж, мөрийгөө алдахдаа Монголын бүх баялгийг цөлмөдөг бүлэглэл бий болсон

МАН-ын Бага хурал хоёр дахь өдрөө хаалттай хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Энэ намд олон жил зүтгэлээ. Энд хуран цугласан намынхаа гишүүдийн өмнө ёозгүй үг хэлэх гэж байгаадаа хүлцэл өчье.

Нэгдүгээрт, 60 тэрбумын яриаг Сандуй, Ганбаатар хоёр ярьсан нь үнэн. Түүнийг нэгэн хүн бичиж аваад Энхболдод танилцуулсан нь ч үнэн. Сонссоныхоо дараа Энхболд тодруулга хийж, асуулт асуусан нь ч үнэн. Энхболдын дууг бид танина шүү дээ.

Хоёрдугаарт, энэ асуудал 2016 оны сонгуулийг дуусгасан. Хүрэлсүхийн гарын дөрөөнд байгаа Сандуйгаа холдуул гэж хэлээд сууж байсан юм. Тэр үед аз түшиж, Сайханбилэг алдаа гаргаагүй бол ямар ч үр дүн гарч мэдэхээр байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Энхболдын 60 тэрбумын бичлэг, цагаан сарын золголт гэсэн хоёр алдаа үгүй хийсэн. Энэ үед МАН-ын төлөө зүтгэж ирсэн бүх хүний хөдөлмөр үгүй болсон.

Гуравдугаарт, УИХ-ын үйл ажиллагааг цааш нь яаж авч явах гэж байгааг өөрөөс чинь асуумаар байна. 76 гишүүний 40 орчим нь танаар хурал удирдуулахгүй гээд бойкот хийчихлээ. Одоо цаашаа яах вэ? Дээрээс нь хурал удирдаж байж ЖДҮ-гийн асуудал гэж яриад байх юм. ЖДҮ-д нэр холбогдсон 20 орчим хүн бүгд УИХ-ын гишүүд шүү дээ. Би өмнө нь УИХ-ыг удирддаг байхад мөн л ийм асуудалтай тулгарч байсан. 36 орчим гишүүн л танхимд орж ирэхэд 30 минутын дотор ажлаа хүлээлгэж өгч байлаа. 36, 36-гаараа хоёр талд талийж хэвтчихээр УИХ-ын үйл ажиллагаа доголдох гээд байсан учраас би өөрөө суудлаасаа бууж танхимыг ажилтай болгосон юм аа. Ер нь гишүүдтэйгээ тэрсэлддэг их хурлын дарга гэж байж болох уу?

Дөрөвдүгээрт, дурдагдаад байгаа бүлэглэл бол АН-ын Үндэсний дэвшлийн франкцад багтдаг асан их мөнгөтэй цөөн хүмүүсийнх юмаа. Харин энд манайхаас 2-3 гишүүн гүнзгий орсон. Эрдэнэтийн 49 хувийг ч эд нар нийлж авсан. Тэгээд булхайг нь ярихаас хууль хяналтын байгууллагаас айлгаж, сүрдүүлдэг. Эрдэнэбатын Засгийн газар байхад Эрдэнэтийн шалгалтын дүнг яриад ороход “Чамайг шалгуулна шүү” гэж хоёр өдөр намайг заналхийлсэн. Хууль хяналтынхан ч намайг байхгүй 12 жилийн хугацаанд “хүнээ байжээ”. Бадамжунай гэдэг хүн мөрийтэй тоглодог Энхтөр гэгчийг сар гаруй хугацаанд дагуулж явсаар байгаад Цагдаагийн дарга болгосон. Энэ бүх хуйвалдааны ард Элбэгдоржоор толгойлуулсан мөрийтэй тоглоомчдын бүлэг бий. Мөрий тавьж, мөрийгөө алдахдаа Монголын бүх баялгийг цөлмөдөг бүлэглэл бий болсон. Үүнийг л үгүй хийхийн төлөө тэмцэж явна. Надад тэр бүлэглэл гэдэг зүйл чинь байхгүй. Надад зөвхөн МАН гэсэн ганц л хамт олон бий" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)