Ц.НЭМЭХ: Ээжийнхээ мэргэжлийг өвлөж, аавынхаа тамирчны замналыг үргэлжлүүлж яваа

“Шинэ Монгол” сургуулийн түүх, эрх зүйн багш, ОУХМ Ц.Нэмэх удам дамжсан тамирчин. Монголын волейболын эрэгтэйчүүдийн шигшээ баг 1962, 1966, 1970 оны ДАШТ-д оролцоход түүний аав Д.Цогнэмэх хоёрт нь явжээ. Алдартай волейболчин аавынхаа амжилт гаргасан спортод хөл тавьсан цагаасаа хойш тэрбээр эх орондоо хөгжүүлэх үйлсэд харамгүй зүтгэж явна. Волейбол түүний хамгийн дуртай спорт, ярьдаг гол сэдэв нь. Гэр бүлийг нь ч энэ спортгүйгээр төсөөлшгүй, охин, хүү хоёр нь ч замналыг нь үргэлжлүүлж байна. Түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж, ярилцлаа.

-Спортод дуртай гэр бүлийн тань орчин таныг тамирчин болоход нөлөөлсөн байх. Аавыг тань волейбол хэрхэн тоглодог байсныг ахмад тамирчид дурсан ярих дуртай юм билээ.

-Би спортоор амьсгалсан тамирчны гэр бүлд өссөндөө баярладаг. 1960-1970 онд аав, Г.Дэмбэрэлсайхан гуай хоёрыг спорт сонирхогчид волейболын багана гэж ярьдаг байсан гэдэг. Намайг бага байхад манайд волейболын шилдэг тамирчид зочилж, аавтай ярьж хөөрдөг байв. Аав минь волейбол тоглохоос гадна үндэсний бөх барилддаг, аймгийн арслан цолтой байлаа. 50 настайдаа сумын наадамд барилдаад түрүүлж байсан хүн дээ. Миний хувьд авга ах Ц.Энхболдын удирдлагад анх хөнгөн атлетикаар хичээллэж байгаад хожим волейболын спортод хөл тавьсан. Аав намайг дасгалжуулаагүй ч тамирчин болоход минь дуртай дэмжсэн. Волейболтой нөхөрлөхөд хамгийн их нөлөөлсөн хүн бол дасгалжуулагч Ц.Дагва-Очир. Багш маань аавтай найз, манайхаар байнга орж гардаг байлаа. Нэг өдөр надад “Чи волейболоор хичээллэ. Чамд боломж байна” гэж зөвлөснөөр тамирчин болох гараагаа эхлүүлж билээ.

-Тэр үеийн дасгалжуулагчид Ц.Дагва-Очир багшийг тань “Даймацү” гэж яагаад нэрлэдэг байсан юм бол?

-Монголын волейболын ертөнцөд багш минь өөрийн зам, мөрийг гаргасан. Волейболын дасгалжуулагчид “Даймацү” гэж нэрлэдэг байсан нь учиртай. Японы дасгалжуулагч Хиробүми Даймацү 1960-1970 онд улсынхаа волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийг алдрын тавцанд гаргасан. Өмнө нь Азид волейболын тэмцээнд есөн тамирчин тоглодог байсныг тэрбээр зургаа болгож дэлхийн түвшинд хүргэсэн юм билээ. Тэр үед “Ничибо“ оёдлын үйлдвэрийн эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулж, олимп, дэлхийн аварга болгож чадсан. Тэрбээр оёдлын үйлдвэрийн нэрээр багаа нэрлэж, тамирчдадаа өндөр шаардлага тавихаас гадна хатуу чанга зангаараа дэлхийд гайхагддаг байсан гэдэг. Эмэгтэй тамирчдаа гэрлүүлэхгүй хойшлуулж, хүүхэд төрүүлэх насанд нь спортын карьер хөөлгөж, амжилтад хүргэдэг байж. 

Түүний багийг “Алс Дорнодын хар салхи”, “Номхон далайн шидтэн” гэх зэргээр нэрлэдэг байв. Ц.Дагва-Очир багш түүний арга барилаар бэлтгэл хийлгэдэг байлаа. Үүгээрээ бусад дасгалжуулагчаас ялгардаг. Шинэ хүүхдүүдийг намар нь цуглуулж, нэг баг болгон дасгалжуулсан. Тэр нөхдүүдийн нэг нь би. Бидэнд “Та нар тэмцээнд түрүүлнэ, би та нарыг шилдэг тоглогч болгож чадна” гэж хэлдэг байв. Тамирчдынхаа зан чанарыг мэдэрч, тоглох эвийг нь сайн олно. Биднийг урмаар, бас хатуу шаардлагаар урагшлуулсан. Түүний өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байдал манай багийн философи байсан. Хиробүми Даймацүгийн, орос хэл дээр хэвлэгдсэн “Следуйте за мной” номыг Монголд “Намайг дуурайгтун” гэж орчуулсан байдаг. Орос хэлээр орчуулсан ном нь манайд бий. Монгол хэлээр орчуулсныг нь багш надад уншуулснаар тамирчид ямар их золиос, хөдөлмөр гаргаж байж амжилтад хүрдгийг ойлгосон.

-Монгол “Даймацү”-гийн дасгалжуулсан волейболын шинэ багийнхан Хотын АШТ-д удаалан, УАШТ-д аваргалж, спорт сонирхогчдыг шуугиулж байсан гэл үү?

-Тийм ээ, дасгалжуулагчийн хувьд багш биднийг энэ спортод зөв чиглүүлж, амжилтаас атгуулсан. Биднийг тэмцээнд оролцохоор ирж явахыг харчихаад өөр багийнхан “Даймацүгийн шавь нар ирлээ” гэдэг байлаа. Бид Хотын АШТ-д Сүхбаатар дүүргийн “Хоршоолол” багтай тоглож, мөнгөн медаль хүртсэн юм. Түрүүлж чадаагүйдээ сэтгэл дундуур байгаа биднийг багш “Та нар сэтгэлээр битгий уна. Энэ тэмцээн бидний зорьсон тоглолт биш, харин УАШТ-д түрүүлэх нь л гол” гэж тайвшруулсан. Түүнээс хойш сарын дараа болсон УАШТ-д “Та нар тэдний багийг 3:0-ээр хожиж түрүүлнэ, би мэдэж байна” гэж хэлээд алмайруулав. Бид тэмцээнд бүх өрсөлдөгчөө хэлснээр нь 3:0-ээр хожсон. Аваргын төлөөх тоглолтод Ховд аймгийн шигшээ багийг буулгаж авав. Хотын АШТ-д түрүүлсэн “Хоршоолол” багийнхан гуравт жагссан. Дасгалжуулагч болгон өөрийн арга барил, сурсан тактик, техникээр багаа бэлтгэдэг. Тухайлбал, Ц.Дагва-Очир багш Японы дасгалжуулагч Хиробүми Даймацүг хүндэлдэг байсан ч Орос тоглолтын суурийг бидэнд заасан.

Д.ХАЛЗАН БАГШИД АЛГАДУУЛАХАД НЭГ ХЭСЭГТЭЭ СУРГАМЖ БОЛНО

-Томоохон тэмцээнд оролцохын өмнө аав тань зөвлөгөө өгдөг байв уу?

-Аав надад волейболын арга зүй, онол заасан нь амжилт гаргахад их нөлөөлсөн. Шигшээ багийнхаа тамирчдаас аав хүчтэй довтолгоотой, хамгаалалт сайн хийдэг, тэгш тоглогч байсан. Намайг 1989 онд УАШТ-д анх тоглоход ирж үзээд “Сайн тамирчин болоход бие халаалт зөв хийхээс эхэлдэг юм. Багийнхаа тоглолтод хэрэгтэй үед нь бүгдийг хийж гүйцэтгэдэг тоглогч байх хэрэгтэй. Тиймээс волейболын бүх техникийг төгс эзэмш” гэж зөвлөж байв. Би багш, аав хоёрыг волейболын төлөө төрсөн хүмүүс гэж боддог.

-Та Идэрчүүдийн УАШТ-д түрүүлчихээд, улсын шигшээ багт бэлтгэл хийх урилга авч суга дэвшсэн гэдэг бил үү?

-1985 онд идэрчүүдийн УАШТ-д түрүүлсэн юм. Тэр жилийнхээ зургадугаар сард улсын шигшээ багт бэлтгэл хийх санал ирэв. Ингэж дэвшихэд аав минь ч нөлөөлсөн. Тэр үед улсын шигшээ багийг Д.Халзан багш дасгалжуулдаг байсан юм. Би их азтай. Миний дэргэд ааваас гадна, багш, шилдэг тамирчид байсан. Д.Халзан багш хатуу хэрнээ зөөлөн сэтгэлтэй. Тамирчдаа зэмлэх үедээ зэмлэж, магтах үедээ магтана. Бид хааяа сахилгагүйтэж, алдаа гаргаад багшид халуу дүүгтэл алгадуулахад нэг хэсэгтээ сургамж болно шүү дээ. Би ч тэр үед өөрийгөө тамирчин болчихлоо гэж боддоггүй байв. Ах нарын хоол, бөмбөг зөөхөөс эхлээд л шигшээ багийн тамирчин болсон. Хэдий ур чадвартай биш ч гэлээ ах нараас илүү ачаалал даах чадвартай болчихсон байлаа. Ц.Дагва-Очир багш шавь нараа дөрвөн цаг тасралтгүй бэлтгэл хийлгэдэг байсны ач олон зүйлд давуу тал болсон. Намайг улсын шигшээ багт хөл тавихад 12 тоглогчийн зургаа нь багшийн шавь байлаа шүү дээ.

-Улсын шигшээ багийн тамирчин болоод ааваасаа урмын үг сонсож, магтуулсан уу?

-Үгүй. Намайг улсын шигшээ багт тоглодог байхад “Чи мундаг тамирчин болжээ” гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Би шигшээ багийн тамирчин болсныхоо намар НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд элссэн. Сонсогчид долдугаар сарын сүүлчээр карантинд явна. Намайг цэрэгт явахад аав “Миний хүү аавын олон хөвгүүнтэй эвтэй яваарай” гэж захиж хэлсэн. Энэ үг бол аавын минь надад аминчлан захисан сургаал нь. Шинэ цэргийн бэлтгэл хийхэд хэцүү санагддаггүй байв. Өглөө босоод 12 км гүйх, савлуур дээр дасгал хийж, суниахад түүртэхгүй. НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд таван жил сурахдаа “Хүч” нийгэмлэгийн тамирчин болсон. 1992 оны спартакиадад манай “Хөдөлмөр” нийгэмлэгийн багийнхан “Алдар” -ынхантай аваргын төлөө тоглоод хожигдчихлоо. Сэтгэлээр уначихсан сууж байтал аав ирээд “Үнэхээр сайхан тоглолт боллоо. Харамсах зүйл алга. Баяр хүргэе, хүүдээ. Сүүлийн хэдэн жил ийм гал гарсан тоглолт үзсэнгүй” гэж хэлээд үнссэн. Аавыгаа тэгж хэлэнгүүт өөрийн эрхгүй сэтгэл огшиж уйлсан. Тэр тэмцээн үзэгчдийг шуугиулж, суудлаас нь өндөлзүүлсэн, мартагдахааргүй тоглолт болсон юм.

ХҮҮГЭЭ ӨВӨӨГИЙНХӨӨ ШИЙРИЙГ ХАТААНА ГЭЖ НАЙДДАГ

-Аавыг тань бөхчүүдтэй сайхан нөхөрлөдөг байсныг нэг бус удаа сонссон. Аймгийн арслан цол хүртэхийг бодоход шаггүй барилддаг хүн байжээ.

-Миний аав Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат. Аав, ээжийгээ Дундговь аймагт амьдардаг байхад би төрсөн. Аав тус аймгийн наадамд барилдаж, үзүүр, түрүүнд үлдэж байсныг хүмүүс ярьдаг байлаа. Бөхийн спортынхноос Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, улсын начин Т.Артаг гуайтай аав дотно нөхөрлөнө. Манайд ирээд “Д.Цогнэмэх тууштай барилдсан бол зааны энтэй бөх дөө” хэмээн ярьдаг байсан нь санаанд үлджээ. Аав улсын наадамд гурав, дөрөв давсан байдаг юм. Нэг жил наадмын гурвын даваанд улсын заан Ё.Ишгэн, дараа жилийнх нь дөрвийн даваанд С.Цэрэн аварга аавыг өвдөг шороодуулсан гэдэг. Улсын цолтой бөхчүүд амлаж авсныг бодоход шаггүй барилддаг бөх байсан юм шиг байгаа юм.

-Таны охин, хүү хоёр волейбол тоглодог. Спортын цол зэрэг авсан биз дээ?

-Хүүхдүүд минь өвөө, эмээгийндээ өссөн. Багаасаа өвөө, аавыгаа дуурайж волейбол тоглож байна. Манай хүүхдүүд волейболын бөмбөг түшиж хөлд орсон гэхэд болно. Охин Анхилуун “Алтайн барс”, “Энагура” багт тоглохдоо лигийн аварга болж, спортын мастер цол хүртсэн. Хүү Тэмүүлэн минь оюутан, “Эрчим” клубт харьяалагдаж, бэлтгэл сургуулилалт хийдэг. Хүүгээ өвөөгийнхөө шийрийг хатааж, аавынхаа энд хүрч тоглох байх гэж найддаг.

-2004 онд БНХАУ-ын Шанхай хотод болсон Зүүн Азийн клубүүдийн АШТ-д оролцоод зодог тайлсан бил үү?

-Тэгсэн. 2000 онд Японы Осакад болсон Азийн наадмын тэмцээнд оролцохдоо шилдэг тоглогчоор шалгарч, ОУХМ цол хүртлээ. Тус тэмцээнд өдөр өдрийн шилдэг тоглогч тодруулахад би таван удаа шалгарсан юм. Дараа нь 2004 онд Шанхай хотод болсон Зүүн Азийн клубүүдийн АШТ-д оролцон, мөн шилдэг тоглогчоор шалгарч, зодог тайлсан. Миний хувьд тэр тэмцээн хамгийн сүүлчийнх байлаа. Тэр жил зохион байгуулсан гадаад, дотоодын бүх тэмцээнд манай улсын шигшээ баг IV байрт шалгарсан. Волейболын спорт олон техниктэй. Тухайлбал, Америкийн, Оросын, Азийн гэх зэрэг. 1987 онд ОХУ-аас В.А.Михайленко хэмээх дасгалжуулагч ирж, Монголын шигшээ багийг гурван жил дасгалжуулахдаа их зүйл заасан. Оросууд дэлхийд волейболын спортоор алдартай. Тэнд ДАШТ-ийг удаа дараа тэргүүлсэн шилдэг клубүүд бий. Хамгийн үнэ цэнтэй, өндөр цалинтай тоглогчид багт нь байдаг. Волейболын тоглолтын техникээр Азийн орнуудаас Япон ялгардаг. Харин Монголын волейболын спортод өөрийн гэсэн тогтсон стандарт техник байхгүй. 2004-2006 онд “Харх” клубт намайг тоглодог байхад манай багийнхан ид шуугиулдаг байв. Миний амьдралын 10 жил энэ клубтэй холбоотой. Клубтээ зургаан жил тоглоод, сүүлийн дөрвөн жилд нь дасгалжуулагчаар ажилласан. Миний унаган шавь нараас тамирчин болсон залуус бий. “Алтайн барс” клубийн шилдэг дасгалжуулагч Б.Мөнхнасан, “Эрчим” клубт тоглодог Э.Энх-Мөнх нар миний шавь.

-Таныг өмнө нь дасгалжуулагчаар ажилладаг гэж боддог байлаа. Тэгсэн “Шинэ Монгол” сургуульд түүх, эрх зүйн багшаар ажилладаг гэж сонсчихоод их гайхсан шүү.

-Миний ээжийг А.Цэрэнлхагва гэдэг, түүхийн багш мэргэжилтэй. Би 1997 оноос хойш түүх, эрх зүйн багшаар ажиллаж байна. Хууль зүйн чиглэлээр төгссөн хэрнээ багшлах сонирхолтой. Сүүлийн үед түүх сонирхож, судалгаа хийх болсон. 1997 онд “Ирээдүй” цогцолбор сургуульд хуулийн зөвлөхөөр ажилласан юм. Ажлаа тараад өрөөндөө зүгээр суух уйтгартай тул захирал надад “Багшилж болно шүү дээ” гэж зөвлөснөөр анх ажилласан. Намайг “Эрчим” клубт тоглодог байхад тус сургуулиас “Манайд хуулийн зөвлөх хэрэгтэй байна. Та ажиллаач” гэж санал тавьснаар боловсролын байгууллагад хөл тавьсан. Ээж минь түүхийн багш байсан болохоор би багаасаа түүх сонирхсон. Манай гэрт түүхийн ном, волейболын бөмбөг олон байдаг байлаа. Би ээжийнхээ мэргэжлийг өвлөж, аавынхаа тамирчны замналыг үргэлжлүүлж яваа. Өнгөрсөн жил эртний түүхийн тухай өгүүлсэн “Түүхийн дээж бичиг” судалгааны ном хэвлүүллээ. Одоо Дундад зууны үеийн түүх судалж байна. Ирэх сард хэвлүүлэх бодол бий. “Шинэ үеийн түүх”, “Орчин үеийн түүх” номоо ч хэвлүүлж, уншигчдад хүргэнэ.

МИНИЙ ЗАЛУУ НАС ЗАВГҮЙ ӨНГӨРСӨН

-“Ирээдүй” цогцолбор сургуулиас “Шинэ Монгол” руу урвачихсан тань сонирхолтой санагдаад байна л даа.

-Энэ сургуульд 2006 оноос өнөөг хүртэл 6-12 дугаар ангийн сурагчдад түүх, эрх зүйн хичээл зааж байна. Энд багшаар ирсэн минь тун сонирхолтой. Үнэндээ бол сургуулийнх нь зааланд сэтгэл татагдчихсан хүн шүү дээ, би. 2001 онд тус сургуулийн захирал Ж.Галбадрах “Манай сургуулийн хүүхдүүдэд волейболын секц хичээллүүлээч” гэж санал тавьсан юм. Сонирхоод зааланд нь ортол волейболын стандартын 20 гаруй бөмбөг эгнүүлээд тавьчихсан байлаа. Тэр үед ийм бөмбөг олноор нь хэрэглэдэг клуб ч байгаагүй. Миний сэтгэл өөрийн эрхгүй татагдаж, секц хичээллүүлэхээр шийдсэн. Миний залуу нас завгүй өнгөрсөн. Спортоор дамжуулан зөв хүн болж төлөвшихөд гол утга учир нь байдаг. “Шинэ Монгол” сургууль сурагчдаа спортоор хичээллэхэд анхаардаг юм. Сурагчид боловсрол эзэмшихээс гадна бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, ёс суртахуунтай, хариуцлагатай иргэн болж төлөвшдөг. Би “Сургуульд хоёр дахь гэр” гэж хэлэх дуртай. Хүүхдүүд сургууль дээрээ гэртээ байхаасаа илүү зүйл сурдаг. Тэд өвөг дээдэс, өмнөх үеийнхээ түүхэн уламжлалаар бахархаж, эх оронч үзэлтэй болоход спорт нөлөөлдөг юм шүү. Сургуулийн минь ийм үзэл, хандлага надад таалагддаг болохоор ажилдаа дуртай.

-Одоо “Эрчис тал” клубт харьяалагддаг байх аа?

-Волейбол сонирхож тоглодог найзуудынхаа хамт клуб байгуулаад зургаан жил болж байна. Бид сонирхогчдын түвшинд тоглож, ахмадын УАШТ-д оролцдог. Клубийн тамирчдыг тэмцээнд оролцоход барилгын дулаалга хөөсөнцрийн “Эрчис тал” ХХК ивээн тэтгэдэг юм. Бид залуус руу чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа зохион байгуулахыг байнга зорьдог. Манай “Шинэ Монгол” сургуулийн сурагчдын дунд “Эрчис тал” клубийн нэрэмжит тэмцээн болдог. Зун сургуулийнхаа волейболын секцэд хичээллэдэг хүүхдүүдтэй Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоох амралтын газар 14 хоног бэлтгэл хийхээр гардаг. Манай сургуулийн амралтын газар тэнд байрладаг юм.

-Тамирчин хүн найдвартай ар талтай байж амжилт гаргадаг. Та ээж, эхнэрийнхээ халамж, ойлгож дэмждэг сэтгэлийн хүчинд волейболоор тууштай хичээллэж, урагшилсан болов уу?

-Тийм ээ. Спортод амжилт гаргахад гэр бүлийн дэмжлэг их хэрэг болдог. Ээж, эхнэрийн минь үүрэг оролцоо, хайр халамжийнх нь ачаар аав, бид хоёр тамирчин болж, спортын замналаа тууштай үргэлжлүүлсэн. Ээж, эхнэр хоёр минь гэр бүлийнхээ тамирчдын хоол цайг зэхэх, үр хүүхдээ халамжлан хүмүүжүүлэх, ар талаа найдвартай хариуцаж даадгаараа адилхан. Ханийг минь Д.Чимгээ гэдэг, Новосибирскийн улсын их сургуульд электрон инженерийн мэргэжлээр сурсан. Одоо Худалдаа хөгжлийн банканд ажилладаг. Тамирчин хүний гэр бүл байна гэдэг амаргүй. Миний хувьд тэмцээнд оролцох, бэлтгэл сургуулилалт базаах, мэргэжлийнхээ ажлыг хийх гээд гэртээ өнжих нь ховор. Би эхнэртэйгээ дунд сургуулийн нэг ангид сурдаг байлаа. Бид багаасаа нөхөрлөж, оюутан байхдаа гэрлэсэн. Сайн ханийн хүчинд спортоор олон жил хичээллэж, амжилт гаргалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)