Ц.МӨНХ-ЭРДЭНЭ: Тоглолтын үед дайчин чанарыг эрхэмлэдэг

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, Орхон аймгийн “Хангарьд” клубийн хагас хамгаалагч Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тус клуб одоогоор “Үндэсний дээд лиг”-ийг тэргүүлж яваа.

-Таны карьерийн сүүлийн зургаан жил дэх хамгийн сайн үзүүлэлттэй үед уулзаж байна. Энэ улирлын “Үндэсний дээд лиг”-ийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт бичигдлээ. Цаашдаа нэгдүгээр байрт орж, мэргэн буучийн шагнал авахаар зорьж байгаа юу?

-Улирлын эхэнд мэргэн буучийн төлөө өрсөлдөх бодол төрсөн. Аваргын төлөө өрсөлдөж байгаа тул мэргэн буучийн шагнал авахаар чармайна гэдэг сэтгэл зүйн хувьд дарамт юм билээ. Тэгээд ч би хагас хамгаалагчийн байрлалд тоглодог учраас уг шагналын төлөө “улайраад” байх шаардлага алга.

-Баг тань “Дээд лиг”-т хамгийн сүүлд түрүүлснээс хойш арван жилийн хугацаа өнгөрчээ.

-Миний хувьд 2010 онд “Дээд лиг”-т тоглосон эхний улиралдаа аварга болж байлаа. Тухайн үед цом өргөхөд төдий л үнэ цэнтэй байгаагүй. Гарааны бүрэлдэхүүнд тогтмол багтаж, чухал тоглолтуудад багтаа тусалж байсан. Тэр цагаас хойш “Хангарьд” клуб “Дээд лиг”-т түрүүлж чадаагүй л байна. Жил ахих тусам ур чадвар минь сайжирч, манай баг түрүүлэх юм шиг санагддаг байлаа. Энэ жил би 28 нас хүрчихлээ.

-“Дээд лиг”-т оруулсан 17 гоолынхоо наймыг нь торгуулийн цохилтоор хийсэн. Нэг улиралд олон торгуулийн цохилтыг багийнхаа өмнөөс гүйцэтгэхэд айдас төрдөг үү?

-Би “Улаанбаатар сити” клубийн эсрэг хожлын гоолыг торгуулийн цохилтоос оруулсан. Мөн “Хаан хүнс-Эрчим”-ийн хаалганд хоёр ч гоолыг мөн л торгуулийн цохилтоор хийсэн. Эдгээр цохилтыг гүйцэтгэх үедээ алдчих вий гэх айдастай байлаа. Нэг улиралд торгуулийн олон цохилт хийх эрх авахаар хүмүүс шүүмжилж байгаа бололтой. Гэвч гоол л бол гоол. Баг маань хожиж, оноогоо бүтэн авлаа. Энэ л чухал. Манай багийнхан “Хүмүүсийн шүүмжлэлийг битгий анхаар. Чи гоол оруулах хэрэгтэй. Эцсийн үр дүнд баг л хожих ёстой” гэж хэлсэн. Яг үнэндээ сүүлийн байрт бичигдэж байгаа багуудын хаалганд торгуулийн цохилт гүйцэтгэх сонирхол надад байхгүй болчихсон.

-“Хангарьд” клуб энэ улиралд хоёр ч тоглолтод хожигдлоо. “Дэрэн”-д анхны ялагдлаа хүлээсэн. Энэ тоглолтын талаар сонирхуулж яриач.

-Манай баг улирлын эхний зургаан тоглолтдоо хожсон учир тамирчдын маань сэтгэлзүй өндөр байгааг анзаарсан. Харин “Дэрэн” клубт хожигдсоны дараа арай л эрт баярлав уу гэдгээ мэдэрсэн.

-Таныг нэг байрлалдаа тогтвортой тоглодоггүй, олон байрлалд шилждэг гэх шүүмжлэл байдаг. Дасгалжуулагч тань ингэж тоглохыг зааварладаг уу, эсвэл та өөрөө хөдөлгөөнтэй тоглолтыг эрмэлздэг юм уу?

-Би анх төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан. Дараа нь зүүн жигүүрийн хагас хамгаалалтад тоглосон. Аль ч багт очсон дасгалжуулагч нар намайг нэг байрлалд тогтвортой тоглуулдаггүй. Шигшээ багт л гэхэд довтолгооны байрлалд, зүүн жигүүрийн хагас хамгаалалтад, мөн баруун жигүүрт ч тоглож байлаа. Бас төвийн хагас хамгаалагчийн байрлалд ч тоглосон. Энэ бол дасгалжуулагчдын шийдвэр. Тухайн үед ямар байрлалд тамирчин дутуу байна, тэр орон зайг нөхөөд л явдаг.

-Багийн лидер тоглогчийн хувьд дарамт мэдэрдэг үү?

-Мэдэрнэ. Тодорхой хэмжээний ачааллыг өөртөө үүрч байж багийн лидер гэж үнэлэгдэнэ. Ямагт өөртөө шаардлага тавьж, хичээх ёстой.

- Хэрвээ “Хангарьд” клуб “Дээд лиг”-т түрүүлбэл “Алтан бөмбөг” шагналыг авах боломжтой талаар бодож үзсэн үү?

-Одоогоор энэ талаар бодсон зүйл алга. Гэхдээ дотроо шагнал авах сан гэж боддог. Би “Дээд лиг”-ийн шилдэг тоглогчийн шагнал авч байгаагүй. Тэр шагналыг өөрийн болгохыг хүсдэг. Багтаа лидерийн үүргийг гүйцэтгэдэг ч тамирчны замналдаа шагнал авч чадаагүй байна гэдэг гунигтай шүү дээ.

-Та “ФС Улаанбаатар” клубт хэр хугацаанд тоглосон бэ?

-Гурван жилийн гэрээ байгуулаад жил гаруй тоглосон. Сүүлийн хоёр жил “Хангарьд” клубт зээлээр тоглож байгаа. 2018 онд “ФС Улаанбаатар”-т тоглохдоо “Дээд лиг”-т хоёрдугаар байрт шалгарсан.

ӨӨРЧЛӨГДСӨНӨӨ ХҮМҮҮСТ ХАРУУЛАХЫГ ХҮСДЭГ

-Анхны бэлтгэлээ хэрхэн дурсдаг вэ?

-2004 оны өвөл 12 настайдаа анх М.Сэргэлэн багшийн удирдлагад бэлтгэл хийсэн. Маш их ядарснаа мартдаггүй. Тухайн үед хөлбөмбөгийн хэрэгсэл ховор байлаа. Бэлтгэлийн өмд, цамц, сагсны пүүзтэй анх очсон. Харанхуй болчихсон хойно бэлтгэлээ тараад гэр лүүгээ алхахад их шуургатай өдөр байсан санагдана. Ядарсан учир хариад куртикээ ч тайлж чадалгүй шууд унтсан. Хүүхэд байхдаа том мөрөөдөлтэй байлаа. Эрдэнэтэд “Реал Мадрид”-ын тоглолтыг их үздэг сэн. Тэгээд л “Ла лиг”-т тоглоно гэх мөрөөдлөөр жигүүрлэсэн дээ.

-Тэгвэл хэр хор шартай хүүхэд байв?

-12 настайдаа анх УАШТ-д оролцсон. Тэр үед хаалгачаар тоглодог байсан. Анхны бэлтгэл дээрээ тохойгоороо шалан дээр уначихаад уйлж билээ. Тамирчин хор шараа бэлтгэл дээр гаргаж байж л тэмцээнд хожно.

-Багийн тоглолт оновчтой болохгүй байгаа үед хэр их “шатдаг” вэ?

-Маш их “шатдаг” байсан. Эхэндээ ч алдаж, онох үе зөндөө. Шигшээ баг амжилт гаргаад эхлэхэд өөрийгөө сайн тамирчин болсон мэтээр ойлгож явсан үе бий. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шүүгчидтэй их маргалддаг, торгуулах нь ч олон. Иймэрхүү сөрөг үйлдэл багийн амжилтад муугаар нөлөөлдөг. Харин энэ жил шүүгчидтэй ам зөрөөгүй.

-Тухайн үед таагүй хандлага гаргахад юу нөлөөлөв?

-Би алдаагаа аль болох засахыг хичээдэг. Өнгөрсөн хугацаанд олон хүнийг гомдоосон. Тэр хүмүүсээс уучлал гуйя. Өөрчлөгдсөн гэдгээ хүмүүст харуулахыг хүсдэг.

-Хөгжөөн дэмжигчдийн чимээнээс ямар мэдрэмж авдаг бол?

-“Дээд лиг”-ийн тоглолтуудыг цөөн хүн үздэг. Харин шигшээ багийн тоглолтод олон хүн ирнэ. Тоглолтдоо төвлөрчихсөн үед үзэгчдийн дуу чимээг мэдэрдэггүй. Тоглолт түр хугацаанд зогсох үед хөгжөөн дэмжигчдийн дуу хоолойг сонсдог.

-Монголд хөлбөмбөг хэр хөгжиж байна вэ, амьдралд тань мэдрэгддэг үү?

-Тоглогчдын цалин хөлс нэмэгдсэн. “Дээд лиг”-т эхэн үедээ цалингүй тоглодог байв. Шагналын сан ч тухайн үед бага. 2010 онд манай баг “Дээд лиг”-т түрүүлэхэд би 90 мянган төгрөгийн шагнал авсан. Тухайн үед сурагч байсан болохоор мөнгөөрөө хувцас, хичээлийн хэрэглэл аваад сургуульдаа орж байлаа.

-Хөлбөмбөгийн хамгийн сэтгэл татам нь юу вэ?

-Хөлбөмбөг миний ажил. Жаахан хүүхэд байхад хөлбөмбөг миний амьдрал байсан. Өвчтэй байсан ч цонхон доор найзууд минь ирээд, “Хөлбөмбөг тоглох уу” гэхэд нь гүйгээд гардаг байлаа. Үүнийг дахин мэдрэхийг хүсдэг. Одоо бол мэдрэмжтэй, уран гоё дамжуулалт өгөхдөө таашаал мэдэрдэг. Бас гоол оруулахдаа сайхан мэдрэмж авна. Сонирхуулахад, би “Аваргуудын лиг”, ДАШТ, Европын АШТ-ий финалын тоглолтыг л шууд үздэг. Хөлбөмбөгийн өөр тоглолтыг шөнийн цагаар үздэггүй. Шөнө хөлбөмбөг үзчихээр ажил, бэлтгэл цалгардчих гээд байдаг юм. Харин багийнхаа тоглолтыг гэртээ хариад үздэг.

-Юу урмыг тань хамгийн ихээр хугалдаг бол?

-Идэвхгүй байдал. Би тоглолтын үед дайчин чанарыг эрхэмлэдэг.

-Тэгвэл урам зоригийг юунаас авдаг вэ?

-Дэвид Бекхэмийг шүтдэг. Тоглолтгүй үедээ түүний бичлэгүүдийг үздэг. Тэгж л урам зоригтой болдог юм. Бекхэмийн алсын дамжуулалт, мэдрэмж нь гайхамшигтай. Би түүний эсрэг тоглохыг хүсдэг. Гэхдээ энэ бол мөрөөдөл.

ҮНЭ ЦЭНТЭЙ АВАРГА БОЛОХ СОН

-Та ямар үйл явдалд хамгийн ихээр догдолж байв?

-Эхнэр бид хоёр тусдаа амьдарч байсан болохоор охиноо төрөх үед нь очиж байлаа. Харин одоо дахин хүүхэдтэй болоод ээжийнхээ гэдсэнд байгааг нь мэдрэх, төрөхийг нь хүлээж догдлохыг хүсдэг. Их сургуулиа төгсчихөөд эхнэр, хүүхдийнхээ хамт жил гаруй хугацаанд Орхон аймагт ажилгүй суусан. Бүх хариуцлага надад ногдсон. Тэр бол амьдралд маань тохиолдсон маш хэцүү цаг. “Хангарьд” спорт хорооныхоо байранд гурван сар амьдарсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаас шалтгаалаад тэнд хүн байрлуулдаггүй. Үүний дараа айлын гал тогооны өрөөнд охиныхоо хамт таван сар амьдарсан. Тухайн үед эхнэр минь хотод сургалтад сууж байсан юм. Ажил хайж өнгөрүүлсөн жил гаруй хугацаа л надад хэцүү байсан. Өглөө болгон л ажилтай хүн шиг гэрээсээ гараад, ажил хайж, янз бүрийн хүмүүстэй уулзана. Дотроо бол “Энэ түр хугацааны л асуудал, удахгүй шийдэгдэнэ” гэж боддог байв. Хүнд цаг үеийг туулсны эцэст “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд ороод эхнэр, хүүхдээ тэжээж чадахуйц боллоо гэж маш их догдолсон. Эхнэрийг минь Б.Есөнхүсэл гэдэг. Бид эдийн засагч мэргэжилтэй. 2015 онд би “Отгонтэнгэр” их сургуулийг санхүү менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. Одоо ХААН банканд ажиллаж байна.

-Тэмцээнтэй үед ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Тоглолтын дараа ажил руугаа явахад ядрах тохиолдол байдаг. Гэвч удирдлага минь намайг ойлгож, тусалдаг. ХААН банкны Лизингийн бизнесийн газрын хамт олон, удирдлагадаа их баярлаж явдаг.

-Футзалын “Дээд лиг”-т хэр олон жил тоглосон бэ?

-2014 онд анх зохиогдсоноос нь эхлээд тоглосон. Харин энэ жилээс футзал, талбайн хөлбөмбөг хоёрыг салгасан учир аль нэгийг нь сонгох шаардлагатай болсон. Футзалын хамгийн сайн амжилт гэвэл 2016 онд “Дээд лиг”-т хоёрдугаар байрт орж байлаа. Футзал, талбайн хөлбөмбөг хоёрын гол ялгаа нь гүйлт гэж боддог.

-Та талбайд байгаа тамирчдын байрлал, хөдөлгөөнийг бөмбөг авах бүртээ мэдэрч чаддаг уу?

-Ядраагүй үедээ мэдэрдэг. Шигшээ багийн туслах дасгалжуулагч З.Баттулга “Чиний тоглолт эхний хагаст сайн, хоёрдугаар хагаст ядраад эхлэхээрээ талбайгаа мэдрэхгүй, хамгаалалтдаа туслахгүй байна” гэж хэлж байсан. Тиймээс л бэлтгэл сургуулилалт маш чухал.

-Азийн орнууд хурд, Өмнөд Америкийнх хувийн чадвар, Европынх системд түлхүү суурилсан хөлбөмбөг тоглож байна. Монголд ямар хэв маягийн тоглолт ирээдүйтэй гэж боддог вэ?

-Миний хувьд системтэй хөлбөмбөг. Мөн үүн дээр ур чадвар нэмэгдэх ёстой.

-Монголын хөлбөмбөгчид юун дээр суурилсан тоглолтыг түлхүү үзүүлдэг юм бол?

-Хурд, хүч болов уу даа. Нуулгүй хэлэхэд, дамжуулалт сайнгүй. Гэхдээ удахгүй өөрчлөгдөх байх аа.

-Шигшээ багийн бүрэлдэхүүнд дахин дуудагдахыг хэр их хүсэж байгаа вэ?

-Тоглолтын эхэнд Төрийн дууллаа дуулахад сэтгэл хөдөлж, самсаа шархирдаг. Шигшээ багтаа дахин дуудагдахын тулд бэлтгэлээ сайн базааж, өөрийгөө харуулахыг хичээж байгаа. Японы шигшээ багтай хийх тоглолтод оролцоно гэдэгтээ итгэдэг.

-Хэрвээ “Хангарьд” клуб “Дээд лиг”-т түрүүлбэл аваргын баяраа хэрхэн тэмдэглэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Одоогоор төлөвлөөгүй. Маш их баярлана гэдгээ л мэдэж байна. Олон жилийн дараа үнэ цэнтэй аварга болохыг хүсэж байна шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)