Ц.ДАШДОНДОВ: Монголын тогтмол хэвлэлийн түүчээ, яах аргагүй анхдагч нь “Үнэн” сонин

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов гуайтай Монголын тогтмол хэвлэлийн анхдагч, хамгийн хүчтэй, нөлөөтэй сонинд ажиллаж явсан он жилүүдийнх нь талаар ярилцлаа. Ярилцлага авахаар холбогдоход “Хүн надад дургүй болсон байж магадгүй төдийгүй би өөртөө дургүй болчихоод байна” хэмээн цааргалсан тэрбээр “Монголын үнэн” сонины 100 жилийн ойг тохиолдуулан өөрийг нь зочноор урьж буйг сонсоод дорхноо зөөлөрч, гэртээ урьсан билээ.

“Чин үнэнийг хэлэхэд арай дөнгүүр, сэтгүүлчийн дөртэй, сайн сэтгүүлч болно гэж үнэлэгдсэн хүмүүсийг их өндөр шалгуураар “Үнэн” сонинд авдаг байлаа. “Үнэн” сонинд сэтгүүлч, сурвалжлагч авах асуудал Намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр шийдэгдэнэ. Тэр ч утгаараа муугүй ур чадвартай, хариуцлагатай, шилмэл хамт олон тэнд ажилладаг байв. Жинхэнэ сэтгүүлчийн дөр суулгадаг, сэтгүүлч шиг сэтгүүлч болдог том сургууль нь “Үнэн” сонин байсан. Монголын сэтгүүл зүйд олон сайн сэтгүүлч бэлтгэж өгсөн дөө. Гадаад, дотоодын ямар ч сургууль төгссөн хүн “Үнэн” сонинд хуваарилагдана гэдэг алдар хүнд, нэр төрийн хэрэг байв. Намын Төв хороо, Засгийн газрын төв хэвлэл “Үнэн” сонинд ажиллаж буйгаараа бид ч их бахархана” хэмээн яриагаа эхлэв.

-Та “Монголын үнэн” сонинд цөөнгүй жил ажилласан байх аа?

-Би “Үнэн” сонинд хоёр очсон хүн. Эхнийх нь Ц.Намсрай эрхлэгчийн үед, 1972 онд юм. Ц.Намсрай гэж “Үнэн” сонин, МСНЭ-ийг олон жил удирдсан, ланжгар эрхлэгч, мундаг сэтгүүлч шүү дээ. Монголын том сэхээтэн, айхавтар нэр хүндтэй хүн байлаа. Тэр миний хувьд их эрхэм хүн. Сургуулиа төгсөөд Намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орж, “Үнэн” сонинд хуваарилагдсан. Тэр үеийн дарга нар яасан ч сайхан улс байсан юм. Навах гэж очсон Ц.Намсрай эрхлэгчид Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Дүгэрсүрэн “Наад хүн чинь орон гэргүй юм байна шүү” гэж байж билээ.

Ингээд “Үнэн” сониныхоо Захидал харилцааны хэлтэст очиж, удалгүй Гадаад мэдээний хэлтэс рүү шилжсэн. Тэр үед “Үнэн” сонин дөрвөн нүүрээр гардаг, арын нүүрийг нь гадаад мэдээнийхэн хариуцдаг байв. Капиталист, социалист хоёр системийн үзэл суртлын тэмцэл хурц байсан үе учраас гадаад ертөнцөөс мэдээ сэлт авна гэдэг өндөр хариуцлага, мэдрэмж шаардсан ажил байв даа. Өглөө сонин гарахад Намын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийнхэн дөрөвдүгээр нүүрийг хамгийн түрүүнд харна. Хамгийн хэл амтай, нийтийн хараанд, тэр дундаа Намын Төв хорооныхны анхааралд байдаг дөрөвдүгээр нүүр маань хамгийн оройтож бууна. Гадаадын агентлагуудаас тухайн өдрийн сүүлчийн мэдээ ирэхийг хүлээгээд Н.Шүр бид хэд л редакцад үлдэнэ. 1984 онд санагдана, нэг орой бид үлддэгээрээ үлдчихээд байтал өрөөний утас дуугарав. Намайг дээрээс дуудаж гэнэ.

МХЗЭ-ийн их хурлаар ямар дайрлага нь дайрсан юм бэ гэмээр айхавтар том өөрчлөлт хийсэн юм. МХЗЭ-ийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцын эрхлэгчийг “авч хаясан”. МХЗЭ-ийн Төв хорооны мэдэлд Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакц, Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакц гэсэн хоёр том бүтэц байлаа. Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцад нь “Залуучуудын үнэн сонин”, “Залуу үе” сэтгүүл, Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцад “Пионерын үнэн” сонин, “Залгамжлагч”, “Пионерын удирдагч” сэтгүүл байдаг. Тэгэх нь ээ, намайг Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцын эрхлэгчээр тавих гэж дууджээ. Ингээд “Үнэн” сониноос явсан.

Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцад би нэг их удаагүй. Л.Түдэв тэгэхэд Эвлэлийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан. Тэр намайг халсан юм.

-Яагаад тэр вэ?

-Би хэл ам татлаад, Филатоватай таарахгүй байхгүй юу.

-Л.Түдэв агсан таныг “Үнэн” сонинд авсан байдаг шүү дээ?

-Тэгсэн. Намайг халагдсанаас хойш удалгүй Л.Түдэв эвлэлийн байгууллагаас “Үнэн” сонинд ирсэн юм. Тэгээд намайг дуудлаа. Би хэзээний хэдэр ёдор зантай, муухай үгтэй золиг л доо. Өрөөнд нь ороод “Чиний түрүүчийн өшиглөсөн хөндүүр арилаагүй байна шүү, ёо ёо” гээд гуяа илж, барьж нөгөөхийн янзыг үзэв. Намайг халсанд нь гомдсоноо илэрхийлж байгаа санаа нь юм уу даа. Гэтэл Л.Түдэв намайг “Үнэн” сониндоо авах гэж дуудсан байгаа юм. Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцаас халах нь тодорхой болохоор нь “Намайг халах гэж байгаа юм уу” гэхэд “Тэгэх л болж байна” гэснээс өөр зүйл хэлээгүй юм. Намайг ажилгүй боллоо, яана, ийнэ гэсэн ямар ч шинжгүй байсан. Сүүлд бодоход өөрөө удахгүй “Үнэн” сонинд очихоо мэдээд, тэнд очоод авчихна гээд тийм тайван, тоомжиргүй байсан хэрэг л дээ.

-1980-аад оны сүүлийн хагаст Л.Түдэв эрхлэгчтэй “Үнэн” сонинд ажиллахдаа та асуудал хөндсөн хурц нийтлэл цөөнгүйг бичсэн байдаг. Ардчиллын салхинд “Үнэн” сонин хүч нэмсэн гэвэл таны гавьяа ч тэнд бий.

-Ямар эрхлэгч байна, тийм сонин гарна гэж үг бий шүү дээ. Редакцыг толгойлж буй хүн ямар байна, сонин тийм л байна гэсэн үг. Галт тэрэгний зүтгүүр хаашаа явна, араас нь шинэ, хуучин, сайхан, муухай чингэлгүүд дагаад тачигнадагтай адил.

-Л.Түдэв эрхлэгч байсан учраас л сонин тэгж гарсан гэж үү. Тэр байгаагүй бол та “Дээд комиссын доод ажил”, “Баярын тухай гунигт бодол”, “Манайхан гадаадад” гэх мэт асуудал дэвшүүлсэн өгүүллээ бичихгүй байсан гэж үү?

-Тийм зориг гарахгүй л байсан болов уу. Хоёр системийн үзэл суртлын дайнд нүдүүлсээр төр, засгаа шүүмжилж болохгүй гэсэн бодол, хүмүүжил суучихсан байсан юм чинь. Л.Түдэв бич гэсэн болохоор л бичсэн хэрэг.

-“Баярын тухай гунигт бодол”, “Дээд комиссын доод ажил” зэрэг бүтээл тань өдгөө ч үнэ цэнээ алдаагүй. Хэрхэн бичсэн, сонинд нийтлэгдсэнийх нь дараа олон нийт яаж хүлээж авсан талаар ярьж өгөөч?

-Л.Түдэв эрхлэгчийн нарийн бичиг дуудлаа, өөрөө дуудахгүй шүү дээ, тэр чинь том амьтан. Харахад амьдралаас тасархай мэт хэрнээ амьдралд хамгийн ойр, нарийн мэдрэмжтэй, хэрийн хүний олж харахааргүй сэдэв, санааг олж хардаг, айхавтар хүн байлаа. Сэдэв санаагаа олчихоод, хэнээр бичүүлбэл таарах вэ гэж боддог юм уу, яадаг юм. Тэгэхэд би Гадаад мэдээний хэлтэст, өөр хүн бол надаар тийм юм бичүүлэх үүрэг өгөхөөргүй их ажилтай байлаа. Гэтэл Л.Түдэв надад тийм сэдвүүд өгөөд байдаг байв.

Тэр үед Майн баяр болсон байл уу даа, баахан жагсаал цуглаан, туг хиур, дуу хуур болоод, түүнд мань хүний дургүй хүрсэн бололтой юм. Тэгээд “Ийм юм бичээдэх” гэлээ. Эрхлэгч даалгавар өгч байхад бичихээс яах вэ. Хэр чадлаараа л сайн хийхийг хичээлээ. Миний өгсөн гарчиг “Баярын дараах бодол эргэцүүлэл” гэж байсан санагдана. “Баярын дараах гунигт бодол” бол Л.Түдэв эрхлэгчийн өгсөн гарчиг. Би тэр үед тэгж хэлмээр байсан ч тэгж бичиж чадахгүй байсан. Тэр том сэхээтэн, нэр нөлөө бүхий хүн дэргэд байж, зоригжуулж, чиглүүлээгүй бол тийм юм бичих зүрх хүрэхээргүй он цаг байлаа шүү дээ.

Гарчгийг маань өөрчилснөөс өөрөөр бичсэн юманд минь харьцангуй бага гар хүрсэн. Зарим хүний бичсэн зүйлээс ганц хоёрхон өгүүлбэр үлддэг байсныг бодвол минийх бараг бүтнээрээ хэвлэгдсэн. “Дарга бүрийг зурдаг, зуруулсан дарга бүр өөрийнхөө зургийг муухай гэж боддог” гэх мэтээр ёжтой бичсэн юм. Уншигчдын олонх ёстой үнэнийг бичиж гэж хүлээж авсан. Намын Төв хороо, Засгийн газрын төв хэвлэл ийм хачин юм гаргадаг нь яаж байгаа юм бэ гэж энд тэндээс утасдсан хүн ч байсан гэсэн. Тэгэхэд Ж.Батмөнх дарга зэмлээгүйгээр барахгүй “Энэ талаар бодож, анхаармаар юм байна шүү” гэсэн гэдэг юм. Ж.Батмөнх дарга харахад нурмайсан доожоогүй гэмээр боловч дотор ухаанаар лут хүн байсан шүү.

-“Дээд комиссын доод ажил”-ын санааг бас Л.Түдэв эрхлэгч өгсөн гэдэг бил үү?

-Эрдмийн зэрэг, цол олгох комиссын ялзралыг бичсэн юм. Улсад ч хэрэггүй, хүнд ч хэрэггүй юм хийсэнд нь эрдмийн зэрэг, цол өгөөд, улсад хэрэгтэйг нь дараад гаргадаггүй гэсэн агуулгатай. Тэр бас л Л.Түдэв эрхлэгчийн хэлсэн санаа. Гарчиг ч мөн түүнийх санагдаж байна. Гадаад мэдээний хэлтсийн нэг муу сэтгүүлч тэр том байгууллагыг тэгж зоригтойгоор шүүмжилж зүрхлэхгүй шүү дээ.

-Та бас С.Зориг, Ц.Элбэгдоржтой ярилцлага хийж, тэгэх тэгэхдээ Ц.Элбэгдоржийг өмөөрч, дэмжиж буйгаа илэрхийлэн “Миний мэдэх Элбэгдорж” гэж бичсэн байдаг. Хатуу хяналттай нам, засгийн төв хэвлэлд төрийн эрх авахаар тэмцэж буй хүмүүсийг оруулж болохгүй, гаргахгүй гэх яриа редакцад гараагүй юу?

-Тийм юм байгаагүй шүү. Тэр үед “Үнэн” сонин харьцангуй ардчилсан байж.

-Сонин гарсны дараа нам, засгийн зүгээс элдэв асуудал гараагүй юу?

-Тийм асуудал гарлаа гэхэд Л.Түдэв рүү л хандана. Тэр хүн байсан болохоор “Үнэн” сонины сэтгүүлчид хамгаалалттай байж. Л.Түдэв нийгмийн хандлагыг их соргогоор мэддэг, их айхавтар хүн байсан. Ямар эрхлэгч байна, тийм сонин байна гэдгийг дахин хэлье. Эрхлэгч цовоо байвал сонин нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, аливааг олон талаас нь харж чөлөөтэй тоглодог, маневр сайтай, царцанги биш байна. Редактор урагшгүй, муу, мулгуу байвал сонин тийм л байна. Намайг ажиллаж байхад байсан Ц.Намсрай, Л.Түдэв эрхлэгч нар бол үнэхээр уул шиг нөмөртэй, лут хүмүүс. “Үнэн” сонин ч хүчтэй, нөлөөтэй байж.

-“Монголын үнэн” сониныхоо 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлээч?

-Ярих юмгүй том ой л доо. Монголд тогтмол хэвлэл гэж байдаг бол түүний түүчээ, яах аргагүй анхдагч нь “Үнэн” сонин. Тогтмол хэвлэлийн дэг соёлыг төлөвшүүлж бий болгосон гавьяатай газар төдийгүй улс орныг хөгжилд уриалах, хүн ардыг соён гэгээрүүлэхэд том хувь нэмэр оруулсан. Яриад байвал олон зүйл бий. 100 жилийн гавьяаг нэг муу өвгөн ингэж суугаад ярьж барахгүй. “Үнэн” сонины үе үеийн сэтгүүлч, сурвалжлагч нар, уншигчид, энэ сонинтой холбоотой хэн бүхэнд өвгөн сэтгүүлчийн зүгээс их ойн мэнд дэвшүүлье.

Бид 100 жил тасралтгүй хэвлэгдэж, иргэдээ мэдлэг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэсэн тогтмол хэвлэлтэй улс. Эдүгээгээс яг 100 жилийн өмнө, яг өнөөдөр шиг намрын жихүүн өдрүүдэд “Монголын үнэн” сонины анхны дугаар Эрхүү хотод хэвлэгдэж байж. Монголын хувьсгалчид Коминтерны Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газраас тусламж авахаар Эрхүү хотод байхдаа нууцаар гаргаж байсан эл сонин 1921 оны дөрөвдүгээр сарын 19 хүртэл зургаан дугаар хэвлэгджээ. “Монголын үнэн”-ий анхны дугааруудыг 38х54 см-ийн хэмжээтэй, дөрвөн нүүртэйгээр чулуун бараар дугаар бүрийг 3000 хувь хэвлэж, Ардын хувьсгалын партизан цэргүүдээр дамжуулан олон түмэнд тарааж байв.

Монголын феодалын засаг, төр, түүний мөн чанарыг илчилж, харийн булаан эзлэгчдийн түрэмгийллийг эсэргүүцсэн, Монгол орны гадаад байдал, Октябрийн социалист хувьсгал болон ард түмэн эрх чөлөөгөө олж авах арга зам, шинээр байгуулах засаг, төрийн мөн чанар ямар байх зэрэг асуудлыг олон талаас нь тайлбарлан таниулсан тус сонин гадаадын эзлэн түрэмгийлэгчид, дотоодын дарлагчдаас улс орноо чөлөөлөх, ард түмний эрх ашгийг хамгаалах, ардын журамт цэрэг элсүүлж, зэвсэгт тэмцэлд бэлтгэх, МАН-ын бодлого, зорилтыг сурталчилж, хувьсгалын үйл хэргийг зохион байгуулах чухал хэрэгсэл болж байсан гэдэг.

Монгол орны түүхийн нэн эгзэгтэй үед нууцаар гарч асан эл сонин Монголын ард түмнийг хувьсгалт тэмцэлд уриалан дуудах, хувьсгалчдын үзэл бодлыг нэгтгэх, Ардын намыг байгуулж бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монголын тогтмол хэвлэл, сэтгүүл зүйн эхлэлийг тавьсан гэж судлаачид үздэг юм. “Монголын үнэн” сонины эхний дугааруудыг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол зэрэг хувьсгалчид Коминтерны Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын дарга Б.З.Шумяцкий, Коминтерны төлөөлөгч С.Борисов, Э.Ринчин нарын дэмжлэгээр гаргаж байжээ.

1925 онд МАХН-ын (одоогийн МАН) Төв хорооноос сониныг “Үнэн” нэрээр эрхлэн гаргах болсноор албан ёсоор тус намын дэргэдэх хэвлэл болсон. Нам төвт төрийн хамгийн хүчтэй, нөлөө бүхий хэвлэл байсан “Үнэн” сонин дан ганц нам, засгийн бодлогыг сурталчлагч биш, нийгмийг соён гэгээрүүлэгч, сайн сайханд уриалан дуудагч нь байв. Нэгдэлжих хөдөлгөөн, Атар газар эзэмших аян, Соёлын хувьсгал, улс орныг үйлдвэржүүлэх бодлого гээд Монгол Улсын хөгжил, монголчуудын амьдралд томоохон эргэлт хийж, ахиц гаргасан түүхэн үйл явдлуудын уриа дуудлага “Үнэн” сониноор дамжин олон түмэнд хүрсэн байдаг. Монгол Улс нийгмийн тогтолцоогоо өөрчилж, чөлөөт, ардчилсан тогтолцоонд шилжиж асан жилүүдэд ардчилагчдын дуу хоолой болж, шинэ цагийн салхинд хүч нэмсэн гавьяаг ч энэ сонин хуваалцах зүй ёсны эрхтэй билээ. Монголын шинэ үеийн түүхийг “Үнэн” сонины шарласан хуудас бүр нь хадгалж, баримтжуулж үлдсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тус сонин 2010 онд уугуул нэрээ сэргээж, “Монголын үнэн” гэсэн толгойтойгоор уншигчдадаа хүрч байгаа билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)