Ц.Даваасүрэн: Сүрьеэтэй хүний эмийг гэрт нь очиж уулгах ямар шаардлага байдаг юм бэ гэж хүмүүс гайхдаг

Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Дунд сургуулийн хүүхдүүд олноороо сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээллийг олон нийт цочирдон хүлээн авсан. Сүрьеэгийн өвчлөл сүүлийн жилүүдэд манайд нэмэгдэж байгаа юм билээ. Мэргэжлийн хүний хувьд та юу хэлэх вэ?

-Нэг сургууль дээрх сүрьеэгийн дэгдэлт, өвчлөл нэмэгдэж буй эл байдал гэнэт бий болсон хэрэг биш л дээ. Сүрьеэгийн тархалтын талаарх сүүлийн үеийн судалгаагаар жилд 4000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь ердөө гуравны нэгийг нь илрүүлж буй хэрэг. Тиймээс ч идэвхтэй буюу хүрч очиж, үзэж байж сүрьеэг илрүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, улс даяар сүрьеэг идэвхтэй илрүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа. 

Үүний хүрээнд “Глобал” сангийн санхүүжилтээр 2018 оны сүүлчээр манай улс явуулын хэд хэдэн рентген аппараттай болсон. Улмаар ХӨСҮТ-өөс эдгээрийг хэд хэдэн сургууль дээр байрлуулан, сүрьеэгийн тохиолдлуудыг илрүүлсэн юм. Монголд ядуурал их, эмзэг бүлгийн айл өрх олон байна. Сургуулийн анги, танхимд агааржуулалт муу, стандартаас хэд дахин олон хүүхэд нэг дор сурч байгаа нөхцөлд халдвар илүү тархах нь ойлгомжтой. Ерөнхий боловсролын хэчнээн сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа билээ дээ. Ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлоос болж анги, танхимд агаар сэлгэх ямар ч боломжгүй байгаа шүү дээ. 

Мөн бухимдал, стресс хүмүүсийг маш их ядрааж байна. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэж байж л сүрьеэг устгана. Парламентад “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг байгуулж, сүрьеэгийн эсрэг зөвхөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаад хүчрэхгүй юм байна, төр, засаг анхаарах болсон талаар сүүлийн үед ярих болсон нь нааштай.

-Тэгвэл халдварыг нь илрүүлсэн хүмүүсийг эмчилгээнд бүрэн хамруулж чадаж байна уу?

-1996 оноос хойш илэрсэн тохиолдлуудыг шууд хяналттай, богино хугацааны эмчилгээ (ДОТС)-нд бүрэн хамруулж ирсэн. Эмчилгээний үр дүн нь ч жил бүр нэмэгдэж байгаа. Улсын дундаж нь 85 орчим хувьтай гардаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд эмд тэсвэртэй сүрьеэгийн 200 орчим шинэ тохиолдол бүртгэгдээд байна. 

Сүүлд хийсэн судалгаагаар сүрьеэгээр огт өвдөж байгаагүй хүмүүсийн 5.3 хувь нь эмд тэсвэртэй сүрьеэгийн халдвартай гарсан. Энэ нь эл өвчнөөр огт өвдөж байгаагүй хүн ч эмд тэсвэртэй сүрьеэгийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

-Эмчилгээний үр дүнг төгс болгох, тэр дундаа эмд тэсвэртэй сүрьеэгийн халдварыг бууруулахад юу чухал юм бэ?

-Ер нь сүрьеэгийн халдвар тараагаад байгаа хүнийг илрүүлж, бүрэн эмчлэх нь л хамгийн чухал. Тэгж байж л бид урьдчилан сэргийлнэ. Харамсалтай нь, халдвартай хүмүүст эмчилгээний явцад тавих хяналт алдагдсанаас тархалт нэмэгдэж байна. Тэднийг эмнэлгийнхэн дангаараа эмчилж, хянах ямар ч боломжгүй. Учир нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нөөц хангалтгүй. Манай нөхцөлд өдөрт 200-300 хүн диспансер дээр ирж эмээ авч уух ямар ч боломж алга. Эмчилгээг тасалдуулахгүй үргэлжлүүлэхэд хяналт маш чухал. Тиймээс бид сайн дурын ажилтнуудын сүлжээ байгуулан, сүрьеэтэй хүмүүсийн эмчилгээнд хяналт тавьж эхэлсэн. 

20 гаруй жилийн өмнө Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийг байгуулсан зорилго нь ч энэ л байсан. Сүрьеэтэй өвчтөнийг эмчлэх гээд нэг хүн заавал гэрт нь очиж, эмийг нь уулгах ямар шаардлага байдаг юм бэ гэж хүмүүс гайхдаг юм. Өдөр бүр диспансер дээр ирж эм уух боломжгүй хүн олон. Шалтгаан нь ч янз бүр. Ирж эмээ авч чадахгүй гээд нэг сар уух эмийг нь бөөнөөр нь өгчихөж болдоггүй юм. Жишээ нь, зундаа амарлаа, зугааллаа гээд явж байгаа хүмүүст нэг сарын хугацаанд уух эмийг нь өгөөд явуулахад ягштал ууж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Зарим тохиолдолд эмээ алга болгочихоод бидэнд хэлж чадахгүй, нуугаад олон хоногоор уугаагүй байх нь ч бий.

Үнэндээ өдөр бүр эмээ ууж чадаж байна уу гэдгийг хянах нь л хамгийн том хүндрэл болж байна. Сүрьеэгийн эмчилгээ 6-8 сар үргэлжилдэг. Ингэж гэрт очиж, эмийг нь уулгаснаар эмчилгээний үр дүн 95-аас дээш хувьтай болсон. Үүний зэрэгцээ хоолтой эмчилгээ буюу эмзэг бүлгийн, оюутан, залуучуудад өдрийнх нь хоолыг нэг газар идүүлээд, эмийг нь уулгадаг хөтөлбөр ч хэрэгжүүлж байлаа. Үүний амжилт бүр 99 хувьд хүрсэн. Өвчтөн бүрийг өдрийн хоолоор хангах нь үр дүнтэй байсан ч санхүүжилтээс шалтгаалан хумигдсан. Одоо цөөн тооны өвчтөнд 5-6 сарын турш хүнсний тусламж өгч байгаа. Үүнд харьцангуй цөөн өвчтөн хамрагддаг ч эмчилгээ нь өндөр үр дүнтэй.

-Сайн дурынхан эмчилгээнд хамрагдах ёстой хүмүүсийн хэдэн хувьд хүрч ажиллаж байна вэ?

-21 аймаг, Улаанбаатарт 400 орчим сайн дурын ажилтан ажиллаж байсан үе бий. Алслагдсан багт байгаа өвчтөнд хүртэл эмийг нь зөөж өгдөг байлаа. Энэ үед диспансерын бараг 50 хувийг хамруулж чаддаг байсан. Одоо нийт өвчлөлийн 20 орчим хувьд нь 160 орчим сайн дурын ажилтан хүрч ажиллаж байна. Учир нь Улаанбаатар болон өвчлөл өндөртэй найман аймагт л тэднийг ажиллуулж байгаа. Ерөнхийдөө санхүүжилт буурсантай холбоотой.

-Тэгэхээр “Глобал” сангийнхан санхүүжилтээ зогсоолоо гэхэд сайн дурынхан ажиллахгүй болно гэсэн үг үү?

-Тийм. Уг нь бэлтгэгдсэн, ажлаа мэддэг болчихсон хүмүүсийг тухайн орон нутаг, улсын төсвийн дэмжлэгтэйгээр ажиллуулаад байвал маш үр дүнтэй. Бусад орны туршлага ч ийм л юм билээ.

-Одоо илрүүлж чадахгүй байгаа гуравны хоёр хэсгийг оношилж, гаргаж ирэх хөшүүрэг нь юу юм бэ?

-Хүмүүс сүрьеэ гэдэг өвчний талаар бараг л мэдэхгүй байна. Хүн амын сүрьеэгийн талаарх мэдлэг үнэхээр хангалтгүй байгаа нь олон асуудал дагуулж байгаа. Хаана хандахаа ч мэдэхгүй байна шүү дээ. Тиймээс хаана хаанаа анхаарч, холбогдох мэдлэг, мэдээллийг хүн амд нийтэд нь түгээх хэрэгтэй. Ингэхийн тулд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт сүрьеэгийн талаарх мэдээллийг тусгамаар байгаа юм. 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжиж байхад 6-7 дугаар ангийнханд ийм ийм мэдээлэл хүргэе гээд боловсролын байгууллагынхантай хамтран сургагч багшийнх нь номыг хүртэл бэлтгээд байсан л даа. 

Даанч эрүүл мэндийн хичээлийг хасчихсан. Харин одоо эргээд заахаар болж байгаа юм билээ. Сүрьеэгийн ямар нэг шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт ханддаг болгох ёстой. Тэгвэл одоогийнх шиг хүн хүрч очиж илрүүлэх биш, иргэд өөрсдөө эрүүл мэндийн байгууллагад ханддаг болно. Жишээ нь, сайн дурынханд тулгуурлан сүрьеэгээр өвдөж байсан болон түүний хавьтагчдаас нь асуумж авч илрүүлэх ажлыг 2016 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн. Энэ хугацаанд зөвхөн асуумжаар буюу “Танд сүрьеэгийн ийм шинж тэмдэг илэрсэн үү, илэрсэн бол тэнд очоод үзүүлэхгүй юү” гэх байдлаар тандалт явуулан, 200 гаруй тохиолдол илрүүлээд байна. Хүн бүр мэдлэгтэй болчихвол зардал ч хэмнэнэ. Сүрьеэгийн талаар нэг шуугиад өнгөрөх биш, байнга л ярьж байх ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)