Ц.Даваасүрэн: Дулааны V цахилгаан станцыг байгуулах боломжгүй нөхцөл үүссэн

Эрчим хүчний сайдын тушаалаар 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласантай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Эрчим хүчний Ухаалаг систем”-ийн суурийг тавих, түүнд чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор “Диспетчерийн үндэсний төв” ХХК дээр “Ухаалаг эрчим хүчний систем”  хариуцсан нэгжийг байгуулан  2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлаж байна.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийн  3.2.5 дугаар Стратегийн зорилгын хүрээнд  Эрчим хүчний “Ухаалаг“ (smart, интеллектуальний) бүтцийг бий болгох, ухаалаг Эрчим хүчний системийг үүсгэн байгуулах гэж тусгасан байдаг. Манай улсад ахуйн хэрэглээ, хувийн хэвшил, цахилгаан түгээх сүлжээнүүдэд “Ухаалаг” хэлбэрүүд үүсч хөгжиж байгаа хэдий ч Эрчим хүчний системд энэ үйл ажиллагаа хийгдээгүй байна.  Үүний үндсэн шалтгаан нь манай улсын Эрчим хүчний системийн “Ухаалаг” бүтцийн зураглал, хэрэглэх стандарт шаардлагууд, Эрчим хүчний судалгаа шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, боловсон хүчний ур чадвар хангалтгүй байгаатай холбоотой юм.

Дэлхий нийтээрээ  “Ухаалаг эрчим хүч” үзэл баримтлал, хөтөлбөрийг   2020-2030 оны түвшинд тодорхойлж үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа ба уур амьсгалын өөрчлөлт гэх мэт томоохон асуудлыг даван туулах нэг арга хэлбэр нь  “УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” гэж үздэг.  Олон улсын Эрчим хүчний агентлагийн  мэдээлснээр  Ухаалаг эрчим хүчний системийг байгуулснаар  хүлэмжийн хийн  ялгарлыг 2050 оны түвшинд   30%, эрчим хүчний  оргил ачааллыг 20%  бууруулах бололцоотой ба  Ухаалаг систем нь түүнд оролцогч талуудад  эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлж, найдвартай байдал, тэгш оролцоог бий болгодог. Мөн 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж,  эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд, өөрийн үйл ажиллагааны  төлөвлөгөөндөө тусгаж  ажиллах ба  Эрчим хүчний яам,  “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн зүгээс  ажлын гүйцэтгэл,  уялдаа холбоог ханган удирдан чиглүүлж ажиллах болно.

Ухаалаг эрчим хүч, ногоон, уян хатан эрчим хүч, инноваци, тоон технологи  гэсэн бодлого нь дэлхий нийтийн  эрчим хүчний хөгжлийн эргэлт буцалгүй үндсэн чиглэл аль хэдийн болсон бөгөөд бидний зүгээс  энэ зүгт  чиглэн ажиллах ялангуяа  Азийн эрчим хүчний супер сүлжээнд томоохон оролцогч болох зорилготойгоор  ажиллах шаардлагатай  байгаа билээ.

Та бүхнийг манай  яамны зүгээс дэвшүүлсэн “Ухаалаг эрчим хүч” гэсэн санаачлага, хөтөлбөр  болон түүнд чиглэсэн үйл ажиллагааг тууштайгаар дэмжин ажиллахыг хүсье гэв.

Монгол Улсын эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

  • Найдвартай, тогтвортой ажиллагааг хангах хүрээнд- Эрчим хүчний төлөв байдлыг бодитойгоор үнэлж, найдвартай тогтвортой ажиллагааг нь хангах;
  • Үр ашиг дээшлүүлэх чиглэлээр- Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх төвшинд ухаалаг тогтолцоог нэвтрүүлж, технологийн болон арилжааны үйл ажиллагааны оновчлол, эдийн засгийн үр ашиг дээшлүүлэх;
  • Түгээх сүлжээ, хэрэглэгчийн төвшинд нэвтрүүлэх чиглэлээр- Ухаалаг тоолуур хэрэглэснээр хэрэглэгч эрчим хүчний хэмнэлт, хөнгөлөлт эдлэх түүнээс гарах үр ашгийг хүртэх;


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)