Ц.Даваасүрэн: Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэхгүй

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс гэр хорооллын цахилгааны тарифын талаар тодрууллаа.

-Гэр хорооллын шөнийн тарифийг тэглэх үү?

-Яг хуучнаараа буюу хуучин тарифын хөнгөлөлтийн дагуу явна. Жишээлбэл, 220кв-той айл 750кв цахилгаан эрчим хүч хэрэглэнэ. Тэрнээс илүү хэрэглэвэл төлбөрөө төлнө.

-Сайжруулсан түлш хийх нүүрсээ "Энержи ресурс"-аас авахаа болиод Тавантолгойгоос авах гэж байгаа гэсэн яриа чих дэлсэх боллоо.

-Тавантолгойн нүүрс тохирохгүй. "Энержи ресурс"-ынх угаасан нүүрс учраас янз бүрийн байгалийн хольц байхгүй.

-"Энержи ресурс"-аас 800 мянган тонн нүүрс үнэгүй авсан юм уу?

-Ойролцоогоор 600 мянгыг авсан байх. Тэр компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, газрын хэвлийн баялаг ард түмний өмч байна гэдэг шаардлагыг Засгийн газар тавьсан учир үнэгүй нийлүүлсэн.

-Та "Энержи ресурс"-ын нүүрсийг угаасан нүүрс гэж хэллээ. Гэхдээ Ерөнхийлөгч хаягдал гэж хэлээд байгаа шүү дээ.

-Угаасан нүүрс шүү дээ. Мидлинг буюу завсрын гэж байгаа юм. Хүрэн нүүрс, коксжих нүүрс хоёрын завсрын бүтээгдэхүүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, коксжих нүүрснээс гаргаж авсан, угаасан нүүрс. Янз бүрийн байгалийн хольц нь гарчихдаг учраас шахмал түлш хийж болдог. Өөр байгалийн нүүрсийг ашиглаж болохгүй.

-Сайжруулсан түлшинд үнэхээр асуудал байхгүй юу?

-Би асуудал байхгүй гэдгийг нь хэлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)