Ц.Ганзориг: Ойрын хугацаанд 1500 орчим өрхийг түрээслээд, өмчлөх орон сууцанд хамруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.05.20) болсон. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцсэн бөгөөд эмч, сувилагч, цагдаа нарт зах зээлд бэлэн байгаа орон сууцнаас түрээслээд, өмчлөх боломжийг олгож буй Засгийн газрын шийдвэрийн талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг танилцуулав.

Тэрбээр “Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний болно тусгай албан хаагчдыг орон сууцжуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. 

Ингэснээр эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын алба хаагчдыг орон сууцанд хамруулах боломжтой болж байна. Эхлээд түрээслээд, дараа нь өмчлөх хэлбэрээр хэрэгжүүлэх тусгай хөтөлбөрийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгасан.

Эхний тооцооллоор 1300-1500 өрхийг зах зээлд бэлэн байгаа, ашиглалтад орсон орон сууцнаас орлогод нийцсэн, нээлттэй сонгон шалгаруулалтаар хамруулах боломжтой. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон Нийслэлийн орон сууцны корпораци хариуцан ажиллана. НОСК өнөөдрийг хүртэл 3000 орчим өрхийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулсан туршлагатай тул энэ жишгээр цар тахлын үед ажиллаж байгаа алба хаагчдыг хамруулна.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлээс илүү хөнгөвчилсөн нөхцөлөөр зээлэнд хамруулж байна. Засгийн газраас иргэдийг түрээслээд, өмчлөх боломжтой орон сууцанд хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд үүний нэг жишээ нь энэ хөтөлбөр болж байна. Монголбанк, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам хамтраад хэрэгжүүлэх боломжтой” гэж мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)