Ц.Ганболд: Прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн улмаас би 10 жил хохирч байна

Хууль сахиулах байгууллагынхан хүчээр хэрэг хүлээлгэдгийг С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан гурван хүний жишээнээс харж болно. ХЭҮК-ынхон эрүү шүүлт байдгийг баталсан нь даарин дээр давс нэмэв. Тэгвэл прокурор, цагдаагийнхан хилс хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүсэн буруутай үйл ажиллагааны улмаас 10 жил хохирч буй иргэн Ц.Ганболдтой ярилцлаа. 

“Мон пасс” компанийн захирал, гадаадын хөрөнгө оруулалттай “Жин и жао” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг түүнд прокурорууд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги болон хорих анги дамжуулан 10 сар хорьсон аж.

-Цагдаа, прокурорын байгууллагаас ямар хэрэгт холбогдуулж хэрэг Танд үүсгэсэн юм бэ?

-Анх Монгол Улсын шүүхийн 2009 оны 696 шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж, ял завшсан “Нанжид” компанийн захирал З.Нарантуяа, өмгөөлөгч Б.Бат-Өлзий нарын гаргасан “Жин и жао” ХХК-ийн итгэмжлэл хуурамч” гэх гомдолд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч С.Батзаяа, мөрдөн байцаагч, ахмад Б.Батзориг, тус дүүргийн хяналтын прокурор Ц.Уртнасан нар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. 

“Жин и жао” ХХК-иас өмгөөлөгч Д.Энхтөрд 2008 оны дөрөвдүгээр сарын 8, 2009 оны гуравдугаар сарын 1-нд олгосон итгэмжлэлүүдийг ерөнхий захирал асан Мяо Юнь Ю өгсөн гэдгээ өөрийн улсын ГХЯ-аар баталгаажуулж, Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-ны Консулын газрын эрх бүхий албан тушаалтан консулын баталгаажуулалт хийсэн нотариатын бичиг байхад эрүүгийн 21132899 дугаартай хэрэг үүсгэн, тус компанийн Монгол талын хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал асан Ц.Ганболд намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253.1-д заасан “иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн” гэх гэмт хэрэгт шалгасан.

Үүний улмаас “Жин и жао” ХХК-ийн ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөл эзэмших, жонш олборлох, борлуулах аж ахуйн ажлууд бүрэн зогссон.

-Дээд шатны хяналтын байгууллагууд нь тэгээд хэрхэн шийдвэрлэж байв?

-Би прокурорын бүх л шатанд гомдол гаргасан ч хүлээж аваагүй. Баянгол дүүргийн хяналтын прокурор Д.Жамбалсүрэн 2011 оны арваннэгдүгээр сард прокурорын 1083 тогтоолоор хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208.1.1, 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай хууль зүйн үндэслэлийг зөв гэж дүгнэсэн.

“Нанжид” компанийн гаргасан гомдлыг дүүрэг, нийслэлийн Прокурорын газрынхан хүлээж аваагүй юм. Гэтэл УЕП-ын орлогч, Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурор Л.Болдын эзгүйд тус газрын хяналтын прокурор Д.Сэрдамба, Д.Эрдэнэцэцэг нар 2012 онд 41 тоот тогтоол үйлдэн дээрх 1083 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1-д “Эрүүгийн хуулийн 253.1 дэх хэсэгт заасан, Ц.Ганболдод холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208.1.1, 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилсүгэй” хэмээн өөрчлөлт оруулсан. 

Уг тогтоолд миний бие гомдол гаргаж, Улсын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт 2012 онд 24 тогтоолоор УЕПГ-ын 41, дүүргийн 1083 тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасан юм. 

УЕПГ-ын 41 тогтоолын талаар Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Прокурорын ёс зүйн зөвлөлийн гишүүн Б.Үнэнбат нарт хандахад “Сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Д.Сэрдамба, Д.Эрдэнэцэцэг нарт хариуцлага тооцох боломжгүй” гэсэн хариу өгсөн. Монгол Улсын ХЭҮК тухайн үеийн Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, орлогч байсан Г.Эрдэнэбат нарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан. Гэвч үр дүн гараагүй.

-Тэгээд юу болов?

-Энэ хугацаанд хөрөнгө оруулагч Мяо Юнь Ю өөрөө Монгол Улсад ирж итгэмжлэл олгосон гэдгээ ч нотолсон. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Д.Цогбадрах хэргийг шалгаж, би гэм буруугаа шүүхээр тогтоолгох хүсэлт гарган, хяналтын прокурор Ч.Ганбат 2012 онд хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. 

Ингээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Нармандах 740 захирамжаар “Мяо Юнь Югийн гарын үсэгт дахиж дүгнэлт гаргуулах, мөн “Нанжид” ХХК-ийн захирал З.Нарантуяа хэргийн хохирогч мөн, эсэх нь эргэлзээтэй” гэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.

Шүүхээс даалгасан ажиллагааг мөрдөн байцаагч гүйцэтгэж хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хяналтын прокурор Ч.Ганбат хянаж, 2012 онд 1607 тогтоолоор хэргийг дахин гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгож, нийслэлийн прокурорын орлогч Б.Батболд хууль зүйн үндэслэлийг зөв гэж дүгнэн хохирлоо нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж мэдэгдэл ирүүлсний дагуу би шүүхэд хандсан.

-Шүүхээс тэгээд хохирлыг чинь гаргахаар болсон уу?

-Тийм ээ. Үүний дагуу нөхөн төлбөр олгох Монгол Улсын шүүхийн 2013 оны 1086 шийдвэр гарч хүчин төгөлдөр болоод байв. Гэтэл Баянгол дүүргийн прокурор Н.Энхтуяа 39 тоот тогтоол үйлдэн, шүүгч М.Нармандахын 740 захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийлгэнэ гэх үндэслэлээр Эрүүгийн 21132899 хэргийг гурав дахь удаагаа сэргээж, НПГ-ын хяналтын прокурор Ц.Өлзийжаргал, орлогч Д.Баянжаргал нар харьяаллыг өөрчлөн, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст “Мон пасс интернэйшнл” ХХК-ийн санхүүг шалгаж байсан эрүүгийн 21040691 хэрэгтэй нэгтгэж, шүүхийн 2009 оны 696, 2013 оны 1086 тоот шийдвэрийг хүчингүй болгуулсан.

Уг нь шүүхээс хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэж Засгийн газрын нөөц сангаас надад нөхөн төлбөр олгох болоод байсан юм. Прокурор энэ хохирлыг олгуулахгүй гэж намайг удаа дараа хэрэгт холбогдуулж, хорьж, эрүү шүүлт тулгаж байна.

Мөн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Г.Даваадоржийн 2013 оны 6159 захирамжаар хэрэг үүсэж, хурлын тов нь зарлагдсан “Жин и жао” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хурлыг ч прокурор зогсоосон.

-Та нэг бус, хоёр эрүүгийн хэрэгт шалгуулах болчихож байгаа юм уу?

-Харин тийм. “Мон пасс интернэйшнл” ХХК-ийн зээл, зээлийн төлбөр зувчуулж, завшсан Худалдаа хөгжлийн банк, “Капитал” банкнаас төлбөр гаргуулж өгөхгүй атлаа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, ахмад Б.Батсүрэн, тасгийн дарга, дэд хурандаа Д.Дугарсүрэн, хяналтын прокурор Д.Ганчанга, дүүргийн прокурор Д.Энхтөр нар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээ, хэлцэл, шүүхийн шийдвэр, нотлох баримттай маргаанд яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2014 онд шүүхэд шилжүүлсэн.

-Нэр дурдсан “Капитал”, Худалдаа хөгжлийн банк хэчнээн төгрөгийн хохирол учруулсан юм бэ?

-Энэ хоёр банк нийлээд “Мон пасс интернэйшнл” ХХК-ийн зориулалтын дагуу ашиглаж байсан зээлээс 70 сая төгрөг зувчуулж завшсан. Энэ нь Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2010 оны 82 тоот, мөн 2017 оны 001/ХТ2018/00027 тогтоолоор бүрэн тогтоогдсон.

-Та тэгвэл “хонгилын” гэж яриад байгаа газраар нь дамжаад, эрүү шүүлтэд ороод байсан юм биш үү?

-Энэ явдал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр яриад байгаа хонгил гээч нь мөн юм болов уу. Энэ ярилцлагыг минь уншиж буй хүмүүс санаа бодлоо хуваалцана биз ээ.

Хэргийг бүх шатны шүүхээр удаа дараа хэлэлцсэн. Би энэ хугацаанд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих газар болон хорих анги дамжиж 10 сар хоригдсон. Надад холбогдох хэрэг болон хохирол нөхөн төлүүлэх асуудлыг ХЭҮК “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-ийн “Эрүү шүүлтээс ангид байх эрх” бүлэгт тусгайлан баримт болгон оруулан, УИХ-д өргөн мэдүүлж, Хууль зүйн байнгын хорооны илтгэлийн санал зөвлөмжид дурдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр харьяа яаманд үүрэг болгож, 2015 оны аравдугаар сарын 1-ний 29 тоот тогтоол баталсан ч дүүрэг, нийслэл, УЕПГ болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч Г.Эрдэнэбат нар ямар ч арга хэмжээ аваагүй. 

Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга асан Ё.Отгонбаяр болон миний бие хууль хяналтын байгууллага иргэнийг эрүүдэн шүүж буй талаар олон нийтэд мэдэгдэж байсан ч холбогдох байгууллага, албан тушаалтнууд ямар ч арга хэмжээ аваагүй.

-Одоо тэгээд танд холбогдуулсан эрүүгийн хэргүүд нэг тийшээ болсон уу?

-Эцэслэн шийдвэрлэгдээгүй 10 жил болж байна. 2016 онд Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор П.Нямцэцэг нэг удаа “итгэмжлэл хуурамчаар үйлдсэн” гэх үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгож, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд ХЭҮК-оос зөвлөмж хүргүүлснээр тус дүүргийн прокурор Б.Бадралт тогтоолыг хүчингүй болгосон.

Зайлшгүй шалгах шаардлагатай, хэрэгт чухал ач холбогдолтой мэдүүлэг, нотлох баримтууд байсаар атал мөрдөн байцаагч, дэслэгч Д.Сод-Эрдэнэ, тасгийн дарга, дэд хурандаа Д.Дугарсүрэн, хяналтын прокурор П.Нямцэцэг, дүүргийн прокурор Д.Булганцэцэг нар хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэж, 2016 онд шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Н.Баярмаа, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан хурлаас 2016 онд 138 дугаартай тогтоол гарч, “иргэний шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг хэн, хэрхэн яаж хариуцах нь тодорхойгүй байна” гэж хэргийг мөрдөн байцаалтад дахин буцаасан.

Гэвч шүүхийн захирамжид дурдсан зүйлүүдийг шалгаж шийдвэрлэлгүй, дээр нэр дурдсан мөрдөн байцаагч, тасгийн дарга, хяналтын прокурор, дүүргийн прокурор нар хэрэгт яллах дүгнэлт дахин үйлдэн 2017 онд шүүхэд шилжүүллээ. Шүүхээс итгэмжлэл хуурамч, бусдыг залилсан гэх зарим үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон. 

Тогтоолд улсын яллагч П.Нямцэцэг эсэргүүцэл, миний бие гомдол гаргаснаар, давж заалдах шатны шүүхийн 2018 онд 177 дугаартай магадлал гарч, хэргийг дахиж хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Ингээд анхан шатны шүүх дахин хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэж бас л хэрэгсэхгүй болгосон. Гэвч Чингэлтэй дүүргийн ерөнхий прокурорын орлогч Б.Чинбат эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх дахиад л анхан шатны шүүх рүү буцаасан.

Тэр магадлалд нь би гомдол гаргаж, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр баталсан. Би Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан ч хүлээж аваагүй. Энэ мэт байдлаар одоо болтол хэрэг шийдвэрлэгдэхгүй, дахин анхан шатны шүүхэд буцсан.

-Хийгээгүй хэргийн төлөө 10-аад жил цагдаа, прокурорын хяналтад байхаар чинь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагч нар танаас хохирол нэхэмжилж магадгүй байгаа юм биш үү?

-Надаас хохирол, төлбөр нэхэмжлэх талаар бизнесийн хамтрагчид маань асуудал тавьж байгаа.

“Жин и жао” ХХК-иас өмгөөлөгч Д.Энхтөрд олгосон итгэмжлэлүүд хууль ёсных болох нь баримтаар нотлогдож байгаа. Худалдаа хөгжлийн банк зээл зувчуулсан, “Капитал” банк зээлийн төлбөр завшсан үйлдлийг Улсын дээд шүүх тогтоосон. 

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээ хэлцэл, шүүхийн шийдвэртэй маргаанд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль буруу хэрэглэж, намайг бүтэн 10 жил хилс хэрэгт шалгаж, яллан Монгол Улсын шүүхийн 2009 оны 696, 2013 оны 1068 тоот шийдвэрийг бүлэглэн, хууль бус аргаар хүчингүй болгуулж, “Жин и жао” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хурлын үйл ажиллагааг бүтэн долоон жил санаатай саатуулж байгаа Баянгол дүүргийн прокурор Н.Энхтуяа, Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор П.Нямцэцэг, дүүргийн прокурор Д.Булганцэцэг, нийслэлийн ерөнхий прокурор асан Б.Амгаланбаатар, Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, орлогч Г.Эрдэнэбат нарын Монгол Улсын Үндсэн хууль, Консулын дүрэм, Нотариатын тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон болон байгуулсан олон улсын гэрээ, конвенц, олон улсад тогтсон жишиг, хэм хэмжээг зөрчиж буй үйлдэлд хэн ямар хариуцлага тооцох вэ.

Миний бие энэ талаар ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтэст 2010-2019 онд удаа дараа гомдол, хүсэлт гаргасан ч үр дүн гарсангүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)