Ц.БОЛОРЧУЛУУН: Тариалалтад зориулж 150 тэрбум төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй олгоногох

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.

-Хаврын тариалалт эхлэх хугацаа дөхлөө. Дэлхий нийтээр халдварт өвчин тархсантай холбоотойгоор улс орнууд хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэх, хүн амынхаа хэрэглээг дотоодынхоо нөөц бололцоогоор хэрхэн хангах талаар санаа тавьж буй. Манай улс энэ жил ямар бодлого, төлөвлөгөөтэйгөөр тариалалтыг эхлүүлэх вэ. Ялангуяа стратегийн хүнсний нэг болох улаан буудайн ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд юу анхаарч байгаа бол?

-Дотооддоо тариалж, үйлдвэрлэж болох хүнсний ямар ч бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, улаан буудай, гурил, төмс зэрэг хүн амын хүнсний үндсэн хэрэгцээт таваарыг аль болох их бэлтгэхийг төр, хувийн хэвшлийнхэн хаана хаанаа анхаарч ирсэн. Халдварт өвчин гарсны улмаас гэнэтхэн л хүнсээ хэрхэн, ахиухан базаах талаар яриад, сандраад эхэлсэн гэвэл учир дутагдалтай. Гэхдээ энэ жил бүх төрлийн тариалангийн талбайг урьд жилүүдийнхээс нэмэгдүүлж, арвин ургац авахыг чухалчилж байна. Тиймээс ХХААХҮЯ дараах гурван асуудлыг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралд оруулсан. Энэ долоо хоногт албажуулж, эцэслэн шийдэгдэх болов уу. Нэгдүгээрт, улаан буудайн тариалангийн талбайг 15 орчим хувиар өсгөхөөр төлөвлөлөө. 

Тариалан эрхэлдэг бүх аймаг, аж ахуйн нэгж ямар боломжоор талбайгаа нэмэхийг судлан, хаана, хэдэн га атаршсан болон атар газар байгааг тогтоон, тариалалтад бэлтгэхийг үүрэг болгосон. Өнгөрсөн онд 360 000 гаруй га талбайд улаан буудай тариалсан бол энэ жил хэмжээг нь 400 000 га-гаас давуулахаар зорьсон гэсэн үг. Буудайн тариалалт эрхэлдэг аж ахуйн нэгжүүд талбайгаа бүрэн ашиглах буюу дугуй, мурий, хотгор, гүдгэр хэсгээ тэгшитгэх, уринш хийсэн талбайгаасаа нэмж ашиглахад 15 хувиар өсгөх боломжтой гэж тооцсон. Мөн жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногооны тариалалтыг өсгөхийн тулд орон нутгууд дахь голын ай сав газар, үржил шим бүхий хөрстэй хэсгийг ашиглах нь зүйтэй гэж дүгнэсэн. Шинээр тариалан эрхлэхийг зорьж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд газрыг уян хатан нөхцөлөөр олгохыг бүх сум, дүүрэг, аймгийн шийдвэр гаргагчдад уриалж, санал хүргүүллээ. Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкнаас 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Уг зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байх юм. Гуравдугаарт, улсын хөрөнгөд бүртгэлтэй газар тариалангийн салбарт хэрэглэх боломжтой орчин үеийн техник, тоног төхөөрөмжүүд цөөнгүй байдаг. Үүнийг 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр тариаланчдад олгох санал гаргалаа. Механикжуулалтад нь анхаарна гэсэн үг.

-Таримлын үрийн нөөц хэр байгаа бол. Талбайгаа нэмэгдүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээтэй байна уу?

-Буудайн үрийн нөөцийг нэмэгдүүлэх, үр үржүүлэх нь тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа. Манай улс жилд 50 000 тонн гаруй үрээр буудай тарьдаг. Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэн жилд 400 гаруй тонн үр үржүүлдэг. Уг үрнээс 12 аж ахуйн нэгж авч үржүүлж, өсгөвөрлөдөг юм. Ингэсэн ч жилийн хэрэгцээний үрийнхээ тал хувийг ч хангаж чаддаггүй. Зүй нь дээрх хүрээлэн багадаа 3000 тонн үр гаргаж, аж ахуйн нэгжүүд 30 000 тонн болтол үржүүлэх хэрэгтэй. Гэхдээ үр үржүүлгийн ажил тасралтгүй хийгдэн, хэмжээ нь ч өссөөр байгааг хэлэх нь зүйтэй. Сүүлийн таван жилд манай улсад эрлийзжүүлж, сайжруулж, нутагшуулсан үрийн хэмжээ 30 хувиар нэмэгдсэн.

Ер нь аж ахуйн нэгжүүд хаврын тариалалтын үрээ өөрсдөө нөөцлөх үүрэгтэй. Гэхдээ зарим нь энэ үүргээ биелүүлэхгүй, хавар бүр л үрийн эрэлд явах нь бий. Энэ жил аж ахуйн нэгжүүдэд 30 000 гаруй тонн үр бий. Мөн ОХУ-аас 5000 тонн гаруй элит үр авч байгаа. 3000 тонныг нь тээвэрлэн авчирсан, хуваарилалт хийж байна. Манай санд байгаа нөөцийг тооцвол талбайн хэмжээгээ нэмэгдүүлсэн ч үр хүрэлцэнэ.

-Өргөн далайцтайгаар хаврын тариалалтыг эхлүүлэх нь. Ажиллах хүн хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Манай улсад төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин 50 орчим хувьтай байдаг. Тариалалт нэмэгдэхийн хэрээр гар ажиллагаа ихэснэ гэсэн үг. Тиймээс тариалалтын болон ургац хураалтын үед хугацаат цэргийн албан хаагч, оюутнуудыг ажилд оролцуулахыг зорьж байна. Ер нь ХААИС-ийн агрономи, инженерийн ангийн оюутнуудыг тариалангийн талбайд ажиллуулдаг. Одоо тус сургуулийн, бүх мэргэжлийн оюутнуудыг татан оролцуулахаар төлөвлөж байна. Тэдэнд олгох цалин урамшуулал, байр сууц, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх асуудлыг холбогдох яамд, байгууллагууд нь шийдвэрлэнэ. Бид санал, зөвлөмжүүдийг нэгтгэж байгаа.

-Хэдий хэр ургац авахаар төлөвлөж байна вэ. Өнгөрсөн жилийнхээс нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Ургацын хэмжээг одоогоор хэлэх боломжгүй. Тавдугаар сарын эхний 10 хоногт үр суулгаж дуусна. Тэр үед тариалсан талбайн хэмжээ, бүтээгдэхүүн тус бүрээр тодорхой болно. Тэндээс хураах ургацыг баримжаалан тооцох боломжтой. Дээр хэлсэнчлэн их, бага хэмжээгээр тариалан эрхэлдэг бүх аймаг, аж ахуйн нэгж ямар боломжоор талбайгаа нэмэх талаар судалж, мэдээгээ нэгтгэж буй. Тариалангийн талбайг бүх таримлаар нэмэгдүүлэх учир мэдээж ургацын дүн ч түрүү жилийнхээс өснө гэж найдаж байна. Мөн энэ хавар “Өрх бүр тариаланч” уриалгыг салбарын яам дэвшүүлж буйг энд тодотгоё. Хашаатай, газартай айл, аж ахуйн нэгж бүр боломжийн хэмжээгээр төмс, хүнсний ногоо тарих хэрэгтэй. Болж өгвөл хүлэмжийн аж ахуй эрхлэн, өөрсдөө тарьж болох бүгдээ тарихад анхаарвал зохино.

-Хүнсний ногооны импортын татварыг бараг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гарах нь. Хэрэв импортын бүтээгдэхүүний хэмжээг багасгавал жилийн дөрвөн улиралд хүнсний ногооны хангамжийг хэрхэн зохицуулах вэ. Хүлэмжийн аж ахуй, тариалалтыг дэмжих шаардлага үүсэх нь, тийм үү?

-Өдгөө улсын хэмжээнд 96 орчим га талбайг хамруулсан хүлэмж бий. Үүний 27-28 га нь өвлийнх. Дотоодоосоо өргөст хэмх, улаан лооль, чинжүү, навчит ногоог жилд 5000 гаруй тонныг нийлүүлдэг. Харин импортоор 15-16 мянган тонныг авдаг. Тиймээс Улаанбаатарын ойр орчимд энэ хавар 20 га талбай бүхий өвлийн хүлэмжүүд барихаар төлөвлөлөө. Ингэснээр импортын бүтээгдэхүүний 70 хувьтай тэнцэх хэмжээнийхийг хангах боломж бүрдэнэ. Хүлэмжүүд нийт 50 сая ам.долларын өртөгтэй байх бөгөөд гадаадын төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжүүлэх боломж бий. Санхүүжилтийн хэд хэдэн эх үүсвэр байгаа тул хөрөнгө мөнгөнд санаа зовохгүй байна. Харин өвлийн хүлэмж нь хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардал өндөртэй учраас ажиллах хүч сайтай, туршлагатай, хариуцлагатай аж ахуйн нэгжүүдэд л боломж олгон, дэмжлэг үзүүлэхийг зорино. Нэг ам метрийнх үнэ 270 ам.доллар, ашиглалтын зардал ихтэй тул айл өрхүүд хүлэмж бариад ашиггүй гэсэн үг. Харин хүнсний ногооны 700 га талбайд тарихад хүрэлцэхүйц үр олгох боломж бий. Тиймээс айлууд, жижиг аж ахуйн нэгжүүд дүүргийнхээ хөдөө аж ахуйн газарт хандан, боломжит нөхцөлөөр үр авч болно.

-Импортын хүнсний ногооны татварыг өсгөх нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого мөн ч хэрэглэгчдэд яаж нөлөөлөх бол. Зарим томоохон аж ахуйн нэгж газар тариалангийн салбараас гарлаа гэх нь бий. Энэ хэрээр тухайн салбарын тогтвортой хөгжил, бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасалдах байх. Улмаар эрэлт, үнэ өсөх шалтгаан болохыг үгүйсгэхгүй. Газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад ямар бодлого баримталж байна вэ?

-Бид улаан буудай, төмс, лууван, шар, хүрэн манжингийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангадаг. Харин зарим хүнсний болон нарийн ногооны жилийн хэрэгцээний дөрөвний нэг хувийг тарьдгийг дээр дурдсан. Ганц, хоёр аж ахуйн нэгж газар тариалан эрхлэхээ болилоо гээд салбар бүхэлдээ “гуйвахгүй”. Гэхдээ тухайн аж ахуйн нэгжийн бэлтгэдэг хэмжээгээр тариалалтаа нэмэх шаардлага үүснэ.

Түүнчлэн тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа нь энэ гээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг ийм бүтээгдэхүүн, тийм хэмжээгээр тарь, зах зээлд нийлүүл гэж төрөөс шахах эрх байхгүй. Энэ салбарт ажиллах, үйлдвэрлэл явуулах боломжийг нь бүрдүүлэхийг л зорино. Тиймээс ч дээр дурдсан хөнгөлөлттэй зээл, үр зэргийг яриад байгаа юм. Энэ хавар хүлэмжийн тариалалтыг нэмэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна саримс тариалалтыг өсгөнө. Манайхан 1-2 га талбайд л саримс тарьдаг туршлагатай бол энэ жил 10 га-д тариалах боломжтой тоног төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирэхээр болсон. Сонирхсон аж ахуйн нэгжүүдтэй хамтран саримсны тариалангаа өсгөнө гэсэн үг.

-Улаан буудайн чанар хангалтгүй байж, гурилын үйлдвэрийн шаардлагад нийцээгүй талаар өнгөрсөн намар яригдсан. Буудай экспортлох, эсэх асуудал ч маргаан дагуулдаг. Цар тахалтай холбоотойгоор хилийн хорио цээр чанга хэвээр удаан үргэлжилбэл үрийн болон хүнсний буудайн хэрэгцээг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байна вэ?

-Улаан буудайн чанарын асуудал жил бүр яригддаг нь үнэн. Өнгөрсөн жил 407 000 тонн буудай хураасан. Үүний 247 000 тонныг нь үйлдвэрүүдэд өгсөн. Ер нь буудайны ургацын 60-70 хувийг үйлдвэрүүдэд тушаан, гурил хийдэг. Энэ хэмжээ нь дотоодын хэрэгцээгээ хангахад хүрэлцдэг юм. Гэхдээ өнгөрсөн намар цаг агаарын нөхцөлийн улмаас буюу хавар нь гантай, намар нь хур ихтэй байснаас улаан буудайн болц гүйцэлгүй, ногоон түрүү ихтэй ургац хураасан. Мөн гурилын хэрэгцээ нэмэгдсэнээс шалтгаалж буудай экспортлох шаардлага үүссэн. Одоогоор 60 000 тонныг ОХУ-аас импортолсон, нэмж 100 000-ыг авна. Тариаланчид технологийн горимоо ягштал баримтлан, үйлдвэрлэлдээ дэвшилтэт технологи нэвтрүүлэн, чанартай үрээр буудай тариалбал “сайн” ургац авах үндсэн зарчим бий. Гэхдээ байгаль, цаг уурын давагдашгүй нөхцөл үүсдэгийг мартаж болохгүй.

Гол экспортлогчдын төлөөлөл болох Казахстан, ОХУ улаан буудайн гадаад худалдаагаа бүрэн хориглоогүй байгаа. Гэхдээ цаашид байдал хэрхэн үргэлжлэхийг таашгүй учир бид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын төлөө дээр дурдсан ажлуудыг эхлүүлэн, санал, санаачилга гаргаад байна. Төлөвлөгөөгөөрөө л ажиллах тул хүн амыг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээр тасалдуулахгүй байх итгэл бий. Өөрөөр хэлбэл, иргэд гурил, төмс, хүнсний ногооны хомсдол үүсэх вий хэмээн болгоомжлон, түгших шаардлагагүй.

-Намар арвин ургац хураалаа гэж бодъё. Хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хадгалалт, борлуулалтын асуудал мэдээж чухал. Намар ургац хураасны дараа зах зээлд ногоо их хэмжээгээр нийлүүлж, хүйтрээд ирэхээр хумигдан, зарим хэсэг нь зориулалтын хадгалах байгууламж хүртээмжгүйгээс хайрагдан, үрэгдэх нь бий. Уг нь “Чингис” бондын санхүүжилтээр 2013 онд зоорь барих аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж байжээ. Үүний үр дүнд 12 компани, 45 000 тонн бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай, автомат тоног төхөөрөмжтэй зоорь барьсан. Өдгөө үүний ашиглалт 25-30 хувьтай, заримыг нь ч өөр зориулалтаар, улсад өгөөжгүй ажиллуулдаг. Тиймээс тэдгээр зоорийг ашиглан, төмс, хүнсний ногоогоо хадгалах боломжтой гэж тооцон, эздэд нь шаардлага хүргүүлж байна. Мөн нэг жилд 70-80 тэрбум төгрөгийн хүнсний ногоо хэрэглэдэг төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэргийн ангиудыг нэгдсэн зохион байгуулалтаар дээрх зоориудаас ногоогоор хангах боломж бүрдүүлнэ. Энэ нь байгууллага тус бүр худалдан авалтын тендер зарлан, бага багаар ногоогоо зөөн, тээврийн болон хүн хүчний зардал гаргадгийг халах зорилготой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)