Ц.БОЛОРЧУЛУУН: Буудайны чанараас шалтгаалж бага хэмжээний үр импортлохыг үгүйсгэхгүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ургац хураалтын явц улсын хэмжээнд хэдэн хувьтай байна вэ?

-Төмс, хүнсний ногоо, тэжээл болон тосны ургамлыг бүрэн хурааж дууслаа. Харин улаан буудай хураах ажлын явц 90 орчим хувьтай байна. Өнгөрсөн наймдугаар сард бороо ахиу орж, ес, аравдугаар сард харьцангуй дулаан, чийглэг байсантай холбоотойгоор боловсорсон буудайн ишнээс хэнз түрүү соёолох нь нэмэгдсэн. Энэ нь хураасан ургацад болон тариалангийн талбайд ногоон түрүү нэлээд хэмжээгээр байгаа гэсэн үг. Тиймээс ийм түрүүг будаанаас ялгаж, ангилж, цэвэрлэх шаардлага гаран, үтрэмд ажил өрнөж байна. Энэ ажил ирэх долоо хоногт дуусах болов уу.

-Энэ жилийн ургац төлөвлөсөн хэмжээндээ хүрэв үү?

-Бид тариалсан талбайн хэмжээ, цаг уурын байдал, ургамал, таримлын шинжид үндэслэн наймдугаар сарын сүүлчээр жил бүрийн ургацын урьдчилсан баланс гаргадаг. Энэ жил улаан буудай 420 000, төмс 165 000, хүнсний ногоо 90 000-92 000 тонныг хураахаар төлөвлөсөн. Хураасан ургацаас тооцоход төмс 190 000 гаруй тонн буюу төлөвлөснөөс ахиуг авчээ. Хүнсний ногоо 92 000, тэжээлийн таримал 130 000, тосны ургамал 30 000 тонныг хураасан нь төлөвлөсөн хэмжээний дүн. Одоогоор 380 000 тонн буудай хураалаа, буудайг ногоон түрүүнээс нь ялгаж цэвэрлэсний дараа энэ хэмжээ 10 орчим хувиар нэмэгдэх боломжтой. Тариаланчид төмс, хүнсний ногоогоо борлуулалтад гаргаж, боловсруулах үйлдвэрүүдэд тушаасан, одоо цэвэрлэх, нөөцлөх ажил өрнөж байна.

-Зун бороо ихтэй, намар урт болж буй нь тариаланчдын бүтээмж буюу авах ургацын чанарыг дээшлүүлж, хэмжээг нэмэгдүүлэхэд дөхөм болж байна уу. Ер нь цаг уураас шалтгаалсан хүндрэл үүсэв үү?

-Өнгөрсөн өвөл цас бараг ороогүй, газар чийггүй болсон. Хаврын сүүлч, зуны эхэн сард хур ороогүйгээс шалтгаалж тариалалтын эхэн үед нөхцөл тун тааруу байлаа. Гэхдээ зун бороо их орж, намар урт, цаг агаар дулаахан байгаа нь сайшаалтай. Тариаланчид таримлаа хураахаас өмнө хяруу, цасанд даруулж ургац алдах эрсдэлд өртсөнгүй. Зарим аж ахуйн нэгж, иргэн буудай хэнзэлж ургасантай холбоотойгоор боловсрохыг нь хүлээн ургацаа хураахгүй азнаж байгаа нь ч байна. Энэ нь ургацын хэмжээгээ бага боловч нэмэх гэсэнтэй нь холбоотой. Ер нь жилийн жилд бүх аж ахуйн нэгж намрын ажилд нэг зэрэг гарах шаардлага гардгаас ургац хураалтын үеэр хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн хүрэлцэхгүй, хомсдол үүсдэг байлаа. Харин энэ намар дулаахан байгаа болохоор аж ахуйн нэгжүүд буудайгаа яаран хураахаа азнан, уван цуван ажилдаа орсон. Тиймээс хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн нөөц хангалттай, тээвэрлэлтэд саад тулгарсангүй.

-Төмс, улаан буудай, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж ойлгож болох уу?

-Бид сүүлийн 2-3 жилийн өмнөөс дотоодын улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болсон. Энэ жил ч хангалттай хэмжээний төмс, улаан буудай хураасан. Харин хүнсний ногооны 60 хүртэлх хувийг хангах хэмжээний ургац авлаа.

-Сүүлийн жилүүдэд хураасан ургацын хэмжээ төдийлөн ахихгүй байна. Ургамлын бүх төрлийн бүтээгдэхүүний хэмжээг өсгөх талаар төр болон аж ахуйн нэгжүүд юу хийж байна вэ?

-Нэг га талбайгаас авдаг ургацын хэмжээ төдийлөн өсөхгүй байгаа нь үнэн. Энэ нь газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгоход шаардлагатай бүх “орц”-ын хэмжээ, чанарыг дорвитой нэмэхгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, тариалалт хийх талбайн хэмжээгээ нэмэгдүүлэх, хөрсөө сайн боловсруулах, бордох, элдэншүүлэх, тариалалтад оролцдог аж ахуйн нэгж, хүн хүчний тоог өсгөх, технологийг сайжруулах замаар арвин ургац авах нөхцөл бүрдүүлэх юм. Технологийг сайжруулж, техник тоног төхөөрөмжийн чадлыг өсгөснөөр нэг га талбайгаас авах ургацын хэмжээг ч өсгөх боломжтой. Одоогоор бид нэг га-гаас 13-15 центнер ургац авч байна. Дээрх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлснээр ургацын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой.

-Тариалангийн салбарт гарч буй ахиц болон тулгарч буй бэрхшээлийг та юу гэж харж байна вэ?

-Бэрхшээл бий. Тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ зөвхөн тариаланчдын хичээл зүтгэл, төрийн бодлогоос шалтгаалахгүйгээр импортын бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаар, хөрөнгө санхүүгээс ихээхэн хамаардаг хэвээр. Тодруулбал, шатахуун болон валютын ханш өсвөл газар тариалангийн салбарт ашигладаг техникийн болон урсгал зардал нэмэгдчихдэг. Ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг импортоор авдаг тул газраа тордоход ч хүндрэл үүснэ. Үүнээс гадна байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийг мартаж болохгүй.

Газар тариалангийн салбарт гарч буй ахиц дэвшил ч олон байна. Манай аж ахуйн нэгжүүд дэлхийн жишигт нийцэхүйц техник, тоног төхөөрөмж ашигладаг болсон. Олон төрлийн ургамал, таримал тариалж, газрын өгөөжийг сайн ашиглаж байгаа. Мөн эл салбар дахь бүтээмжийн хэмжээ болон ажлын байрны тоо тогтмол өсөн, иргэд, компаниудын орлого ч нэмэгдэж буй. 3-4 жилийн өмнөхтэй харьцуулахад одоо газар тариалангийн салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, ажиллагчдын тоо 30 орчим хувиар нэмэгдсэн байна.

-Тогтвортой газар тариаланг хөгжүүлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

-Сүүлийн гурван жилд зуны сүүл сар, намар бороо их орж, хаврын сүүлч, зуны эхэн сард буюу үр суулгах болон соёололтын үеэр хур тунадас орсонгүй. Энэ нь үрийг хөрсөндөө хатах, хатахгүй гэхэд соёолох, боловсрох хугацааг нэлээд хугацаагаар хойшлуулчихаж байгаа юм. Үүнийг бууруулах нэг арга нь газар тариалангийн салбарт усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлэх. Ер нь улсын хэмжээнд төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын талбайн 90 орчим хувьд усалгааны систем нэвтрүүлсэн. Харин улаан буудайн тариалангийн талбайн 50 000 га буюу нийт талбайн 15 орчим хувийг механик аргаар усалж байна. Өнгөрсөн хавар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 24.5 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж импортолсноос тавь орчим хувиар нь усалгааны систем суурилуулсан. Ингэснээр 9000 га талбайг услах боломжтой болсон.

-Жимс, жимсгэнэ, хүнсний болон нарийн ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор хийж буй ажил бий юү?

-Ер нь жил бүр нарийн ногоо болон хүнсний ногоо жимс, жимсгэний тариалалтын талбайн хэмжээ, хураасан ургацын дүн өсөж буй. ХХААХҮЯ холбогдох төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, сангуудтай хамтран жимсний мод, бут зээлээр олгох, усалгааны систем суурилуулах, өвлийн хүлэмж барихад дэмжлэг үзүүлдэг.

-Хураасан буудайн хэдэн хувийг үйлдвэрт нийлүүлэх, хэдийг нь нөөцлөхөөр тооцов. Энэ жил ОХУ-аас буудайн үр импортлох шаардлага үүсэх үү?

-Одоогоор хэдэн тонн буудайг гурилын үйлдвэрүүд авах, хэдийг нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлэх талаар хараахан шийдээгүй. Буудайн цавуулаг болон чанарыг муу гэж үнэлэхгүй ч илүү сайн сортынхыг бага хэмжээгээр хойд хөршөөс импортлох, үрийн буудайн селекц хийхийг үгүйсгэхгүй. Одоогоор энэ тухай мэдээлэхэд эрт байна. Үүнээс гадна ирэх онд буудайн урамшууллыг 100 000 төгрөгт хүргэхээр холбогдох байгууллагад хүсэлт хүргүүлсэн. Ингэснээр газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийг дэмжих, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах боломжийг өсгөнө.

Түүнчлэн дунд хугацаанд буудайн тариаланд усалгаатай талбайн хэмжээг 80 000 га хүргэхээр төлөвлөсөн. Тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулан, дэвшилт технологи нэвтрүүлж, ургамал хамгааллын дадлыг нэвтрүүлэхэд анхаарах, таримлын зохистой сэлгээ хийн, нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг төр, хувийн хэвшил хамтран эхлүүлээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)