Ц.БАГМИД: Монголд нефть-химийн салбарын “уураг тархи” шинээр бүрэлдэж байна

Монгол Улс жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумд барьж, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. “Тосон уул XIX”, “Тамсаг XXI” талбайгаас олборлосон тосыг тэнцүү хэмжээгээр үйлдвэрт боловсруулж, дотоодын түлш, шатахууны (шингэрүүлсэн шатдаг хий, Аи-95 бензин, дизель, онгоцны болон зуухны түлш) хэрэгцээг 80-100 хувь хангах тооцоо гарчээ. Тухайлбал, “Евро-5” үзүүлэлттэй шатахуун үйлдвэрлэх юм. Энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д зөвлөж буй, “Газрын тосны” гэгддэг, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор Ц.Багмидтай ярилцлаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэгийн “Engineers India limited” (EIL) компанитай хамтран боловсруулсан. Ер нь ТЭЗҮ хэр болсон гэж мэргэжилтний хувьд та боддог вэ?

-Сайн болсон. Манай саналыг ТЭЗҮ-д бүрэн тусгасан гэхэд болно. Заримыг нь төслийн төлөвлөлтийн дараагийн үе шат болох инженерчлэл, зураг төсөлд тусгахаар тохиролцсон. 2018 онд үйлдвэрийн шав тавих ёслолын үеэр үг хэлэхдээ би гурван зүйл хүссэн юм. Нэг нь, Энэтхэгийн талд хандан ТЭЗҮ боловсруулахад Монголын мэргэжилтнүүдийн дэвшүүлж буй санал, судалгааг харгалзаж үзээрэй гэсэн маань үндсэндээ биелсэн. ТЭЗҮ боловсруулах үед манай мэргэжилтнүүд Энэтхэгийн талтай олон удаа уулзаж, санал солилцсон. Тус улсаас анх санал болгосон технологид өөрчлөлт оруулж, өндөр чанарын дизель түлшийг ахиу үйлдвэрлэх, цаашид хувирах чадамжтай технологи сонгохоор болсон. Хоёр дахь санал нь, энэ төслийг хэрэгжүүлэхэд улс төрөөс хараат бус, мэргэжлийн баг бүрдүүлээсэй гэснийг маань мөн биелүүлсэн. Газрын тос боловсруулах техник, технологийн чиглэлийн, нефть-химийн, төрөл бүрийн барилга байгууламж, агуулах сав, шугам хоолой, олборлолтын чиглэлээр гээд мэргэжлийн 80 орчим хүн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллаж байгаа. Цаашдаа бид онолын нэмэлт сургалтууд зохион байгуулж, Энэтхэг, ОХУ болон бусад улс орон руу мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна. Гуравдугаарт, газрын тос импортолдог байгууллагуудыг энэ төсөлд оролцоосой гэж хүссэн. Харамсалтай нь, оролцох хүсэлт ирүүлээгүй юм шиг байна. Тэр ч байтугай, зарим нь дургүйцэж буй нь ажиглагдаж байна.

-Уг төсөлд зориулан Энэтхэгийн Засгийн газраас нэг тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Зээлийн хэлэлцээрт Монголын талын оролцоог хэрхэн тусгасан бол?

-Зээлийн ерөнхий хэлэлцээрт үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардагдах бараа, ажил үйлчилгээний хамгийн багадаа 65 хувийг зөвхөн Энэтхэгийн талаас нийлүүлнэ. Харин 35 хувийг Энэтхэгийн бус оролцоотой байна гэж заасан. Үүнд Монголын компаниудын оролцоо багтана гэсэн үг юм. Ер нь, бусад улс орны Экспорт, импортын банкны зээлийн жишгээр бол энэ тооны харьцаа 75:25 байдаг. Тэгэхээр Энэтхэгийн Экспорт, импортын банктай байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээр манай талд 10 хувийн боломж нэмж олгосон, ашигтай болсныг тэмдэглэх хэрэгтэй.

-Манайд газрын тосны чиглэлийн мэргэжилтэн хэр хангалттай вэ?

-Социализмын үед 20 гаруй мэргэжилтэн бэлтгэснээс тэтгэвэрт гарах нэг нь гарч, зарим нь бурхан болж дээ. Гэлээ ч бидний дараа дотоодын их, дээд сургуулиуд, Орос, Хятадад бэлтгэсэн хүмүүс бий. Жишээ нь, ШУТИС-ийн Газрын тосны салбар сургуульд 58 хүн бэлтгэсэн. Тэгэхээр газрын тосны боловсруулалтын мэргэжилтэн Монголд байхгүй гэж хэлэх үндэсгүй.

Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр саяхан Монголд боловсруулах үйлдвэрийг цогцоор нь мэддэг хүн үгүй гэж ганц нэг хүн ярих шиг болно лээ. Бүхэл бүтэн салбарыг, тэр дундаа, газрын тос боловсруулах цогц үйлдвэрийг эхнээс нь дуустал мэддэг хүн гэж хаана байх вэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөх, барьж байгуулах гэдэг бол техник, технологи, инженерчлэлийн нүсэр шийдэл. Үйлдвэрийг ашиглалтад оруулсны дараа олон шат дамжлага бүрт тухайн чиглэлийн мэргэжлийн хүмүүс ажиллана шүү дээ. Энэ чиглэлээр яг одоо манай улсад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компаниас илүү хүчтэй, үнэтэй баг байхгүй. Хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө хоёр инженер, таван хүнтэй байсан баг өнөөдөр гадаад, дотоодын их, дээд сургуульд 20 гаруй төрлийн инженерийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, 80 орчим хүнтэй болж өргөжжээ. Энэ тоо нэмэгдэнэ. Зөвлөхийн хувьд, энд цугласан залуу мэргэжилтнүүд хэрхэн шаргуу ажиллаж байгаа, яаж өсөн дэвжиж буйг хараад бахархаж л байна. Хэн дуртай нь энэ салбарын талаар мэдэмхийрч, зааж зааварлах гэж оролдох нь ажил удаашруулах, хичээн зүтгэж буй олон хүний урмыг хугалахаас өөр шидгүй. Тиймээс энэ үйлдвэрийг босгоод аваад явах мэргэжлийн баг бүрдэж байгаа гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Монгол Улсад цоо шинээр үүсэн бий болж буй нефть-химийн салбарын “уураг тархи” бүрэлдэж байна. Энэ бол яах аргагүй улс орны үнэт зүйл юм шүү.

-Үйлдвэрт гидрокрекинг технологи ашиглахаар сонгосон. Үүнийг уян хатан гэж тодотгож болох юм билээ. Аль бүтээгдэхүүнийг, ямар хэмжээтэй үйлдвэрлэхээ тохируулах боломжтой гэсэн байх аа?

-Тийм ээ. Монголд аж үйлдвэр хөгжиж буйтай холбоотойгоор дизель түлшний хэрэглээ өсөж байна. Жилд 800 гаруй мянган тонн дизель түлш, мөн 340 орчим мянган тонн бензин, бас шингэрүүлсэн хий, зуухны түлш үйлдвэрлэнэ гэж тооцсон.

Улс орнуудад газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн түвшнийг Нельсоны индексээр хэмждэг. Энэ бол АНУ-ын эрдэмтний 1960-аад онд гаргасан илтгэлцүүр. Дэлхийд газрын тос боловсруулах томоохон 650 орчим үйлдвэр бий. Тэдгээрийн Нельсоны индекс 7-8 хувь байдаг. Манай үйлдвэрийнх 6.5 орчим байх төсөөлөл гарсан. Тэгэхээр дэлхийн түвшний хэмжээнд дөхнө гэсэн үг. Япон, баруун Европын үйлдвэрүүдийн дээрх индекс наймд хүрдэг. АНУ-д дээрх хувь 10-т хүрэх нь ч бий. Үүнд хүргэе гэвэл мөнгө хэрэгтэй. Гол нь хүчин чадлын асуудал байгаа юм. Жилд 1.5 сая биш, 4-5 сая тонн бүтээгдэхүүн боловсруулах нарийн тоног төхөөрөмж нэмж суурилуулахад хүрэх учраас тэр. Бидний ярьдгаар тунгалаг бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлш, хийг гарцынх нь түвшнээр хэмждэг үзүүлэлт байдаг. Уг үзүүлэлтээр манайд барих үйлдвэрийнх 85 хувьтай байхаар буй. Эл үзүүлэлт Японд 88, баруун Европт 90 орчим хувьтай байдаг. Манайд байгуулах үйлдвэрийн технологи дэвшилтэт гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

-Монгол Улс ОХУ-аас жилд 1.2 тэрбум орчим ам.долларын газрын тос импортолдог дүн бий. Боловсруулах үйлдвэртэй болсноор манай зах зээлд газрын тос, бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэх зэрэг стратегийн ач холбогдолтой гэж харж байгаа.

-Бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад нөлөөлөхөөс гадна импортын хараат байдлаас гарах ач холбогдолтой. Хамгийн гол нь, Засгийн газар түлш, шатахууны үнийг дотооддоо бодлогоор зохицуулах боломж гарна. Импортын шатахууны үнэ бүх л бараа, үйлчилгээний суурь үнийг “удирдаж” байна. Тиймээс түлш, шатахууны үнийг зохицуулах боломж Засгийн газрын “шүдний өвчин” болсоор ирсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэртэйгээр олон тэрбум төгрөгийг шатахуун импортлогчдод тарааж аргаа барах үе байсан шүү дээ. Харин түүхий эдээ өөрсдөө боловсруулж, түлш, шатахуунаа үйлдвэрлээд эхэлбэл Засгийн газар үнийн бодлогоо тодорхойлоход маш хялбар болно гэж харж байна.

Боловсруулах үйлдвэрээс нэг литр шатахууныг хэдэн төгрөгөөр хэрэглэгчдэд нийлүүлэхийг одоо хэлэх боломжгүй. Гол нь түүхий тосны дэлхийн зах зээлийн үнээс шалтгаална. Боловсруулах үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний өртгийн 84 орчим хувь нь түүхий эдийн үнээс хамаардаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр авах, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компанид боловсруулах тосыг үнэ төлбөргүй өгвөл хэрэглэгчдэд улам хямдаар нийлүүлэхэд нөлөөлөх юм. Ер нь газрын тосны ханшийг 1.5-аар үржүүлсэнтэй тэнцэх үнэтэй бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрээс гаргадаг жишиг бий. Үйлдвэр барьснаар 600 орчим шууд ажлын байр бий болно. Мөн дагалдаж бий болох ажлын байрыг тооцвол нийт 1000-1500-д хүрэх болов уу. Дамжуулах хоолой бас цөөнгүй ажлын байр бий болгоно.

-Төслийн явц хэр үргэлжилж буй бол?

-Үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн ажлын багцаас бүрдэж байгаа. Эдгээрийн эхнийх нь болох технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажлыг хийх ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн компанитай гэрээ байгуулахаар ажиллаж байна. Энэтхэг болон бусад улс оронтой байнгын харилцаатай үргэлжлэх маш их ажил байгаа учраас “Ковид-19” цар тахал ажлыг хойш чангааж л байгаа юм билээ. Гэхдээ инженерчлэл, төлөвлөлтийн ажлаа эрчимтэй урагшлуулахын төлөө манай компанийн удирдлага, инженер, хуулийн багийнхан маш их хичээж байгаа. Үйлдвэр барихад олон янзын техникийн баримт бичиг боловсруулна. Саяхан гэхэд хоёр тендерийн техникийн баримт бичиг гээд 19 000 хуудас материал дээр ажиллаж байна гэж сонссон.

Зарим хүн төслийн явц удааширч байгаа юм шиг ярьж буй ч тийм биш. Нарийвчилсан ТЭЗҮ- ийг хүлээж аваад хоёр жил ч болоогүй байна шүү дээ. Технологи сонгосноос хойш ямар тоног төхөөрөмж суурилуулахыг шийдэхэд хамгийн багаар бодоход 18 орчим сар зарцуулдаг. Дараа нь сонгосон техникүүдийн инженерчлэл гэж нүсэр ажил байна. Тэгэхээр барилга угсралтын ажлыг ТЭЗҮ боловсруулж дууссанаас хойш 36 орчим сарын дараа эхлүүлнэ гэсэн үг, саадгүй явбал шүү дээ. Шууд л барьчихна гэж байхгүй.

Боловсруулах үйлдвэрийг асааж, ажиллуулж эхлэх, зогсоох хамгийн хэцүү, инженерийн гүнзгий мэдлэг шаарддаг. Жишээ нь, анхны нэрлэгийн байгууламжийг ажилд оруулахад 24 цаг эргэлт явж байж температуртаа хүрэх жишээтэй. Зарим нарийн тоног төхөөрөмжийг ажиллуулахад 48 цаг ч зарцуулна гэх зэргээр бүхий л ажилд багагүй хугацаа шаардлагатай.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талаар Д.Бямбасүрэн Ерөнхий сайдын үеэс буюу 1990 оноос хойш ярьж эхэлсэн. Түүнээс хойш бүх л Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан. Цаасан дээр бол нэлээд “урт насалсан” шүү дээ. Харин энэ Засгийн газрын үед хөрсөн дээр бууж байна.

-Энэхүү төсөлд тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

-Энэ оны эхээр Засгийн газраас үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Одоо харин технологийн сонголт, санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдэх нь чухал. Манай тос харьцангуй сайн чанарын, хөнгөвтөр боловч царцамтгай. Ийм тосыг яаж татахыг хэд хэдэн хувилбараас сонгох шаардлагатай. ТЭЗҮ-д цахилгаанаар халаах хувилбарыг тусгасан нь маш найдвартай шийдэл гэж харж болохоор. Гэхдээ зүүн аймгуудад цахилгаан хүрэлцээгүй нь асуудал. Нөгөөтээгүүр, барих өртөг өндөр. Гэтэл Сибирийн хүйтэнд оросууд тосыг хоолойгоор дамжуулж л байна. Хятадууд Өвөр Монголын Рашаантаас Сайхан тал хүртэл 320 км хоолойгоор манай нефтийг “явуулж” л байгаа шүү дээ.

-Монгол Улсын газрын тосны ашиглалтын баталгаат нөөц 43 сая тонн гэсэн дүн бий. Үүгээр үйлдвэрийг хэдэн жил хангах вэ?

-Авч ашиглаж болох энэхүү 43 сая тонн нөөцөөс бид долоо, найман саяыг нь олборлож, урд хөрш рүү экспортолчихоод байгаа. Үлдсэн нөөцийг бүрэн авлаа гэхэд үйлдвэрийг 20 жил хангана. Ашигт малтмал, газрын тосны газрыг бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудтай сайн ажиллахад Засгийн газраас анхаарах хэрэгтэй. Манай улсын газрын тосны геологийн баталгаат нөөц 330 сая тонн гэж байгаа. Үүнээс дээр дурдсан 43 сая тонныг нь олборлоно гэхээр 13 хувийг нь авна гэсэн үг. Манайх шиг төрлийн ордоос шинэ технологи ашиглавал дор хаяж 20 орчим хувийг нь авч болдог. Тэгэхээр бид 4-5 хувийг нь нэмж авах бололцоотой гэсэн үг. Үүнийг Хятадын олборлогч компанитай одооноос ярих ёстой. Ер нь газрын тосны нөөцөө дахин тооцох, хайгуул судалгааны ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх нь зүйтэй. Магадлал бүхий талбай бий шүү дээ. АМГТГ-т компаниуд олборлолтын төлөвлөгөөгөө хүргүүлдэг. Уг төлөвлөгөөнд сайн оролцмоор байна. Өөрөөр хэлбэл, олборлолтыг нэмэгдүүлэх ямар аргыг хэдэн онд, хэрхэн хэрэгжүүлэхийг маш нарийн тооцох хэрэгтэй. Нэгэнт манай улс боловсруулах үйлдвэртэй болж, олборлолт нэмэгдэх нь тодорхой. Тэгэхээр газрын тосны агентлагийг тусад нь байгуулах хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)