Ц.АРИУНАА: “Хэвтрийн хүн” сэтгэлд тод хадагдчихсан

“Гүрү” медиагийн ээлжит уран бүтээл, БНСУ-ын Бусаны кино наадмын шагналт, найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” бүтээлийг энэ сарын 19-нд “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн үзвэр болгон толилуулна. “Гүрү” медиагийн продюсер Ц.Ариунааг “Нямын зочин”-оор урилаа.

-Г.Аюурзанын “Хэвтрийн хүн”-ийг дэлгэцэд “амилуулах”-аар хэзээ шийдсэн юм бэ?

-2002 онд манай хүн (найруулагч С.Бямба) ХБНГУ-д мэргэжлийн уран бүтээлчдийн сургалтад хамрагдсан юм. Тэндээс буцаж ирэхдээ эл зохиолыг уншчихсан, кино зохиолын эхний санаагаа гаргачихаад ирсэн. Яагаад ч юм бэ, түүнээс хойш хэдэн жил өөр уран бүтээлүүдэд ажилласаар байсан ч энэ киноны санаагаа “дараад” л байлаа. Нэг өдөр “Би “Хэвтрийн хүн”-ээр кино хийж л санаа юм амрах юм байна” гэсэн. Тэр үед “Энэ киног заавал бүтээх хэрэгтэй. Би тулгуур нь болох ёстой” гэж бодсон доо. 2016 онд С.Бямба кино зохиолыг эхний байдлаар бэлэн болгож, түүнтэй зэрэгцэн Францад кино зохиолын шалгаруулалт болох тухай дуулсан. Тийш нь зохиолоо явуултал сонгогдчихлоо. Тэр нь Францын Засгийн газрын Соёл, урлагийг дэмжих хорооны тэтгэлэгт хөтөлбөр байв. Удалгүй Каннын кино наадмын “Le atelier” хөтөлбөрт мөн сонгогдсон. Эл хөтөлбөр нь уран бүтээлчдийн илгээсэн материал хүлээж авдаггүй, харин өөрсдөө шинэ, сонирхолтой уран бүтээл хайдаг юм билээ. Ингээд Каннын наадмын үеэр киноны төслөө танилцуулж, оролцсон.

-Зохиолыг нь уншихад танд ямар сэтгэгдэл төрсөн бол?

-Үнэнийг хэлэхэд би “Хэвтрийн хүн”-ийг ганц л удаа уншсан. Тийм атал сэтгэлд тод хадагдчихсан. Хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн болохоор тэр байх. Надад Г.Аюурзанын “Илбэ зэрэглээ” тэргүүтэй бүтээл маш их таалагддаг.

-Анх уншсан үеийн болон кино болгосны дараах сэтгэгдэл хэр зөрүүтэй вэ?

-Мэдээж өөр мэдрэмж төрүүлж байна. Нэгт, өөр төрлийн уран бүтээл учраас. Хоёрдугаарт, “Хэвтрийн хүн”-ийг Г.Аюурзана сэтгэл, мэдрэмж, билгээрээ урласан. Харин түүнийг нь С.Бямба тархи, зүрхээрээ хэрхэн мэдэрснээ киногоороо харуулна. Ингэхдээ өөрийн онцлог, урыг “шигтгэсэн”. Ийм хоёр өөр мэдрэмж нэг сэжим дээр огтлолцох нь үзэгчдэд сонирхолтой санагдах байх.

-“Хэвтрийн хүн”-ий зургийг 2018 онд авч дууссан боловч одоо л олны хүртээл болгох гэж байна. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол?

-2018 онд зургийг нь авч дуусгасан боловч 2019 онд “Хэвтрийн хүн”-ийг бүрэн дуусгасан. Зураг авч эхлэхийн өмнө бэлтгэл ажлаа маш сайн хангасан учраас хүндрэл гараагүй. Яг төлөвлөгөөний дагуу ажиллаж, 21 хоногт багтааж зургаа авч дууссан. Түүнээс хойш ХБНГУ-д байрладаг “Плуто” фильмтэй хамтран ажиллаж байна. Тус хамт олон бидний уран бүтээлийг олон улсын наадмуудад оролцуулах, гадаадад гаргах ажлыг хариуцах юм.

-Таны продюсероор нь ажилласан хэд дэх уран бүтээл байв?

-Дөрөв дэх кино.

-Уран бүтээлд санхүүгийн дэмжлэг үзүүлээд л продюсер нэр зүүдэг хүн манайд олон болж. Энэ талаар та ямар бодолтой вэ?

-Тийм хүн бишгүй. Зарим хүн мөнгө өгснийгөө л продюсер гэж эндүүрнэ. Гэхдээ нэг уран бүтээлд тэгж хандаад өнгөрч үү, дахин өөр уран бүтээлд ажиллаж уу гэдгээс л хандлага нь харагдана даа. Надад бол мөнгө олох нь чухал биш. Би бүтээлч продюсер байхыг хүсдэг. Хөрөнгө босгох, багийг зохион байгуулахаас гадна кино бүтээх үйл явцад уран бүтээлчээр оролцох нь илүү чухал. Кино бүтэх явц зохиолч, найруулагч, продюсер гурав эхний санаагаа гаргахаас эхэлдэг. Ингээд хамтрах баг, хамт олноо цуглуулна. Олон уран бүтээлч орж, гарна. Ингээд киногоо бэлэн болгосны дараа найруулагч, продюсер хоёр л үлддэг. Эхнээс нь дуустал бүх үйл явцыг удирдаж, хүссэн үр дүндээ хүрэх нь продюсерын гол үүрэг шүү дээ. Би энэ шугамыг л барьж ажилладаг.

-Кино бүтээх явцад продюсерт тулгардаг бэрхшээл юу вэ?

-Янз бүрийн онцлог, чадвар, мэдлэгтэй хүмүүсийг нэг чигт залж явах амаргүй. Гэхдээ маш сайн баг бүрдүүлж чадвал том уран бүтээлийн ард түүртэлгүй гарчихна. Тийм тохиолдолд бүх асуудалд нь хошуу дүрж, хутгалдах шаардлагагүй. Гол нь итгэл. Сонгосон хамт олондоо итгэж, ажил хийх нөхцөлийг нь бүрдүүлчихэд л хангалттай. Тиймээс авьяас, хариуцлага, ёс зүйтэй уран бүтээлчтэй л хамтрах дуртай. Нэг талаас би азтай. Найруулагч ажлаа цалгардуулснаас болж эрсдэл хүлээж, санал зөрөлдөж байсангүй. Манай хүн эхэлсэн л бол заавал дуусгаж байж санаа нь амардаг зантай.

-Таныг “Урлагийн зөвлөлийн Ариунаа” гэх нь олон. Ингэхэд урлагтай анх хэрхэн холбогдсон юм бэ?

-Би ажлын гараагаа Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Техник засвар, металл боловсруулах улсын комиссын Зохион бүтээх товчоонд инженерээр эхэлсэн юм. Гэтэл 1990 он гарч, ажиллаж байсан байгууллага минь татан буугдсанаас хойш юу хийхээ мэдэхээ больсон. Хүүхэд гаргаж гэртээ хэсэг байлаа. Тэгсэн 1996 онд С.Бямба “Нохойн орон” кинонд зураглаачаар ажиллах болов. Бельгийн найруулагч Питер Бросенс, сэтгүүлч Д.Төрмөнх нарын өвөрмөц ертөнцтэй уран бүтээлчийн хамтран бүтээсэн гайхалтай кино. Киноны зургийг авахын өмнөхөн Питер Бросенс “Чи киноны арын албанд ажиллаж чадах уу” гэж надаас асуулаа. Лавлаад асуутал уран бүтээлчдийн хоол ундаас авхуулаад арын бүх л ажлыг нь амжуулна гэнэ. Уухайн тас “Тэгье” гэсэн. Киноны багийнхны уур амьсгал, ажиллаж буй арга барил ямар их таалагдсан гээч. Тэр уран бүтээлд ажиллахдаа “Би одоо л байх ёстой газартаа байна” гэж бодсон. Дараа нь Соросын санд хэсэг хугацаанд ажиллалаа. Удалгүй тус сангийн соёл, урлагийн хөтөлбөрийн зохицуулагч болж, улмаар Монголын урлагийн зөвлөлөө байгуулсан даа. Гэхдээ би хэзээ ч мэддэг, чаддаг зүйлээ хийж байгаагүй. Ямар ч ажлыг “Чадна” гэж хүлээж аваад, дараа нь баталсаар ирсэн. Дандаа л шинэ зүйл туршиж, өөрийгөө нээж, дайлчилсаар явна.

-Шуудхан “Чадна” гэж хэлдэг нь зоригтойнх уу?

-Зоригтойнх уу, тэнэгийнх үү мэдэхгүй юм. Зөн билэг, мэдрэмжээ л дагаж шийдвэр гаргадгийнх байх.

-Монголын урлагийн зөвлөлийн ажлаа яагаад гэнэтхэн л хүлээлгээд өгчихсөн юм бэ?

-Гэнэтхэн биш ээ. Төлөвлөсөн. Хүмүүс намайг сэтгэл дотроо хаалгаар түлхээд гаргахаас өмнө өөрөө явъя гэж бодсон. Би тэнд 13 жил ажилласан. Дараагийн залуу боловсон хүчнүүдэд боломж өгөх ёстой. Гэхдээ тийм шийдвэр гаргах амархан байгаагүй. Тиймээс ажлаа хүлээлгэх мэдэгдлээ жилийн өмнө өгч, бэлтгэлээ базааж эхэлсэн.

-Ажлаа хүлээлгэж өгсний маргааш та юу мэдрэв?

-Маш эрчтэй ажиллаж байсан хүн гэнэт л их завтай болчихоор сонин санагддаг юм билээ. Вакум орчинд орчихсон мэт л. Гэрээсээ гаръя гэсэн ч очих албан өрөө ч байхгүй. Азаар ажлаа өгснөөс 20 хоногийн дараа түрүүн ярьсанчлан “Хэвтрийн хүн” кино зохиол Францын Засгийн газрын Соёл, урлагийг дэмжих хорооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болж, Франц руу явах болсон. Мөн Азийн хөгжлийн банкны зөвлөхөөр ажиллах санал ч ирсэн.

-Заримдаа сая ярьсан 20 хоногийг үгүйлдэг үү. Сүүлийн жилүүдэд “Гүрү” медиагийнхан маш завгүй байлаа шүү дээ.

-Хааяа бас бодно оо. Гэхдээ ямар нэг зүйл бүтээхээр зорьсон л бол ажиллахаас аргагүй. Гол нь ажлын ачааллаа жигд хуваарилж, түүнийгээ даадаг байхад л болно. Ер нь амархан олдсон хоол аюултай шүү дээ. Амаргүйг давж олсон нь амттай.

-Урлагийн гэр бүлд өссөн нь таныг урлаг руу мэдээж чангаасан байх?

-Би сайхан гэр бүлд төрж, өссөн. Гэхдээ хүүхэд байхдаа сайхныг нь мэдэрдэггүй байж. Гэсэн ч хүний өссөн орчин, сонсож дуулсан зүйлс хоногшиж үлддэг юм билээ.

-Харин хүүхдүүддээ урлагийн сайхныг мэдрүүлж өсгөж чадав уу?

-Манайх гурван хүүхэдтэй. Мэдээж урлагийн нөлөө бий байх. Том охин жүжиглэх авьяастай. Дунд охин зурдаг, хувцас загварын мэдрэмж өндөртэй. Бага хүү Австралид сургуулиа төгсөөд ирсэн. Бас л “Урлагийн чиглэлээр ажилламаар байна” гэдэг. Тэгэхээр нөлөөлсөн л байж таарах нь.

-Тэгвэл зээ нартаа хошуу хэр дэвсдэг вэ?

-Манайх зургаан зээтэй. Би хошуу дэвсдэг эмээ биш. Охиддоо ч тэгж байгаагүй. Гэхдээ амьдралынх нь хамгийн эгзэгтэй, чухал шийдвэр гаргах үеүдэд дэргэд нь байж, чиглүүлэхийг хичээсээр ирсэн. Хүүхдүүддээ аливаа зүйлийг тулгах биш, учир шалтгааныг нь тайлбарлахыг илүүд үзэж хүмүүжүүлсэн. Харин зээ нарынхаа асран хамгаалагч биш, найз шиг эмээ байхыг хүсдэг. Зав, боломж гарвал музей, үзэсгэлэнгүүдээр дагуулж явах дуртай.

-Өөрөө уран бүтээлчийн зэрэгцээ уран бүтээлч хүний гэргий байх амаргүй биз?

-Надад харин ч сонирхолтой санагддаг. Бас амар. Нөхрийнхөө уран бүтээлүүдэд оролцож, дэргэдээс нь түшдэг болохоор сэтгэл ч хангалуун байдаг. Гэхдээ ямар үед оролцох, ямрынх нь ард үлдэхээ мэддэг, мэдэрдэг.

-Гэртээ ч, ажилдаа ч үргэлж хамт байх ямар бол?

-Амар. Бид нэг нэгэндээ дэндүү уусчихаж. Хэдэн жилийн өмнө нэг нэгэндээ харуулахгүйгээр дуртай кинонуудаа жагсааж бичсэн юм. Бараг л адилхан байсан. Залуу байхад нэгнээсээ өөр байгаадаа санаа зовж, ижил бодож, сэтгэхийг хүсдэг байж. Гэтэл нас ахиад ирэхээр өөр байгаадаа баярлах болж.

-Монголд артхаус төрлийн кино бүтээгээд ашиг, орлого олохгүй. Ойлгож үздэг, сонирхдог үзэгч ч цөөн. Гэтэл С.Бямба ах та хоёрын өнөөдрийг хүртэл энэ л төрлөөр дагнан туурвиж байгаагийн шалтгаан юу юм бэ?

-Бид хэзээ ч ашиг олъё гэж уран бүтээл хийж байсангүй. Хааяа олон улсын байгууллагууд баримтат кино захиалгаар хийлгэх нь бий. Түүнээс өөрөөр “халтуур” хийж үзээгүй. Дуртай зүйлээ хийж байгаадаа л сэтгэл өег амьдардаг. Тиймээс л залуу уран бүтээлчдэд болж өгвөл арилжааны болон артхаус киног хослуулж ажилла гэж зөвлөөд байгаа юм.

-Уран бүтээлийн тухай асуултаар ярилцлагаа дуусгая. “Хэвтрийн хүн”-ийг олон улсын ямар наадмуудад “сойх”-оор төлөвлөсөн бэ?

-Энэ талаар олон улсын тухайн наадмууд албан ёсоор зарлахаар нь мэдээлэхгүй бол болохгүй. Ямартай ч А зэрэглэлийн хоёр наадамд сонгогдчихсон байгаа. Түрүүн хэлсэнчлэн “Плуто” фильмийнхэн ажлыг бүрэн хариуцна. Уран бүтээлээ хүүхэд гэж зүйрлэвэл нөхөр бид хоёр хичээж өсгөөд, сургуулийг нь төгсгөчихлөө. Хамгийн сайн, сайхан гэсэн бүхнээ зориуллаа. Цаашид хэрхэн амьдрахаа өөрөө шийднэ биз.

-Шинэ уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач. Гурван ч төсөл эхлүүлсэн гэж сонссон.

-С.Бямба зургаан ангит түүхэн цуврал хийхээр ажиллаж байна. Зохиол нь бэлэн болсон. “Шилүүс” киногоороо олон улсын наадмуудад амжилттай оролцож буй найруулагч П.Лхагвадуламын “Зэ” богино хэмжээний киног гадаадын үзэгчдэд таниулах, мөн Монгол, Францын уран бүтээлчдийн хамтарсан киноны зургийг ирэх онд авахаар ажиллаж байна. Түүнчлэн Халимагийн найруулагч Элла Манжеевагийн бүтээж буй “Цагаан зам” киноны Монголд авах зургийг хариуцаж ажиллана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)