Цөөрүүлэх учиртай “цүнх”-ний компаниуд

Иргэн Б хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулаад хоёр жил орчим болжээ. Нэр, гэрчилгээ, тамга тэмдэг авснаас цаашгүй, үйл ажиллагаа явуулаагүй тул санхүүгийн тайлан гаргалгүй, татварын “х” тайлан өгч байж. Саяхан харьяа дүүргийнх нь татварын албанаас холбогдон, компаниа татан буулгах, эсвэл үйл ажиллагаагаа явуулж, үүргээ биелүүлэхийг зөвлөжээ. Хэрэв “х” тайлан өгсөн хугацаандаа үйл ажиллагаа явуулж, борлуулалт хийн, орлого, ашиг олсон нь нотлогдвол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээж, нөхөн татвар төлөх шаардлагатайг мэдэгдсэн аж. Иргэн Б үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалт хийгээгүй гэж тайлагнасан ч худалдан авалтын болон ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн цөөнгүй баримт дээр компанийнхаа тамгыг дарж, нэрийг нь ашигласан нь цахим төлбөрийн системд бүртгэгдсэн тул татварын хуурамч тайлан илгээсэн, татвараас зайлсхийсэн үндэслэлээр хариуцлага хүлээх болсон аж. Ийм тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд “цүнх”-ний компанитай ч идэвхтэй ажилладаггүй, татвар төлдөггүй, хуулиар ногдсон үүргээ биелүүлдэггүй аж ахуйн нэгж олон. Мөн ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч, борлуулж, ашиг олсон байх магадлалтай нь нотлогдон, асуудал ундардгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Улсын хэмжээнд Татварын ерөнхий газарт бүртгэлтэй компани 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 130 000 гаруй байжээ. Тэдгээрээс тухайн улиралд 49 000 нь буюу 29 хувь нь “х” тайлан өгсөн байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд компанийн тоо 145 000 болж өссөн ч 42 000 орчим нь буюу мөн л 29 хувь нь “х” тайлан илгээжээ. Түүнчлэн энэ оны хоёрдугаар улиралд 149 000 аж ахуйн нэгжийн 33 хувь татварын албанд “х” тайлан хүргүүлсэн аж. Компаниудын тоо өссөн ч “х” тайлан өгдөг аж ахуйн нэгжийн тоо буурахгүй байгаа буюу бүртгэлтэй компаниудын гуравны нэг нь идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгааг татварын албаныхан хэлж байна. Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Ч.Батчимэг “Улсын хэмжээнд бүртгэлтэй олон аж ахуйн нэгж бий ч нягтлан бодох бүртгэл хөтлөхгүй, олон жил дараалан “х” тайлан гаргаж байгаа. 

Уг нь компани байгуулна гэдэг нь тухайн иргэний бодож төлөвлөсөн үйлдэл байж, үйл ажиллагааныхаа чиглэлээ нарийн гарган, хуулийн этгээдийн үүрэг хүлээх ёстой. Үйл ажиллагаа явуулсан ч татвараа үнэн зөв тайлагнахгүй байх нь урт хугацаанд компанийн үнэ цэнийг бууруулж, дараа дараагийн ажил үйлчилгээ авах, зээл болон төсөл, хөтөлбөрт хамрагдахад хүндрэл учруулдаг. Татварын систем улам боловсронгуй болж, технологийн шинэчлэл хийж буйтай холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжийн худалдан авалт, борлуулалт ямар нэг байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн мэдээллийн сангийн тусламжтайгаар бид болон холбогдох албадынхан нь аж ахуйн нэгж бүрийн үйл ажиллагааг хянах боломж бүрдэн, хяналтын систем улам боловсронгуй болж байна гэсэн үг. Компаниуд “х” тайлан өгсөн ч худалдан авалт, борлуулалт нь нотлогдох тул тийм үйлдэл хийхээс зайлсхийх хэрэгтэй. Түүнчлэн татварын албаны бүртгэлд идэвхгүй компани олон тоогоор байх нь татварын орлогыг төлөвлөх, бүртгэл хөтлөх зэрэгт хүндрэл учруулдаг. Тиймээс бид шаардлагатай тохиолдолд аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийн, татварын тайлангаа үнэн зөв гаргасан, үгүйг нь хянаж, эсвэл компаниа татан буулгахыг зөвлөдөг” гэсэн юм.

Компанийг татан буулгахад татварын албаны дүгнэлтэд үндэслэн, үйл ажиллагаа явуулаагүй, татварын албанд өр төлбөргүй болохыг нотолдог юм байна. Ингэснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан компанийг татан буулган, олон нийтэд мэдээлдэг аж. Тухайлбал, энэ оны эхний 10 сард 626, энэ сард 38 компанийг татан буулгажээ. Ер нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт сүүлийн таван жилд өдөрт 30-50 компани шинээр бүртгүүлж буй гэнэ. Энэ нь ачаалал үүсгэхээс гадна эдийн засагт өгөөжгүй “цүнх”-ний компанийн тоог өсгөхөөс цаашгүй дүн болж буйг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш хэллээ. Тэрбээр “Иргэд ямар нэг тендерт шалгарч, төсөл, хөтөлбөрт хамрагдах зорилгоор аж ахуйн нэгж үүсгэн байгуулдаг. Мөн “компани байгуулчихвал ашиг нь гарч л таараа, олон хүн байгуулж байна, би ч дутах ёсгүй” гэсэн хандлага ч бий. Тиймээс манайд бүртгүүлж буй компанийн тоо төдийлөн буурахгүй, идэвхгүй, өгөөжгүй хэвээр байгаа болов уу. Гэхдээ бид ямар ч иргэн, аж ахуйн нэгжийг компани байгуулах, компаниа “жижиглэх”-ийг болиулж, нөлөөлж чадахгүй” хэмээн ярив.

Бүртгэлтэй компаниудын бараг тал хувь нь “х” болон ашиггүй ажилласан тайлан өгч байна гэдэг нь тэдгээр компани бүтээлч бус, үйл ажиллагаа явуулдаггүй, нягтлан бодох бүртгэл хөтөлдөггүй мөн татвараас зайлсхийж байх магадлалтай харагдуулдаг аж. Тиймээс сэжигтэй санагдсан болон хөндлөнгийн мэдээлэлд тулгуурлан татварын албанаас шалгалт хийдэг юм байна. Гэхдээ одоогоор “х” тайлан өгсөн хуулийн этгээдүүдээс хэд нь хуурамчийг илгээж байсан болон авсан арга хэмжээний талаарх мэдээллийг өгөх боломжгүйг Татварын ерөнхий газрын олон нийттэй харилцах албаныхан илэрхийлсэн. Үүнээс гадна Улсын бүртгэлийн тухай хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй буюу найман улирал дараалан татварын “х” тайлан гаргасан компаниудыг татан буулгах заалт оруулжээ. 

Өмнө нь аж ахуйн нэгжүүд саналаараа, эсвэл татварын албаны мэдээлэлд үндэслэн улсын бүртгэлээс хасуулдаг байв. Тэгвэл хоёр жил идэвхгүй байсан компаниудыг албадан татан буулгаж эхэлжээ. Гэхдээ хууль хэрэгжүүлж эхлээд жил орчим болж буй тул компаниудыг татан буулгах хараахан болоогүй гэсэн үг. Түүнчлэн ирэх оноос хэрэгжүүлж эхлэх татварын хуулийн шинэчлэлд жилд 50 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд татварын тайланг нэг удаа мэдүүлж, нэг хувийн татвар төлөхөөр заасан. Энэ нь улирал бүр татварын тайлан гарган, татвар төлж байсныг халсан, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжсэн заалт болох боломжтой юм. Татварын тайлангийн хугацааг ийн уртасган, жилд нэг л удаа борлуулалтын орлогынхоо нэг хувиар татвар төлөх нь “цүнх”-ний компаниудын үйл ажиллагааг идэвхжүүлж, татвараа үнэн зөв мэдүүлэн, зохих хувиар нь төлж, үүргээ биелүүлж эхлэх магадлалыг өсгөх болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)