Цөөнх цөөвөр шиг байж чадах уу

Гурван сарын өмнө гучин долуулаа, УИХ-д олонх гэгдэж явсан АН өдгөө парламентад есхөн суудалтай цөөнх болоод буй. Монголын төрт ёсны түүхэн дэх долоон удаагийн ардчилсан сонгуульд АН гэдэг нэрээрээ оролцсон тохиолдлуудаас ардчилагчид ингэтлээ ялагдсан нь үгүй.

Өөрөөр хэлбэл, 2000 оноос хойших дөрвөн удаагийн ээлжит сонгууль, сүүлийн 12 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага дахь хүчний харьцаанд ийм эрс, зөрүү өөрчлөлт гарч байсангүй.

70 жил ноёрхсон нэг намын тогтолцоог халж буйг тунхаглан олон хүчнийг оролцуулсан, анхны ардчилсан сонгуулиар МАХН буюу одоогийн МАН 70 суудал авч давамгайллаа хэвээр хадгалсан, 2000 онд АН-ыг “мэндлээгүй” байхад (2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын төлөө гэгддэг МҮАН, МСДН, МШАН, МАСМН, МоАН нэгдэж АН-ыг байгуулсан) явуулсан ээлжит сонгуулиар МАХН 72 гишүүнтэй болсныг эс тооцвол аль нэг намын илүүрхэл 65 суудал автлаа өндрөө авч байгаагүй юм.

Энэ хэрээр хүсвэл юуг ч хөдөлгөж, эс хүсвэл юуг ч хав дарж, хуйвалдах эрх мэдэл өнөөдрийн УИХ, түүний байгуулсан Засгийн газарт бий болжээ. АН, МАН гэсэн хоёрхон гол тоглогчтой Монголын өнөөдрийн парламент дахь 65:9 гэсэн энэхүү харьцааг зоосны нэг тал гэвэл нөгөө нь “Хяналт, хяналт, бас дахин хяналт” байхаас аргагүй.

Тэр хяналт сөрөг хүчнээс зайлахгүй. Сөрөг хүчний тэргүүн эгнээнд парламент дахь цөөнх алхах нь гарцаагүй. Аль ч парламентад цөөнхийн зовлон их. Энэ удаа АН-ын зовлон бөгөөд хариуцлага бүр их. Харин одоо цөөнх цөөвөр шиг ажиллаж чадах уу. АН-д олонх ч, цөөнх ч болж явсан туршлага, алдаа, онооны сургамж бий. Гэхдээ цөөнх байсан туршлага нь арай их.

Магадгүй Монголд цөөнх байхын жаргал, зовлонг АН-ынхнаас илүү мэдэх нь үгүй биз. Ялалтын хөөрөл нь бүрэн сарниагүй, эрх мэдэл, албан тушаал нь үүрдийн биш, зуурдынх гэдгийг ойлгохыг ч үл хүсэн, сохорч яваа эрх баригчдад ташуур болж, өөрсдөдөө ухаарал олж ажиллаж чадах болов уу, тэд.

Үнэмлэхүй олонхын эсрэг үнэмлэхүй цөөнх ажиллаж буй энэ удаагийн парламентыг бүлгийн гишүүдийн тоогоор өнгөрсөнтэй нь жиших өрөөсгөл байж мэднэ. Гэсэн ч 1996- 2000 оны УИХ-д О.Дашбалбар ганцаархнаа 50 суудалтай “Ардчилсан холбоо” эвсэл, 25 суудалтай МАХН-ын аль алиныг нь буруудахад ташуурдаж, уруудахад татаж, хүчтэй хяналт тавьж чадаж байсныг санахад илүүдэхгүй.

Тооноос чанар, агуулгыг илүүд үзэхийн учир энэ. Тиймээс энэ удаагийн цөөнхөд найр тавьж, тал засахын нигуур ч ийм. Гэвч юуны түрүүнд нэгдсэн хуралдааны индэр дээрээс алив асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэх эрх бүхий бүлэгтэй байх нь чухал, хяналт тавихад дөхөм. “АН-д урвагч байна, нэг нь бүлгээсээ гарах гэнэ” гэсэн яриа санаатай, санамсаргүйн аль нь боловч гарсан хойно бүлгийн гишүүдийн тоонд хүссэн ч, эс хүссэн ч анхаарах.

“Урвагч”-аар тодруулсан Б.Наранхүү “Би МАН-д элсэхгүй, намаасаа гарахгүй” хэмээн товч тайлбар хийсэн ч олонхыг бүрдүүлж буй намын даргатай ойр гэгддэг тэр өрсөлдөгч МАН-ынхантай ганзага нийлэхийг үгүйсгэх аргагүй. Нэг талаас Монголын улс төрд энэ байтугай, эрээ цээрээ алдсан урвалт газар авсаар буй. Нөгөө талаас өөрсдөд нь хяналт тавих бүлгийг задалж, сул гишүүд болгон тараах сонирхол олонход бас байх шиг.

ЭВТЭЙ Л БОЛ ХҮЧТЭЙ

Үүний эсрэг эв нэгдэл чухал. Харин энэ сэдэв нь АН-ынхны эмзэг цэг. Тэд олуулаа болж төр барихаараа фракц, бүлэглэлээрээ эрх мэдэл, албан тушаалын төлөө олзлон булаалдаж, өвөр зуураа хэмлэлдэн, эцэст нь ялагдаж хашраагүй. Одоогоор “Шонхор”, “Алтангадас”, МҮДН, МоАХ, “МоАН санаачилга” гээд АН-ын томоохон фракцын нөлөө бүхий төлөөлөл УИХ дахь намын бүлэгт нь байна.

Тодорхой хэлбэл, парламентад таван фракцыг төлөөлсөн есөн гишүүн буй аж. Шинэчлэлийн гэх тодотголтой намын их хурал, даргын төлөөх марафон, дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаа гэхчилэн дотоодын асуудалдаа орооцолдон буй олон хүн амбийцаа дарж ядан байх нь юухан дээр ч анзаарагдана.

“Шонхор” фракцын тэргүүн бөгөөд бүлгийн дарга С.Эрдэнэ, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, МҮДН-ын Д.Эрдэнэбат, “МоАН санаачилга”-ын санаачлагч Л.Болд, УИХ-ын дэд дарга, “Алтангадас”-ын Я.Санжмятав, Ж.Батзандан зэрэг цөөнхийн цөөнгүй гишүүний нэр намын даргад дуулдаж, ил, далд марафондож байна. Одоогоор тэднээс амбийцаа илчилж, шууд зөрчилдсөн зүйл алга. Гэхдээ цаашид эв нэгдлийг нь шалгах энэ байтугай сорилттой тулгарах нь ойлгомжтой.

ЭХНИЙ “ШАЛГАЛТ” НЬ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ

Цөөнх цөөвөр шиг байж чадаж буй, эсэхийг долоо хоногийн дараа болох орон нутгийн сонгуулийн дүн эхний ээлжинд хэлээд өгнө. Сонгогчдын олонх АН-ынхны шүүмжлэлтэй санал нийлж, тэднийг сонгож гэмээнэ МАН-ынхны эцэс төгсгөлгүй байж мэдэх ухралтыг зогсоож, засаглалын доод түвшинд хяналт тогтоож буй хэрэг.

Мөн энэ өдрүүдэд Засгийн газрын 100 хоног ч тохиож байна. МАН амласан бүхнээсээ буцаж, засгийн эрхийг атгаж байсан өмнөх улс төрийн хүчнийг харлуулж, үгүйсгэх гэж хэт улайрч буйг харуулах үндэслэл, баримттай мэдээллийг АН-ынхан дэлгэж буй. Цөөнх шүүмжилж, өөлөхийн зэрэгцээ тэд буруу гэж үзсэн зүйлдээ гарц, гаргалгаа хайж, үүнийгээ дэвшүүлж ажиллах учиртай.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх, эсэхийг шийдвэрлэх санал хураалтад эсрэг санал өгөн будилж явсан З.Нарантуяа гишүүн гэхэд л цөөнхийн бүлгийг төлөөлөөд зогсохгүй Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд төсөв, санхүүтэй холбоотой олон санал дэвшүүлж явна.

Харин сүүлийн үед сонгуулийн хөзөр аятай ойлгогдох болсон “Эрдэнэт үйлдвэр”- ийн 49 хувийг худалдан авсантай холбоотой асуудалд цөөнх ямар байр суурь илэрхийлэв. Үүнтэй холбоотойгоор өмнөх Засгийн газрын үед гаргасан тушаал, шийдвэрт гарын үсэг зурсныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжлүүлж буй гишүүн Д.Эрдэнэбат болон бусад гишүүн “кролядаж”, намын бүлгийн байр суурь одоогоор нэн тодорхойгүй байна.

Юутай ч “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлыг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, гишүүн Ж.Батзандан нараар судлуулахаар үүрэг өгсөн нь үнэн бололтой. Энэ тухайд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Энэ бол хувьчлал биш. Оросын талын эзэмшиж байсан хувийг худалдах, худалдан авах үйл явц юм. Энэ асуудлыг баримтаар баталгаажуулахаар болж байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Шаардлагатай бол тэр ажлын хэсгийг бүлэг дээр дуудаж тайлбар сонсоно” гэснээс өөрийг хэлээгүй.

Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдсан шийдвэрийг эсэргүүцэж, өөрийн намын Засгийн газрыг шүүмжилж яваа Ж.Батзандан гишүүний хэлснээр АН-ын бүлгийнхэнд уг асуудлаар чимээгүй байх чиглэл өгсөн юм билээ. Ер нь уг асуудлаар АН гэлтгүй, МАН-ын гишүүд ч яаран дуугарахгүй байгаа ч энэ мэт томоохон асуудлаар цөөнхийн бүлгийн байр суурь тун тодорхой байх нь үнэмлэхүй олонход хүчтэй хяналт тавихад ус, агаар мэт хэрэгтэй юм сан.

Иргэд, сонгогчид тодорхой ойлголт өгөхүйц, төөрүүлдэггүй, харьцуулж болохуйц, үнэн бодит судалгаа, мэдээлэлтэй зүйлд илүү татагдах болсон. Танхимын үүдийг буйдангаар таглаж суучихаад, талбай дээр нөмгөн дээлтэй зогсох нь цөөнхийн хийдэг ажил одоо нэгэнт биш болсныг энэ удаагийн цөөнх илүүтэй ойлгож байгаа гэж найднам.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)