Цөцгийн тосонд мах шарах нь буруу

ОХУ-ын гастроэнтерологич, хоолзүйч Ирина Бережная ийнхүү мэдээллээ. Цөцгийн тосонд мах, махан бүтээгдэхүүн шардаг уламжлал олон улсад түгээмэл бөгөөд нэртэй тогооч нар энэ аргыг хамгийн зөвд тооцдог. Ургамлын тосонд мал, амьтны мах шарах нь мэдлэггүй, “бүдүүлэг” гэх нь бий. Тэгвэл орос мэргэжилтний судалгаагаар уламжлалт эл арга нь буруу. Учир нь цөцгийн тосыг 70-аас дээш градуст халаахад хүний бие махбодод сөрөг нөлөөтэй чөлөөт радикалууд үүсэж, энэ нь яваандаа хоол боловсруулах эрхтнийг өвчлүүлж, хорт хавдартай болгох өндөр магадлалтай гэнэ. Түүний зөвлөснөөр ямар ч төрлийн махыг тосгүй шарах нь хамгийн зөв. Харин хүнсний ногоо, ургамлуудыг чидуны тосонд шарах нь тохиромжтой аж. Учир нь эл тос 260 хүртэл градуст чөлөөт радикал болж задардаггүй болохыг тэрбээр онцолжээ. Үүнтэй холбогдуулан чидуны тосны талаар товчлон хүргэе.

Хүмүүс эл тос ач тустайг ойлгодог ч чухам ямарт нь хоол, хүнс шардаг зэрэг зарим “нууцыг” тэр бүр мэддэггүй. Сонирхуулахад, грекчүүд олив буюу чидуныг үндэстнийхээ мод хэмээдэг. Испанийн Мадрид хотод төвтэй Олон улсын чидуны зөвлөл дэлхийн зах зээл дээрх эл төрлийн тосны үйлдвэрлэл, борлуулалтын 95 хувийг хянаж, зохицуулдаг юм байна. Европын Холбооны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг тус байгууллагын судалгаа, статистикаар бол Испани, Итали, Грек, Турк, Сири улс чидуны тосны хэрэглээгээрээ эхний таван байрт бичигдэж байна. Чидуны тос ханаагүй хүчлийнх бөгөөд холестерины хэмжээ нь цөцгийн тос болон бусад ургамлын гаралтайнхаас хэд дахин бага. Эл тосонд агуулагдах линолевын хүчил аливаа шарх, буглааны эдгэрэлтийг түргэсгэдэг байна. A, Е, D, F, K зэрэг аминдэмээр баялаг чидуны тос эд, эсийн дархлааг бэхжүүлнэ.

Европын Холбооны хуулиар чидуны тосыг физик, химийн болон органолептик (тариалалтын бүс нутаг, гадаад төрх байдал, өнгө, үнэр, амт зэргээр нь шинжих үзүүлэлт) шинж чанарт нь үндэслэн гурав ангилж, үнэлдэг бөгөөд үүнийг нь олон улсад мөрддөг. Нэгдүгээрт, анхны нэрэлтээр буюу механик аргаар “тээрэмдэн” шахаж, шүүсэн тос. Үүнийг еxtra virgin хэмээн нэрлэдэг. Мөн чидуны шүүс ч гэх бөгөөд ямар нэгэн нэмэлт бодис, бүтээгдэхүүн, боловсруулалт хийгээгүйгээрээ онцлог. Олон улсын зах зээлд ийм тосыг шингэн алт хэмээн албан бусаар нэрлэдэг. Хоёр жил хүртэл хадгалахад амт, чанараа алддаггүй бөгөөд шууд хэрэглэх, шарах гээд төрөл бүрээр ашиглаж болно. Чидуны тос үндэснийх нь хоол хүнсний нэг болсон улс орнуудад үүнийг салат, зуушны амталгаа, сүмсэнд голчлон хэрэглэдэг юм байна. Мөн талх, ногоо зэргийг дүрээд цөцгийн тос шиг хэрэглэнэ. Чидуны тос нь төрлөөсөө хамаарч өөрийн гэсэн өвөрмөц амттай. Гэхдээ нийтлэг амт нь бага зэрэг гашуун мэт исгэлэн байдгийг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ.Эл үзүүлэлтийг нь оноогоор дүгнэдэг бөгөөд еxtra буюу дээд чанарын ангиллын тосны исгэлэн нь 0.8-2 хүртэл байна.

Хоёрдугаарт, pomace ангиллын тос орно. Энэ нь эхнийнээс үлдсэн хальс, яс зэргийг өндөр температурт дахин шахаж, шүүсэн хэсэг бөгөөд мөн л өндөр чанартай. Энэ ангиллын хувьд исгэлэнгийн үзүүлэлт нь 1.2 хүртэл оноотой. Ийм тосыг халуун боловсруулалт буюу шарах зэрэгт ашигладаг. Мөн дээд ангиллынх шиг шууд хэрэглэж ч болно.

Гуравдугаарт, extra virgin хэмээх шошгогүй чидуны тос гэсэн бүтээгдэхүүнүүдийг цэвэр тостой 85, 15 зэрэг хувиар холих замаар гаргаж авдаг байна. Исгэлэн буюу хүчиллэгийн үзүүлэлт нь нэг хүртэл байж болно. Үүнийг чанарын хувьд нэг, хоёрдугаархтай харьцуулах шаардлагагүй бөгөөд мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр ялгаагүй өндөр түвшнийх бөгөөд ямар ч хоолонд хэрэглэх боломжтой. Ялангуяа шарах, боловсруулах шатанд хамгийн тохиромжтой нь. Испанид энэ ангиллынхыг хамгийн өргөн хэрэглэдэг.

Бэлтгэсэн:Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)