Цөмийн шарлалт буюу саажилт үүсгэдэг шалтгаан

Нярай хүүхдийг асарч, тойлно гэдэг эмч нарт, ээжүүдэд тийм ч амар ажил биш. Нэг сар хүртлээ түмэн авир гаргаж, айлгаж сандаргах нь энүүхэнд. Жам ёсны хариу үйлдлүүд нь ч яах вэ, өвчин биш учраас хүн “болгочихдог” л юм. Гэтэл сүүлийн жилүүдэд нярайн эмгэг шарлалт хурдацтай тархах болжээ. Гүйцэд төрсөн нярай 2-3 хоногтойгоос эхлээд арьс, салст нь шарлаж, хоёр долоо хоноод арилахыг физиологийн буюу хэвийн үзэгдэл гэж үздэг байна. Харин хүүхэд эхний хоногоосоо эсвэл хэт оройтож шарлах, гарын алга, хөлийн ул, нүдний өнгө хувирах, шарлалт удаан хугацаанд буухгүй байх нь тархи, мэдрэлийн хүнд эмгэг үүсгэдэг гэнэ. Эхчүүдийн өвчлөл нэмэгдсэн, хүүхдээ хөхөөр хооллох нь багассан, эм, тарианы хэрэглээ өндөрссөн, дутуу төрөлтийн “мурий” дээшилсэн зэрэг шалтгаанаар нялхсын шарлалт “эрчээ” авсныг эмч нар хэлэв.

Ураг эхийнхээ цусаар тэжээгддэг тул олон тооны улаан эстэй, энэ нь том хэмжээтэй байдаг аж. Хүүхэд төрмөгц улаан эсүүд нь задарч, билирубин ихээр ялгаран, арьс, салст, нүдний цагааныг шараар “буддаг” байна. Улаан эсийн задрал багасангуут энэ шинж тэмдэг нь 7-14 хоногийн дотор бүрэн арилдаг гэсэн үг. Ихэнх тохиолдолд энэ үйл явц жамаараа буюу эмчилгээгүй эдгэрдэг ч эмгэг шарлалт нь уураг тархийг эдгэшгүйгээр гэмтээх аюултай тул анхаарахгүй өнгөрөөж болохгүй. Гүйцэд нярайн 30-40, дутуу төрсөн хүүхдүүдийн 80 хувьд нь шарлалт удаан явцтай, гүнзгийрдэг болохыг судалжээ.

Хүүхдийн төв сувиллын Нярайн тасгийн эмч, клиникийн профессор Д.Тунгалаг “Нярайн цусан дахь билирубин хэдэн хоногтойдоо, хэр хэмжээтэй байгааг тогтмол хянах нь маш чухал. Гаднах байдлаар нь буюу хүүхэд төрсөн эхний өдрөөсөө арьс салст, гарын алга, хөлийн ул нь шарлавал цусан дахь билирубинийг заавал үзэх ёстой. Сүүлийн үед ээжүүдийг төрмөгц эмнэлэгт нэг хонуулаад л гэрт нь гаргачихдаг болсон. Тиймээс эхчүүд хүүхдийнхээ шарыг ажиглаж, өрхийн эмч нартаа тогтмол үзүүлж, хянуулах ёстой. Физиологийн шарлалт нүүрнээс эхлээд цээж, хэвлий, хөлд “хүрээд”, доороосоо дээш буурах замаар, хамгийн сүүлд нүүр, нүднийх нь шар арилдаг. Энэ тохиолдолд аюулгүй. Дунджаар 5-7 хоногтойдоо билирубиний хувь хэмжээ нь хамгийн өндөр үзүүлэлт заагаад буурдаг. Өрхийн эмч энэ бүхнийг хянаад эмгэг үү, физиологийнх уу гэдгийг нь ялгаж, оношилно. Харин шарлалт 14-өөс олон хоног сунжрах, хэт эрт болон хожуу үед билирубин огцом нэмэгдсэн тохиолдолд хүндрэх нь элбэг. Учир нь билирубин мэдрэл, сэтгэхүйд муугаар нөлөөлж, гэмтээдэг. Үүний уршгаар оюуны хомсдолтой, тархины саажилттай, хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй, унаж татдаг эмгэгтэй болж ч мэднэ. Цаашлаад билирубин нь цусаар дамжин, бүх эрхтэн тогтолцоог гэмтээх аюултай” хэмээн сэрэмжлүүлэв.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ өвчнийг хүндрүүлдэг нэг шалтгаан нь хугацаа алдах гэсэн. Эмгэг шарлалтын үеийн дээрх хүндрэлүүд ихэнхдээ нярайн эхний хоногуудад тохиолддог. Харин ээж, аав нь үүнийг физиологийн шарлалт хэмээн тоохгүй явсаар хүүхэд нь унтаарсан, хөхөө хөхөж чадахгүй, бөөлжсөн, нумарч татсан хойно нь эмнэлэгт хандах нь цөөнгүй аж. Шарлалтыг бууруулах гол эмчилгээ нь аппаратад “оруулах”. Ингэхдээ 460 нанометрийн туяагаар биеийг нь шарж, билирубинийг бууруулдаг байна. Мөн цусыг нь цэвэршүүлэх, тархины үйл ажиллагааг сэргээх эмчилгээ давхар хийдэг аж. Гэрийн нөхцөлд хүүхдийн нүдийг хамгаалж, арьсыг нь түлэгдэхээс сэргийлсэн бол наранд шарах, хөхөөр хооллох хооронд 10 мл буцалсан ус дуслаар өгөхийг эмч нар зөвлөдөг ч энэ нь зөвхөн гүйцэд төрсөн нярайд тохиромжтой арга гэнэ. Харин чихэртэй ус өгөх, гэрийн нөхцөлд туяа аппаратаар шарах зэргийг хатуу хориглодог. Учир нь энэ тохиолдолд хүүхэд гэнэт хахаж цацах, амьсгал боогдох аюултай тул яаралтай тусламж авч чадахгүй хүндрэх эрсдэлтэйг Д.Тунгалаг эмч санууллаа.

Шарлалтын хувь хэмжээг тооцохдоо төдөөс дээш аюултай гэхээсээ төрсний дараах хоногоор ажиглавал үр дүнтэй аж. Эмч нарын хэлснээр, зөвхөн нүүр шарласан бол цусан дахь билирубиний хэмжээ 100, цээжтэй хавсарвал 150, хэвлийн хэсгийг хамарвал 200, хөлийн уланд “очвол” 250-иас дээш болжээ гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эмч нар л үүнийг тусгай багажаар баталгаажуулж, арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд дур мэдэн “эмчилж” болохгүй гэсэн үг.

Цусан дахь билирубиний хэмжээ 68-аас дээш болоход хүүхдийн арьс, салст шарладаг байна. Заримд нь эл үзүүлэлт 300-350 хүрсэн ч урхаг, үлдэц багатай байдаг нь гүйцэд төрсөн, эрүүл байгаатай холбоотой аж. Харин дутуу, бүтэлттэй төрсөн бол үүнээс ч бага хэмжээ хүүхдийн тархийг хэдийн гэмтээсэн байдгийг эмч нар анхааруулав. Бүр тодруулбал, эрүүл хүүхдийн цусан дахь билирубин нь 510-аас дээш гарсан тохиолдолд цөмийн шарлалт буюу саажилт үүсгэдэг. Тиймээс аль болох эрт хянуулж, эмчлүүлснээр эл эмгэгийг хүндрэл багатай давах нь.

Эмгэг шарлалт үүсэх нь олон шалтгаантай. Эцэг, эхчүүдийн мэдэх ёстой зүйлс бол хүүхдийг төрмөгц 30 минутын дотор ангир уургийг нь амлуулах, хөхөөр хооллох. Ингэснээр нярайн зунгагаар билирубин гадагшилж, шарлалт түргэн буурдаг аж. Эх жирэмслэхээс өмнө өвчтэй, эсвэл ямар нэгэн халдвар авсан бол бүрэн эмчлүүлээрэй. Мөн эх, хүүхдийн цусны резусын үл тохироо, эмийн хэт их хэрэглээ, тодруулбал, сав агшаах тариа, өвчин намдаах эм өндөр тунгаар уух, кофеин, витамин С хүртэл эмгэг шарлалт үүсгэхэд нөлөөлдөг байна. Мөн улаан эсийн болон элэгний бүтцийн өөрчлөлт, ферментийн дутагдал, цус задралын, цөсний замын төрөлхийн гажгуудын үед дээрх эмгэг хүнд тусдаг аж.

Эдгээрээс гадна хөхний сүүний эмгэг шарлалт гэж бас бий. Гэхдээ энэ тохиолдолд хөхөөр хооллохыг хориглох заалтгүй. Зарим судалгаанд хүүхдээ хөхүүлэхгүй 1-2 хоноход билирубиний хэмжээ хоёр дахин буурдаг ч эхийн сүү хэзээ ч цөмийн шарлалтад хүргэдэггүйг эрдэмтэд баталжээ. Тархи, мэдрэлийн эсүүдийг гэмтээдэггүй гэсэн үг. Тиймээс эхчүүдэд хүүхдээ хөхөөрөө үргэлжлүүлэн хооллохыг зөвлөдөг юм билээ. Хоёр хүүхэд нь яг ийм шалтгаанаар шарлаж байсан нэгэн ээжийн яриаг хүргэе. Тэрбээр “Анхны хүүхдийг минь төрөөд найм хоносны дараа өрхийн эмч үзээд “Шарлалт нь өндөр байна, төрөх эмнэлэг рүүгээ яв” гэсний дагуу очоод хэмжүүлтэл билирубин нь 350 байсан. Энэ үзүүлэлт 200-гаас дээш бол өндөр, 300 давбал тархинд буюу мэдрэл, сонсголд нөлөөлдөг гэж үздэг юм билээ. Хэрвээ өрхийн эмч хугацаа алдаагүй бол эрт мэдэх байж гэж тухайн үедээ их харамссан. “Өргөө” амаржих газарт аппаратад найм хоног шаруулаад, эмнэлгээс гарахад шарлалтын зэрэг нь 230-тай байсан. Хувийн эмнэлэгт гурван хоног шаруулсан ч билирубин нь дахиад л нэмэгдсэн. 23 хоногтойд нь хүүхдийнхээ шарлалтыг ЭХЭМҮТ-д хэмжүүлэхэд 220, хэвтэн эмчлүүлэх хүсэлтэйгээ хэлэхэд билибурин нь 300-гаас бага бол авахгүй гэлээ. Ингээд Хүүхдийн төв сувилалд хэвтэж, хэсэг хугацаанд хөхний сүүгээ хорьж, эмчилгээ хийлгэн шарлалтыг буулгасан. Шарлалтын зэрэг өндөр байсан учраас хоёр нас хүртэл нь ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн эмчид хянууллаа. Азаар урхаг, үлдэцгүй эдгэрсэн. Ах, эгч нь шарлаж байсан бол дүүд нь удамших магадлалтай гэж дуулаад санаа их зовсон. Саяхан амаржаад эмнэлгээс гарахад бага хүүхдийн маань билирубин нь 154-тэй, тав хоноход нүүр, нүд, буйл нь шарлангуут төрөх эмнэлэг рүүгээ яаран очлоо. Шарлалтын зэрэг нь 240 байхад эмч “Сүртэй юм бэ, 300 хүрээгүй л байна шүү дээ” гээд хэдэн эм бичиж өгөөд явуулсан. Гэсэн ч өмнө нь хаширсан болохоор Хүүхдийн төв сувилалд үзүүлсэн. Шарлалтын зэрэг нь 270 хүрчихэж, зургаан хоног хэвтэн эмчлүүлээд, гарлаа. Хэрвээ энэ талын мэдлэггүй байсан бол дараа нь ямар ч хүндрэл гарах байсан юм билээ” хэмээн ярив.

Эмгэг шарлалтын тухай уншигчид бага сага мэдээлэлтэй болсон биз ээ. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд ээжүүд нэгэндээ “зөвлөгөө” өгөх дуртай болсон. Ялангуяа шарлалтын тухайд. Таны хүүхдийн шарлалт ямар нэгэн хүндрэлгүй, 7-14 хоноод арилсан бол жам ёсных байжээ гэж баярлах хэрэгтэй. Гэтэл хүүхэд нь 14-21 хоног, сар шахам эмчилгээ хийлгээд ч үр дүнгүй байхад элдэв цуу, баталгаагүй мэдээлэл, зөвлөгөө өгч, нэгнийхээ сэтгэлийг зовоохгүй бол сайн сан. Эмч нарын хэлж буйгаар хүүхэд төрөөд эхний хэдэн хоногт шарлалтын зэрэг нь өндөр байх тусам аюултай тул эхчүүд хэн нэгний зөвлөгөөг дагалгүй, эмнэлэгт яаралтай хандаарай. Нэг үеэ бодвол Өрхийн эрүүл мэндийн төвүүд шарлалт хэмждэг багажтай болж. Заавал хувийн, эсвэл улсын том эмнэлэг гэж цаг алдалгүй анхан шатны тусламж, үйлчилгээгээ цаг алдалгүй авахыг мэргэжлийнхэн зөвлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)