Цөлийн галт тэрэг

Мавританийн “Train du desert” (“Цөлийн галт тэрэг”) хоёр км урт бөгөөд төмрийн хүдэр, Сахарын цөл гаталж, 704 км зам туулах бэрхшээлээс үл эмээх зорчигчдыг 1963 оноос тээвэрлэж буй. ВВС-гийн сэтгүүлч Аластер Гилл дэлхийн хамгийн урт бөгөөд хүн эл аяллын замыг туулахаар шийджээ. Түүнд ийн аялах шалтгаан ч байсан юм.

Элс, тоосноос нүдээ хамгаалахын тулд тэрбээр толгойгоо бедуинчуудын алчуураар ороож, ачааны вагоны хамгийн дээд тал руу шатаар гарч, гадагш, эргэн тойрноо гүйлгэн харав. Эцэс төгсгөлгүй мэт харагдах вагон цуваа тэнгэрийн хаяа руу хөвөлзөн шингэнэ. Төмөр замын хоёр талаар зах хязгааргүй элсэн тэгш тал цэлийнэ. Намхан толгод, тунгалаг гэрэлд эрс тодруулан зурсан юм шиг Сахар нутаг алсарч, ард хоцорно. Вагоны дээвэр дээр урд, салхи харж суусан хүмүүс араб хэлээр ямар нэг дуу аялах аж. Аялагчид галт тэрэгний дуу чимээг давж хашхирахыг оролдоно. Халуун салхи таны үсийг элсээр хучиж, цөлийн наран аньсан нүдний зовхийг нэвт төөнөнө.

Эл цуваа өдөр бүр Атлантын далайн эргийн орны боомт Нуадибу хотоос төмрийн хүдэр олборлодог, баруун хойд нутгийн Зуэрат хотыг зорьдог. Хойд Африкийн маргаантай нутаг дэвсгэр болох Баруун Сахараас хил дагуух чиглэлийн эл аялал 20 орчим цаг үргэлжилдэг. Галт тэрэг 200-210 вагонтой бөгөөд нэг нь л зорчигчийнх, бусад нь ачааных. Үүнийг дизелийн 3-4 зүтгүүр чирнэ. Зуэратад вагон бүр 84 тонн төмрийн хүдэр ачих нь бий.

Цөлийн алслагдмал суурин руу зорчигч хүргэхдээ галт тэрэг урагш Мавританийн нийслэл Нуакшоту руу тойруу, урт авто замыг 500 км-ээр богиносгодог. Мавританичуудын олонх нь галт тэргээр зорчихыг илүүд үздэг. Бохир, тоос шороотой, дуу чимээтэй бөгөөд аюултай (задгай вагонуудаас хүмүүс байнга унадаг) ч үнэгүй. Замд агаарын температур 40 градус давж халах нь бий. Майк, сурвалжлагч Аластер хоёр ямар ч нөхцөлд явж хэдийн сурсан. Тэд Оросын Умард туйлын нутгаар аялахдаа галт тэрэг, нурж унах шахсан байшин, намгархаг газар, шумуул гээд элдвийг үзжээ. Цөл гаталдаг эл төмөр цуваа тэднийг задгай вагонд, аагим халуун, салхи, дуу чимээнд эдийн засгийн нарийн хэмнэлтэд сургасан гэнэ. “Эл галт тэрэг дэлхийд хамгийн уртад тооцогддогуудын нэг. Ачааны вагонд Сахарын цөлийн гүнд урт зам туулна гээд төсөөл дөө. Дараа нь үүрээр цөл дунд, зогсоолоо андуурчихгүй байхын төлөө залбирна. Тэгээд нар мандмагц толгодын жийп машин үзэгдэнэ” хэмээн Аластер Гиллийн аав хоолны ширээ тойрон гэр бүлээрээ сууж байхдаа ярьжээ. Бага байхад нь аав, ээж нь төмрийн хүдэр тээвэрлэдэг галт тэргээр аялсан түүх орчин үеийн ертөнцтэй адилгүй, нууцлаг газрын адал явдал шиг санагддаг байсан тухай тэрбээр дурссан аж.

1971 онд түүний эцэг, эх Канарын арлуудаас одоогийн Баруун Сахарын нутаг дэвсгэрт орших боомт руу хөвж, цаашлаад урагш эрэг дагуу Мавританийг зорьдог байжээ. Замдаа тэд Мавританийн гүн рүү, алслагдмал суурингууд руу зорчдог ачааны галт тэрэг байдгийг олж мэдсэн гэнэ. Тэдгээр суурин нь Сахарын цөл гатлах эртний худалдааны цувааны саатаж, амрах цэг болдог байв. Тэд галт тэрэгнээс буугаад 400 км зайтай орших Шум гэдэг газар очиж, тэндээсээ автомашины шороон замаар худалдааны Атар, Дундад зууны үеийн ариун Шингетти хотыг зорьдог байжээ. Үүний цор ганц нотолгоо нь “Кодак” хальсанд бий. Тоон эриний сураггүй байсан үеийн ямар ч кадр алтаар хэмжигддэг. Ачааны галт тэргэн дээр, төөнөсөн наран доор зах хязгааргүй цөлийг ажиглан суугаа хоёр хүнийг тэр кадруудаас харсан. 

Эл гэрэл зургийг хараад мартаж чадахгүй явж, хэзээ нэг цагт өөрийн биеэр тэр замыг хүдэртэй галт тэргээр туулна гэсэн Аластер Гиллийн мөрөөдөл биеллээ олсон нь энэ. Тэрбээр Майкийн хамт эцэг, эхийнхээ туулсан замаар Шум, Атар, Шингеттийг зорьсон аж. Нуадибухотын зочид буудлын менежер Аиба дараагийн аяллын талаар үнэлж барамгүй зөвлөгөө өгчээ. Залуусын аяллын төлөвлөгөөг сонсоод л түүний хар нүд гэрэлтээд ирсэн гэнэ. “Галт тэрэг үү! Би түүгээр мөн ч олон удаа зорчсон. Аав минь Зуэратын карьерт ажилладаг” гээд л тэрбээр дуу алджээ. Галт тэргээр явахад босох тоос шорооноос Аластер нарын үүргэвчийг хамгаалахын тулд Аиба тэдэнд гялгар уут, скоч өгсөн байна. Зорьсон газарт нь ойр зогсох вагонд суулгаж өгөхийн тулд тэрбээр залуусыг өртөөнд хүргэж өгчээ. Урт цуваа, жижиг тосгон учраас суух вагоноо буруу сонговол аялагч өртөө хүртлээ халуун цөлөөр нэг км гаруй зам туулахад хүрэх аж.

Цонхгүй, 8х4 метр хэмжээтэй ган хайрцаг дотор Сахарын уудмыг туулах үнэхээр ер бусын. Тиймээс айдас төрөх бүрт буланд байх шатаар өгсөж, манхны хажуугаар хөвж яваагаа хардаг. Үдэш галт тэрэгний хөдөлгөөн удааширч, толгой дээрээс нүд сохолчих шахах тэгш өнцөгт тэнгэр бүүдийнэ. Өвлийн нар их доор орох тул вагоны дотор сүүдэр нөмөрчээ. Эцэст нь хэдэн зуун вагонтой галт тэрэг тэнгэрийн хаяа руу сунаж, тэгш тал дунд зогсов.

Хүмүүс үсэрч буугаад, нэг хэсэг нь амжилттай аялснаа тэмдэглэн гар барьцгаана. Нөгөө нь зүгээр л холдон харж зогсох, эсвэл “Le train du desert” гэсэн бичигтэй Европын загварын хуучин галт тэрэгний зорчигчийн вагоны халтар цонхоор гадагш харах аж. Эл эзгүй газарт хүмүүс театрт жүжгийн завсарлагаанаар ярилцахаар гарч буй мэт найрсаг харагдана.

Зорчигчдын дунд худалдаачин, хар африк, араб, савхин хүрэм, спорт хувцастай, туранхай залуус байв. Тэд Нуадибуд вагонд асар их боодолтой зүйл ачжээ. Мөн дээд зиндааны, цагаан арьст берберчүүд ч тэдний дунд харагдана. Арабын ертөнц, Хар Африк буюу Сахарын цөлөөс урагш орших бүс нутаг хоорондын хагарлын шугам дагуу орших Мавританийн янз бүрийн угсаатныг болон эл хоёр бүсийн алинд ч хамаарахгүй хүмүүсийг зорчигчид дундаас харж болно. 1981 онд л боолчлолыг хууль бус хэмээн зарласан эл улсын амьдралыг урьдын адил цагаан арьст элитүүд болон хар арьст берберчүүдийн төлөөллөөс бүрдсэн дээд давхаргынхан удирдсан хэвээр байна.

Мавританийн нийгэмлэгүүдийг холбосон, сольшгүй хэрэгсэл болох галт тэрэгний үүрэг замын ханьтай танилцаж эхлэхийн хэрээр улам тодорхой болжээ. Хурц, нэвт шувт харсан харцтай залуу Абдурахман найзуудын хамт Зуэратыг зорьж яваагаа Аластерт их л нухацтай мэдээлсэн гэнэ. Арай ахимаг настай нь Атар луу хүүгээ эргэхээр яваа бөгөөд жилд хэд хэдэн удаа ийн аялдаг аж. Нар жаргахад нэг хэсэг нь мөргөл үйлдэхээр цөл рүү явж, бусад нь зөөлөн элсээр тарсан байна.

Хөдлөх цаг болсныг илтгэж, зүтгүүрийн дохио дуугарахад зорчигчид яаран вагондоо суув. Удалгүй харанхуй нөмөрч, хүйтэрлээ. Удалгүй одод түгж, Майк цэвэр санагдсан буланд бүтээлэг нөмрөн унтахаар хэвтжээ. Гэвч удалгүй вагоны эл хэсэг яагаад цэвэр байсныг тэд ойлгов. Энэ нь хамгийн их салхитай газар аж. Тиймээс залуус нүд ирмэх зуурт хамгийн заваан буланг бараадлаа. Шөнө дундын үед унтах гэсэн биш бүр ядраад босжээ. Галт тэрэг сарны гэрэл доор зогсож, эргэн тойрон нам гүм, хөдөлгөөнгүй болов. Гадагш харахад элсэн тал дундах толгодын орой арзайн, харлаж харагдана. Аластер тэр үед олон жилийн өмнө эцэг, эхийнхээ мэдэрсэн айдас түгшүүрийг төсөөлөхтэй болов.

Гэнэт галт тэрэгний аварга том, хэд хэдэн зүтгүүр, хар уул үүстэл ачсан төмрийн хүдэртэй ачаатайгаа зөрж өнгөрлөө. Нүүрсний зуух тойрон эргэлдэх гурван дүрсийг Аластер харж амжив. Хэдхэн секундийн дотор галт тэрэг шөнийн харанхуйд шингэж, удаан замхрах тоосон үүл үлдээгээд арилжээ. Сууж явсан галт тэрэг нь дахин хөдөлж, цааш давхив.

Нуадибугаас гарснаас хойш 12 цагийн дараа галт тэрэг Шум өртөөнд хүрлээ. Хэдхэн секунд нам гүм болж, дараа нь дэнлүү барьсан хүмүүс айсуй нь дуунаас мэдэгдэнэ. Аластер найзын хамт вагоноос шагайхад харанхуйд автомашины бүдэг гэрэл харагдлаа. Хажуугийн вагоноос яаралтай цуглахыг шаардах нь сонсогдоход залуус яарах хэрэгтэйгээ ойлгож, түргэн бууж, тэдний хүлээж байсан өвгөн “пежод” суув.

Үрчгэр царайт цонхоороо “Атар? Атар?” гэнэ. Хажуугийн галт тэрэг хэдийн хөдөлж, дугуй нь нэг нэгээрээ харанхуйд ууслаа. Аластер, Майк хоёрыг өмссөн хувцсаар нь нутгийнх гэж бодсон жолооч арабаар ярьж байсан ч, машины жигд хөдөлгөөн тэдний бүүвэйлжээ. Маргааш орой нь Шингетти хотод хасарваанийн модны навч толгой дээр ширчигнэсэн газар ирсэн ч Аластерын толгой Сахарын цөлөөр ачааны хагас задгай вагон дотор яваа мэт санагдаж байв.

Хилийн шалган нэвтрүүлэх цэгээр шөнийн харанхуйд бичиг баримтаа шалгуулж, үүрээр тоос босгосон салхитай байсныг, дараа нь таксины гараашны арын өрөөний хивсэн дээр хоёр цаг унтаж, цааш шороон замаар дэржигнэж, хажууд нь Майк цонх руу гэлжийн зүүрмэглэж явсныг бүүр түүрхэн саналаа.

Шингетти нь хуучны номын сантай, нэргүй гудамжууд, алтрах манханд шингэх зах хязгааргүй тэнгисийн чулуун дунд орших байшинтай, ёстой замбараагүй газар аж. Бараг л алдагдсан ертөнц мэт эл газарт өөрийгөө, өнгөрснөө аажмаар мартана. Дараагийн өдрүүдэд нуранги дундуур залуусыг явах хооронд галт тэрэг тэднийг бодитой байж боломгүй, зүүд нойрон дунд яваа мэт газар аваажээ.

Өөрөөр хэлбэл, Аластерын төсөөлж явсан дурсамж нь аяллын тухай эцэг, эхийнх нь яриатай аажмаар сүлэлдэж эхлэв. Дахиад долоо хоногийн дараа төмрийн хүдрийн нарийн тоос түүний чихийг дарж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)