Цэцийн гишүүдийг “мөнхрүүлэх” үү

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнгөрөгч баасан гаригт болж, Үндсэн хуулийн цэцийн, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн эцэслэн шийдвэрлэлээ. Энэ нь одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар Үндсэн хуулийн зөрчилтэй аливаа асуудалд хамгийн сүүлчийн цэг нь болдог их суудлын хуралдаанаас Цэц хийгээд УИХ-ын хооронд үүссэн зөрчил, үл ойлголцлын галыг өрдөж болзошгүй шийдвэр байж мэдэх юм.

Өнгөрөгч оны сүүлчээр гишүүн Х.Тэмүүжин уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих үеэс л асуудал хурцадсан гэхэд болно. Цэцийг Үндсэн хуулийн шүүх болохын хувьд бэхжүүлэх, үйл ажиллагааг нь одоогийнхоос илүү ил тод болгох, маргаан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн төвийг сахисан байр суурь руу ойртуулах, гишүүнийх нь тэтгэвэрт гарах зохицуулалтыг тодорхой болгож шинэчилнэ гэх хууль санаачлагчийн үндэслэлийн эсрэг Цэц “Одоогийн гишүүдийг явуулж, өөрсдийнхөө хүнийг оруулж ирэх гэсэн улс төр өрнөж байна” гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ нь явсаар хууль санаачлагч Х.Тэмүүжин, тухайн үед Цэцийн даргаар ажиллаж байсан Ж.Амарсанаа гэсэн хувь хүмүүсийн хоорондын зөрчил, цаашлаад АН, МАН-ын дунд өнхрөх “хэрүүлийн алим” мэт болсныг санаж буй биз ээ.

Ийнхүү төслийг өргөн барьснаас хойш сарын турш өрнөсөн хэрүүл, тэмцлийн дунд УИХ уг хуулийг баталж, маргааш нь иргэн Д.Ламжав дээрх хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд хандсан юм. Үүнээс хойш юу эс болж өнгөрөв. Цэцээс яг энэ асуудалтай холбоотойгоор Дээд шүүх, УИХ, Ерөнхийлөгчид илгээсэн албан бичиг, түүн дээрх гарын үсгээр ороож, барьцаалан Ж.Амарсанааг гишүүнээс нь эгүүлэн татаж, өдгөө Үндсэн хуулийн шүүх даргагүй байна. Харин тухайн үед “Р.Гончигдорж УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Цэцийн дарга болох нь” хэмээх яриа тэнэж явсан нь үнэн болж таарсан. Тэр ч бүү хэл Р.Гончигдорж Дээд шүүх рүү Цэцийн гишүүнээр томилуулах хүсэлт явуулж байсан удаатай.

Ийнхүү иргэн Д.Ламжав нарын гаргасан мэдээллийн дагуу дунд суудлын хуралдаан өнгөрөгч хоёрдугаар сарын 15-нд болж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, 03 дугаар бүхий дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан ч хэлэлцэж, зохих хариу ирүүлээгүй гэх үндэслэлээр их суудлын хуралдааныг шууд зарлан хуралдуулж, дээрх шийдвэрийг гаргасан нь энэ. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авснаас хойш 15, УИХ-ын чуулганы чөлөөт цагт гаргасан бөгөөд тэр нь онц болон дайны байдал зарласнаас бусад асуудлаар гарсан бол дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

Гэсэн ч УИХ ямар ч шийдвэр гаргасангүй. Багагүй тэмцэл, шүүмжлэл дундуур туучин байж баталсан хуулийнх нь гол гол заалтыг хүчингүй болгосон Цэцийн шийдвэрт УИХ, тэр дундаа эрх баригчид “Дургүйд хүчгүй” гэдэг зарчмаар хандсан ч байж болох. Магадгүй сүүлийн үед мартамхай нь дэндээд буй төрийн түшээд Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх ёстойгоо бас л умартсан юм болов уу. Эсвэл үнэндээ тэдэнд одоо сонгууль, ялалтаас өөр юу ч харагдахгүй байгаа биз.

Юутай ч Цэц дунд суудлын хуралдааны шийдвэрээ баталгаажуулж, эцсийн шийдвэр гаргалаа. Улмаар шийдвэр гармагц хүчин төгөлдөр үйлчилж, Х.Тэмүүжин гишүүний “автор”-тай нэмэлт, өөрчлөлтүүд юу ч биш боллоо. Ингэснээр Цэцийн гишүүнийг дахин томилоход ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байхад түүнийг нэг удаа улируулан томилж болох, хууль зөрчсөнийг шүүхээр тогтоосон бол эгүүлэн татахаар зохицуулсан байсныг “эрх бүхий байгууллага” хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд эгүүлэн татах боломжтой болгон өөрчилсөн нь хүчингүй боллоо. Түүнчлэн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, зөвлөлдөх тасалгааны хуралдаан буюу зөвлөлгөөний тэмдэглэлийг нууцын зэрэгт хамааруулан хадгалах заалтыг хасаж, нээлттэй хуралдаантай адилтган дуу, дүрсний бичлэг хийх, тэмдэглэлийг бусдад хуулбарлан өгөх, хэргийн материалд ил хавсаргахаас гадна тусгай саналтай гишүүний санал хүсэлтийг нь үл харгалзан Цэцийн шийдвэрийн хамт заавал нийтэлж байх үүрэгжүүлсэн зохицуулалтуудыг хуулиас хаслаа.

Иргэн Д.Ламжав Цэцэд мэдээлэл хүргүүлсэн албан бичигтээ “Миний мэдээлэлд дурдаагүй зөрчлүүд ч эдгээр хуульд бий тул дээрх хуулиудыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” хэмээсэн байдаг. Гэсэн ч Цэц зөвхөн мэдээлэлд дурдсан заалтуудын хүрээнд шийдвэрлэж, дээр дурдсан заалтуудыг л хүчингүй болгосон гэж ойлгох хэрэгтэй. Х.Тэмүүжин гишүүн “Үндсэн хуулийн цэц үеэ өнгөрөөсөн улстөрчдийн морг болсон” гэж үглэн, шүүмжлүүлэн байж оруулсан “Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно” гэсэн заалтыг хүчингүй болгосноор Цэцийн гишүүнээр хэдэн ч удаа томилогдон ажиллаж болох нөхцөл эргэн ирж байгаа юм. Одоо буй найман гишүүнээс Н.Жанцан 1992 оноос хойш тасралтгүй дөрөв, П.Очирбат, Д.Наранчимэг нар 2005 оноос хойш дараалан хоёр удаа томилогдон ажиллаж байгаа. Дарга байсан Ж.Амарсанаа ч 1998 оноос хойш тасралтгүй гурав дахиа томилогдон ажиллаж байсан юм. Х.Тэмүүжин гишүүний оруулсан дээрх заалт илүү урт “насалсан” бол есөн гишүүний дөрөв нь Цэцийн хаалгыг үүрд хаах байв.

Гэхдээ түүний оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдээс “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэсэн заалт нь үлдсэн юм. УИХ, Цэц хоёрын дунд өрнөсөн тулаанаас хамгийн сонирхол татаж байсан сэдэв нь энэхүү насны хязгаар байсан гэхэд болно. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 насны босгыг одоогийн гишүүдэд тавибал Н.Жанцан, Т.Лхагваа, П.Очирбат нар “шаардлага хангахгүй”. Гэвч “Чөлөөлөгдөж болно” гэсэн нь чөлөөлөхгүй байж ч болно гэсэн утга илэрхийлэхийг хуульчид тайлбарлаж буй. Ийнхүү улиран сонгогдох хийгээд насны хязгаарыг хослуулсан бол Цэцийн одоогийн гишүүдийн талаас илүүд нь “Баяртай” гэж хэлэх байв.

Гэвч хэдэн ч удаа, хэд ч хүртлээ Цэцийн гишүүнээр ажиллаж болох эрх нэг талаар нээлттэй, бас хаалттай үлдлээ. Магадгүй үүнийг цаашид тухай тухайн үеийн нөхцөл байдал, эрх барьж буй нөхдийн хандлага, эрх ашигт нийцүүлэн шийдэх биз. Одоо харин хамаг шинэчлэлээ “устгуулсан” Х.Тэмүүжин, түүний нөхөд юу гэх бол. Ямар хариу үйлдэл үзүүлэх бол. Хэрэв тэд дахин хуулийн төсөл санаачилж, баталбал Цэцтэй дахиад л нүүр тулна. Түүнийг давж гарч чадах болов уу. Уг нь Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргадаггүй гэдэг дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)