“Цэрэгжсэн” охид

Хэдхэн хормын өмнө аав, ээж, эмээтэйгээ зууралдан “Тэр дэлгүүр орж, ийм юм авхуулна” гэх мэтээр “нялуурч” байсан охид “За, сайн байцгаана уу. Биеэ сайн халаагаарай” гэсэн багшийн дуунаар өндөр, намаараа зэрэгцэн жагссан байлаа. “Нуруугаа сайн хотойлго, хүзүүгээ сунга, өвдгөө цэх, өлмийгөө эгцээр нь жий” гэсэн багшийн командыг танхимд байгаа 20-иод охин хөгжмийн хэмнэлд тааруулан биелүүлэх аж. 

Нас, бие бялдар, оюун сэтгэхүйн хувьд нэлээд зөрүүтэй ч нэг түвшинд бэлтгэл сургуулилалт хийж байгаа учраас эгчирхэж “томрох” нэг ч хүүхэд энэ танхимд үгүй. Харин ч хараад байх нь ээ, 4-6 настай багачууд багшийнхаа хэлснийг үнэн сэтгэлээсээ, чинхүү хичээнгүйлэн хийх юм. “KFC-гийн тахиа, бургер гэх мэт түргэн хоол идэж болохгүй. Таргалбал амжилтад сөргөөр нөлөөлнө”, “Цагаан сараар нэг айлд нэг бууз, байцааны салат л ид. Эсвэл нэг бууз, луувангийн салаттай идээрэй” гэх зэрэг багшийнхаа үүрэг захиасыг хэдий бага ч гэсэн хамгийн сайн тусгаж авдаг нь 10-аад насны охид гэнэ. 

Хариуцлага, үүрэг даалгавар гэж юу болохыг зөв ойлгуулбал тэд бяцхан оюундаа маш хурдан “кодолж” авдаг бололтой. Багш “Ийм сайхан уян налархай биетэй байж нуруугаараа илүү сайн хотойгоод, шахаад өгөөрэй” гээд зарим нэгэнд нь туслах бол нөгөөд нь “Өө, сайн, болж байна” хэмээн урам хайрлах юм.

Зөвхөн охид, эмэгтэйчүүд хичээллэдэг спортын төрөл гэдгээрээ уран сайхны гимнастик онцлогтой. Охидыг бие бялдрын өв тэгш хөгжилтэй, хөдөлгөөний эвсэлтэй, уян хатан, гоо зүйн мэдрэмжтэй, хувийн зохион байгуулалт сайтай, тэсвэр хатуужилтай болгодог, урлаг-спортын цогц нийлэмж гэж тодорхойлж бас болно. Юу идэж болох, болохгүй, дасгал хөдөлгөөн биед ямар ач тустай, эмэгтэй хүн нуруу цэх, өлмий дээрээ явах ёстой гэхчлэн бидний мэддэг хэрнээ өдөр тутамд хэвшүүлж тэр бүр чаддаггүй энгийн зүйлсийг хүүхдэд багаас нь учир шалтгааныг нь сайтар ойлгуулсан байхад насан туршийн дадал болж үлддэг аж.

Орчин цагт эцэг, эхчүүд хүүхдээ янз бүрийн дугуйлан секцэнд явуулж, болж л өгвөл элдэв олимпиад, уралдаан тэмцээнд сойж, мэдлэг, чадварыг нь үзэх сонирхолтой болсон гэх. Харин тэдгээрээс хүүхдийн ирээдүйн амьдралд хэр их зүйл “наалдах” бол гэдэг нь бодох л асуудал.

Монголын гимнастикийн холбооны харьяа Уран сайхны гимнастикийн суурь бэлтгэлийн төвөөс сурвалжилга хийхээр очиход үүдэнд нь “Бэлтгэлийн үеэр тамирчдын ар гэрийнхнийг орохыг хатуу хориглоно” гэсэн бичиг хадаастай байв. Аав, ээжийгээ харахаар бага насны хүүхдүүд эрхлээд дасгалаа сайн хийхгүй, анхаарал нь төвлөрдөггүй учраас ингэдэг юм болов уу гэтэл үүнээс гадна өөр бас нэг шалтгаан бий гэнэ. 

“Ар гэрийнхэн нь дэргэд байхаар хүүхдийн анхаарал төвлөрөхгүй. Нөгөөтээгүүр, зарим аав, ээж их хор шартай учраас “Бусад хүүхэд зөв хийгээд байхад чи чадахгүй байна” гэх зэргээр хүүхдээ зэмлэх нь байдаг гэнэ. Бага насны хүүхэд гэдэг хүний хэлснийг шууд тусгаж авдаг, эмзэг учраас өөртөө итгэлгүй болох талтай. Тиймээс эцэг, эхчүүдийг бэлтгэлийн үеэр орж ирэхгүй байхыг хүсдэг” хэмээн уран сайхны гимнастикийн дасгалжуулагч, спортын мастер Б.Болормаа ярилаа.

Манайхан л болсон хойно өөрийн хүүхдээ өрөөл бусдынхтай харьцуулан шүүмжилж, хэнтэй ч хамаагүй уралдуулах гэдэг зангаа суурь бэлтгэлийн энэ танхимд хүртэл гаргадаг бололтой. Энд хичээллэж байгаа охин болгон ирээдүйд улсын шигшээ багшийн тамирчин болж, тив, дэлхийд нэрээ гаргах боломж мэдээж хомс. Харин ирээдүйд бүгд ээж болцгоох учраас адаглаад тэдэнд гоо зүйн анхан шатны мэдлэг, дадал олгодгоороо чухал ач холбогдолтойг багш нар нь хэлсэн.

Нэг цаг орчим дасгал сургуулилалт хийсэн охид ус ууж, хөлсөө сэврээх хооронд багачуудаас нэгийг нь “барьж авлаа”. Б.Болормаа багшийн зааж өгсөн “тамирчин” нь түрүүнээс хойш нүдэнд тусаад байсан, сүлжсэн үсэндээ ягаан боолт зүүсэн охин мөн байв. Батзоригийн Цэлмүүн хэмээх энэ охин саяхан таван нас хүрсэн бөгөөд оны өмнө Улаан-Үдэд болсон “Цагаан мөнгөн” нэртэй олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртжээ.

-Миний дүү энд хичээллээд хэр удаж байна вэ?

-Хоёр жил.

-Гадаадад тэмцээнд явах гоё байсан уу?

-Маш гоё. Бүх зүйл нь таалагдсан.

-Ямар дасгалаар оролцов?

-Чөлөөт үзүүлбэрээр оролцсон.

-Чи ямар өнгийн өмсгөлтэй дасгалаа хийх дуртай вэ?

-Би ягаан өмсгөл өмсдөг байсан. Одоо бол одтойг өмсдөг. Ээж, аав минь оёулж өгсөн.

-Танай гэрийнхэн, цэцэрлэгийн ангийнхан чинь чамайг “Дасгалаа хийгээд өгөөч, ямар мундаг юм бэ” гэж магтдаг уу?

-Тийм. Хөвсгөлд очоод дасгалаа хийсэн чинь надад мөнгө өгсөн.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?

-Гимнастикийн багш болно.

-Үеийнхэн чинь чамайг дуурайж дасгал хийх гэж оролддог уу?

-Тийм. Гэхдээ тэд чаддаггүй.

-Сунгалтын дасгалаа хийхээр өвддөг үү, уйлдаг уу?

-Шахахаар өвддөг. Тэгээд хааяа уйлдаг.

-Гэрийнхэндээ, ээждээ энэ тухайгаа хэлдэг үү?

-Хэлэхээр ээж маань жоохон уурладаг. Гэхдээ би дасгалаа хийх дуртай гэсээр бусад руугаа очив.

Хамгийн чухал нь хүүхдийн хүсэл сонирхол. Түүнээс биш төрөлхийн уян хатан биетэй байна уу, эсвэл унаган махтай, хөшүүн хөдөлгөөнтэй юү гэдэг нь анхан шатны сургалтын хувьд тийм ч чухал биш гэсэн. Хүүхэд өөрөө л дур сонирхолтой байхад бэлтгэл сургуулилалтын үеийн ямар ч бэрхшээлийг тоодоггүй гэдэг үнэн аж.

“Уран сайхны гимнастик гэж гоё төрөл байна аа. Охиноо үүгээр заавал хичээллүүлэх юм шүү” гэсэн аав, ээжийнхээ хүслээр анх энд ирдэг хүүхэд олон гэнэ. Тиймээс хүүхдүүдийг “Эхлээд нэг, хоёр удаа дасгал хийгээд үз. Таалагдвал үргэлжлүүлээд явж болно” гэж зөвлөдөг байна. Аав, ээжийнхээ хүслээр, өөрт нь ямар ач тустай спортын төрөл гэдгийг мэдэлгүй сонголт хийсэн хүүхэд ч гэсэн яваандаа бэлтгэл сургуулилалтдаа дурлаад ирэхээр баргийн хүнтэй өрсөлдөхүйц чадвартай болох тохиолдол ч байдаг аж.

1973 онд уран сайхны гимнастикийн анхны шигшээ баг байгуулагдсанаар Монголд энэ спортын хөгжлийн түүхэн он тоолол эхэлсэн гэж үздэг. 1970-1980 он гэхэд Оросын зөвлөх багш нарын тусламжтайгаар манай улсын шигшээ нэг, хоёрдугаар багтай болтлоо хурдацтай хөгжжээ. Гэвч нийгмийн шилжилтийн ороо бусгаа үед урлаг, спортын бусад төрлийнхөнтэй адил “хөсөр” хаягдаж, багш дасгалжуулагч, тамирчид хийх ажилгүй болсон гунигт түүх бас буй. Харин 2000-аад оны дундаас хүмүүсийн хандлага наашилж, өдгөө 300 гаруй охин гоо сайхны энэхүү спортоор хичээллэж байгаа аж.

Уран сайхны гимнастикийн суурь бэлтгэлийн төвүүдэд гуравдугаар шат хүртлээ хичээллэж байгаад хэрэв цаашид өсөх ирээдүйтэй гэж үзвэл, бас эцэг, эх нь зөвшөөрвөл, хамгийн гол нь хүүхэд өөрөө дур сонирхолтой байвал Спортын төв ордонд үндсэн хэрэглэгдэхүүнтэй мэргэжлийн хэмжээний дасгал сургуулилалт хийхээр дэвшээд явдаг гэсэн. 

Байлдагчаас генерал болдог шиг ирээдүйд тэндээс Монгол Улсын нэрийг тив, дэлхийд дуурсгах тамирчид тодрох нь дамжиггүй. Хэдийгээр манайд уран сайхны гимнастикийн өндөр зэрэглэлийн бэлтгэл сургуулилалт хийх зориулалтын шал байхгүйгээс эхлээд орчин нөхцөл, үндсэн хэрэглэгдэхүүний гачигдал их ч гэлээ монголчууд нэрээ хэдийн Азидаа данслуулах болсон билээ.

Харин Спортын төв ордон руу дэвшээгүй ч суурь бэлтгэлийн төвдөө мэргэжлийн багшийн удирдлагад хэдэн жил хичээллэсэн охид бие болоод сэтгэл зүйн хөгжилд давхар суралцаад, амьдралд гардаг байх нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)