Цэргээс циркт ирсэн намуун эгшиг

Циркийн анхдагчид

Хотын зүрхэн дэх хөх асарт инээд цалгиж, бужигнасан олны уухай бусдынхаа яриаг дарсан тийм л нүргээн дунд нэгэн өвгөн жаргалтай алхална. Аль бага насандаа амьдралаа холбосон ажилдаа сэтгэл зүрхээ зориулсан түүний хувьд хамт олонтойгоо нэгэн хэмээр алхаж явбал таатай сайхан. Циркийнхээ жүжигчдийг хийцтэй цай, хээгүй яриагаар дайлж, хуучны түүх хүүрнэх түүнийг Гүргэнжавын Балданцэрэн гэнэ. Үндэсний хувьсгалаас хоёрхон жилийн дараа мэндэлж, шинэ Монголын анхны иргэдийн нэг болсон тэрбээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул. Цэргийн хөгжмөөс Циркийнхэд ирж, насаараа ажиллачихаад гавьяаныхаа амралтыг эдлэн зүгээр суулгүй жижүүрийн алба хашингаа ахмад уран бүтээлчийн ёсоор залуустаа зөвлөнө. Гэхдээ энэ дүрслэл өнөөдрөөс даруй 50 жилийн өмнөх үйл явдал билээ.

Эгээ л өчигдөр болсон үйл явдлыг дурсаж байгаа мэт энэ бүхнийг бидэнд хүүрнэгч нь Г.Балданцэрэнгийн гараас хөтлөн, циркт хөл тавиулсан жүжигчин Д.Сүхбаатар. Циркийн үүдээр эргэлдэн, орж, гарах олныг ажиглан, байнга шахам сууж байдаг хүүтэй Г.Балданцэрэн гуай ярилцаж, хэрэг зоригийг нь ойлгоод Улсын циркийн даргын өрөөг зааж өгөн, энэ урлагт замчилсан юм билээ.

“Циркийн дарга Сосор гуайн өрөөнд энэ мундаг хөгжимчнөөр хөтлүүлэн орсон би их азтай хүн. Жүжигчин болсныхоо дараа ч уран бүтээлчид болон хөгжимчдийнхөө тухай Балданцэрэн гуайгаар яриулж, хийцтэй цайг нь ууж, үүдний өрөөнд суусан нь олонтоо” хэмээн тэрбээр дурсамжаа үргэлжлүүлсэн юм. Хамтрагчдынхаа тухай гайхам түүхийг хүүрнүүлэн суух нь залуу жүжигчинд мэдээж сонирхолтой. Тайван, уужуухан бөгөөд хүүхдэд их л хайртай нэгэн байсныг нь онцлоод “Бас сайхан бичигтэй байсан шүү” хэмээн ихэд олзуурхан ярьсан билээ. Д.Сүхбаатар гуайгаар дүрслүүлсэн яриагаа энэ хүргээд завсарлая. Харин одоо албан ёсны түүхийг нь хүргэе.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумд Гүргэнжавын ганц хүү болон 1913 онд мэндэлсэн Балданцэрэнгийн бага нас тийм ч сайхан байсангүй. 12 настайд аав нь нас барж, өрх гэрээ толгойлох амаргүй үүрэг хүүд иржээ. Айлын мал маллаж байгаад 20 настайдаа цэргийн албанд мордсоноор авьяасаа нээн илрүүлж, ирээдүйн амьдралын зам мөрөө олсон юм. Нисэхийн цэргийн ангид томилогдож, хөгжмийн салааны жагсаалын дарга болж таван жил алба хаажээ. Энэ хугацаандаа шинэ болон хуучин үсэг бие даан сурч, 1940 онд Бүх цэргийн жанжны орлогч Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар Улсын цирк болон хуучнаар Бөмбөгөр ногоон театрт нарийн бүрээчнээр (труба) томилогджээ. Улсын циркт Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бирваа, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа нартай мөр зэрэгцэн ажиллаж, Монгол Улсад үндэсний цирк байгуулах ажлын томоохон хэсэг, анхны жааз хөгжмийн хамтлагийн гишүүн болжээ.

Энэ тухай Л.Цогзолмаа гуай “Би Балданцэрэнтэйгээ 1940-1944 онд Бөмбөгөр ногоон театр болон Циркт ажиллаж байлаа. Тухайн үед Г.Балданцэрэн нэгдүгээр нарийн бүрээчин, Хятад клубээс Н.Дагва-Осор, Залуучуудын соёлын ордноос Д.Лувсанбалдан нэгдүгээр саксофончноор, Ж.Аюуш хоёрдугаар саксофончноор, Ж.Жүрмэд гитарчнаар, С.Дэмбэрэл татах бүрээчнээр, С.Гончигсумлаа, С.Сайнбаяр нар аккордионч, Ардын зураач Л.Намхайцэрэн хийлчээр гээд бидний 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улсын циркийн анхны жааз оркестрыг ЗХУ-ын мэргэжилтэн багш С.С.Гальперин, А.М.Волошин нар удирдан байгуулж, 1940 оны наадмаар тоглолтоо эхлүүлсэн түүхтэй. Манай Г.Балданцэрэн их хөнгөн шингэн биетэй, хүнтэй сайхан харилцдаг, тусархуу, төлөв төвшин, алиа хошин зантай хүн байсныг дурсан санахад сайхан байна. Мэргэжилдээ ур чадвартай байсан болохоор нь багш нар их магтдаг сан. Тал талаас цугласан гэхэд энэ найрал хөгжим маань их чадварлаг сайхан хамт олон байжээ” хэмээн ярьсан.

Л.Цогзолмаа гуай түүнийг “хөнгөн, шингэн биетэй” хэмээн тодорхойлсныг та бүхэн анзаарсан байх аа. Циркийнхний дунд жижгэвтэр биетэй, хөнгөн нэгнийг “верхний” буюу акробатын хамгийн дээд тал дээр үсэрдэг хүн гэж ойлгож болохоор байдаг. Г.Балданцэрэн гуайг бас “верхний” гэж андуурсан хүний нэг нь ахмад жүжигчин Б.Оюун. Тэрбээр 1966 онд Улсын циркт шавь сургалтад элсэн, 1967 онд анхны уран бүтээлээ хийж байжээ. Тухайн үед Г.Балданцэрэн гуайтай ажиллаж байснаа эргэн дурсахдаа түүнийг дээл өмсдөг, хүүхдэд элгэмсүү, шударга зантай нэгэн байсныг нь онцолсон юм. Сүүлд нь Дашчойлин хийдийн хоёр дуган дахь Циркийн агуулахыг хариуцан ажиллаж байсныг нь тэрбээр тод санаж буйгаа ярьсан. Мөн “Том том түлхүүр барьчихаад нуруугаа үүрээд алхаж яваа төрхөөрөө миний сэтгэлд бууж байгаа энэ эрхэм хүнийг дагшаа найрал хөгжмийн анхны нарийн бүрээчин, байрны ахлагч, сантехникч, жижүүр, агуулахын нярваар ажиллаж, насан туршдаа цирктэйгээ холбоотой амьдарч, сэтгэл зүрхээ зориулсныг Монголын циркчид мартах учиргүй. 1971 онд Улсын цирк шинэ байрандаа нүүж ороод бүхэл бүтэн найрал хөгжмийг байгуулахад тэдэнд зөвлөгөө өгч, мэргэжлийн туслалцаа үзүүлж байсныг нь ч харж байлаа” гэж онцолсон юм.

Арын эгнээнд баруун гар талаас гурав дахь нь Г.Балданцэрэн

Харин Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу гуай бол Г.Балданцэрэн гуайд эрхэлдэг байсан хүүхдүүдийн нэг нь. Г.Балданцэрэн гуайн тухай дурсамж бичих гэж явааг дуулчихаад дээрх эрхмүүдийн ярьсан түүхийг бүгдийг нь батлан ярьсны зэрэгцээ “Д.Ягаанцэцэг, Д.Энхээ, Ж.Цэцэгээ бид дөрөв хөгжим тоглодог лоожинд их үймүүлж тоглоно оо. Тэгэхэд Г.Балданцэрэн гуай бидэнд өөрийн хүүхэд шигээ ханддаг байж билээ. Ажилсаг, чамбай, сайхан зантай, цэгцтэй хүн шүү. Жүжигчдийг гадаадын улс орон руу тоглолтоор явахад хөгжмийн ноотыг хуулж бичиж өгдөг байлаа. Сайхан бичигтэй байсныг нь тэр үед ноотыг нь авч явсан жүжигчид цөм мэдэх байх аа” гэж ярьсан юм. Айлын ганц хүү болон мэндлээд бага наснаасаа өрх гэрээ толгойлон авч явсан энэ хүү дөрвөн хүү, дөрвөн охин төрүүлж өсгөн, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ. Тэдний дундаас Б.Туул Циркийн сургуулийг 1981 онд төгсөж, эдүгээ төрөлх сургуульдаа багшилж буй. Аавынхаа тухай дурсан ярих хамт олноо хараад тэрбээр тун чиг баярласан төдийгүй цаашид намтар түүхийг нь эмхлэн ном бүтээх зорилготой яваагаа ярьж байсан. Цэргээс циркт ирсэн намуун эгшиг үр хүүхдээ хүртэл хайртай урлагтайгаа нөхөрлүүлчихээд буцсан энэ билээ.

Бэлтгэсэн: Ж.Солонго


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)