Цэргийн төв эмнэлэг бэлэн байдлаа хангажээ

Шинэ төрлийн коронавирусийн үед ашиглах зорилгоор манай улс Цэргийн төв эмнэлгийг бүрэн “тусгаарласан” билээ. Өөрөөр хэлбэл, халдвар голомтлон тархвал өвчтөнүүдийг эмчлэх, тусгаарлах зорилгоор тус эмнэлгийг бэлдсэн юм. Үүний дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ноос тус эмнэлгийн үйл ажиллагааг хэсэгчлэн, гуравдугаар сарын 15-наас бүрэн зогсоосон. Ингээд гадаадаас ирсэн, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг тусгай дэглэмийн дагуу хүлээн авч, тусгаарлан, тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Цэргийн төв эмнэлэгт 800 гаруй иргэн, мөн Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч 200 гаруй алба хаагчийг тусгаарлан, тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.

Цэргийн төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга Р.Баянмөнх өчигдөр олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай эмнэлэг “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, иргэдийг тусгаарлан, хянахаас гадна эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж, ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлсэн. Мөн Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжүүдийг бүх эмч, ажилтнаар судлуулж, шинэ коронавирусийн үед ажиллах журмуудыг боловсруулан, мэргэжилтнүүдийг сургасан. Ялангуяа болзошгүй халдварын үед үүрэг гүйцэтгэх эмч мэргэжилтнүүдээр сэтгэл зүйн бэлтгэл хийлгэж, хувийн хамгаалах хэрэгслийг биед нь дасгах зорилгоор өдөр бүр сургалт, дадлага хийлгэсэн” хэмээв.

Тус эмнэлгийн барилга нь халдварт өвчнийг эмчлэх зориулалттай бус, стандартад нийцээгүй байжээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, давхар бүрээ халдвар хамгааллын дэглэмийн дагуу засаж, тохижуулжээ.

Бэлтгэсэн: М.Оч 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)