Цэргийн дээд цолыг гурван хүнд хүртээлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол генералын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр цэргийн дээд цолыг гурван хүнд хүртээлээ. Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, тус штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Цогтжаргал, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Н.Ганболд нарт бригадын генерал цол олгов. Манай улсад генерал цол бий болсны 76 жилийн ой энэ онд тохиож буй аж. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Б.Н.Ельциний нэрэмжит Уралын холбооны их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Уг зарлигт “…ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын холбооны их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёл, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан тус сургуулийн үе үеийн ажилтан, албан хаагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг үнэлэн Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа одонг тус сургуулийн удирдлагад гардуулсан аж.

Бэлтгэсэн: Б.Нандин 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)