ЦЭРГИЙН БҮТЭЭЛ НИЙТИЙН ДУУ БОЛСОН НЬ

Дорноговь аймгийн Зүүнбаянгийн газрын тосны ордод түшиглэсэн үйлдвэр 1950- иад оны эхээр байгуулсан нь Монголд нефть боловсруулах суурийг тавьсан гэдэг. Үйлдвэрийн залуу хотхонд амьдрал цэцэглэж, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, үйлчилгээний газрууд, спортын талбай, усан сан босгосноор ангамал говьд шинэ соёлын үр тарьжээ. Харамсалтай нь үйлдвэрийн алдагдал ихсэж, 1960-аад онд үйл ажиллагаагаа зогсоон, орхигдсон сууринд нь Монгол ардын цэргийн нэгтгэл анги Дорнодоос нүүн очжээ. Зүүнбаянгийн цэргийн хотхонд Монгол орны өнцөг булан бүрээс цэрэг эрс цугларч, алба хаасаар 1990-ээд оны эцэс хүртэл үйл ажиллагаа явуулсан гэдэг.

Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа армид алба хаших хугацаандаа Зүүнбаянд олон удаа очиж, тэр бүртээ цэрэг эрсийн сүр жавхааг бахдан, энх цагийн эгэлгүй дайчдын алба амьдралыг тусгасан хөгжим зохиох оргилуун хүсэлтэй явж. 1983 онд уг цэргийн хотхонд тоглолт хийхээр тэдний ансамблийнхан очсон байна. Хамт олон нь нийтийн бүжигт орохоор явсан хойно Хаянхярваа буудалдаа ганцаар сууж байтал гэнэт нэгэн аялгуу сэтгэлд нь төрсөн нь “Их говийн гарнизон” дууны үндэс болжээ. Ийн цэргийн ансамблийн гоцлол дуучин, шавь, гавьяат жүжигчин Г.Жанчивтаа мөн оны хаврын нэгэн үдэш “Их говийн гарнизон” дууныхаа талаар ярихад өнөөх нь тэр даруй шүлэг бичсэн гэдэг.

Г.Жанчив өвөрмөц, хүчтэй, цээл хоолойтойн дээр ардын уран зохиолч П.Бадарчийн шавь, яруу найрагч нэгэн аж. Ингээд Зүүнбаянд алба хаасан үе үеийнхний дуулдаг дууг цэргийн ансамблийн гоцлооч Г.Батзориг дуулж олны хүртээл болгосон байна. Батлан хамгаалахын сайд, хурандаа, генерал Ж.Ёндон 1984 онд Хаянхярваад “Та хоёр сайн дуу зохиожээ хэмээн баяр хүргэсэн бөгөөд үүнээс таван жилийн дараа “Их говийн гарнизон” Батлан хамгаалах яамны шагнал хүртжээ. 2005 онд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан Зүүнбаянгийн офицерүүдийн ордонд тоглохдоо энэ дууг дуулахад 700 гаруй хүний суудалтай үзэгчийн танхимд байсан хүмүүс бүгд түрж байсан хэмээн тус чуулгын удирдаач асан хурандаа Ц.Төмөрбат Хаянхярваа гуайд дурссан гэдэг. Их говийн зоригтнуудад зориулсан бүтээл нийтийн дуу болтлоо дэлгэрсэн түүх ийм буюу.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)